2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/02871

 

 

 

 

 

 

 

 

                            2025          04           07

                         191/ШШ2025/02871

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ...... тоотод оршин суух Б******* овогт Г*******ын Ө******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо, ......давхарт оршин байрлах “Г*******” ХХК /рд:*******/-д холбогдох

 

Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* дугаар байр,******* тоот хаягт байрлах, 1 өрөө, 32.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.            Нэхэмжлэгч Г.Ө******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Т.М******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие “Г*******” ХХК болон иргэн Ж.Итой байгуулсан 2020 оны 10 сарын 23-ны өдрийн №ӨСЗБГ20-86 тоот гэрээг үндэслэн иргэн 2022 оны 02 сарын 04-ны 24-ны өдөр Ж Игоос Баянзүрх дүүрэг 8-р хороо, *******-р байр орон сууцны 14 давхарт 32,7 метр квадрат талбайтай 1 өрөө******* тоот орон сууцыг 66,871,500 төгрөгөөр шилжүүлж авахаар тохиролцсон.

2022 оны 02 сарын 04-ны 24-ны өдөр орон сууцны үнийг 66,871,500 төгрөг шилжүүлж Ж.Игийн хүсэлтийг үндэслэн “Г*******” ХХК нь хүлээн зөвшөөрснөөр миний бие “Г*******” ХХК-тай 2022 оны 02 сарын 24-ны өдрийн № тоот “орон сууц захиалан бариулах” гэрээг байгуулсан.

2022 оны 02 сарын 24-ны өдрийн № тоот “орон сууц захиалан бариулах” гэрээний дагуу “Г*******” ХХК Баянзүрх дүүрэг 8-р хороо, *******-р байр орон сууцны 14 давхарт 32,7 метр квадрат талбайтай 1 өрөө******* тоот орон сууцыг 2022 оны 02-р улиралд багтаан 32,373,000 төгрөгөөр барьж хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн.

Гэтэл гэрээнд өөрчлөлт оруулах талаар “Г*******” ХХК 2022 оны 08 сарын 03-ны өдрийн 22/2-82 тоот албан бичгээр 1 м.кв тутамд 400,000 төгрөгийг захиалагчаас гаргуулах шийдвэр гаргаж байна гэрээний үнийн өөрчлөх санал гаргасныг захиалагч Г.Ө******* миний бие 2022 оны 08 сарын 05-ны өдөр “Г*******” ХХК-д хандан “Гэрээний 3-р зүйлийн 3.5-д зааснаар “төсөл хэрэгжүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй” гэж заасан тул үнийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй, орон сууцыг барьж хүлээлгэн өгөх хугацаа 30 хоногоор хэтрүүлсэн, орон сууцны үнийг төлөхийн тулд банкнаас жилийн 12 хувийн хүүтэй зээл гаргуулж хүү төлж байгаа, өөрийн өмч хөрөнгийг хямдруулж худалдсан зэргээс худалдан авагч буюу захиалагч миний бие алдагдал хүлээсэн” талаар “Г*******” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн болно.

2022 оны 02 сарын 24-ны өдрийн №ОСЗБГ20-82 тоот “орон сууц захиалан бариулах” гэрээний 3-р зүйлийн 3.5-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь гэрээ байгуулснаас хойш орон  сууцыг хүлээлгэн өгөх хугацаанд гэрээний үнэд өөрчлөлт оруулахгүй байх үүрэгтэй гэж заасан тул захиалагч миний бие нэмэлт үнэ төлөх хууль зүйн үндэслэлгүй.

“Г*******” ХХК Баянзүрх дүүрэг 8-р хороо, *******-р байр орон сууцны 14 давхар орон сууцны төсөл баригдаж ашиглалтад ороход бэлэн болсон.

Иймд Иргэний хуулийн 110-р зүйлийн 110.1 дэх хэсэг, 106-р зүйлийн 106.1 дэх хэсэг 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 343-р зүйлийг 343.1 дэх хэсэг 2022 оны 02 сарын 24-ны өдрийн ХЮСЗБГ20-82 тоот “орон сууц захиалан бариулах” гэрээг тус тус үндэслэн Баянзүрх дүүрэг 8-р хороо, *******-р байр орон сууцны 14 давхарт 32,7 метр квадрат талбайтай 1 өрөө******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байна.

1.1.        Нэхэмжлэгч нь 2022 онд хариуцагчтай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу хариуцагчийн барьж байгаа байранд орон сууц захиалсан. Энэ орон сууц нь Игийн 2020 онд байгуулсан гэрээг шилжүүлж авсан. И нь төлбөрөө бүрэн төлсөн байсан.******* тоот орон сууцыг захиалсан. Гэрээ нь  32 сая төгрөгийн үнэтэй байсан. Улмаар Ид 66 сая төгрөг шилжүүлэх гэрээ байгуулж, гэрээ байгуулсан. Игийн хүсэлтийг хариуцагч зөвшөөрсөн. Орон сууц нь 2020 оноос баригдаж эхлээд хариуцагчийн төлөөлөгчийн хэлснээр улсын комиссын акт гарахаар хүлээгдэж байгаа юм. Иймд орон сууцны өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэл гаргасан. Учир нь хариуцагч нь өмнөх захиалгын гэрээ бага үнийн дүнгээр хийгдсэн байсан тул үнэ нэмнэ гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгч уг шаардлагыг хүлээж аваагүй. Захиалгын гэрээнд үнэнд өөрчлөлт оруулах зохицуулалт байхгүй. Гэрээнд үнэнд өөрчлөлт оруулахгүй талаар заасан гэдэг. Гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгаа юм. Өмчлөгчөөр тогтоохгүй байх үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 110, 243-д зааснаар өмчлөгчөөр тогтоох зохицуулалт байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.            Хариуцагч “Г*******” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Ц.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэн Г******* овогтой Ө******* /РД:ВЮ89021019/-ын “Геоканон Төв” ХХК-д холбогдох өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн аваад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Үүнд:

1.  Хариуцагч “Геоканон Төв” ХХК нь иргэн Г******* овогтой Ө*******тай 2022 оны 02-р сарын 24-нд ОСЗБГ20-82 тоот Баянзүрх дүүргийн 8-р хороо/38-р хороо болж өөрчлөгдсөн/-ны нутаг дэвсгэр дээр баригдсан “*******-р байр" /Ба 471-р байр/-ны 14 давхрын 32.7/Гучин хоёр аравны долоо/ м.кв талбай бүхий******* тоот байрны “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г 1 /Нэг/ м.кв нь 990,000/Есөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тооцож нийт 32,373,000/ Гучин хоёр сая гурван зуун далан гурван мянга/ төгрөгөөр байгуулсан.

2.  Манай компани нь 2020 оны 10-р сарын 01-ний өдрөөс “*******-р байр” орон сууцны барилга дээр анхны захиалгаа авч, барилгын ажлаа явуулж эхэлсэн ч 2021 оноос 2022 оны 2-р улирал хүртэл үргэлжилсэн Ковид-19 цар тахлын нөлөөгөөр барилгын материалын хомсдол үүсэж, бараа материалын үнэ өдрөөс өдөрт нэмэгдсэн /Хавсралт 1/. Хэт үнийн нэмэгдэл нь барилгын ажлын төсөвт өртгийг 95 /Ерэн тав/ хувиар нэмэгдүүлсэн. Бид анх барилгын ажлыг эхлүүлэхдээ /2020 он/ орон сууцны үнийг 1 /Нэг/ м.кв тутмыг төсөвт өртөг /Хавсралт 2/-тэй уялдуулан 990,000 /Есөн зуун ерэн мянга/төгрөгөөс 1,090,000 /Нэг сая ерэн мянга/ төгрөгийн хооронд үнэлэн борлуулсан нь цар тахлын нөлөөгөөр 1 /Нэг/ м.кв-ын төсөвт өртөг /Хавсралт 3/ нь 1,800,000 /Нэг сая найман зуун мянга/ төгрөг болж өссөн. Энэ нь ОСЗБГ20-82 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 5.1 дэх Давагдашгүй хүчин зүйл буюу эрх бүхий байгууллагаас онцгой байдал зарласан, олон нийтийг хамарсан өвчний улмаас хөл хорио тогтоосон, экспорт, импортыг ерөнхийд нь хориглосон шийдвэр гаргасан, засгийн газрын тогтвортой бус байдал үүсэж эдийн засгийн хувьд өөрчлөлт гарах, мөнгөний үнэ унах, инфиляцийн түвшин илт нэмэгдэх заалттай бүрэн хамааралтай болно.

3.    Барилгын үнийн өсөлт болох 1 /Нэг/ м.кв тутмын 810,000 /Найман зуун арван мянга/ төгрөгийг 2022 оны 08-р сарын 05-нд захиалагч нартаа 1/ Нэг/ м.кв тутмын үнийг 400,000 /Дөрвөн зуун мянга/ төгрөгөөр нэмэгдүүлж төсөл хэрэгжүүлэгч болон захиалагч нь үнийн өсөлтийг хуваан үүрэх санал /Хавсралт 4/-ыг анх хүргүүлсэн ба нийт 4 удаагийн мэдэгдэл, нэгдсэн уулзалтаар үнийн өсөлтийг давагдашгүй хүчин зүйл болохыг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр нийт 105 /Нэг зуун тав/ захиалагчаас 98 /Ерэн найм/ захиалагчтай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г шинэчлэн байгуулсан.

4.    Нэхэмжлэгч иргэн Г******* овогтой Ө*******тай бид дараах байдлаар харилцан тохиролцоход бэлэн байна.

•       Одоогийн үнэ буюу 1 /Нэг/ м.кв нь 3,500,000 /Гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр******* тоот байрыг борлуулан ОСЗБГ20-82 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний нийт үнэ болох 32,373,000 /Гучин хоёр сая гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг нэхэмжлэгчид төлж хохиролгүй болгох

•       Эсвэл үнийн нэмэгдлийн төлбөрийг төсөл хэрэгжүүлэгчид төлж ОСЗБГ20-82 тоот “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний******* тоот байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хүлээн авах

5.    Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримтыг гаргаж өгөх, гэрчийн мэдүүлэг авхуулах, шүүхийн журмаар үзлэг хийлгүүлэх зэрэг ажиллагаануудыг хийлгэж өөрсдийн гаргасан хариу тайлбарын үндэслэлээ бататгах болно.

6.    Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.1.        Манай зүгээс 2021 оноос захиалгын гэрээ байгуулж эхэлсэн. Цар тахлын нөлөөгөөр төсөв нэмэгдсэн. Энэхүү байдлыг захиалагч нарт мэдэгдэл хийсэн. Улмаар алдагдлаа тал талаар нь хариуцах талаар мэдэгдэл хийсний дагуу 105 захиалагчаас 95 нь гэрээгээ шинэчилж хийгээд байрандаа орсон. Уулзалтаар үнийн нэмэгдлийг бататгаж төсвөө гаргаж ирсэн. Үүний дагуу манайх 4.5 тэр бумын алдагдал хүлээсэн. Иймд өмчлөгчөөр тогтоох боломжгүй. Манайхаас өмчлөгчөөр тогтоох боломжгүй байгаа юм. Өмнөх гэрээг хүчингүй гэж үзэж байгаа юм. Байрыг давхардуулан зарсан зүйлгүй. Одоогоор хүнгүй байгаа юм. Тухайн гэрээг дахин шинэчлэн хийх талаар захирлын тушаал гарсан тул зөвшөөрөхгүй. Захиалагч И төлбөрөө төлсөн түүнээс нэхэмжлэгч гэрээний эрхийг шилжүүлж авсан талаар маргаангүй гэв.

 

3.            Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

3а. Нэхэмжлэгчээс: Орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар /ХХ5-6/, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /ХХ7/, мэдэгдэл /ХХ8/,

3б. Хариуцагчаас: 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 22/2-116 дугаар албан тоотын хуулбар /ХХ53/, мэдэгдлийн хуулбар /ХХ54/, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ХХ55/

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэв.

 

2.            Нэхэмжлэгч Г.Ө******* нь Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* дугаар байр,******* тоот хаягт байрлах, 1 өрөө, 32.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоох тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.            Хариуцагч “Г*******” ХХК нь үндсэн гэрээ байгуулагдсан, улмаар төлбөр төлөгдсөн талаар маргаагүй боловч цар тахалтай холбоотойгоор гэрээний үнийг өөрчлөн шинэчлэн байгуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

 

4.            Зохигч 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан байна. /ХХ5-6/

Гэрээний 1.1-д зааснаас үзвэл зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

Энэхүү гэрээг байгуулахдаа өмнөх захиалагч нь төлбөрийг хариуцагчид бүрэн төлсөн байсан тул төлбөрийг өмнөх захиалагчид төлөхөөр тохиролцож зохигч гэрээ байгуулсан үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчийн маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй юм.

Улмаар нэхэмжлэгч нь өмнөх захиалагчид төлбөрийг гэрээнд зааснаас илүү үнээр бүрэн төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /ХХ7/

 

5.            Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ цар тахалтай холбоотойгоор орон сууцны өртөг нэмэгдсэн тул гэрээний үнийг өөрчлөн байгуулаагүй гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд гэрээг чөлөөтэй байгуулаж агуулгыг өөрсдөө тодорхойлно. Тодруулбал, ажил гүйцэтгэх гэрээ нь 2 талт гэрээ тул нэг талын санаачилгаар буюу нөгөө талын зөвшөөрөлгүйгээр гэрээний үнэнд өөрчлөлт оруулах боломжгүй. Иймд хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Түүнчлэн хэдийгээр цар тахал болсон нь нийтэд илэрхий үйл баримт боловч үүний улмаас барилгын өртөг хэрхэн өөрчлөгдсөн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлага хангасан баримтаар нотлоогүй.

Мөн хариуцагчийн төлөөлөгч нь маргаж буй орон сууц нь гуравдагч этгээдийн өмчлөлд бүртгэгдээгүй байгаа гэж тайлбарласныг дурдав.

 

6.            Иймд зохигч гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлсөн, хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийг орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэнэ.

 

7.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.            Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Ө*******ыг Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, ******* дугаар байр,******* тоот хаягт байрлах, 1 өрөө, 32.7 м.кв талбайтай орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

2.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 492,307 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Г*******” ХХК-с 492,307 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор  шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ГАНБОЛД