| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00080/И |
| Дугаар | 157/ШШ2025/00082 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 157/ШШ2025/00082
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Хэнтий аймаг Бор-Өндөр сум 4 дүгээр баг Хөх толгой гэх газарт оршин суух, ******* овогт ******* ******* холбогдох “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 257,895 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ”******* нь "******* ББСБ"-ийн цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 06 сарын 22-ны өдөр №140000173198 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд өөрийн эзэмшиж байсан Мобиком үүрэн телефоны 95118631 дугаараас хүсэлт гарган зээл авч, төлж байсан. ******* нь уг гэрээний үндсэн дээр 2018 оны 06 сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг сарын 4,9%-ын хүүтэй авсан ба зээлийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Өнгөрсөн хугацаанд *******гээс зээлийн гэрээний үүргийг шаардан зээл авах үедээ тодорхойлсон хаягаар шүүхэд хандахад Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.18-ны өдрийн 131/Ш32023/01806 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь тус хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/03757 дугаартай шийдвэрээр Баянхонгор аймгийн цагдаагийн газар хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулаад 2024.12.09-ний өдрийн ЗЗг/6846 тоотоор ******* нь "Хэнтий аймаг, Бор-Өндөр сум, 4-р баг, Хөх толгой" гэх газар оршин сууж байгаа гэж тодорхойлсны дагуу дахин нэхэмжлэл гаргаж байна. Шүүхээс шийдвэр гарсны дараа хариуцагчтай холбоо тогтоож төлбөрийг төлж барагдуулах нэмэлт хугацаа олгосон боловч огт төлөлт хийгээгүй.
ББСБ нь Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах журмын дагуу 2022 оны 08 сарын 22-ны өдрийн байдлаар зээлийг эрсдэлийн сангаас хааж, авлага үүсгэн хүү тооцолтыг зогсоосон бөгөөд мөн өдрөөр *******гийн зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 48,418 төгрөг, зээлийн хүү 116,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,259 төгрөг нийт 187,695 төгрөг байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас шалтгаалан шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс гарсан ба зээлдэгч үүргээ гүйцэтгээгүйгээс учирсан хохирол байх тул хариуцагчийн хаяг тодорхойлоход гарсан зардал 70,200 төгрөгийг нэмж нийт 257,895 төгрөг гаргуулахаар шаардаж байна” гэжээ.
2.Хариуцагч ******* овогт ******* ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нь мобиком салбар дахь өрийг 2025 оны 04 сарын 20-нд 66,000 төгрөгийг, 2025 оны 05 сарын 20-нд 66,000 төгрөгийг, 2025 оны 06 сарын 10-д 66,000 төгрөгийг, 7 сард 59,895 төгрөгийг, нийт 257,895 төгрөгийг боломжоороо төлнө” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Н.******* холбогдуулж “зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 257,895 (хоёр зуун тавин долоон мянга найман зуун ерэн таван) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
3.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.
4.Хариуцагч ******* нь нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-тай 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №140000173198 дугаартай зээлийн эрх нээх гэрээг байгуулж, өөрийн эзэмшлийн Мобиком үүрэн телефоны 95118631 дугаарыг ашиглаж, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 50,000 төгрөгийг 4,9 хувийн хүүтэй авсан байна.
Дээрх зээлийн гэрээний үндсэн дээр хариуцагч *******гийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 48,418 төгрөг, зээлийн хүү 116,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23,259 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч ******* нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй, зээлдэгчийн оршин суугаа хаяг тодорхойгүй байснаас шалтгаалан шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулахад гарсан зардал болох улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нэмж нийт 257,895 (хоёр зуун тавин долоон мянга найман зуун ерэн тав) төгрөгийг хариуцагч нь төлөх үүрэгтэй байна.
5.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчаас “Зээлийн гэрээний үүрэгт нийт 257,895 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 257,895 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
7.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн бүх шаардлага болох 257,895 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, тайлбарыг бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
8.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8387 төгрөгийн тал хувь болох 4193 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 4193 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 4193 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 257,895 (хоёр зуун тавин долоон мянга найман зуун ерэн таван) төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг зөвшөөрч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8387 төгрөгийн тал хувь болох 4193 төгрөг 50 мөнгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 4193 төгрөг 50 мөнгийг, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамж 4193 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч ******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ