| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Цэлмэг |
| Хэргийн индекс | 181/2024/04013/И |
| Дугаар | 191/ШШ2025/00701 |
| Огноо | 2025-01-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 191/ШШ2025/00701
| 2025 01 27 | 191/ШШ2025/00701 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэлмэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ****** дүүрэг **** дүгээр хороо, *** хороолол Энэбишийн өргөн чөлөө үйлчилгээний **** барилга, **** тоот хаягт байрлах Ф.к ББСБ ХХК /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг ****** дугаар хороо Дамбадаржаа ***** гудамж ***** тоотод оршин суух Ц г-үүд овогт С-ын Г /РД:***********/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 10,193,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Дүгэржав нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мэндбулган тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ф.к ББСБ ХХК нь хариуцагч С.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,193,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Хариуцагч С.Г-тай байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр № 21/****** тоот Барьцаат цалингийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 5,638,705.56 төгрөг, үндсэн хүү 4,046,581.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505,646.60 төгрөг нийт 10,190,933.38 төгрөг, нотариатын төлөгдөөгүй зардал 2650 төгрөг нийт 10,193,582 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч С.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: СБД-ийн ******-р хороо Дам-ийн 30-****** тоотод оршин суугч иргэн С.Г би 2021 оны 12-р сарын 15-ны өдөр "Ф.к ББСБ" ХХК-иас 6,6 сая төгрөгийн зээл авч, Ж.Д-ын тус компаниас авсан зээл, түүний хүүг төлсөн. Ж.Д-ын авсан зээл нь цалин барьцаалж ажлын шугамаар авсан бөгөөд надад хамааралгүй болно. Уг зээлийг "Ф.к ББСБ" ХХК-ий захирал Баянжаргал, эдийн засагч Удвал нарын дарамт шахалт, ятгалгаар авсан.
2023 онд "Ф.к ББСБ" ХХК надаас авсан зээл, хүүгийн хамтаар 7,235,022 төгрөг нэхэмжлэн СБД-ийн анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус дүүргийн ИХАШШ-ийн 2023 оны 10-р сарын 10 өдрийн 181/Ш32023/****** тоот захирамжаар "Ф.к ББСБ" ХХК-аас гаргасан үндсэн нэхэмжлэл, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож миний гаргасан 2,431,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийг буцаасан болно. Иймд миний бие "Ф.к ББСБ" ХХК-аас гарсан нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3. Нотлох баримтын тухайд:
Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /Хх4/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /Хх5/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /Хх6/, С.Г-ын иргэний үнэмлэхийн хуулбар /Хх7/, С.Г-ын оршин сууга газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх8/, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх10/, харилцагчийн дансны хуулга /хх12-14/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШЗ2023/******* дугаар Нэхэмжлэлийг буцаах тухай захирамж /хх17-18/-ийг гаргасан.
Хариуцагч тал нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл /хх24/, хариу тайлбар /хх25/, Хаан банкны дансны хуулга /хх26/, сөрөг нэхэмжлэл гаргаж байсантай холбоотой баримтууд /хх27-29/-ийг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Ф.к ББСБ ХХК нь хариуцагч С.Г-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10,193,582 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч С.Г-тай байгуулсан № 21/***** тоот Барьцаат цалингийн зээлийн гэрээний дагуу нийт 10,193,582 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3.Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тухайн зээлийг би нэхэмжлэгч нарын дарамт шахалтанд орж авсан, мөн авсан зээлээрээ Ж.Д-ын нэхэмжлэгчээс өмнө авсан байсан зээлийг хаасан бөгөөд тухайн зээл нь надад хамааралгүй гэж маргаж байна.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.Нэхэмжлэгч Ф.к ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд байна.
4.2.Хариуцагч С.Г нь Ф.к ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 21/****** дугаар Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 6,600,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж, зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүсч, гэрээ байгуулагдсан.
6.Нэхэмжлэгч Ф.к ББСБ ХХК нь хариуцагчийг зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн, үндсэн болон хүүгийн төлөлтийг төлөөгүй гэх үндэслэлээр зээлийн төлбөрийг гаргуулахаар шаардаж байна.
7.Зээлдэгч С.Г нь зээлийн гэрээний 5.1.1-т заасан гэрээний үүргийг зөрчих зохицуулалт болох Зээлдэгч энэхүү гэрээний хавсралт №2-т заасан Зээл буцаан төлөх хуваарь-ийг удаа дараа зөрчсөн гэснийг зөрчсөн болох нь зохигчдын тайлбар, С.Г-ын зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэргээр тогтоогдож байна.
8.Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2.4-т Зээлийг буцаан төлөх хуваарьт хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан нь гэрээний дагуу хүлээлгэх хариуцлагын арга бөгөөд гэрээнд ингэж зааснаар нэхэмжлэгч тал зээл, хүүгийн төлбөрийг хариуцагч нь төлөөгүй үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй байхаар талууд тохиролцсон байна.
9.Иймээс зээлдэгч С.Г нь зээлийн гэрээний хугацаанаас хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна. Түүний тус зээлийг гаргуулан авч өөр зээлийг төлсөн гэх тайлбар, мөн тухайн төлсөн зээл нь өөрт нь хамааралгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд зээлийг авахуулахаар нэхэмжлэгч талаас дарамталж, шахалтанд оруулсан гэх баримт хэрэгт авагдаагүй тул эдгээр татгалзал нь хууль зүйн үндэслэлгүй байна.
10.Иргэний хуулийн 452 дугаар зүйлд Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн хүү-ийн талаар зохицуулсан бөгөөд 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь үндсэн зээл 5,638,705 төгрөг, үндсэн хүү 4,046,581 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 505,646 төгрөг, нотариатын зардал 2650 төгрөг нийт 10,193,582 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
11.Иймээс нэхэмжлэгч Ф.к ББСБ ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нийт 10,193,582 төгрөгийг хариуцагч С.Г-аас гаргуулах шаардлага нь үндэслэлтэй байх тул шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
12.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Г-аас 10,193,582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф.к ББСБ ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 178,047 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Гас улсын тэмдэгтийн хураамжид 178,047 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ф.к ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЦЭЛМЭГ