2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/03213

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,

Нэхэмжлэгч: ... тоот хаягт байрлах, “АТ” ХХК /РД:.../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... давхарт байрлах, АДСП” ХХК /РД:.../-д холбогдох,

гэрээний үүрэгт нийт 17,562,900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АТ” ХХК болон “АПСП” ХХК нар нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр №21Ү2023 дугаар бүхий “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Тус гэрээгээр худалдагч “АТ” ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй, холбогдох стандартын шаардлагыг хангасан, ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 23,934.4272 кг, трубаг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд бэлтгэн нийлүүлэх, харин худалдан авагч “АДСП” ХХК нь бараа материалын нийт үнэ буюу 155,334,432.53 төгрөгийг хоёр хуваан 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчид шилжүүлэх үүргийг хүлээсэн.

Талууд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 22/2023 дугаар бүхий “Барьцааны гэрээ” байгуулж, ...улсын бүртгэлд бүртгүүлсэн ба тус гэрээгээр Хариуцагчийн ерөнхий захирлын өмчлөлийн ... 2 өрөө байрыг 1 м.кв талбайг 1.5 сая төгрөгөөр үнэлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан болно.

Нэхэмжлэгчийн зүгээс “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан стандартын шаардлагыг хангасан 23,934.4272 кг трубаг 2023 оны 09 сарын 15-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгч, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бараа материал хүлээлцсэн тухай акт үйлдсэн. Гэвч хариуцагчийн зүгээс “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-нд заасан төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөдрийн байдлаар үлдэгдэл 11,708,600 төгрөгийг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.5-д “Худалдан авагч нь гэрээний төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож худалдагчид төлнө” гэж заасан. Эндээс үзвэл хариуцагч нь нэг хоногт 58,543 төгрөгийн алданги төлөх үүрэг хүлээх бөгөөд 2023.10.20-ны өдрөөс хойш шүүхэд хандах өдөр хүртэлх нийт алданги 5,854,300 төгрөг болно.

Нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа төлбөрийн үлдэгдлээ төлөхийг Хариуцагчаас шаардсан боловч төлбөр төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн тул хариуцагчаас “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний үлдэгдэл төлбөр 11,708,600 төгрөг, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул алданги 5,854,300 төгрөг, нийт 17,562,900 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар шүүхэд хандаж байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т “Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 153 дугаар зүйлийн 153.1-т “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны хугацаанд гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлага хангуулах эрхтэй” гэж тус тус заасан.

Талуудын хооронд байгуулсан “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний хавсралт 1-д зааснаар эхний татан авалтын төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, үлдэгдэл татан авалтын төлбөрийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Иймд хариуцагч “АПСП” ХХК -аас “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”- ны үлдэгдэл төлбөр 11,708,600 төгрөг, алданги 5,854,300 төгрөг, нийт 17,562,900 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан 22/2023 тоот “Барьцааны гэрээ”-нд заасан барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө” гэжээ.

2.Зохигчдын хооронд байгуулсан “Эвлэрлийн гэрээ”-нд: 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,854,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 11,708,400 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 6,708,400 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав.”  гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, талуудын хооронд 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан №22/2023 дугаартай “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”, 22/2023 дугаартай “Барьцааны гэрээ”, зарлагын №13/23-04 дугаартай падаан, нэхэмжлэх, тооцооны үлдэгдлийн баталгаа зэргийг шүүхэд гаргасан, хариуцагчаас нотлох баримт гаргаагүй болно.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “АТ” ХХК нь хариуцагч “АПСП” ХХК-д холбогдуулан, гэрээний үүрэгт нийт 17,562,900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,854,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 11,708,400 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 6,708,400 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,765 төгрөгийн 144,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 101,142 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 101,142 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“АТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “АПСП” ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт нийт 17,562,900 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай  иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын 5,854,300 төгрөгөөс татгалзаж, хариуцагч“АДСП” ХХК нь 11,708,400 төгрөгийн 5,000,000 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр, 6,708,400 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 245,765 төгрөгийн 144,623 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас 101,142 төгрөгийг, хариуцагч “АДСП” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 101,142 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “АТ” ХХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                     З.БАЯРМАА