Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 470

 

Э.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг, иргэний хариуцагч Д.Уянга, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалтай, Э.Б д холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ч.Наранцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1998 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, У овогт Э-ын Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б г “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт  заасныг баримтлан шүүгдэгч Э.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, уг эрх хасах нэмэгдэл ялыг хорих ялыг эдэлж дууссан үеэс хугацааг тоолохоор,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Б , иргэний хариуцагч Д.У нараас 2,695,100 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Золбоод олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б , түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Э.Б  гаргасан гомдолдоо “...Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн ар гэрээс нь дахин уучлалт гуйж байна. Би ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Ээж Д.У нь тархины суурь алдагдал гэх өвчтэй тул эмчийн хяналтанд гэртээ байдаг. Би сургуулиасаа чөлөө авч ар гэрээ тэжээж байсан. Банкинд зээлтэй, ар гэрийн байдал хүнд байдалд орсон тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Наранцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд дараах гомдлыг гаргаж байна.

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.Б  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.З-ийн баримтаар нэхэмжилсэн бодит хохирол болох 13,695,100 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд хохирогч гомдол, саналгүй гэснийг харгалзан үзээгүй.

3. Талийгаач Б.Б  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гарах үндсэн нөхцлийг бүрдүүлсэн төдийгүй явган зорчигч биеэ авч явах чадваргүй буюу 2.1 хувийн спиртийн агууламж илэрсэн, мөн гарцгүй газраар явсан нь жолоочид самбаачлах хугацаа байгаагүйг нотолно.

4. Мөн улсын яллагч Н.Уранбайгаль нь шүүгдэгчид тэнсэх ял оногдуулахад татгалзах зүйлгүй гэсэн нөхцөл байдлуудад үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.

5. Мөн шүүгдэгчийн ар гэрт гэнэтийн эмгэнэлт байдал тохиолдож түүний бага дүү нь 2019 оны 07 дугаар сарын 13-нд цахилгаан гүйдэлд цохиулж нас барж эдгээр хүмүүсийн сэтгэл санаанд гүн цохилт боллоо. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн Э.Б д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Э.Б  нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 05 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, “Монгол Эйч Ди” телевизийн хойд замд Д.У-н эзэмшлийн “Тоyota Prius” загварын .....УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Г.Б-ийг мөргөж, амь насыг нь хохироосон нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүхүүд дээрх үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Б гийн дээрх үйлдэл нь “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд түүнийг гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед хохирогч Г.З “Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол, түүний улмаас бий болсон хор уршгийг мөнгөн дүнгээр илэрхийлж нэхэмжилсэн”-ийг Э.Б  нь бүрэн төлж барагдуулсан, хохирогч Г.З нь гомдол саналгүй талаар санал хүсэлтээ гаргасан байна.

Э.Б  нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх, улмаар тодорхой үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах хууль зүйн үндэслэл бүрдсэн байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 302 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 596 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Э.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтыг тус тус баримтлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Э.Б  нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байхыг үүрэг болгосугай.” гэсэн өөрчлөлт оруулж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

                                           ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                           ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН