Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2016/01298

 

А.Соёлмаа, Б.Солонго нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэр,        

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалтай,

А.Соёлмаа, Б.Солонго нарын нэхэмжлэлтэй

“Шим ус” ОНӨААТҮГ-т холбогдох,

2016 оны 2 дугаар сарын 25-ний өдрийн Б/11 дүгээр тушаалын А.Соёлмаа, Б.Солонго нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тухай

Хариуцагчийн төлөөлөгч Д.Нямлхагвын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч А.Соёлмаа, Б.Солонго нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Шим-Ус ОНӨААТҮГ-тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээгээр халуун усны кассаар ажиллаж байгаад, даргын 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/44, Б/45 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчидийн хурлын тэргүүлэгчид 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 96 дугаар тогтоол гаргаж, халуун усны барилгуудыг түрээсийн хэлбэрт шилжүүлэхдээ уг ажлын байранд ажиллаж буй иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчихгүй байх үүднээс түрээсийн үйл ажиллагаанд шилжүүлж буй халуун усны нэгжид ажиллаж байгаа ажилтнуудын ажлын байрыг хэвээр хадгалахыг “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын дарга Д.Нямлхагвад даалгажээ. Гэтэл дээрх тогтоолын заалтыг хэрэгжүүлэлгүй, бидний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Уг тушаал хууль зүйн үндэслэлгүй болох нь Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, биднийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, цалингийн зөрүүг гаргуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хариуцагч биелүүлэхийн оронд бидэнтэй ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаар тушаал дахин гарган хууль бусаар ажлаас халсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилтнуудыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн авч ажиллуулна. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу ажил олгогч нь ажилтантай байнгын ажлын байранд хугацаагүй хөдөлмөрийн гэрээг байгуулж, гэрээний 1 хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл ажил олгогч энэ үүргээ биелүүлээгүй, бид нарыг хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 36 дугаар зүйлийн 36.1.2-д заасантай нийцэхгүй байна. Иймд урьд эрхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Шим ус” ОНӨААТҮГ-ын дарга Д.Нямлхагва шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь халуун усны газрыг түрээслэн ажиллуулсан ба түрээсийн гэрээний дагуу сард 150.000 төгрөгийн төлбөр орж ирдэг үүнээс цалинг хуваахад цалингийн доод түвшинд хүрэхгүй байна. Халуун усны газар менежментээр иргэнд, ажилтан нь Шим-Ус ОНӨААТҮГ-т харьяалагдаж байгаа нь ажилтан менежментийн удирдлагын үгэнд орохгүй, тэдний шаардлага хувиараар ажиллахгүй байгаагаас орлого багасаж, зардал өсөж байсан. Өмнөх шүүх хуралдаанаар хөдөлмөрийн гэрээг хэвийн гэж үзсэн учраас хөдөлмөрийн гэрээ хүчинтэй байсан. Иймд орлого байхгүй, цалинжуулах боломжгүй, хариуцлагагүй болсноор ажил хийдүүлэх, үүрэг даалгавар биелүүлэхгүй болсон, халуун усны өмчлөгч нь Шим-Ус ОНӨААТҮГ боловч ажиллуулах менежмент нь өөр эзэнд шилжсэнээр Шим-Ус ОНӨААТҮГ-т тухайн орон тоог цалинжуулах боломжгүй зэрэг шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг үргэлжлүүлэн байгуулаагүй болно. Ийм учраас байгууллагын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлсөн тушаалын 4-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд эгүүлэн ажилд авах боломжтой гэжээ.

Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын Б.Солонго, А.Соёлмаа нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Б.Солонго, А.Соёлмаа нарыг урьд эрхэлж байсан халуун усны кассын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас цалингийн зөрүүтэй тэнцэх олговор Б.Солонгод 998,394 төгрөгийг, А.Соёлмаад 1,219,374 төгрөгийг олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжид 104,014 төгрөг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 153/ШШ2016/00186 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 998394 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Солонгод, 1219374 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Соёлмаад тус тус олгосугай.” гэж, 3 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.Солонго, А.Соёлмаа нар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 -т заасныг баримтлан хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим-Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 120634 (50434+70200) төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр нь үлдээж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 50434 төгрөгийг хариуцагч Ховд аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний “Шим- Ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас гаргуулан, төрийн сангийн дансанд оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч “Шим ус” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн дарга Д.Нямлхагва хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Ховд аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 77 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Байгууллагын зүгээс тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалт, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам тус байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлыг үндэслэн ажлаас халах шийдвэр гаргасан.

Мөн тушаалын нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс баримтад бодитой дүгнэлт хийлгүй ажилчдыг эргүүлэн тогтоосныг цуцлуулах.

А.Соёлмаа, Б.Солонго нар нь 2015 оны 10-р сараас халуун ус түрээсэлж байгаа ажилтан Н.Амаржаргал, Д.Отгонзаяа нартай даргын зөвлөлийн хурал дээр харилцан тохиролцож сарын 300.000 төгрөгийг тогтмол цалинтайгаар хамтран ажилласан бөгөөд 2015 оны 11,12-р сарын цалинг халуун ус түрээслэгчээс, 2016 оны 1,2-р сарын цалинг шүүхийн шийдвэрийн дагуу Шим-Ус үйлдвэрийн газраас бодуулан авсан байтал шүүх 2015 оны 7,8,9-р сарын цалингаас тооцон шүүхийн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож А.Соёлмаа, Б.Солонго нарын анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах, ажилтан сахилгын давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан эсэх зэрэг тухайн маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Б.Солонго, А.Соёлмаа нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.

“Шим ус” ОНӨААТҮГ-ын даргын 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн Б/11 дугаар тушаалаар 5 хүний халуун усны касс А.Соёлмаа, 8 хүний халуун усны касс Б.Солонго нарыг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэл болгожээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан. Нэхэмжлэгч  нар  нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой, эсхүл сахилгын давтан зөрчил гаргасан болохыг хариуцагч баримтаар нотлоогүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг зөв хэрэгжүүлсэн байна.

Давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зөвтгөн тооцож, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4, 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 77 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч  Д.Нямлхагвын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа 2016 оны 07 дугаар сарын 20-ний өдөр төлсөн 120.634 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ