Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2021/00661

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Б-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00489 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б-ы хариуцагч М- ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 686 401 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Э нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах, Магнай трейд ХХК-ийн салбарын шатахуун түгээх станцад түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчаар ажилд орсон. Ажиллаж байх хугацаандаа өөрийн үүрэгт ажилдаа хариуцлагатай хандаж байсан бөгөөд ямар нэгэн алдаа зөрчил, дутагдал гаргаж байгаагүй. 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Магнай трейд ХХК-ийн хүний нөөц гэх эмэгтэй Улаанбаатар хотоос ирж түгээгч нартай хурал хийж, гэнэт ажлаас халахаар болсон. Маргааш нь салбарын 6 түгээгчийг ажилд гаргахгүй оронд нь шинээр 6 түгээгч ажилд авсан. Харин ажлаас халсан тушаалыг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр бидэнд өгсөн. Ажлаас халсан тушаалд борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт санаатайгаар илүү хэвлэсэн ноцтой зөрчил гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалж үүрэгт ажлаас халсан. Нэхэмжлэгч ажлаа хийж байх хугацаандаа НӨАТ-ын баримт хэвлэдэг пос машин, компьютер, принтер зэрэг нь эвдрэл гэмтэлтэй байснаас болоод НӨАТ-ын баримт ихэвчлэн давхардаж хэвлэгддэг байсныг салбарын эрхлэгч болон холбогдох хүмүүст нь хэлж байсан. Хэлэхээр тэд ... угаасаа тэгдэг юм гээд тоодоггүй байсан. Гэхдээ эдгээр давхардаж гарсан баримтуудыг зам тээврийн нягтлан бодогчид хэлж буцаалт хийлгүүлсэн. Гэтэл энэхүү техникийн нөхцөлөөс хамаарсан алдаатай зүйлээ нэхэмжлэгчид хамааруулж нэхэмжлэгчийг зориуд НӨАТ-ын баримт санаатай хэвлэсэн мэтээр ажлаас гэнэт халсанд гомдолтой. Нэхэмжлэгч цахим карт уншуулан хэрэглэгчдэд бэлэн мөнгө гаргаж өгсөн зүйлгүй, ажил үүргээ шударга үнэнчээр биелүүлж явсан болохоос биш ашиг хонжоо хайсан удаа байхгүй, компанид хохирол учруулах санаа зорилго байгаагүй. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарыг 24-ний өдөр хүртэлх хугацааны 2 сарын ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 686 401 төгрөгийг гаргуулан авч, ажилгүй байсан хугацааны дээрх хугацаагаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчийн зүгээс НӨАТ-ын баримт илүү хэвлэсэн үйл баримтын талаар маргахгүй. Тухайн үед тайланд тусгасан бичгийн тайлбараа ч өгч байсан. Гагцхүү ийм алдаа гараад байна, засаад янзалж өг гэхээр хариуцагч байгууллага өөрсдөө холбогдох арга хэмжээ авч байгаагүйг шүүхээс анхаарч үзэх ёстой гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Б- нь 2019 оны 7 дугаар сараас манай компанид ажиллаж байгаад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 173/20 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээний 6.2.8-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан. Шатахуун түгээх станцын түгээгч-харуул хамгаалалтын алба хаагч Т.Б- нь шатахууны борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт хэвлэсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сард 11 526 406 төгрөг, 12 дугаар сард 9 668 208 төгрөг, 2020 оны 01 дүгээр сард 937 114 төгрөг, нийт 22 129 728 төгрөгийн НӨАТУС-ын хэтрэлттэй болох нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 4 дүгээр сарын 07-ны өдрүүдэд дотоод аудитын газраас хийсэн гэнэтийн шалгалтаар тогтоогдсон. Т.Б- нь дотоод аудитын газар өгсөн тайлбартаа хүйтэнд и-пос царцах тохиолдол гардаг бөгөөд энэ үед компьютер дээрээс буюу Dmanager-ийн төхөөрөмжөөс тухайн НӨАТ-ын баримтыг хэвлэдэг байсан бөгөөд хэлэх үед НӨАТ хэвлэгч принтер гацаад гарахгүй байх тохиолдол гардаг байсан. Энэ үед 2-3 удаа хэвлэх команд өгч хэвлэх үед 1 ширхэг баримт 2-3 удаа хэвлэдэг, НӨАТ хэвлэх эрхийн нууц үгийг ашиглаж өөр хүний эрхээр бусад түгээгчид НӨАТ хэвлэдэг байж болзошгүй талаар дурдсан байдаг боловч энэ нь боломжгүй. Нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан. Пос машин гацаж, давхар хэвлэдэг гэж ярьдаг боловч өмнө энэ талаар гэрээ цуцлахад огт хэлж байгаагүй. Эсрэгээрээ хэрэгт манай талаас өгсөн тухайн шатахуун түгээх станцад ажиллаад буусан ажилчдын өдрийн ажлын тэмдэглэл бичих зааварчилгаа авагдсан. Уг тэмдэглэлд нэхэмжлэгч нь ажиллаад буусан өдрөө бүх зүйл хэвийн байсан гэж бичсэн байдаг. Үүнээс үзэхэд пос машин гацдаг талаарх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэл муутай байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан хариуцагч МТ секьютири ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 1 686 401 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай Т.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00489 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Т.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч тал Т.Б-ыг ажлаас халах тушаалын үндэслэл хэсэгтээ хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан гэж заасныг үндэслэл болгож ажлаас халсан. Гэвч Т.Б-ыг анх ажилд авахдаа ажилд авсан захирлын тушаал гарсан болохоос биш хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байсан. Харин нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээгээ шүүхэд гарган өгөхөөр компанийн хүний нөөцөөс авах үед хөдөлмөрийн гэрээнд нөхөн гарын үсэг зуруулан хөдөлмөрийн гэрээг өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Т.Б- компанитай хөдөлмөрийн гэрээ байгуулан гарын үсгээ зураагүй байхад хөдөлмөрийн гэрээний зүйл заалтыг үндэслэл болгон ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн гэрээний 6.2.8-д НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн ... гэж компанийн дотоод аудит дүгнэсэн бичгийн баримтыг үнэлэх нь эргэлзээтэй байдаг бөгөөд тооцооллыг хийхдээ ямар эх баримтанд үндэслэн хийгдсэн нь тодорхойгүй байна. Мөн Т.Б- болон бусад олон түгээгч нар компанийн НӨАТУС-ын баримт хэвлэдэг пос машинд команд өгөхөөр нэг цаг хугацаагаар 2 баримт хэвлэчихдэг байсан. Салбарын эрхлэгчдээ хэлэхээр угаасаа тэгдэг гээд тоодоггүй. Илүү хэвлэсэн баримтуудаа өгч Зам тээврийн яаманд буцаалт хийлгүүлдэг байсан гэж тайлбарласан тайлбаруудаас харахад ч тухайн НӨАТУС-ын баримт илүү хэвлэгдсэн нь техникийн алдаатай үйл ажиллагаа байсан уу, аль эсвэл Т.Б-ы санаатай үйлдэл байсан уу гэсэн үйл баримтууд тогтоогдоогүй байхад хөдөлмөрийн гэрээний 6.2.8-т зааснаар ажлаас халсан нь үндэслэлгүй байна. Хэдийгээр Т.Б-ы хувьд НАӨТУС-ын баримт илүү хэвлэгддэг байсан гэсэн тайлбарыг дотоод аудитын шалгалтын явцад бичиж өгч байсан ч гэсэн шалгалтын дүгнэлтийн хуудсанд бичигдсэн үнийн дүнг зөвшөөрдөггүй. Өөртөө ашиглаж хэрэглэж байсан удаа байхгүй, НӨАТУС-ын буцаалт хийлгүүлсэн гэж зохигч тайлбараа гаргадаг. Мөн М- ХХК-ийн дотоод аудит хийгдсэн баримтын санал гэсэн хэсэгт Дорноговь аймгийн салбарт ажилладаг байсан 6 түгээгчид НӨАТУС-ын баримт санаатайгаар илүү бичсэн гэсэн яг ижил зөрчлүүдийг дурьдаж энэхүү үндэслэлээр бөөнөөр ажлаас халагдахаар саналд тусгагдсан нөхцөл байдал харагддаг. Энэ ч үндэслэлээр бөөнөөр ажлаас халагдсан байдаг. Хариуцагч тал Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

 

Нэхэмжлэгч Т.Б- нь хариуцагч М- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1 686 401 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 305/19 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Т.Б- нь тус компанийн түгээгч, харуул хамгаалалтын албан хаагчаар томилогдон, Дорноговь аймгийн Сайншанд сумын шатахуун түгээх станцад ажиллаж байгаад 2020 оны 4 сарын 24-ний өдрийн 173/20 дугаар тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр буюу борлуулалтын орлогоос хэтэрсэн НӨАТ-ын баримт санаатайгаар илүү хэвлэсэн ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь талуудын тайлбар, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал болон ажлаас халах тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-ийн 51-52-р тал/

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ НӨАТ-ын баримт хэвлэдэг пос машин, компьютер, принтер зэрэг нь эвдрэл гэмтэлтэй байснаас шалтгаалан, давхар хэвлэгддэг байсан, энэ талаар холбогдох хүмүүст хэлж байсан боловч шаардлагатай арга хэмжээг авч байгаагүй тул ажлаас халсан ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний 6.2.8-т заасан ноцтой зөрчил гаргасан нь Дотоод аудитын газрын шалгалтаар тогтоогдсон, уг зөрчлөө нэхэмжлэгч өөрийн тайлбараараа зөвшөөрсөн гэх үндэслэл заан маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох-оор зохицуулсан.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.2-т ноцтой зөрчилд тооцох үндэслэлүүдийг заасан байх бөгөөд 6.2.8-т НӨАТУС-ын баримт болон бусад баримтыг санаатайгаар илүү бичсэн, бусдад шилжүүлсэн, өөртөө ашигласан бол ноцтой зөрчилд тооцох-оор заажээ. /хх-ийн 43-45-р тал/

 

Ажил олгогчийн зүгээс 2020 оны 4 дүгээр сарын 06, 07-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах шатахуун түгээх станцад гэнэтийн шалгалт хийсэн байх бөгөөд уг шалгалтаар нэхэмжлэгч Т.Б- нь 2019 оны 11 сард 11 527 406 төгрөгийн, 2019 оны 12 сард 9 665 208 төгрөгийн, 2020 оны 01 сард 937 114 төгрөгийн, нийт 22 129 728 төгрөгийн НӨАТ-ын баримт илүү хэвлэсэн болох нь тогтоогдсон байна. /хх-ийн 32-34-р тал/

 

Нэхэмжлэгч Т.Б- нь НӨАТ-ын баримт хэвлэдэг пос машин, компьютер, принтер зэрэг нь эвдрэл гэмтэлтэй байснаас шалтгаалан, давхар хэвлэгддэг байсан, энэ талаар холбогдох хүмүүст хэлж байсан боловч шаардлагатай арга хэмжээг авч байгаагүй гэх боловч уг тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, дотоод аудитын газрын баримт эргэлзээтэй гэж үзэх өөр баримт хэрэгт байхгүй тул дүгнэлтийн хуудас дахь үнийн дүнг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй. /хх-ийн 52-р тал/

 

Иймд нэхэмжлэгч Т.Б-ыг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасанд нийцсэн байна.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хариуцагч байгууллага нь нэхэмжлэгч Т.Б-ыг анх ажилд авахдаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд нөхөж гарын үсэг зуруулсан гэжээ. Гэвч хэргийн 43-45 дугаар талд ажилтан, ажил олгогч нарын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ авагдсан байх бөгөөд тус гэрээнд нэхэмжлэгч Т.Б-ыг нөхөж гарын үсэг зуруулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар нотлогдохгүй байна. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг мөн хангах боломжгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2021/00489 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ