Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2017/0290

 

2017 оны 04 сарын 13 өдөр                   Дугаар 221/МА2017/0290                          Улаанбаатар хот

        

 “БЖБЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “БЖБЖ” ХХК-ийн төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0070 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “БЖБЖ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0070 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “БЖБЖ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох тухай” А/638 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт нийслэлийн Засаг даргыг Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.3, 38.4 дэх хэсэгт зааснаар иргэн, аж ахуйн нэгжид газар эзэмшүүлэх, эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах болон газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх ба ингэхдээ иргэн, аж ахуйн нэгжээс гаргасан хүсэлт хуульд заасан шаардлагыг хангасан эсэх, тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг тухайн хүсэлтийг шийдвэрлэхдээ нягтлан шалгах үүрэгтэй боловч уг үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалт нь нэг талаараа газрын тухай хууль тогтоомж, эсхүл газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн байхыг шаарддаг ба заавал дээрх хоёр нөхцөлийг зэрэг шаардахгүй юм. Нийслэлийн Засаг дарга 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжаар “Х О” ХЭАА-д газар ашиглах эрхийг 3 жилийн хугацаатайгаар олгосон, уг хугацаа дуусгавар болсон байхад газар ашиглах эрх байгаа мэтээр “Э Э А” ХХК-д газар эзэмших эрхийг баталгаажуулсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл юм. Нийслэлийн Засаг даргын дээрх хууль зөрчсөн үйлдэлд шүүх бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу нийслэлийн Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж буюу хуулийг хэрэгжүүлж ажилласан. Гэтэл шүүх нийслэлийн Засаг даргын хуульд нийцсэн уг шийдвэрийг буруутгаж, Засаг даргын эрх хэмжээг үгүйсгэж, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасантай нийцээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй ба дээр дурдсан дүгнэлтээ үгүйсгэсэн байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 70 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/638 дугаар захирамжаар “Газар эзэмших эрх нь дуусгавар болсон нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжийн “Х О” ХЭАА-ийн холбогдох хэсгийг баталгаажих эх үүсвэр болгож “Э Э А” ХХК-д газар эзэмшүүлсэн нь үндэслэлгүй” гэж үзэж, нийслэлийн Засаг даргын 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцээгүй байна. Учир нь

Анх нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/117 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт М рестораны зүүн талд, гражийн барилгын өмнө байрлах 0,02 га газрыг “Х О” ХЭАА-д 3 жилийн хугацаатай эзэмшүүлжээ. Улмаар “Э Э А” ХХК-иас нийслэлийн Газрын албанд хандаж “...”Х О” ХЭАА-д олгосон газарт баригдсан амины автомашины гражуудыг худалдан авсан тул уг газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасны дагуу нийслэлийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” 349 дүгээр захирамжаар “Э Э А” ХХК-д Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 3000 м.кв газрыг эзэмшүүлжээ.

Дээрхээс үзвэл, зөвхөн “Х О” ХЭАА-д газар эзэмшүүлсэн нийслэлийн Засаг даргын 1998 оны А/117 дугаар захирамжийг үндэслэж “Э Э А” ХХК-д газар эзэмших эрх олгосон гэж үзэх боломжгүй байна. Учир нь “Э Э А” ХХК нь ”Х О” ХЭАА-н эзэмшлийн газрын орчимд тухайн үед Баянгол дүүргийн Хот байгуулалт, газрын харилцааны албатай байгуулсан газар ашиглах гэрээний үндсэн дээр иргэдийн ашиглаж байсан газар дээр баригдсан гражуудыг уг иргэдээс нь худалдан авч, тус гражуудын доорх газрыг мөн эзэмшихээр хүсэлт гаргаж, энэ талаарх гэрээ, холбогдох баримтыг хүсэлтдээ хавсаргаж өгснийг үндэслэн түүнд 3000 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн болох нь “Э Э А” ХХК-ийн хүсэлт болон газар баталгаажилтын хувийн хэргүүд, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн “Э Э А” ХХК-д газар эзэмших эрх олгож, улмаар тус газрыг нэхэмжлэгч “БЖБЖ” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн шийдвэрүүд нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл, 38 дугаар зүйлд тус тус нийцсэн төдийгүй мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгч “БЖБЖ” ХХК-ийн эзэмшил газрын зориулалтыг өөрчилсөн нийслэлийн Засаг даргын 2011 оны 470, 2014 оны А/993 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/638 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Харин шүүх шийдвэрийнхээ Тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг баримталсан нь уг маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2017/0070 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “39 дүгээр зүйлийн 39.1” гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                          Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН