2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03247

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: .... хаягт байрлах, “ХЛ” ХХК /РД:.../-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Н...-г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч . шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Иргэн Н.Н...нь манай компанитай 2022 оны 09 сарын 03- ны өдөр № У-БЗГ/2022-60096 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан, 3,141,000 төгрөгийг сарын 2,79 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар плитка, зурагт худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч Н.Н... нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу плитка, зурагт барааг “Пи Си Молл” ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ.

Зээлдэгч Н.Н... нь зээл авснаас хойш 2025 оны 03 сарын 21-ний байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,771,526.64 төгрөг төлөхөөс 134,711.36 төгрөг төлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 5,636,815.28 төгрөгийн төлбөрийг төлөөгүй гэрээний үүргээ зөрчин 869 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна. Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ... тоот хаягаар Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан хаягт бүртгэлтэй боловч, оршин суудаггүй болох нь тус багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байх тул Увс аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 152/Ш32024/00454 дугаартай захирамж гарч, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна. Н.Н...-г бид өөрсдийн бүхий л боломжоороо эрэн хайх ажлыг хийж байгаа,боловч тэрээр зээл авч байх үед бүртгүүлсэн хаяган дээрээ оршин суудаггүй, холбоо барих утасны дугаар холбогдох боломжгүй зэргээс шалтгаалан олж чадахгүй байгаа, иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч Н.Н...-г эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

 


2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Ирээдүй шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “Н.Н...-г эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, харилцагчийн анкет, “ХЛ” ХХК болон Н.Н...-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 152/ШЗ2024/00454 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/16077 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Н.Н...-ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа баримтууд хэрэгт авагдсан.

 

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХЛ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн Н.Н...-г эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нь ... хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  .... регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч Н.Н...-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 4,164,965.63 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, “ХЛ” ХХК болон Н.Н...-ийн хооронд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар Н.Н... нь хүсэлт гаргагч “ХЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/16077 дугаартай захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн Н.Н...-ийн Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа баримтуудад  тодорхойлсон ... тоот хаягт Н.Н...нь оршин суудаггүй болох нь Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 152/ШЗ2024/00454 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, Н.Н...-ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ... овогт Н...ийн Н.. /РД:.../-г  эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар Н.Н...-г эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “ХЛ” ХХК-д мэдэгдэхийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БАЯРМАА