Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 025

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны хуралдааныг шүүгч М.Риза , тус шүүхийн шүүх хуралданы танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар багт орших Улы-дала ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: - Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, тус хэлтсийн даргын 2016 оны А/05 дугаартай тушаалаар байгуулагдсан 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсэг болон Улаанхус сумын Засаг даргад тус тус ;

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05 дугаартай тушаал, уг тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулахыг Улаанхус сумын Засаг даргад даалгах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Улы-дала ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал Б.Еркебулан, Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж, хариуцагч ажлын хэсгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Еркеш, Ж.Отгонцэцэг, Х.Гүлмерей, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга . нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийн талаарх тайлбартаа:

Миний бие Б.Еркебулан нь Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд Улы-Дала" ХХК-ийг байгуулан тухайн сумын нутаг дэвсгэрт худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Миний бие компанийн нэрээр Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр"-ийн сонгон шалгаруулалтад оролцохоор 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр материалаа бүрдүүлэн эрх бүхий ажилтанд өгч байсан.

Гэвч тухайн сонгон шалгаруулалтыг Баян-Өлгий аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж хууль бус, нууц аргаар зохион байгуулж зарим нэгэн дэлгүүрүүдтэй гэрээ байгуулсныг 4 хоногийн дараа олж мэдсэн.

Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг сум, дүүргийн Засаг дарга нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/82 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Хүнсний талон олгох журмын 9 дүгээр зүйлийн 9.5-т зааж өгсөөр байтал 2014, 2016 онуудад Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, журмаар сум, дүүргийн Засаг даргад олгогдсон эрх мэдлийг булаан авч өөрөө хууль журмыг зөрчиж хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулж дэлгүүрүүдтэй гэрээ хийсэн. Мөн сонгон шалгаруулалт явуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг огт баримтлалгүй ноцтойгоор зөрчиж дур мэдэн сонголт хийж дэлгүүрүүдтэй гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Төрийн албаны мөн чанар нь ард түмэндээ үйлчилж..., 4 дүгээр зүйлийн 4.1 д хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн", 4.2.3-т ард түмэнд үйлчлэх гэж заасныг, мөн түүнчлэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 3-т Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна гэж заасныг, мөн байгууллагын стратегийн зорилтыг хангахад чиглэсэн хөтөлбөр арга хэмжээний Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж, тусламж үйлчилгээг зорилтот бүлэгт түргэн шуурхай хүнд сурталгүй чанартай хүргэх халамж, асрамжийн шинэ үйлчилгээ менежментийг нэвтрүүлэх, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор үйлчилгээг чанартай хүргэх гэсэн зорилгыг Баян-Өлгий аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж тус тус зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж шударга бус ажилласан. Нэгэнт сумын Засаг даргад олгогдсон эрх мэдлийг сумын Засаг дарга хэрэгжүүлэх байсан боловч Баян-Өлгий аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж өөрийнхөө эрх ашгийн төлөө эрх мэдлээ ашиглан хууль бусаар сонгон шалгаруулалт явуулсан.

Үүний улмаас хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулах ажил нь шударга бус явагдаж, миний хууль ёсны шударгаар сонгон шалгаруулалтад оролцох эрх маань зөрчигдсөн. Мөн шударга сонгон шалгаруулалт болоогүйгээс амьжиргааны түвшин доогуур иргэд бараа бүтээгдэхүүнээ тухайн орон нутгийн бараа бүтээгдэхүүний үнээс хэт өндөр худалдан авахаас өөр аргагүйд хүрч байгаа юм. Иймд Баян-Өлгий аймгийн нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс 2016 онд Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулалт-ын ажлыг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг даргад Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулалт-ын ажлыг зохион явуулахыг даалгаж өгнө үү.

Нэгэнт Баян-Өлгий аймгийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Цэрэндорж нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, журмаараа сум, дүүргийн Засаг даргад олгогдсон эрх мэдлийг булаан авч өөрөө хууль, журмыг зөрчиж хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулсан учраас түүний ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалтын ажил хийсэн тухай шийдвэр болох аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/05 тоот тушаал нь мөн адилхан хүчингүй болох ёстой.

Иймд Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах гэсэн шаардлагыг өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нэмж ихэсгэж байна.

Нэхэмжлэлтэй холбогдуулан хариуцагч аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 121 дугаартай бичгээр хариу тайлбар ирүүлэхдээ Улы-Дала ХХК-ийн харьяа Хызыл-хайын хэмээх оноосон нэртэй супермаркет сонгон шалгаруулалтад оролцсон гэдгийг, мөн радио телевизээр зар өгч сонгон шалгаруулалт явуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч манай дэлгүүрийг сонгон шалгаруулалтад оролцоход материал дутуу өгсөн, иймээс хэлтсийн зөвлөлөөс сонгон шалгаруулах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан гэжээ. Энэ тухай миний бие анх удаа сонсож байгаа ба тухайн үед Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс гаргасан зарлалын дагуу холбогдох материалуудаа ном журмын дагуу бүрэн бүрдүүлж өгсөн. Материал хүлээж авсан мэргэжилтэн надад материал дутуу болсон талаар ямар нэгэн зүйл хэлээгүй бөгөөд бүрэн байна гэснээр тухайн үед тэмдэглэж авсан болно.

Хариуцагчийн уг тайлбараас үзэхэд Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 12 дахь хэсэгт Төрийн байгууллага албан, тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэний өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй гэж заасан миний үндсэн эрхийг ноцтой зөрчсөн болох нь харагдаж байна. Материал дутуу байсан талаар надад мэдэгдэж нөхүүлэхээр шаардлага тавиагүйгээс болж миний тэгш эрхтэйгээр сонгон шалгаруулалтад оролцох эрх маань зөрчигдсөн.

 

Тухайн нэхэмжлэл гаргах үед дээрх сонгон шалгаруулалтын шийдвэрийг ажлын хэсэг гаргасан эсэх нь тодорхойгүй байсан, энэ талаар мэдээгүй тул ерөнхий агуулгаар нь нэхэмжлэлийн шаардлагаа анх тодорхойлсон юм. Манай компаниас гаргасан нэхэмжлэлийн нэг шаардлагыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай гэж зөвтгөж байна, ингэхдээ тухайн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:

Шүүхэд 3 төрлийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Улаанхус сумын Засаг дарга хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн сонгон шалгаруулалтын ажлыг зохион байгуулахаар зарласан байна. Иймд уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг тус сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд ямар нэгэн маргаан байхгүй.

Харин нэхэмжлэлийн эхний хоёр шаардлага хэвээрээ байгаа. Уг шийдвэрүүд журам зөрчиж гарсан учраас хууль журмын дагуу уг шийдвэрүүдийг хүчингүй болгох шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Холбогдох журам дотор хэсэгчлэн сонгон шалгаруулалт явуулна гэж заасан зүйл байхгүй учраас ажлын хэсгийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсэж байна. Улаанхус сумын Засаг дараас сонгон шалгаруулалтын ажиллагааг явуулахаар яарч сандран 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр буюу Баасан гаригийн үдээс хойш зарлал гаргасан. Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл бичиг баримтаа бүрдүүлж өгөөрэй гэсэн, зарлалыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй. Ээлжийн амралттай байсан мэргэжилтнүүдийг дуудаж сонгон шалгаруулалт явуулсан. Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргаас сумын Засаг даргад өгсөн албан бичигт сонгон шалгаруулалтыг зохион байгуулна уу гэсэн байна. Хугацааны хувьд маш бага байсан, иймд гомдолтой байна.

Боломжтой бол ажлын хэсгийн шийдвэрийг бүхэлд нь боломжгүй бол холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүсэж байна. Энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагаа ажлын хэсгийн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэдгийг дэмжиж байна.

Нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн боловч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны Ажлын хэсэг байгуулах тухай 05 дугаар тушаалыг одоогоор хүчингүй болгоогүй, тухайн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нэгэнт хууль бус сонгон шалгаруулалт явуулсан учраас ажлын хэсгийг байгуулсан тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хүнсний эрхийн бичиг олгох журмын дагуу аймгийн хэмжээнд хэлтсээс зөвхөн Өлгий сум буюу аймгийн төвийн суманд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байсан. Сумдын тухайд сумын Засаг дарга сонгон шалгаруулалт явуулж ирсэн байгаа. Явц дундаа хүнсний эрхийн бичигтэй холбоотой асуудлууд бүгд хэлтэст харъяалагдсан. Өмнө нь бүх сумуудад халамжийн сангийн данс байсан ба энэ бүх данс хэлтэс дээр төвлөрсөн.

Тус хэлтэс нь 2015 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс арилжааны банканд сум тус бүр дээр халамжийн сан болгонд данстай байсан бөгөөд Өлгий сумын мэргэжилтэн хариуцдаг, бусад 13 сумын Засаг дарга тухайн сумынхаа халамжийн сангийн арилжааны банкан дахь дансны 1 дүгээр гарын үсгийг, сум хариуцсан мэргэжилтэн 2 дугаар гарын үсгийг хариуцдаг байсан болно.

Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичгийн дагуу сумдын бүх дансыг хэлтэс дээр төвлөрүүлэн нэгтгэж, 1 дүгээр гарын үсгийг хэлтсийн дарга, 2 дугаар гарын үсгийг халамжийн сан хариуцсан мэргэжилтэн хариуцдаг болсон.

Сумдын дансыг сумын Засаг дарга хариуцаж байх үед хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасны дагуу тухайн сумын Засаг дарга захиалагч байсан тул зохион байгуулж шийдвэр гаргадаг байсан бөгөөд бүх сумдын дансыг нэгтгэж, хэлтсийн дарга хариуцдаг болсноор захиалагч тул сумдын хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулж шалгаруулах эрхтэй учир тухайн сонгон шалгаруулалтыг хэлтсийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу уг шийдвэрийг гаргасан.

Өнгөрсөн өвөл буюу энэхүү маргаан бүхий шалгаруулалт явагдахаас өмнө аймгийн Засаг даргын хурлын танхимд бүх сумын Засаг дарга нар байхад би саналаа хэлсэн, халамжийн сангийн данс манай хэлтэст төвлөрсөн байгаа гэхэд нэг ч Засаг дарга дуугараагүй хэлтэс зохион байгуулах ёстой гэдгээр хандсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль гэж байна. Уг хуульд зааснаар захиалагч гэдэг нь тухайн хөрөнгө мөнгөний өмчлөгч этгээдийг ойлгох юм. Тухайн хүнсний үйлчилгээнд олгох санхүүжилтийн шийдвэрт эхлээд миний бие гарын үсэг зурдаг, дараа нь хоёрдугаар гарын үсэг манай хэлтсийн мэргэжилтний гарын үсэг зурагдаж байж гардаг юм. Тэгэхлээр албан ёсны захиалагч бид байгаа. Иймээс аймгийн хэмжээнд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулсан. Миний гаргасан энэхүү шийдвэр буруу байвал аймгийн хэмжээнд олон маргаан гарах байсан. Энэ маргаан зөвхөн Улаанхус суманд гарсан. Маргаан гарсан шалтгаан нь ажлын хэсэгт нэхэмжлэгч тал баримтаа дутуу ирүүлсэн байна. Тухайн дэлгүүрт Мэргэжлийн хяналтын газраас авах дэлгүүрийн лицензийн эрхийн гэрчилгээ байхгүй байсан байна. Иймээс нэхэмжлэгч тал ажлын хэсгийн шийдвээрэр шалгараагүй учраас асуудал гаргаж байгаа юм. Ажлын хэсэг байгуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн шийдвэрт Улаанхус суманд холбогдох заалт байхгүй гэв.

Хариуцагч хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсгээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн сонгон шалгаруулалтыг Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны А/32 дугаартай тушаалын Зургаагийн 6.6-г үндэслэн зохион байгуулсан.

Энэ тушаалын 6.6-д сумын Засаг дарга нь суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрт сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна, сумын нийгмийн ажилтан, хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн эзэн /захиралтай/ гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг сумын Засаг дарга баталгаажуулна гэж заасан. Тухайн үед бүх сумын халамжийн сангийн 1 дүгээр гарын үсэг сумын Засаг дарга, 2 дугаар гарын үсэг сумын нийгмийн ажилтан байсан учраас өмнөх хугацаанд уг журмыг мөрдөж ажиллаж байсан.

Харин 2015 оны 4 дүгээр сарын 1-нээс бүх сумын халамжийн сангийн дансыг нэгтгэж, 1 дүгээр гарын үсэг зурах эрх бүхий этгээд нь хэлтсийн дарга, 2 дугаар үсэг зурах хүн нь халамжийн мэргэжилтэн болж өөрчлөгдсөнөөр 1,2 дугаар гарын үсэг зурж буй хүмүүс нь үүсэх хариуцлагыг хүлээхээр болсон. Иймд Улаанхус сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр тухайн дэлгүүрүүдийг сонгосон. Сонгохдоо бүх дэлгүүрийн бүрдүүлэх материал, хүнсний дэлгүүрүүдийн 2015 онд ажилласан байдал мөн барааны эргэлт, иргэдтэй харилцах харилцаа, журмын дагуу заагдсан 10 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээр худалдаа хийж байгаа байдал болон 2015 оны гэрээний дүгнэлт зэргийг харгалзан үзсэн. Улы-Дала ХХК-ийн хүнсний дэлгүүр нь худалдаа эрхлэх зөвшөөрөл ирүүлээгүй, материал дутуу ирүүлсэн болно.

Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх шалгарсан дэлгүүрүүдтэй гэрээг 2016 оны 1 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хийсэн, сонгон шалгаруулалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа,ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан харьцуулалтын аргыг хэрэглэн Нийгмийн халамж, үйлчилгээний Ерөнхий газраас өгсөн чиглэлийг харгалзан үзэж сонгон шалгаруулалт явуулсан. Тухайн үед Баян-Өлгий аймгийн хэмжээнд хүнсний дэлгүүр сонгон шалгаруулалттай холбогдуулж, бүрдүүлэх материалын талаар сонгон шалгаруулалт болохоос 14 хоногийн өмнө Өлгийн оройн 21:00 цагийн радио нэвтрүүлгээр зар өгсөн. Сум хариуцсан мэргэжилтэн мөн зарлал өгсөн. Тухайн үед нэхэмжлэгчийн бүрдүүлсэн материал дутуу байсан, энэ талаар сумын мэргэжилтэнд хэлснээр нэхэмжлэгч бүрдүүлж өгсөн, өөрөө ч бас авчирж өгсөн. Гэхдээ хүнсний дэлгүүрийн тохирлын гэрчилгээ нь байхгүй байсан, иймд шалгараагүй.

Гэхдээ суманд хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах ажиллагаа нь холбогдох журамд зааснаар сумын Засаг дарга явуулах ёстой, иймээс үүнийг хариуцагч болох ажлын хэсгээс хүлээн зөвшөөрсөн. Иймээс ажлын хэсгийн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүчингүй болгож байгаа, мөн Улаанхус сумын Жайна, Сыр-алмажан, Нурберген дэлгүүрүүдтэй байгуулсан Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээ-ний хугацаа 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон, дэлгүүрийн сонгон шалгаруулалтыг Улаанхус суманд зохион байгуулахыг сумын Засаг даргад албан бичгээр мэдэгдсэн, сонгон шалгаруулалт Улаанхус суманд дахин явагдахаар болсон гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Сумын Засаг дарга би аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу Улаанхус сумын 7 дугаар багт худалдааны үйл ажиллагаа явуулдаг Жайна дэлгүүрийг 2013 онд зохих журмын дагуу хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүрээр сонгон шалгаруулалтад шалгаруулсан юм. Энэ үед ямар нэгэн маргаан гараагүй юм. Гэтэл Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс тус суманд худалдааны үйл ажиллагаа явуулдаг Сыр-алмажан, Нурберген зэрэг дэлгүүрүүдийг 2014 онд нэмэгдүүлэн хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах эрхийг сумын Засаг даргад надад огт мэдэгдэлгүйгээр олгосон байна. Одоо тус суманд Жайна, Сыр-алмажан, Нурберген зэрэг 3 дэлгүүр 96 өрхөд хүнсний талоноор худалдаа эрхэлж байна. 2015, 2016 онд хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах дэлгүүр сонгон шалгаруулах тухай санал ирээгүй юм.

Уг сонгон шалгаруулалтыг журмын дагуу тус сумын Засаг дарга явуулах ёстой тул аймгийн халамжийн хэлтэс нь журам зөрчиж явуулсан.

Иймд Улы-Дала ХХК-ны нэхэмжлэл нь үндэслэлтэй тул аймгийн халамжийн хэлтсээс 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 187 дугаартай албан бичгээр сумын Засаг дарга надад сонгон шалгаруулалт явуулж өгөх тухай хандсан тул үүнийг хүлээн зөвшөөрч байна.

Улы-Дала ХХК-иас сумын Засаг дарга надад холбогдуулан гаргасан Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

Гуравдагч этгээд нараас шүүхэд гаргасан тайлбартаа:

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Улы дала ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Халамж үйлчилгээний хэлтэс, Улаанхус сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд болох Нур-Берген хоршооны захирал Төкөн, Сыр-Алмажан хоршооны захирал Ербол, Ахбалшых хоршооны захирал Зауреш бид хэргийн материалтай танилцаж дараах тайлбар бүхий хүсэлтийг гаргаж байна.

Улаанхус сум дахь Нур-Берген хоршоо, Сыр-Алмажан хоршоо Ахбалшых хоршоо нь хүнсний эрхийн бичигтэйгээр үйлчлэх дэлгүүрийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн холбогдох заалт, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаал, 2013 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Засгийн газрын 63 дугаар тогтоолд зааснаар сонгон шалгаруулалтад оролцон хүнсний эрхийн бичгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авч 2016 оны 06 дугаар сарын 30-ныг дуустал ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан билээ. Одоогийн байдлаар гэрээний хугацаа дууссан, хариуцагч тал болох аймгийн халамж үйлчилгээний хэлтэс, Улаанхус сумын Засаг дарга нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, хуульжурмын дагуу дахин сонгон шалгаруулалт явуулах болсон, мөн гуравдагч этгээд болох Улаанхус сумын Нур- Берген, Сыр-Алмажан, Ахбалшых дэлгүүрийн хүнсний эрхийн бичгээр үйлчлэх гэрээний хугацаа дууссан байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн явдалд татгалзах зүйлгүй болно. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг гуравдагч этгээдийн зүгээс зөвшөөрч байна. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдох маргаан байхгүй болно. 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр зарласан шүүх хуралдаанд гуравдагч этгээд болох Нур-Берген, Сыр-Алмажан, Ахбалшых дэлгүүрийн төлөөлөл оролцох шаардлагагүй болохыг үүгээр мэдэгдэж байгаа. Шаардлагатай бол манай сонгон авсан өмгөөлөгч оролцох болно гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын ихэнх нь хангагдсан өөрөөр хэлбэл хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн байгаа. Харин би хангагдаагүй шаардлагын хүрээнд тайлбараа хэлэх болно. Хариуцагч Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тайлбараас үзэхэд холбогдох журам нь хууль зөрчсөн, тухайн журам хүчингүй болох ёстой, уг журмыг дагаж мөрдөхөд хэцүү байгаа гэсэн утгатай тайлбар гаргаж байна. Сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийг хууль бусаар байгуулсан байгаа. 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А\05 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулсан. Уг тушаалаар хэлтсийн дарга өөрт нь холбоогүй эрх хэмжээний хүрээнд болон өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлсэн гэдэг нь харагдаж байгаа. Уг тушаалын улмаас зарим иргэн, аж ахуй нэгжийн эрх ашиг сонирхол нь зөрчигдөж өнөөдөр маргаан үүссэн. Хэрэв уг тушаалаар ажлын хэсэг байгуулагдаагүй бол эсхүл хууль журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан байсан бол нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол нь хөндөгдөхгүй байх байсан. Энэхүү маргааны эхлэл нь маргаан бүхий А/05 дугаартай тушаал гарснаар эхэлсэн гэж бодож байгаа. Ер нь захиалагч болон гүйцэтгэгч хоёр нь нэг байж болохгүй. Энэ нь ашиг сонирхлын зөрчил болно. Журмаараа үүнийг салгаж өгсөн байдаг. Гэвч хэлтсийн дарга ашиг сонирхлын зөрчлийг зохицуулж өгсөн журмыг үл биелүүлж, дур мэдэн сонгон шалгаруулалтыг зарласан учраас зарим нэг аж ахуй нэгж, компанийн эрх ашиг сонирхол нь ноцтойгоор зөрчигдсөн. Үүнд тухайн сонгон шалгаруулалтад тэгш эрхтэйгээр, нээлттэйгээр оролцох эрх ашиг нь хөндөгдсөн. Тухайн үед нэхэмжлэгч зарлалын дагуу материалаа бүрдүүлж өгсөн.

Хариуцагч талаас нэхэмжлэгчид бичиг баримт дутуу байна, үүнийг нөхөж бүрдүүлж ирнэ үү гэх асуудлаар бичгээр хандаж байсан зүйл байхгүй байгаа. Үүнээс болж иргэнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм. Хуулиар зохицуулаагүй зарим харилцааг журмаар зохицуулсан байдаг. Журам нь хуулийг зөрчиж байна гэх тайлбарыг үгүйсгэж байна. Ямар хуулийн аль зүйл заалтыг тухайн журам зөрчиж байгааг, мөн ямар хуулийн заалтаар гэрээ байгуулах ёстой вэ гэдгийг тодорхой тайлбарлахгүй байна. Үүнийг хуулиар зохицуулаагүй байгаа учраас журмаараа нарийвчлан зохицуулсан байгаа юм. Хариуцагчийн тушаал гаргаж ажлын хэсэг байгуулж, тухайн ажлын хэсэг нь шалгаруулалт явуулсан гэх үйлдлүүд нь бүгд хууль тогтоомж зөрчиж байгаа. Үүнээс болж нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн.

2015 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын А\20 дугаартай журамд нэмэлт өөрчлөлт оруулсан тушаал байгаа. Уг тушаалаар журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсгийн өөрчлөн найруулсан байгаа. Үүнд худалдан авах ажиллагааны газартай хамтран сонгон шалгаруулалтыг явуулах тухай өөрчлөлтийг хийсэн. Гэхдээ хэлтсийн даргын байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг худалдан авах ажиллагааны газартай хамтран явуулаагүй. Мөн сумын Засаг даргын сонгон шалгаруулалт явуулах эрхийг хэлтэст олгоогүй учраас ажлын хэсэг байгуулсан тушаал нь хууль зөрчсөн тушаал юм. Тийм учраас уг тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлага гаргасан.

Халамжийн данстай холбоотой асуудал яригдаж байна. Журамд сумын Засаг дарга шалгаруулалтыг зохион байгуулж, нийгмийн ажилтан гэрээг байгуулна, уг гэрээг Засаг дарга баталгаажуулна гэж заасан. Журамд ингэж заасан байгаа учраас санхүүжилтийг аймгийн төвд төвлөрүүлсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй юм. Хууль бусаар санхүүжилтийг нь татаж авснаар энэ бүх хууль бус ажиллагаа эхэлсэн гэж үзэж байна. Зөвхөн Улаанхус сумын дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээ хууль зөрчиж байгаа биш бүх сумдын дэлгүүрүүдтэй байгуулсан гэрээ хууль зөрчсөн гэсэн дүгнэлтэд хүрч байна. Нэгэнт хууль журам зөрчиж гарсан шийдвэрийг шүүхээс хүчингүй болгохыг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар[1] хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг харьцуулалтын аргаар сонгон шалгаруулах ажлын хэсгийг тус хэлтсийн албаны дарга, ня-бо, мэргэжилтнүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулснаар ажлын хэсгээс[2] 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн 13 суманд 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх нэр бүхий 17 дэлгүүрийг сонгон шалгаруулсан байна.[3]

Уг шийдвэрийн холбогдох хэсгээр Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрээр шалгарсан Ахбалшых хоршооны Жайна дэлгүүр, Нурберген хоршооны Нурберген дэлгүүр, Сыр-алмажан ХХК-ийн Сыр-Алмажан дэлгүүртэй тус тус сумын нийгмийн ажилтан нь Хүнсний цаасан эрхийн бичгээр хүнсний бүтээгдэхүүн олгох үйл ажиллагаанд хамтран ажиллах гэрээ[4] байгуулжээ.

Захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан дээрх шийдвэрүүдийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхэд 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулахыг Улаанхус сумын Засаг даргад даалгах-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаа тодруулж, ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж[5], 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/05 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна[6].

Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулснаар шүүх хуралдааны явцад мөн ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн болно.

1.Ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан шийдвэрийн Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан хэсгийг хүчингүй болгож, уг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж явуулахыг сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, иргэнд хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээг зохицуулсан байх ба 22.3-т энэхүү үйлчилгээг үзүүлэх хөтөлбөр, журам, хэмжээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батлахаар заасан байна.

Хариуцагчаас 2016 онд Баян-Өлгий аймгийн хэмжээнд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх хүнсний дэлгүүрийг сонгон шалгаруулах ажиллагааг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу явуулсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Дээрх тушаалаар батлагдсан Хүнсний эрхийн бичиг олгох журам-ын Зургаагийн 6.5-д аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь аймгийн төвийн сум болон дүүрэгт хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр болон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн шатны худалдан авах ажиллагааны газартай хамтран зохион байгуулна гэж, 6.6-д сумын Засаг дарга нь суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүр сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна. Сумын нийгмийн ажилтан, хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн эзэн, захиралтай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг сумын Засаг дарга баталгаажуулна гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд холбогдох журам ёсоор хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажиллагааг Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь аймгийн төвийн сум болох зөвхөн Өлгий суманд, харин Улаанхус сумын хувьд тус сумын Засаг дарга тус тус зохион байгуулахаар байгаа ба энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ажлын хэсэг болон Улаанхус сумын Засаг даргаас тэдэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч, энэ талаар шүүхэд бичгээр мэдэгдсэн[7] ба энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэхээр зохицуулагдсан.

Энэхүү маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй бие даасан шаардлага гаргаагүй нэр бүхий гуравдагч этгээд нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн явдалд татгалзах зүйлгүй болохоо, мөн энэ хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг зөвшөөрч, энэ хэрэгт холбогдох маргаан байхгүй тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдсэн ба энэхүү тайлбар[8], мөн 2016 онд Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрээр шалгарсаны хувьд тэдэнтэй байгуулсан гэрээний хугацаа нь 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч нарын зөвшөөрөл нь Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т заасны дагуу батлагдсан дээр дурдсан Хүнсний эрхийн бичиг олгох журам-ын[9] Зургаагийн 6.5, 6.6-д заасантай нийцсэн зэргийг харгалзан хариуцагч нараас тэдэнд холбогдох 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг сонгон шалгалуулалтыг зохион байгуулж явуулахыг тус сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийн Улаанхус сумын Засаг дарга болон ажлын хэсэгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Шүүхээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэгдүгээрт.

Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2014 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн А/32 дугаартай тушаалын Зургаагийн 6.5-д зааснаар аймгийн төвийн суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг зохих журмын дагуу сонгон шалгаруулах эрхтэй байх ба журмын энэхүү заалт болон хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулахдаа харьцуулалтын арга хэрэглэж болох тухай Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлийг, мөн тус байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын Хоёрын 2.15-д заасан хэлтсийн дарга эрх хэмжээний асуудлаар хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэр гаргаж биелэлтийг хангуулах талаарх заалтыг тус тус баримтлан хариуцагчаас 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр А/05 дугаартай тушаал гаргаж, хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг тус хэлтсийн албаны дарга, ня-бо, мэргэжилтнүүдээс бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд[10] зааснаар иргэн захиргааны актыг хууль бус гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй ба аймгийн төвийн суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах тухай журмын холбогдох заалтыг баримталж ажлын хэсэг байгуулж, тухайн сонгон шалгаруулалтыг явуулахдаа харьцуулалтын арга хэрэглэхээр шийдвэрлэсэн дээрх захиргааны акт нь нэхэмжлэгч Улы-дала ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн агуулгагүй байна.

Хоёрдугаарт.

Хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах нь Нийгмийн халамжийн тухай хуульд заасанхүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээний хүрээнд эрх бүхий этгээдээс хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т заасан хүнсний хангамж зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэнд22.2.1-д заасан ...хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг олгож түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад хүнсний дэлгүүрүүдтэй хамтран ажиллах зорилготой байна.

Хэдийгээр маргаан бүхий захиргааны актад тус хэлтэс нь аймгийн төвийн сум буюу Баян-Өлгий аймгийн хувьд зөвхөн Өлгий суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах тухай журмын холбогдох заалтыг баримталсан боловч уг шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгээс Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас гадна 12 суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан байжээ.

Нэхэмжлэгч талаас маргаан бүхий захиргааны актаар ажлын хэсэг байгуулагдснаар хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажиллагаа хууль бус явагдсан гэж маргаж, ажлын хэсэг байгуулсан шийдвэрийг хүчингүй болгуулхаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн боловч уг захиргааны акт нь бусад суманд шалгарсан дэлгүүр /дэлгүүрийн эзэд/ болон тухайн дэлгүүрээр үйлчлүүлэх хүнсний эрхийн бичигтэй иргэдийн буюу нийтийн эрх ашигт мөн хамааралтай шийдвэр юм. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан гэх уг сонгон шалгаруулалттай холбогдуулж бусад сумын иргэн, хуулийн этгээдээс маргаагүй ба энэхүү захиргааны актыг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлага нь бусдын буюу нийтийн эрхийг зөрчиж болзошгүй шаардлага байгааг дурьдах нь зүйтэй.

Гуравдугаарт

Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулсан шийдвэр нь тухайн сонгон шалгаруулалтыг явуулах эрх хэмжээгүй этгээдээс гаргасан, нэхэмжлэгч Улы-дала ХХК-ийг сонгон шалгаруулаагүй үндэслэлээ мэдэгдээгүй, сонгон шалгаруулалтад хуулийн дагуу шударгаар оролцох эрхийг зөрчсөн гэж үзэж маргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас нэхэмжлэгчийн эдгээр үндэслэл болон энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг[11] хүлээн зөвшөөрч, Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажиллагааг дахин явуулахаа мэдэгдснээр шүүхээс нэхэмжлэлийн 2 төрлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг дээрх байдлаар баталж шийдвэрлэсэн. Үүгээр Улаанхус суманд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийн сонгон шалгаруулалтад зохих журмын дагуу оролцох эрхээ нэхэмжлэгч эдлэх боломжтой болсон буюу энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага хангагдсан зэрэг үндэслэлүүдээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/05 дугаартай тушаалыг хүчингүй болгуулхыг хүссэн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, 107.7-д заасныг тус тус баримтлан

ТОГТООХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Улы-дала ХХК-ийн тус шүүхэд гаргасан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын тушаалаар байгуулагдсан 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2016 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрийн Улаанхус суманд холбогдох хэсгийг хүчингүй болгох, уг сонгон шалгалуулалтыг зохион байгуулж явуулахыг тус сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрснийг баталж, уг захиргааны хэргийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны А/05 дугаартай тушаалаар байгуулагдсан 2016 онд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажлын хэсэг болон Улаанхус сумын Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нийгмийн халамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3-т заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/05 дугаартай Ажлын хэсэг байгуулах тухай тушаалыг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 


[1] Хэргийн 37 дугаар хуудас

[2] Цаашид ажлын хэсэг гэх

[3] Хэргийн 38-39 дүгээр хуудас

[4] Хэргийн 101-102,109-110, 120-121 дугаартай хуудас

[5] Хэргийн 65 дугаар хуудас

[6] Хэргийн 85 дугаар хуудас

[7] Хэргийн 224-225, 231 дугаартай хуудас

[8] Хэргийн 232-233 дугаар хуудас

[9] Хэргийн 48-61 дүгээр хуудас

[10] 2002 онд батлагдсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль.Нэхэмжлэгч шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргасан ба уг хууль нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж хүсэлт гаргасан 2016 оны 06 сарын 10-ны үед хүчин төгөлдөр үйлчилж байсан.

[11] Хэргийн 224-225,231 дугаартай хуудас