Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Ж.Э түүний өмгөөлөгч А.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Э холбогдох эрүүгийн 1806 0014 90040 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 1 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, тусгай үйлчилгээний механик инженер ажилтай, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Э /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Вашингтон нэртэй буудлын 204 тоотод иргэн Г.Б маргалдан улмаар түүнийг түлхэж паар мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Г.Б над руу залгаад би халуураад байна, манайд хүрээд ирээч гэсэн. Г.Б гийн гэрт хамт байж байгаад 20 цагийн үед Вашингтон зочид буудлын караоке руу орсон. Удалгүй дээд талын буудлын 204 тоот өрөөнд орсон. Өмнө нь Г.Б д цамц бэлэглэж байсан түүнийг томдоод байна, таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд би түлхсэн чинь бөгсөөрөө унаад цаад талын пар мөргөөд унасан. Санаатайгаар ийм зүйл болоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Г.Г.Б гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 00:30 цагийн үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо, Вашингтон зочид буудлын 204 тоот өрөөнд найз залуу Ж.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа надтай маргаж, буудлаас явлаа гэсэн. Энхбадрах нь миний футболкны энгэрээс заамдаж цаашаа түлхэж, би шидэгдэж, паар руу толгойн ард хэсгээр унаж, толгойн ард хэсэгт 4 оёдол тавиулсан юм. Намайг урьд нь удаа дараа зодож байсан. Гэхдээ цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй юм. Э танилцаад 8-9 сар болж байна. Эмчилгээ хийлгэмээр байна, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, сэтгэл санааны хохирол гээд 3 сая төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 6-10 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹536 дүгнэлтэд “Г.Г.Б гийн биед дагзны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 14 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 27 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Э нь 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Вашингтон нэртэй буудлын 204 тоотод иргэн Г.Б маргалдан улмаар түүнийг түлхэж паар мөргүүлсний улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Э прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Ж.Э холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ж.Э ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч Г.Г.Б нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болон сэтгэл санааны хохиролд 3 сая төгрөг нэхэмжилнэ гэсэн боловч эмчилгээ хийлгэсэн, хийлгэнэ гэх баримт хэрэгт авагдаагүй, хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах эрхээ эдэлж нотлох баримтаа ирүүлээгүй байх тул хохирол гаргуулаагүй  болно. Мөн хохирогч нь сэтгэл санааны хохирол учирсан гэх боловч үүнийгээ нотлоогүй, гэр бүлтэй хүнтэй хувийн дотно харилцаатай байсан түүний буруутай үйлдэл байх тул сэтгэл санааны хохирол гаргуулаагүй болно.

Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид 500.000 төгрөг төлсөн талаар мэдүүлж, дансны хуулга гаргаж өгсөн тул 500.000 төгрөгний хохирол төлөгдсөн гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.