| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/01077/И |
| Дугаар | 191/ШШ2025/00987 |
| Огноо | 2025-02-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 191/ШШ2025/00987
| 2025 02 03 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***** дүүрэг, ***** дугаар хороо, ****-р хороолол, **** байр, ***** тоотод оршин суух, Ш овогт Н-ийн Т /РД:УС******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***** дүүрэг, ***** дугаар хороо, *****б байр, ***** тоотод оршин суух, Ш-ж овогт С-жийн П /РД:ОЮ*******/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өгөөдэй, хариуцагч С.П, хариуцагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Н.Т нь хариуцагч С.П-д холбогдуулан 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хариуцагч иргэн С.П нь иргэн Н.Т-тай төрөл бүрийн модны суулгац тарих, борлуулах бизнесийн чиглэлээр хамтран ажиллаж байсан Г-ийн э-до ХХК-ийн захирал Т.Н-аар зуучлуулан Н.Т-аас 50,0 сая төгрөг зээлж авахдаа ... Эрээнд байна, тосны үнэ төлөх гэсэн юм гэж дахин дахин утсаар ярьж байж иргэн Н.Т-аас 50.0 сая төгрөгийг авсан байдаг. Нэхэмжлэгч Н.Т уг мөнгийг 2 хувааж С.П-ийн нэр дээрх ХААН банкны ******тоот дансанд шилжүүлэхдээ 2017 оны 6 сарын 13-ны өдөр 16,0 сая төгрөгийг, 6 сарын 16-ны өдөр 34,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн байна.
Тухайн үедээ Н.Т нь хариуцагч С.П-г таньдаггүй байсан боловч хамтран ажиллаж байсан Т.Н-ийн дотны найз гэдэгт итгэж 50,0 сая төгрөгөө зээлүүлсэн гэдэг. 50,0 сая төгрөгийг зээлүүлэхдээ баримттай байлгах үүднээс дансны гүйлгээний утга дээр Т Н нараас гэж бичиж шилжүүлсэн байна. Хариуцагч С.П нь нэхэмжлэгч Н.Т-т мөнгийг чинь удахгүй өгнө, Н-д өгчихсөн гэх мэтээр ярьдаг байснаа сүүлдээ хаа байгаа нь мэдэгдэхгүй утсаа ч авахгүй зугтаж алга болсноос түүнээс ганц ч төгрөг олж авч чадахгүй өдий хүртэл хохирч яваа юм.
Өнгөрсөн хугацаанд Н.Т нь түүний араас хөөцөлдөж хаягийг нь олж ***** дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч бас хаягтаа байхгүй гэдгээр тус шүүхийн 2022 оны 3 сарын 28-ны өдрийн 183/Ш32022/0***** дугаар захирамжаар Н.Т-ын нэхэмжлэлийг буцаасан байдаг.
Тус хаягийн дагуу ****** дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус хаягт оршин суудаггүй хэмээх үндэслэлээр шүүгчийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/Ш32023/***** дугаартай захирамж гаргасан тул ******* дүүргийн шүүхэд дахин хүсэлт гаргаж С.П-г эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулсан байдаг. Улмаар ********** дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс 2024.02.09-ний өдөр С.П-г ******* дүүргийн ***** дүгаар хороо, ***** байрны ****** тоот хаягт оршин суудаг болохыг дахин тогтоосон.
Хариуцагч С.П нь 50,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Н.Т-аас бодитойгоор зээлж авсан болох нь Н.Т-ын дээрх ХААН банкны ******* данснаас С. П-ийн нэр дээрх ХААН банкны ******** тоот данстай 2017 оны 6 сарын 13, 16-ны өдрүүдэд харьцаж, уг мөнгийг шилжүүлсэн нь дансны гүйлгээгээр нотлогддог.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар ... зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцааж төлөх үүрэгтэй.
Иймээс хариуцагч С.П-ээс 50,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 409,650 төгрөгийн хамт, нийт 50,409,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-т олгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 25 сая төгрөгийн үнэ бүхий бараа, материал хүлээн авсан тул хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 25 сая төгрөг гаргуулж өгнө үү. Талуудыг хамтран ажиллаж байсан гэж үзэх үндэслэлгүй бөгөөд имэйлээр илгээж байсан гэрээ нь албажаагүй, хамтран ажиллах харилцаа үүсээгүй харин мөнгийг хариуцагчид зээлсэн гэжээ.
2.Хариуцагч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С овогтой П-н миний бие 1976 онд Увс аймагт төрсөн, багш, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл гурав, 2 хүүхдийн хамт амьдардаг.
Би багаасаа ядуу амьдралаар амьдарч, хүүхэд насандаа асрамжийн газарт амьдарч байсан ба амьдралын хэцүү зовлонг өөрийн биеэр туулж ирсэн болохоор ядарч, зүдэрсэн өөр шигээ хүмүүст туслах, тэднийг байнга бодож явсаар 1997 оноос хойш Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг, Дэлхийн Зөн, Адра ОУБ, НҮБ-ын Энх тайвны корпус, Монголын Үндэсний Хүмүүнлэгийн хороо зэрэг байгууллагуудад халамж, хүмүүнлэгийн чиглэлэээр тасралтгүй 25 жил ажиллаж ирсэн.
Энэ зорилгоо таслахгүйн тулд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, олон хүнд хүртээхийн тулд улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулах, бие биендээ туслах, сайн үйлсэд ард иргэдийг уриалан дуудах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ирсэн.
2013-2019 онд л гэхэд 182 айлыг орон гэртэй болгосон байна. Мөн 2018 онд 25 мянган хүүхдэд дулаан хувцас, хичээлийн хэрэглэл, хүнсний бүтээгдэхүүн олгосон ба 2011-2018 онд Ивээл халамжийн цэцэрлэгийг үүсгэн байгуулж 6 салбараар хагас, бүтэн өнчин, амьдралын түвшин доогуур өрхийн 1250 хүүхдэд үнэ төлбөргүй сургуулийн өмнөх боловсролыг олгож, Монгол Улсын шилдэг хүмүүнлэгийн байгууллагаар удаа дараа шалгарч, 2012 онд миний бие төр засгаас Алтан гадас одонгоор шагнагдаж байсан.
Манай байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг гадаадын ОУБ, дотоодын олон байгууллагууд болон иргэдтэй хамтран үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр байгууллагууд нь гадаадаас төсөл хэрэгжүүлж, түүнээс санхүүжилтээ авч ажилладаг. Харин манай байгууллага нь албан газар, ахуйн нэгж, иргэдээс хандив татвар цуглуулж, Монголчууд бие биенээ дэмжин ажиллая гэсэн уриатайгаар өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг улсын төсвөөс нэг ч төгрөг авдаггүй билээ.
2017 онд нутгийн эгч Т.Н-тай уулзаж мод авсан. Тэр үед Т.Н эгчтэй хамтран амьдарч байсан Н.Т ахтай танилцаж байсан. Тодорхой хугацааны дараа манай ажилтай танилцаж доорхи хүмүүнлэгийн ажлуудыг хамтран хийхээр харилцан тохиролцсон.
1.Дамбадаржаад байрлах Н.Т Т.Н нарын хамтран эзэмшдэг байсан байшин дотор "Ивээл халамжийн цэцэрлэгийн салбарыг нээж ажиллуулах,
2.Оёдлын үйлдвэр нээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өрх толгойлсон ээжүүдийг ажиллуулах,
3. Хамтран мод тарих, төгөл байгуулах,
4.Эрээн улсад ирсэн гоо сайхны барааны гаалийн татварт мөнгө оруулах,
2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Т.Н, Н.Т нар 50,000,000 төгрөг өгсөн.
Би 350 ажилчинтай оёдлын үйлдвэрийг 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан. Нэг өдөр Н.Т ах бид хоёр Америк явахаар болсон, визэнд орох болсон, цаашид хамтран ажиллах боломжгүй байна, мөнгөө боломжоороо өгөөрэй. Нараа эгч чинь жирэмсэн болсон бас бие нь өвдөж байгаа. Миний дүу төслөө сайн хэрэгжүүлээрэй. Үйлдвэрийнх нь тухай Нараа эгчээс нь сонссон. Бутээгдэхүүний дээжээс нь харсан. Сайн байна ахын дүү гэж хэлсэн. Нарантуяа эгч манай үйлдвэр дээр 2 удаа ирж танилцаад явсан.
Би хөнжлийн даавуу, цэцэрлэгийн хүүхдийн ор дэрний даавуу хийж байсан. Түүнээсээ дээж гэж өгч байсан.
Тэр үед манай байгууллага дээр Азийн хөдөлмөр зуучлал-ын товчоо байрладаг байсан ба хамтын ажиллагааны гэрээнээс болж асуудал үүссэн. Тэгээд манай үйлдвэрийг 9 сар битүүмжилсэн.
Энэ тухайгаа Н.Т, Т.Н эгчид удаа дараа хэлээд мөнгөө уван цувуулаад хийе гэж хэлсэн. Н.Т ах Нараа аниагийнхаа дансанд хийгээрэй гэж хэлсэн. Т.Н эгч охин П.У, хүү А.Ч нарын дансыг надад өгсөн. Тэр үед Т.Н эгч иргэн Нармандах гэж хүнтэй шүүхийн асуудал үүссэн, данс хаагдсан, өөрийн данс руугаа мөнгө хийх боломжгүй гээд охин, хүүгийнхээ дансыг өгч байсан.
2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Т.Н эгчийн охин П.У-ын Хаан банкны ****** тоот дансанд жолооч Г.Э-оор 15,000,000 төгрөг, баримт хавсаргав.
2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн нэр дээр байх Монголын Үндэсний хүмүүнлэгийн хорооны ********* тоот данснаас Г.У-ын Хаан банкны ******* тоот дансанд 20,000,000 төгрөг, дансны хуулга хавсаргав.
2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр П.У-ын Хаан банкны ********* 2,500,000 төгрөг, баримтыг хавсаргав.
2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр П.У-ын Хаан банкны ******** тоот дансанд 3,000,000 төгрөг, дансны хуулга хавсаргав.
2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүү А.Ч-ийн Хаан банкны ******* тоот дансанд 900,000 төгрөг, дансны хуулга хавсаргав.
2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүү А.Ч-ийн Хаан банкны ******* тоот дансанд 2,500,000 төгрөг, дансны хуулга хавсаргав.
2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т.Н эгчийн хүү А.Ч-ийн Хаан банкны ********* тоот дансанд 6,000,000 төгрөг, дансны хуулга хавсаргав.
2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр П.У-ын Хаан банкны ********* тоот дансанд 1,500,000 төгрөг, дансны хуулга хавсаргав.
Н.Т ах, Т.Н эгч хоёрын хооронд нь гэр бүлийн асуудал үүсч хамтран амьдрахаа больсон байсан.
Дээрх асуудлаас болж Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хоёр удаа, Нийслэлийн цагдаагийн газарт нэг удаа хэрэг уүсгуүлсэн. Оршин суугаа хаяг ******* гэж дугаараа одоо болтол солиогүй байтал цагдаа дээр эрэн сурвалжпуулах, олон нийтийн сулжээгээр хайж байна, энэ хүнийг олж өгсөн хунд 1 өрөө байр, машин өгнө гэж зарлаж байсан. Цагдаа шалгаж үзээд миний мөнгийг буцаан төлсөн нь баримт бичгээр нотлогдсон гээд хэрэг хэрэгсэхгүй болсон. Мөн Баянгол дүүргийн Иргэний шүүхээр нэг удаа орсон.
Миний бие нь иргэн И.төмөрбаатар, Т.Нарантуяа нараас авсан мөнгийг төлж дуусгасан болно. Энэ нь дансны хуулга болон мөнгө төлсөн баримтаар нотлогдоно гэжээ.
Хариуцагч С.П-ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Хэд хэдэн төрлийн бизнес дээр хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Зээлсэн гэж үзвэл нэхэмжлэлийг Н, Т нар хамтран гаргах ёстой. Бид Т-т 25 сая төгрөгийг төлсөн тул үлдсэн 25 сая төгрөгийг Н шаардах эрхтэй, тиймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Нэхэмжлэл /хх-1-2/, Улсын тэмдэгтийн хураамжид 407,950 төгрөг төлсөн баримт /хх-3/, Б.Ө-д 2023.06.26-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-4/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.03.28-ны өдрийн 183/ШЗ2022/0****** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-5/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.04.26-ны өдрийн 184/ШШ2022/0****** дугаартай шийдвэрийн хуулбар /хх-6/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.05.18-ны өдрийн 28/****** дугаартай албан бичгийн хуулбар /хх-7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.06-ны өдрийн 181/ШЗ2023/****** дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар /хх-8/, Сонгинохайрхайн дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.10.10-ны өдрийн 184/ШШ2023/0****** дугаартай шийдвэрийн хуулбар /хх-9-10/, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024.02.09-ний өдрийн ****/**** дугаартай албан бичгийн хуулбар /хх-11/, Ц.М-ыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт /хх-69/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч тал нотлох баримтаар: хариу тайлбар /хх-80-81/, Н.Т, Т.Н нараас авсан мөнгийг буцаан төлсөн баримтын түүвэр /хх-82/, Хамтран ажиллах гэрээ /хх-83-86/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-87-96/, хүлээлгэн өгсөн барааны баримт /хх-97/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн байна.
Шүүхийн журмаар: Шүүгчийн 2024.02.28-ны өдрийн 181/ШЗ2024/0******* дугаартай захирамжаар хариуцагчийг цагдаагийн байгууллагаар албадан ирүүлж, нэхэмжлэлийн шаардлага гардуулсан байна.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсч, нэхэмжлэгч нь хариуцагчид хоёр удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөгийг зээлүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 25 сая төгрөгийн бараа материал өгсөн тул үлдсэн 25 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн. Энэ талаар гэрээ байгуулахаар имэйлээр гэрээний загварыг хүргүүлж байсан. Зээлийн гэрээний харилцаа үүссэн байсан ч гэрээний гүйцэтгэлийг Н.Т, Т.Н нар хамтран шаардах эрхтэй. Хариуцагчийн зүгээс 25 сая төгрөгийн төлбөрийг Н.Т-т төлсөн тул үлдэх 25 сая төгрөгийг Т.Н нэхэмжлэх эрхтэй, иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Н.Т-ын Хаан банкны ********* дугаартай дансны дэлгэрэнгүй хуулгаар 16,000,000 төгрөгийг Т.Н нараас тосны үнэ гэсэн гүйлгээний утгатайгаар, 34,000,000 төгрөгийг Т.Н нараас тосны үнэнд гэсэн гүйлгээний утгатайгаар тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
4.2. Хариуцагч С.П-ийн хаан банкны ******* дугаартай дансны хуулгаар У, Н эгчид, модны үнэ гэх гүйлгээний утгатайгаар 18,400,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Хэдийгээр хариуцагч нь Н.Т-аас авсан зээлийг Т.Н болон түүний хүүхдийн дансаар буцаан төлсөн гэж тайлбарлаж байх боловч Н.Т-аас С.П лүү мөнгө шилжсэн, тэдгээрийн хооронд үүссэн харилцаа байх тул хариуцагчийн Т.Н-д шилжүүлсэн төлбөрийн асуудал энэ маргаанд хамааралгүй буюу Т.Н-тай өглөг авлагын талаар асуудлаа тусдаа шийдвэрлүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.
4.3. Талууд 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээлгэн өгсөн барааны баримт үйлдэж, 25 сая төгрөгийн үнэ бүхий бараа материалыг хариуцагчаас нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өр төлбөртөө тооцсон талаар талууд маргаагүй.
5. Талууд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэхэд, Н.Т 50 сая төгрөгийг бүхэлд нь нэхэмжлэх эрхтэй этгээд эсэхэд маргаж байна.
6.Талуудын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, гэрээний төсөл нь албажсан гэрээ бус, үүнийг дэмжих өөр хамтран ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул тэдгээрийн хооронд хамтран ажиллах гэрээ байгуулагдаагүй байна.
7.Харин Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд хуулийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу хариуцагч С.П нь нэхэмжлэгч Н.Т-т зээлийн төлбөрөөс үлдсэн 25,000,000 төгрөгийг төлөх нь зүйтэй байна.
8.Мөн түүнчлэн нэхэмжлэгч Н.Т-ын данснаас хариуцагчид төлбөр шилжиж орсон байгаа тул нэхэмжлэгч Н.Т 50 сая төгрөгийн зээлийг эргэн төлөхийг хариуцагчаас бүхэлд нь шаардах эрхтэй байна. Иймээс хариуцагчийн зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөн нэхэмжлэгч Н.Т зээлийг бүхэлд нь төлөхийг шаардах эрхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.
9.Иймд хариуцагч С.П-ээс үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Тт олгож шийдвэрлэв.
10.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.П-ээс 25,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Т-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 407,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ