| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/02877/И |
| Дугаар | 191/ШШ2025/03245 |
| Огноо | 2025-04-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/03245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух, Б... овогт Д...-ийн О... /РД:.../-ын хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ТХ” ХХК болон компанийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.О... миний бие 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “ТХ” ХХК-ийн захирал З.Б...-тэй машин механизм түрээслэх гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн 00-00 улсын дугаартай нуипдаг К480Б-98 маркийн экскаваторыг 3 сарын хугацаатай түрээслүүлэхээр тохиролцсон. “ТХ” ХХК нь уг хөрөнгийг 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээсээр ашиглаж түрээсийн төлбөрт 80,092,578 төгрөг төлөх ёстойгоос 10,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх 70,092,578 төгрөгийг 2024 оны 10 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй. Ингээд төлбөрөөр гаргуулахаар хариуцагч “ТХ” ХХК-ийн хаяг болох ... тоот хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/Ш32025/11491 тоот шүүгчийн захирамжаар “уг хаяг бүртгэлгүй тул хариуцагчийн хаяг тодорхойгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.
З.Б... нь уг компаний 100 хувийн хувьцаа эзэмшигч ба гүйцэтгэх захирлаар ажилладаг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “ТХ” ХХК-ийг эрэн сурвалжуулж, оршин суугаа газрыг тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргаж байгаа болно.” гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “ТХ” ХХК болон компанийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Д.О...-ын иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, Д.О..., “ТХ” ХХК-ийн хооронд 0000 оны 00 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Машин механизм түрээслүүлэх гэрээ”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11491 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, төлөөлөгчид олгосон итгэмжлэл зэргийг шүүхэд ирүүлсэн.
Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/14967 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ”ТХ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа хэрэгт авагдсан.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.О... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн “ТХ” ХХК болон компанийн төлөөлөгчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ... тоот хаягт оршин суудаг болох нь түүний иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2.Нэхэмжлэгч нь хариуцагч ТХ” ХХК-ийн оршин байрлах газрын хаяг тодорхойгүйн улмаас гэрээний үүрэгт 70,092,578 гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.
Хэрэгт авагдсан, Д.О..., “ТХ” ХХК-ийн хооронд 2000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр байгуулсан “Машин механизм түрээслүүлэх гэрээ” болон нэхэмжлэгчийн тайлбараар “ТХ” ХХК нь хүсэлт гаргагч Д.О...-ын нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.
3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 191/ШЗ2025/14967 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ”ТХ” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа баримтад тодорхойлсон ... тоот хаягт ”ТХ” ХХК нь байрладаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШЗ2025/11491 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, ”ТХ” ХХК болон түүний төлөөлөгчийн оршин суух оршин байрлах газрын хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан “ТХ” ХХК /РД:..., компаний төлөөлөгч З...-ын Б... /РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар ”ТХ” ХХК болон түүний төлөөлөгчийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Амарбаясгалан, утас:..../-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА