2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 191/ШШ2025/03246

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: ... хаягт байрлах, “ХЛ” ХХК /РД:.../-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.Т ...-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“Иргэн С.Т нь манай компанитай 2021 оны 09 сарын 27-ны өдөр Ч-БЗГ/2021-18229 тоот “Барьцаат зээлийн гэрээ байгуулан, 1,531,580.00 төгрөгийг сарын 2,55 хувийн хүүтэйгээр, 18 сарын хугацаатайгаар бичил долгионы зуух, гар утас худалдан авах зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч С.Т.... нь манай байгууллагаас олгосон зээлийн гэрээний дагуу бичил долгионы зуух, гар утсыг "Пи Си Молл" ХХК-иас худалдан авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээнд заасан ёсоор хуваарьт телбөрийг хугацаанд нь төлөх үүрэг хүлээсэн билээ. 3ээлдэгч нь Ч-БЗГ/2021-18229 тоот “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж зээл авснаас хойш 2024 оны 04 сарын 12-ны өдрийн байдлаар эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2,155,315.82 төгрөг төлөх байснаас нийт 1,411,940.00 төгрөг төлж, 743,375.82 төгрөгийг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй, гэрээний үүргээ зөрчин, 509 хоног хугацаа хэтрүүлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

Манай байгууллагаас харилцагчийг зээл авах үедээ бүртгүүлсэн ... тоот хаягаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа амьдардаггүй нь тус дүүргийн засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож шүүгчийн захирамж гарч хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Иймд гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч С.Т...-ийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

 

 


2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Тэмүүжин шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “С.Т...-ийг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “ХЛ” ХХК болон С.Т ...-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, С.Т...-ийн иргэний үнэмлэх, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/09401 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч “ХЛ” ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох иргэн С.Т ....-ийг эрэн сурвалжуулах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч “ХЛ” ХХК нь ... хаягт байрлан үйл ажиллагаа явуулдаг болох нь хуулийн этгээдийн  ....     регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь хариуцагч С.Т ...-ийн оршин суух хаяг тодорхойгүйн улмаас Зээлийн гэрээний үүрэгт нийт 743,375.82 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, “ХЛ” ХХК болон С.Т ...-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар С.Т .... нь хүсэлт гаргагч “ХЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3. “ХЛ” ХХК болон С.Т ...-ийн хооронд 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан “Барьцаат зээлийн гэрээ”, С.Т ...-ийн иргэний үнэмлэхэд тодорхойлсон ... тоот хаягт С.Т ... нь оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2024/09401 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, С.Т ...-ийн оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явуулах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ... овогт С...-ийн Т ...-ийг  эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.Т ...-ийг эрэн сурвалжлах, түүний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан “ХЛ” ХХК-д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.,  119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БАЯРМАА