2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/00944

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 31

191/ШШ2025/00944

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ****** аймаг, Хархорин сум, ***** дүгээр баг, В-ийн-О, В-ийн-О өл *** дүгээр гудамж, ***** тоот хаягт оршин суух, Х-т овогт Н-ийн Д /РД:ЙР*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** дүүрэг, ***** дүгээр хороо, Ю**** гудамж ****, ***** таур, ***** давхарт оршин байрлах, М.к ХХК /РД:******/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу шилжүүлсэн 69,328,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамбалсүрэн оролцож, нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н.Д нь хариуцагч М.к ХХК-д холбогдуулан орон сууц захиалан бариулах гэрээний үүрэгт 69,328,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Иргэн Н.Д, М.к ХХК нарын хооронд 2022.06.24-ний өдөр байгуулсан №ПЗ-С-01/******* тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу шилжүүлсэн нийт 69,328,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга, үндэслэл: Миний бие Н.Д нь 2022.06.24-ний өдөр №ПЗ-С-01/******* дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж гүйцэтгэгч М.к ХХК-ийн ***** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах П-с А-т-**** хотхоны *** блок **** дүгээр орц, **** дугаар давхар, ***** тоот 43.33 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв талбайг 1,600,000 төгрөгөөр буюу нийт 69,328,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож гэрээг байгуулсан.

Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасны дагуу Гэрээ байгуулсан өдөр буюу 2022.06.24-ний өдөр 35,000,000 төгрөг, 2022.07.25-ны өдөр 29,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2022.07.29-ний өдөр 4,328,000 төгрөг нийт 69,328,000 төгрөгийг хариуцагчийн Голомт банк дахь ******** тоот дансанд шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн.

Хариуцагч М.к ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй 2022.06 дугаар сараас барилга угсралтын ажлыг огт эхлэлгүй 2023.11 дүгээр сар хүргэсэн. Уг нь талуудын хооронд байгуулсан Орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т ...Орон сууцны барилгыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулна гэж заасан боловч хариуцагч нь уг үүргээ биелүүлээгүй бөгөөд миний зүгээс удаа дараа гэрээний гүйцэтгэлийг шаардаж байсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй болно.

Дээрх шалтгаан нөхцөл гэрээнд заасан хугацаанд барилга ашиглалтад орохгүй нь нэгэнт тодорхой болсон тул миний бие гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т Гэрээ байгуулагдсанаас хойш гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бодит нөхцөл бий болсон тохиолдолд нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэснийг үндэслэн гэрээнээс татгалзаж, гэрээг цуцлах хүсэлт хүргүүлсэн.

Гэрээ цуцлах хүсэлтийн дагуу 2023.11.10-ны өдөр хариуцагч М.к ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б, хуульч Б.М, нягтлан бодогч Б.Б нартай гэрээ цуцалсан актыг үйлдэж, гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр болох 69,328,000 төгрөгийг гэрээний 6.2.5-д заасан Гэрээ цуцалснаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг түүнээс хойш 180 хоногийн дотор олгоно гэж заасныг тус тус үндэслэн 180 хоногийн дотор буцаан олгохоор тохиролцож баталгаажуулсан.

Гэвч хариуцагчтай харилцан тохиролцсон хугацаа өнгөрсөн хэдий ч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй бөгөөд төлбөрөө буцаан шилжүүлэхийг удаа дараа шаардсан боловч үүргээ биелүүлэлгүй намайг маш их хохироож байна.

Иймд 2022.06.24-ний өдөр байгуулсан №ПЗ-С-01/******* тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-ний дагуу шилжүүлсэн нийт 69,328,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч М.к ХХК шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3.Нотлох баримтын тухайд:

Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамжид 504,590 төгрөг төлсөн баримт /Хх3/, итгэмжлэл /Хх4/, иргэний үнэмлэхийн лавлагаа /Хх5/, орон сууц захиалан бариулах гэрээ /Хх6-10/, гэрээ цуцалсан акт /Хх13/, Хаан банкны дансны хуулгууд /Хх-14-15/ зэрэг баримтуудыг өгсөн.

 

Хариуцагч тал нотлох баримтаар: Итгэмжлэл /хх23-24/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх25/-г шүүхэд өгсөн.

 

Шүүхийн журмаар баримт бүрдүүлээгүй болно.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Нэхэмжлэгч Н.Д нь М.к ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан боловч хугацаандаа орон сууцыг барьж, ашиглалтанд өгөөгүй учраас гэрээг цуцалсан актын дагуу, худалдах худалдан авах гэрээний үүрэгт шилжүүлсэн 69,328,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

3.Хариуцагч М.к ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаар ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Талууд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ПЗ-С-01/******* дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, ***** дүүргийн *****-р хороонд байрлах П-с а-т-***** орон сууцны хотхоны **** блок, ****-р орцны ***** давхар, ****** тоот 43,33 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, худалдан авагчид хүлээлгэн өгөхөөр, худалдан авагч буюу нэхэмжлэгч нь 1 мкв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тооцож, нийт 69,328,000 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид хүлээлгэн өгөхөөр талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулжээ.

4.2.Гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2022.06.24-ний өдөр 35,000,000 төгрөг, 2022.07.25-ны өдөр 29,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2022.07.29-ний өдөр 4,328,000 төгрөг нийт 69,328,000 төгрөгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

4.3.Зохигчид харилцан тохиролцож, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэрээг цуцалсан акт үйлдсэн байна. Тус баримтаар талууд 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрээг байгуулсан болохоо, худалдан авагч тал нийт 69,328,000 төгрөг төлсөн болохоо, гэрээг цуцлах хүсэлтийг үндэслэн шилжүүлсэн 69,328,000 төгрөгийг 180 хоногийн дотор буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

5.Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх бөгөөд хуулийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

6.Иргэний хуульд заасан худалдах, худалдан авах гэрээгээр талуудын хүлээсэн үүргийн дагуу хариуцагч М.к ХХК нь тухайн орон сууцыг гэрээнд заасан хугацаанд барьж, ашиглалтанд оруулан нэхэмжлэгч Н.Д-д хүлээлгэн өгөх үүрэгтэй бол нөгөө талаас нэхэмжлэгч Н.Д гэрээнд заасан үнийг хариуцагч талд төлөх үүрэгтэй байжээ.

 

7.Хэргийн үйл баримт, нэхэмжлэгчийн тайлбараас харахад нэхэмжлэгч Н.Д нь талуудын байгуулсан гэрээний 2.2-т зааснаар 69,328,000  төгрөгийг төлж, орон сууцны үнийг бүрэн төлж барагдуулсан байна. Иймд нэхэмжлэгч Н.Д-г гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

8.Орон сууц захиалан бариулах гэрээгээр тухайн орон сууцыг 2023 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулна гэж талууд харилцан тохиролцсон байх боловч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 05 дугаар сарыг хүртэл хугацаанд ашиглалтанд ороогүй байсан болох нь тогтоогдсон. Иймээс хариуцагч М.к ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

9.Иргэний хуулийн 225 дугаар зүйлд үүрэг зөрчсөнөөс талууд гэрээнээс татгалзах асуудлыг зохицуулсан. Хуулийн 225.1-т Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж зохицуулжээ. Нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн, мөн хариуцагч тал барилгыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтанд оруулах үүргээ хэрэгжүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч Н.Д нь дээрх зохицуулалтын хүрээнд хариуцагч байгууллагатай байгуулсан №ПЗ-С-01/******* дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нээс татгалзах эрхтэй байна.

 

10.Иймд талууд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу шилжүүлэн авсан 69,328,000  төгрөгийг буцааж, нэхэмжлэгч Н.Д-д төлөх үүрэгтэй байна.

 

11.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч М.к ХХК-иас 69,328,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 504,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.к ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 504,590 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Дд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  А.ЦЭЛМЭГ