Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00647

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нала йх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00028 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ээс 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дугаар гэрчилгээтэй, ******* дүүргийн *******, *******ны ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 10 000 000 төгрөгөөр худалдан авч өмчлөгч болсон. Тухайн үед орон сууцандаа түр хүн суулгаж байгаа, ямар нэг маргаан байхгүй тул асуудалгүй чөлөөлж өгнө гэсэн. Мөн уг орон сууцны өмчлөх эрх ийн нэр дээр байсан тул итгээд шууд худалдаж авсан. Гэтэл тус орон сууцанд түр амьдарч байсан ******* хэл ам хийж өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байна. Харин ******* орон сууцыг залилан авсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Орон сууц худалдсан талаар гомдолтой байгаа бол тэй ярих хэрэгтэй. Иймээс *******г тус орон сууцнаас албадан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэв энэ орон сууцанд ******* амьдрах хүсэлтэй байгаа бол одоогийн зах зээлийн ханш 25 000 000 төгрөгөөр зарж болно. Харин 10 000 000 төгрөгөөр авах санал тавьж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь одоо мөнгөний ханш унасан тул эвлэрэх боломжгүй. Энэ талаар эвлэрүүлэн зуучлагчид хандах шаардлагагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Би тус орон сууцанд 10 жил амьдарч байна. Гэтэл нэхэмжлэгч ******* үл хөдлөх хөрөнгө авч байж нэг ч удаа үзэлгүй, дотор нь амьдарч байгаа хүнээс хэний өмч болохыг асуухгүйгээр худалдан авсан байгаа нь бодитоор худалдан авсан эсэхэд хардлага төрж байна. Учир нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр , ******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа бэлнээр 10 000 000 төгрөг өгсөн гэж байгаа ч мөнгөний эх үүсвэрээ нотлоогүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ нь эрхийн болон биет байдлын доголдолгүй байхыг ойлгодог. Гэтэл бодит амьдрал дээр доголдолтой эд хөрөнгө гэж үзэхээр байна. Тухайн үед уг үл хөдлөх эд хөрөнгийг хэн эзэмшиж ашиглаж байгаа нь эргэлзээтэй маргаантай гэдгийг нэхэмжлэгч ******* мэдсээр байж гэрээ байгуулсан. Үүнийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Мөн банкнаас авсан зээлээ төлж чадахгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт уг орон сууцаа хураалгах болсон тул 7 500 000 төгрөгөөр худалдан авах саналыг дүү *******д тавьсан. ******* нь 4 500 000 төгрөгийг автомашинаа зараад өгсөн. Одоо үлдэх 3 000 000 төгрөгийг төлөөд орон сууц авахад бэлэн байна. Мөн энэ талаар эгч , хүргэн нартай ярилцаж тохирсон. Харин нэхэмжлэгч *******ад 25 000 000 төгрөг өгөх боломж байхгүй. Хариуцагч ******* 10 000 000 төгрөг өгч болох ч нэхэмжлэгч зөвшөөрөхгүй байгаа тул эвлэрэхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэргсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Пүрэвцогтын Нямбадрахын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн дугаар гэрчилгээтэй, ******* дүүргийн *******, *******ны *******, 18 м.кв талбайтай орон сууцыг хариуцагч гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 /нэг зуун далан дөрвөн мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлсөн 104 750 /нэг зуун дөрвөн мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын төсвийн данснаас, 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж, нэхэмжлэгч *******ад олгуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 2007 онд миний ээж нас барахад хамаатан садангийн дунд миний эцэг эхийн өв хөрөнгийг буюу ******* орон сууцыг эгч ын нэр дээр шилжүүлж, миний бие тус байранд амьдрахаар, цаашлаад миний нэр рүү шилжүүлэхээр ярилцаж тохиролцсон байдаг. Миний эцэг эхийн гал голомт болсон орон байрт хамгийн бага хүүгийн хувьд би 10 гаруй жил амьдарч байна. Гэвч төрсөн эгч болох өөрийн нэр дээр байсан тус үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаанд тавиад мөнгөө төлж чадахгүйд хүрч үл хөдлөх эд хөрөнгөө алдахад хүрэхэд би 2016 онд өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслээ зарж 4 500 000 төгрөгийг эгчдээ өгч банкных нь төлбөрийг барагдуулж дуусгавар болгоход нь туслалцаа үзүүлсэн. Тухайн үед эгч үл хөдлөх эд хөрөнгө барьцаанд өр зээлийг төлж барагдуулахад туслалцаа үзүүлсэн болохоор үл хөдлөх эд хөрөнгөө чам руу шилжүүлж өгөхөө амлая гэж тохиролцсон, надтай тохиролцсон болохоор миний бие өөрийн төрсөн эгчдээ итгэсэн, үлдэгдэл мөнгийг нь ч шилжүүлэх талаараа ярилцсан. Чухамдаа тус үл хөдлөх эд хөрөнгөд миний бие 10 гаруй жил амьдарсан, хөрш зэргэлдээ айл өрх, хорооны хэсгийн ахлагчаас авахуулаад бүхий л хүн намайг тус байранд амьдарч байгааг мэднэ, гэрчилнэ. Гэзтэл тус үл хөдлөх эд хөрөнгөөс намайг болон миний гэр бүлийг гаргах нэхэмжлэл ирсэн. ыг гэрчээр асуулгахад тухайн эд хөрөнгийг ******* надад өгөх бодолтой хоорондын тохиролцоо байсан гэдгийг тусгасан, мөн 4 500 000 төгрөгийг авсан талаараа ч дурьддаг. Мөн тус орон сууцыг өөрийн өмч мөн болохыг тогтоолгохоор ******* дүүргийн Иргэний анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийг хүлээж аваагүй буцаасан нь шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн худалдах, худалдан авах гэрээнд тухайн эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолгүй байхыг шаарддаг, худалдан авагч тухайн худалдан авч буй эд хөрөнгөө шалгаж авах үүрэгтэй бөгөөд нэг ч удаа ирж үзээгүй. *******, нарын байгуулсан гэрээ өөрөө дүр үзүүлэн өөр хэлцэл, ашиг сонирхлыг халхавчлах зорилгоор, хийсэн гэрээ байх боломжтой талаар шүүх харгалзаж үзээгүй. Энэ нөхцөл байдлыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээж аваагүй нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн. Гэр бүлийн гишүүд хоорондоо үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэхдээ ярилцаж тохиролцож байж шийдвзрлэх ёстой атал дур мэдэн авчихаад тухайн гэрээнүүдээ хууль ёсны мэтээр тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгоод байна. Тухайн эд хөрөнгийг хэний нэр рүү шилжүүлэх гэж байсан талаар, тус эд хөрөнгийг худалдаж авах давуу эрх надад байгаа талаар огтоос дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэж, процесс алдаа гаргаж шийдсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхзд буцааж шийдвэрлзж өгнө үү гэжээ.

 

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан ******* дүүрэг, *******, *******, ******* хаягт байршилтай, 18 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, тус орон сууц нь манай аав, ээжийн өмч, би 10 гаруй жил амьдарсан тул давуу эрхээр худалдан авах эрхтэй гэсэн үндэслэл заан маргажээ.

 

******* дүүргийн орон сууц хувьчлах товчооны 2002 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 52 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг эд өмчлүүлэхээр шийдвэрлэж, хамтран өмчлөх гэр бүлийн гишүүнээр ыг бүртгэсэн байна. /хх-ийн 45-47-р тал/. Орон сууцны өмчлөгч нь 2003 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нас барсан байх бөгөөд 2003 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 24 дугаартай өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр дээрх орон сууцыг түүний охин өвлөн авчээ. /хх-ийн 49-51-р тал/. Өвлөгч нь 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нас барж, 2008 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр тус орон сууцыг түүний охин өвлөн авч, өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. /хх-ийн 52-54-р тал/

 

Дээрх байдлаар орон сууцны өмчлөгч болсон нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр өөрийн охин тай үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ байгуулж, орон сууцны өмчлөх эрхийг гийн нэр дээр шилжүүлжээ. нь 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тэй үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, дээрх 1 өрөө орон сууцыг 7 000 000 төгрөгөөр худалдсанаар өмчлөгч болжээ. /хх-ийн 55-58-р тал/.

 

Улмаар нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч *******тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг 10 000 000 төгрөгөөр худалдсанаар 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч ******* нь тус орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч *******ад Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. /хх-ийн 59-60-р тал/

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******ын өмчлөх эрх Иргэний хуулийн 182 дугаар зүйлд зааснаар улсын бүртгэлээр баталгаажсан байх бөгөөд уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж үзэх юм. Иймд нэхэмжлэгч ******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Хариуцагч ******* нь маргаан бүхий орон сууцыг бодитоор эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдсон хэдий ч хууль ёсоор буюу гэрээгээр эсхүл хуульд заасны дагуу эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж заасан бөгөөд хариуцагч ******* нь уг орон сууцыг эзэмшилдээ байлгах эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эргэлзээгүй баримтаар нотлоогүй байна.

 

Иймд гэр бүлийн гишүүдийн өмчийг худалдан авах давуу эрхтэй гэх хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй бөгөөд ******* орон сууцыг хариуцагч *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэх боловч анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэж, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Нал айх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 104/ШШ2021/00028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгөөс 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 104 750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ