| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2020/04641/И |
| Дугаар | 210/МА2021/00646 |
| Огноо | 2021-04-09 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2021/00646
Г.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Б-гийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ш нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01090 дугаар захирамжаар Г.Б-, Н.Х-э нараас зээлийн гэрээний үүрэгт 58 659 739.85 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагч Н- нь 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 4-166/33315 дугаартай үнэлгээний мэдэгдлээр нэхэмжлэгч Г.Б- миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064228 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 89 дүгээр байр, 116 тоот хаягт байрлах, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг Мөнх-Оргил трейд ХХК-иар үнэлгээ тогтоолгож 92 298 800 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Нэхэмжпэгч нь хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний түхай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасны дагуу үнэлгээчин нь үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.1-т хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчний хариуцлагын даатгалын талаарх мэдээллийг тусгахаар заасан. Үнэлгээний тайлангийн 1.2-т үнэлгээчин Б.Э-ын хариуцлагын даатгалын хугацаа 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөр дуусгавар болсон байна. Үнэлгээчний даатгалын хугацааг сунгасан баримт байдаг боловч өнгөрсөн жилийнх нь байхгүй байсан. Үнэлгээчин тогтоолыг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр авч, 2020 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр дүгнэлтээ гарган, 9 дүгээр сарын 12-ны өдөр дүгнэлтийг Н-т өгснийг бидэнд 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Үнэлгээний талаарх гомдлыг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргасан. Иймд холбогдох хууль тогтоомжид заасан үүргээ биелүүлж хариуцлагын даатгалд хамрагдаагүй үнэлгээчний гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй. Тодруулбал, зах зээлийн хандлагын үнэлгээний тооцоолол хийхдээ ашигласан жишиг хөрөнгүүдийн зарлагдсан үнэ, худалдах боломжтой үнэ, нэгж талбайн үнэ, хэмжээ зэрэг нь үнэлж буй хөрөнгийн шинж байдалтай харьцуулахад эрс ялгаатай байна. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан мэдээллийн санг ашиглаагүй тул түүний гаргасан үнэлгээ үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй. 2014 онд орон сууцыг 120 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээг банктай байгуулсан байдаг бөгөөд үнэлгээг бууруулан 92 298 800 төгрөг гэж үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Өмчлөгч нь өөрийнхөө өмчийг өөрөө үнэлэх эрхийг Н- болон үнэлгээчин зөрчсөн гэж үзэж байна. Анх хийсэн худалдах, худалдан авах гэрээ нь банкинд байгаа, шүүхэд өгөөгүй. Дээрх үндэслэлээр үнэлгээг эс зөвшөөрч байгаа тул Мөнх-Оргил трейд ХХК-ийн 92 298 800 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01090 дүгээр захирамжаар Нямхүүгийн Хүрэл-Эрдэнэ, Гочоогийн Баасан нараас 58 659 739.58 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 260 724.35 төгрөг гаргуулж, Улаанбаатар хотын банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.Б-, Н.Х-э нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 20380596/07 дугаар мэдэгдлээр мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Шүүхийн шийдвэрт заасны дагуу Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Г.Б-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064228 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол, /13330/ Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байр, 116 тоот хаягт байрлах 55,9 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20380596/08 тоот тогтоолоор битүүмжилж, төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч заасан хугацаанд төлж барагдуулаагүй. 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20380596/09 дугаар тогтоолоор хурааж, талуудад үнийн санал ирүүлэхийг 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 20380596/12 дугаар мэдэгдэх хуудсаар мэдэгдэхэд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр төлөгч нар 156 520 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд үнийн саналыг төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 6/5626 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Үнэлгээнд талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу Мөнх-Оргил трейд ХХК-ийн захирал, үнэлгээчин 07120004 дугаар тусгай зөвшөөрөлтэй Б.Э- /УУ62051211/-г томилон, эрх үүргийг тайлбарлан өгсөн. Дээрх үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгоход 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш албан тоот, үнэлгээний тайлангаар 92 298 800 төгрөг гэж тогтоосон. Хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу талуудад 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/37 тогтоолыг талуудад мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээ үндэслэлтэй тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Н-т холбогдох Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01090 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн эрхийн улсын бүртгэлийн Y-2204064228 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 байр, 116 тоот хаягт байршилтай, 55,9 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцыг үнэлсэн Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 90/Ш үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлйин 47.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн санаачилгаар шүүгч захирамж гарган шинжээчийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах-аар заасан. Мөнх-Оргил трейд ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 14- ний өдрийн 90/Ш дугаартай үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн эсэх талаар мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гаргаж, анхан шатны шүүх тэрхүү дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой юм. Учир нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээг хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд байх тул шүүх тухайн үнэлгээчин хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үйл ажиллагаа явуулахдаа алдаа гаргасан эсэх, үнэлгээ нь хуульд нийцсэн эсэхэд өөрөө дүгнэлт хийж тэрхүү дүгнэлтээ үндэслэн хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн тухайд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Монгол Улсын иргэн хууль зүйн туслалцаа авах эрхтэй гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг хүлээн авалгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2020/01090 дугаар захирамжаар төлбөр төлөгч Н.Х-э, Г.Б- нар нь 58 659 739.85 төгрөгийг тодорхой хуваарийн дагуу төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-д төлөх, төлбөр төлөгч нар үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. /хх-ийн 38-40-р тал/
Төлбөр төлөгч Н.Х-э, Г.Б- нар нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Улаанбаатар хотын банк ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 101/ГХ2020/00872 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 41-р тал/
Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлж, нэхэмжлэгч Г.Б-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол /13330/, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 89 дүгээр байр, 116 тоот хаягт байршилтай, 55.9 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204064228 дугаарт бүртгэлтэй, хоёр өрөө орон сууцыг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хураасан байна. /хх-ийн 52-58-р тал/
Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нар нь дээрх хоёр өрөө орон сууцыг 156 520 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-63-65, 68, 73-р тал/
Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 9/414 дүгээр шинжээч томилох тухай тогтоолоор Мөнх-Оргил трейд ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-ийн 74-р тал/
Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК нь барьцаа хөрөнгийг 92 298 800 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч байгууллага нь уг үнэлгээг хуульд заасан хугацаанд талуудад мэдэгджээ. /хх-ийн 80-107-р тал/. Иймд хариуцагч байгууллагыг үнэлгээ гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх ёстой, мөн нэхэмжлэгч талыг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэжээ.
Гэвч шинжээчээр томилогдсон Мөнх-Оргил трейд ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан арга, аргачлалын дагуу өртгийн болон зах зээлийн харьцуулан жиших аргыг хэрэглэсэн байх бөгөөд уг үнэлгээ хуульд нийцээгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын дэргэд үнэлгээчний мэргэжлийн алдаа гаргасан тухай маргааныг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөл, үнэлгээчин ёс зүйн алдаа гаргасан тухай холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Ёс зүйн зөвлөл тус тус ажиллана гэж заажээ. Дээрх хуульд заасан мэргэжлийн болон ёс зүйн зөвлөл нь холбогдох этгээдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн шийдвэр гаргадаг байх ба нэхэмжлэгч Г.Б- нь үнэлгээчинд холбогдуулан гомдол гаргаж, шийдвэрлүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх гомдлын тухайд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд өмгөөлөгчөө сонгоогүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна. /хх-ийн 141, 145-146-р тал/
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/00457 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД С.ЭНХТӨР
Г.ДАВААДОРЖ