Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч Б.Сугар,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б холбогдох эрүүгийн 1706 0353 00028 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны дугаар сарын -ны өдөр аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Б /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О ХХК-ний байранд иргэн Б.С өрөөнд тамхи татсан байна гэсэн шалтгаанаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай О ХХК амарч байсан. Би харуулын ажил гүйцэтгэх байсан. Эрүүл мэндийн үзлэгт хүмүүс орж, гарч байсан. Өрөөгөө агааржуулчихаад гадаах цасаа цэвэрлээд дөнгөж орж иртэл араас Отгонбаяр, Б нар орж ирсэн. Тэгээд Б суунгуутаа тамхи гаргаж ирэхээр нь би “миний дүү тамхиа цонхоор тат,эсвэл гадаа гараад тат, ах нь гялс бие засчихаад ирье” гэж хэлээд буцаж ирэхэд өрөө нил утаагаар дүүрсэн байсан. Ах нь гуйж байхад ямар өөдгүй юм бэ гэж хэлээд гар гэж хэлэхэд гарахгүй болохоор нь түлхсээр байгаад гаргасан. Дөнгөж гарангуутаа тамхиа хаячихаад буцаад ороод ирэхээр нь гараад яв гэж байхад яагаад байгаа юм гэж хэлэхэд сандал дээр суусан. Гаргах гэж маргалдсаар байгаад куртикнээс нь зуурч байгаад цохилцсон. Энэ уурлаад босоод ирсэн юун сүртэй юм, тамхи татсаны төлөө гэж. Тэгээд бие биенээ 2-3 цохилцож аваад тэр намайг мөргөсөн, цус гоожоод би доошоо суусан. Удаагүй байж байтал манай эрүүл ахуйч ариутгал хийх гээд гаднаас орж ирсэн. Орж ирээд хамар чинь нэг л биш байна гэсэн, би хамраа барихад цөмөрсөн байсан. Тэгээд цагдаа дуудсан. Ажлаа хүлээлгэж өгөөд Гэмтлийн эмнэлэгт очиж зургаа авахуулахад манайх хамар янзлахгүй, нэгдүгээр эмнэлэгт оч гэсэн. Нэгдүгээр эмнэлэг их оочертой байсан болохоор хувийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Нүд бас үзүүл гэхээр нь гайгүй байх гээд үзүүлээгүй. Хоёр хоногийн дараа нүд өвдөөд байхаар нь нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхэд нүдний хагалгаанд ор гэсэн. 7 хоног эмчилгээ хийлгээд хагалгаанд орсон. Даарснаас болсон хамар битүүрэлтэй тул дахин хагалгаанд орох үндэслэлтэй. 1.568.890 төгрөг нэхэмжилж байна гэв.

Хохирогч Б.С мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр би ажил дээрээ ээлжинд гарч байсан. Би гадаа хашаан дахь цасаа цэвэрлээд харуулынхаа өрөөнд орсон. Тэгсэн миний араас Б Отгонбаяр нар харуулын өрөөнд орж ирсэн. Б харуулын өрөөнд тамхи татах гэхлээр нь миний дүү өрөөнд битгий тамхи татаарай, би дөнгөж сая агааржуулсан юм шүү гээд бие засах гээд гарсан. Эргээд ирээд чи яаж байгаа юм бэ, гадаа гараад тамхиа тат гэсэн. Б гарахгүй болохоор нь би өөрөө түлхэж байгаад өрөөнөөс гаргахад Б тамхины ишийг хаячихаад эргэж орж ирээд сандал дээр суучихсан. Тэгэхлээр нь би чи гар, ахиж битгий орж ир гэхэд Б суучихаад гарахгүй болохоор нь би куртикнээс нь татаад гаргах явцад хальт цохичихсон юм шиг байна лээ. Б уурлаад чи юун сүртэй юм, тамхи татсаны төлөө гэж хэлээд миний өөдөөс мөргөчихсөн. Миний хамраас цус гараад би доошоо суучихсан. Эмчилгээний зардалаа нэхэмжилнэ. Ажлаа хийж чадахгүй хугацааныхаа мөнгийг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг. /хэргийн 13-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шинжээчийн ¹14251 дүгнэлтэд “Б.С биед тархи доргилт, хамрын зүүн хажуу хана болон хянганы хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, зүүн ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, хамрын нуруунд зулгаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 20 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹70 дүгнэлтэд “Б.С биед тархи доргилт, хамрын зүүн хажуу хана болон хянганы хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн хугарал, зүүн ухархайн дотор хананы этмойд хөндий рүү цөмөрсөн хугарал, /зүүн нүдний ухархайн цөмөрсөн хугаралыг нөхсөн мэс заслын дараах байдал, зүүн нүдний хараа 6/6, хамрын нуруунд зулгаралт, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугаралыг нөхсөн мэс заслын дараах байдал, зүүн нүдний хараа 6/6 байгаа нь гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Тухайн үед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы цөмөрсөн хугаралыг нөхсөн мэс засал хийгдсэн байна” гэжээ /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 44-54 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах О ХХК-ний байранд иргэн Б.С өрөөнд тамхи татсан байна гэсэн шалтгаанаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Б прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Б холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Б ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иргэний хуульд зааснаар Б.Б 1.568.890 төгрөг гаргуулж, хохирогч С олгохоор шийдвэрлэлээ. Мөн хохирогч С нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисон болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.