Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 157/ШШ2025/00084

 

   

 

 

        

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч ******* овогт ******* ******* “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туяа

Хүсэлт гаргагч ******* нар оролцов.                                                          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1987 оны 06 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга суманд 8 дугаар ангиа төгсөөд Хэнтий аймгийн ******* суманд шилжиж ирсэн. Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан.

            Тухайн үед ажиллаж байсан нэгдлийн захиргаанаас олгосон хөдөлмөрийн дэвтрийг үрэгдүүлсэн. Тухайн үед ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй байна.

            Хэнтий аймгийн Архивын тасгаас 1987 оны 09 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацааны цалингийн тодорхойлолтыг, Хэнтий аймгийн *******-******* нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай ээлжийн амралт олгосон тушаалыг гаргуулж, нотлох баримтаар өгсөн.

            Иймд намайг Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.  

 

          2.Хүсэлт гаргагч *******аас:

 

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08/64 дугаартай “А.******* 1987 оны 09 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацааны цалин”-гийн тодорхойлолт (хх-ийн 3 дугаар хуудас),

 

-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай “Малчдын ээлжийн амралтын тухай” тушаал, тушаалын хуулбар (хх-ийн 34-35 дугаар хуудас)  

-*******т 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон БНМАУ-ын Иргэний паспорт зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр:

-Гэрч *******, нараас гэрчийн мэдүүлэг авч, нотлох баримтуудыг бүрдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

2.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь тус шүүхэд “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг гаргах эрхтэй байна.

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Ажилласан хугацааг тогтоох” журмын 5-д “...хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно” гэж заасан байна.

Хүсэлт гаргагч нь тухайн үед ажиллаж байх хугацаанд олгосон хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн, ажилд томилсон тушаал, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас гарахгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоос өөр байдлаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Хүсэлт гаргагч ******* нь Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон тушаал, 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсөн тушаал нь Хэнтий аймгийн Архивын тасгаас олдохгүй, тухайн үед ажиллаж байсан байгууллага болох Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэл нь татан буугдсан, одоо үйл ажиллагаа явуулаагүй байгаа, тухайн үеийн удирдлагын болон санхүүгийн бичиг хэргийн баримт нь Хэнтий аймгийн Архивын тасагт байхгүй байгаа нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн №08/114 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн ажилласан байдлыг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

5.Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

          Хүсэлт гаргагч ******* нь Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан гэдэг нь:

 

-Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 08/64 дугаартай “А.******* 1987 оны 09 дүгээр сараас 1990 оныг дуустал хугацааны цалин”-гийн тодорхойлолт (хх-ийн 3 дугаар хуудас),

 

-Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн зөвлөлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай “Малчдын ээлжийн амралтын тухай” тушаал, тушаалын хуулбар (хх-ийн 34-35 дугаар хуудас)  

 

-*******т 1988 оны 10 дугаар сарын 28-ны өдөр олгосон БНМАУ-ын Иргэний паспортын 15 бүртгэл хуудсанд “1989 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар бригадад” гэх бичилт,

 

-Гэрч *******ийн “...А.*******х манайхтай саахалт айл байсан. ******* нь 1987 оноос 1990 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажилд орж байсан. ******* нь бог мал хариулж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас)

 

-Гэрч гийн “...******* 1987 оноос 1990 оны 12 дугаар сарыг дуустал Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдлийн 2-р бригадад малчнаар ажиллаж байсан. ******* нь  эм хонь хариулдаг байсан. Богийн бригадад ажиллаж байсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 18-19 дүгээр хуудас)

 

-Хүсэлт гаргагч А.*******  “Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан.” гэх тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргаж өгсөн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

 

6.Иймд хүсэлт гаргагч *******ыг Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 7.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байх тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* овогт ******* Мэндбаярыг Хэнтий аймгийн ******* сумын *******-******* нэгдэлд 1987 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсныг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгосугай. 

3.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         М.ЭНХМАНДАХ