Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 0047

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Г, Ц.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                      Ц.Л

Шүүгдэгч                                        Б.Г, Ц.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч             С.Э /цахимаар/, Д.Т

Хохирогч                                     Э.С, Г.У, Д.Б /цахим/

Нарийн бичгийн дарга               Э.Булгантамир нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Д.Т, шүүгдэгч Ц.Угийн өмгөөлөгч С.Э, хохирогч Д.Б, О.Б нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Г, Ц.У нарт холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ж овогт Б-н Г,

 

Т овогт Ц-н У,

 

Б.Г нь ганцаараа 2020 оны 05 дугаар сард иргэн Д.А-д “халуун усны газар, саун ажиллуулах үйл ажиллагааны зөвшөөрөл авч өгнө” гэж хуурч, залилан өөрийн ХААН банкны  дансаар 11.000.000 төгрөг шилжүүлэн авсан,

 

 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Г.У-г       аймгийн      сум    багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, өөрийн ХААН банкны дансаар 33.087.520 төгрөг, Ц.Угийн ХААН банкны дансаар дамжуулан 4.000.000 төгрөг авч, нийт 37.087.520 төгрөг залилж авсан,

 

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Г.П-г “      аймгийн     сум    багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, өөрийн ХААН банкны дансаар 3.000.000 төгрөг шилжүүлэн залилж авсан,

 

2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн хооронд Э.А-г “      аймгийн        сум         багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, өөрийн ХААН банкны дансаар 4.300.000 төгрөг шилжүүлэн залилж авсан,

 

2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Р.Х-г “       аймгийн       сум       багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, өөрийн ХААН банкны дансаар 3.000.000 төгрөг, бэлнээр 800.000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр дансаар 300.000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр       дугаарын гар утасны төлбөр 108.000 төгрөг төлүүлсэн, 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр дансаар 100.000 төгрөг тус тус шилжүүлэн авч, нийт 4.058.000 төгрөг залилж авсан,

 

2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд Г.Э-г “      аймгийн       сум      багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, Ц.Угийн ХААН банкны    дансаар дамжуулан 3.000.000 төгрөг, ХААН банкны өөрийн дансаар 1.500.000 төгрөг, Д.М-н дансаар дамжуулан 1.969.200 төгрөг, Д.М-н дансаар дамжуулан 140.000 төгрөг тус тус шилжүүлэн авч нийт 6.609.200 төгрөг залилж авсан,

 

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд О.Б-г “    аймгийн        сум      багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, Ц.Угийн ХААН банкны  дансаар дамжуулан 4.000.000 төгрөг, ХААН банкны өөрийн дансаар нийт 1.300.000 төгрөг, “Сөүл” рестораны тооцоо 141.500 төгрөг төлүүлж, Г.Н-н дансаар 1.692.000 төгрөг, Д.Б-н дансаар 274.200 төгрөг тус тус дамжуулан шилжүүлэн авч нийт 7.407.700 төгрөг залилж авсан,

 

2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд С.П-г “      аймгийн       сум        багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн  дансаар шилжүүлэн нийт 5.000.000 төгрөг залилж авсан,

 

2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Н.Л-г “   аймгийн     сум    багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, ХААН банк дахь өөрийн эзэмшлийн    дансаар нийт 5.000.000 төгрөг залилж авсан,

 

2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд Б.А-т “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч ХААН банк дахь өөрийн эзэмшлийн дансаар 14.000.000 төгрөг, 3.000.000 төгрөгийг М-р дамжуулан бэлнээр авч, нийт 17.000.000 төгрөг залилж авсан гэмт хэрэгт,

 

Б.Г, Ц.У нар нь бүлэглэн Д.М-г “   аймгийн      сум       багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500.000 төгрөг, 11 дүгээр сарын 02-ны өдөр 250.000 төгрөг, 11 дүгээр сарын 06-ны өдөр 3.100.000 төгрөг Ц.Угийн ХААН банк дахь дансаар шилжүүлэн авсан, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр С дүүрэгт Ц.У 5.000.000 төгрөг бэлнээр авч, 2.400.000 төгрөг Б.Гын ХААН банк дахь данс рүү шилжүүлж, нийт 9.350.000 төгрөг залилж авсан,

   Т.Э-г “     аймгийн      сум       багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч 2019 оны 12  дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд Ц.У нь ХААН банкны өөрийн эзэмшлийн   дансаар 8.215.000 төгрөг шилжүүлэн авч, Б.Гын ХААН банк дахь данс руу 2.255.000 төгрөг шилжүүлж, нийт 8.150.000 төгрөг залилсан,

   С.А-г “      аймгийн       сум       багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд Б.Г нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн        тоот дансаар 2.100.200 төгрөг, Ц.Н гэх хүний        дансаар дамжуулан 1.000.000 төгрөг шилжүүлэн авсан, Ц.У нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн       дансаар 3.250.000 төгрөг шилжүүлэн авч нийт 6.350.200 төгрөг залилсан,

   Д.Б-г “      аймгийн         сум         багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 01 дүгээр сарын 28-ныг хүртэл хугацаанд Ц.У нь ХААН банк дахь өөрийн эзэмшлийн    дансаар 4.000.000 төгрөг, Б.Г нь    данс руу 3.000.000 төгрөг шилжүүлэн авч нийт 7.000.000 төгрөг залилсан,

Б.Л-г “    аймгийн        сум        багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд Ц.У ХААН банк дахь өөрийн эзэмшлийн   дансаар 4.830.000 төгрөг шилжүүлэн авч, үүнээс Б.Гын эзэмшлийн   данс руу 3.000.000 төгрөг шилжүүлж, нийт 4.830.000 төгрөгийн хохирол учруулсан,

С.Б-г “  аймгийн    сум     багт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 4.000.000 төгрөг Б.Гын данс руу шилжүүлэн авч, үүнээс Ц.Угийн ХААН банкны данс руу 1.200.000 төгрөг шилжүүлэн авч нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Э.С-г “У хотын           дүүрэгт баригдсан “Б” цогцолбор орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулна” гэж хуурч Ц.У ХААН банк дахь өөрийн эзэмшлийн данс руу 7.000.000 төгрөг шилжүүлэн авсан, Б.Г нь П.Б-н ХААН банкны дансаар 1.000.000 төгрөг, Ц.Н-н дансаар 200.000 төгрөг, Г.Н-н ХААН банкны 3.000.000 төгрөг, Д.М-н  дансаар 120.000 төгрөг шилжүүлэн авч нийт 11.320.000 төгрөг залилж, бусдад нийт 151.462.620 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Б.Г, Ц.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:   Шүүгдэгч Жаргалант овогт Батсүрэнгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, ганцаараа болон бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,  

   шүүгдэгч Тугчин овогт Цэдэнбалын Уг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Гыг 4 /дөрөв/ жил хорих ялаар, шүүгдэгч Ц.Уг арван нэгэн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 11.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын цагдан хоригдсон 26 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд оногдуулсан 11.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний цагдан хоригдсон 4 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 60.000 төгрөгийг торгох ялаас хасаж, эдэлбэл зохих торгох ялын хэмжээг 10.940.000 төгрөгөөр тогтоож,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.У шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,

             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар шүүгдэгч Ц.Уд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

             шүүгдэгч Б.Гт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Шүүгдэгч Б.Гын Орхон аймгийн нутаг дэвсгэрээс болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс, шүүгдэгч Ц.Уд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс тус тус хүчингүй болгосныг зохих байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслах О.Шинэцэцэгт даалгаж,

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Гаас нийт 112.222.420 төгрөг гаргуулж, хохирогч Д.А-д 5.300.000 төгрөг, хохирогч Г.У-д 34.587.520 төгрөг, хохирогч Г.П-т 2.900.000 төгрөг, хохирогч Э.А-д 3.300.000 төгрөг, хохирогч Р.Х-т 3.408.000 төгрөг, хохирогч Г.Э-т 6.509.200 төгрөг, хохирогч О.Б-д 7.207.700 төгрөг, хохирогч С.П-д 4.900.000 төгрөг, хохирогч Н.Л-д 4.900.000 төгрөг, хохирогч Б.А-т 17.000.000 төгрөг, хохирогч Д.М-д 1.400.000 төгрөг, хохирогч Т.Э-т 2.090.000 төгрөг, хохирогч Д.Б-д 5.000.000 төгрөг, хохирогч Б.Л-д 2.900.000 төгрөг, хохирогч С.Б-т 2.800.000 төгрөг, хохирогч Э.С-д 8.020.000 төгрөгийг,

   шүүгдэгч Ц.Угаас 9.150.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.М-д 4.950.000 төгрөг, хохирогч С.А-д 3.000.000 төгрөг, хохирогч С.Б-т 1.200.000 төгрөгийг тус тус олгож,

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гар утасны бичлэгтэй 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Г болон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т нар давж заалдах гомдолдоо:

“Б.Г, түүний өмгөөлөгч нараас гомдол гаргаж байгаа ч гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн гэж түүнийг буруутгаж байгааг үгүйсгэх Ц.Утай холбоотой нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тодруулж, дурдахаас аргагүй юм. Залилах гэмт хэргийн хувьд гэм буруутай этгээд анхнаасаа өөрийн ярьж, хэлж байгаа зүйлийг биелэх боломжгүй гэдгийг мэдсээр байж бодит байдлыг нуун, бусдыг хуурч мэхлэх замаар бусдын хөрөнгө, мөнгийг шилжүүлж авсан байдаг.

   Харин Ц.У анхнаасаа түрээсийн орон байранд оруулах нэрээр бусдыг хууран мэхэлж, мөнгө төгрөг авах санаа, зорилго байгаагүй нь дан өөрийн ойр, дотно хүмүүстээ энэ талаар хэлж, санал болгож байсан, мөн өөрийн фейсбүүк хуудсандаа түрээсийн орон сууцны талаар мэдээлэл оруулж байснаас нь харагдана. Хохирогч нартай хэрхэн, яаж холбогдсоныг тодруулбал Ц.У өөрийн дотны найз болох С-д энэ тухай ярьж байсныг нь С хадам эгч болох Д.М, найз Э.С.Т.Э нарт хэлж, ярьснаар, багын найз болох А-т хэлснээр ээж С.А-тай нь, найз М-д хэлж байсныг М нь Г.У-н нөхөр Г.А-д хэлснээр Г.У, Г.А нартай, Их сургуульд хамт сурч байсан Г-д хэлснээр Г ээж Г.Э болон найз О.Б нартаа хэлснээр, Б.Л-н хувьд түүнийг 5-р ангиасаа таньдаг, түүний нөгөө ангид нь сурдаг байсан, Х нь найз С-с мэдэж, энэ тухай өөрийн хамаатан болох Д.Б-д хэлснээр хохирогч нар Ц.Утай холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан байдаг.

 

Ц.Угийн хувьд хохирогч нарыг түрээсийн орон сууцанд оруулж чадна гэж Б.Гт итгэсэн учраас бага зардлаар орон сууцтай болох гэсэн хохирогч нарын энэ хүслийг нь ашиглаж амар, хялбар аргаар мөнгө төгрөгтэй болохын тулд зарим нэг зүйлийг дэгсдүүлж ярьсныг үгүйсгэхгүй. Зарим нэг хохирогчтой холбогдож мөнгө төгрөг авахын тулд нэмэр, хачир оруулж ярьдаг байсан нь угтаа Б.Гаас урьтаж мөнгө авахын тулд л хийж байсан үйлдэл болох нь хохирогч Г.У, шүүгдэгч Б.Г нарын мэдүүлгээс тодорхой харагддаг.

Ц.Угийн хохирогч нараас мөнгө нэхэж аваад байсны цаад шалтгаан, зорилго нь бага зардлаар орон сууцтай болох гэсэн хохирогч нарын хүслийг ашиглаж (хохирогч нар мөнгө өгснийхөө төлөө түрээсийн орон сууцанд орох болзолтойгоор) мөнгө төгрөгтэй болох гэсэн хүсэлтэй нь холбоотой байсан. Түүнд анхнаасаа огт бүтэхгүй гэдгийг мэдсээр байж түрээсийн орон сууцанд оруулна гэж бусдыг хуурч, мэхлэх санаа, зорилго байгаагүй болох нь хохирогч нарын бүрдүүлсэн бичиг баримт бүрийг Б.Гт өгдөг. Б.Г ч түүнээс бичиг баримт хүлээн авахдаа шалгаж авдаг байсан байдлуудаар тогтоогдоно. Мөн түүний гэм буруугүйг нотлох баримт бол хохирогч нараас орон байраа нэхэж бичсэн захидалд өгч байсан түүний хариу, түрээсийн орон сууцны асуудлаар Б.Гт бичиж байсан мессежүүд болно.

Дээр дурдсан нөхцөл байдлууд, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь судалж үзэх нь түрээсийн орон сууцанд оруулна гэдэг нь анхнаасаа зохиомол, худал зүйл юм гэдгийг мэдсээр байж бусдаас мөнгө төгрөг аваад байсан юм уу эсхүл Б.Гт итгэсэн учраас түрээсийн орон сууцанд оруулж чадна гэсэн итгэл үнэмшилдээ хөтлөгдөж түрээсийн орон сууцанд оруулна гэж бусдаас мөнгө аваад байсан уу гэдгийн зааг ялгааг тодруулах нь шүүхээс үнэн зөв шийдвэр гарах нөхцөл болно.

Шүүх хуралдаан дээр шүүгдэгч Б.Г мөнгө авсан хүмүүсийг орон сууцанд оруулахын тулд авсан мөнгөнөөсөө       аймгийн засаг дарга С.Б болон    орон сууцны корпорацын даргын үүрэг гүйцэтгэгч байсан Д гэх хүмүүст хэнд нь хэдэн төгрөг өгсөн тухайгаа тодорхой мэдүүлдэг. Эдгээр хүмүүсийг сайн таньж мэддэг учраас урьд нь энэ тухайгаа хэлж чадаагүй. Мөн түрээсийн орон сууцанд оруулах асуудал удааширсан учраас мөнгө төгрөгөө өгсөн хүмүүс цагдаагийн газарт хандсан. Энэ байдлаас болоод байранд оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тухай ч хэлдэг.

Хэрэв дээр дурдсан албан тушаалтнуудад түрээсийн орон сууцанд иргэдийг оруулах асуудалтай холбогдуулж мөнгө төгрөг өгсөн нь үнэн бол, Нийслэлийн орон сууцны корпорацад хохирогч нараас авсан өргөдөл, холбогдох бичиг баримтуудыг хүлээлгэн өгсөн нь мөн үнэн бол түүнийг бусдыг залилах гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагад татсан шүүхийн шийдвэрийг эргэж харахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж байна.

Б.Г хохирогч нараас авсан өргөдөл, холбогдох бичиг баримтыг Нийслэлийн орон сууцны корпорацад өөрийн биеэр хүлээлгэн өгсөн тухайгаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байдаг. Шүүх хуралдаан дээр ч мөн энэ тухай мэдүүлдэг. Гэтэл Цагдаагийн байгууллага Нийслэлийн орон сууцны корпорацаас Б.Гыг тухайн байгууллагад ажилладаг эсэх лавлагааг гаргуулан авсан.

Харин хохирогч нараас авсан бичиг баримт, өргөдлийг Төрийн орон сууцны корпорацад өгсөн гэж мэдүүлээгүй байхад энэ тухай лавлагааг тухайн байгууллагаас гаргуулж авсан. Нийслэлийн орон сууцны корпорацад өөрийн биеэр иргэдээс авсан бичиг баримтыг хүлээлгэн өгсөн гэх Б.Гын мэдүүлэг үнэн эсэх нь тодорхойгүй, энэ байдлыг шалгаж тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Түүний шүүх хуралдаан дээр хэлсэн үйл баримт хэрэв үнэн бол энэ нь эрх зүйн өөр үр дагаварт хүргэнэ. Түүний шүүхэд хэлсэн энэ үг үнэн эсэхийг шалгаж, тогтоогоогүй нөхцөлд анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүгдэгчийн шүүх хуралдаан дээр хэлсэн албан тушаалтнуудад мөнгө төгрөг өгсөн гэх асуудлыг холбогдох байгууллагаас шалгаж, тогтоогоогүй байгаа нөхцөлд Б.Гын мэдүүлгийг худал гэж дүгнэх үндэслэлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Угийн өмгөөлөгч С.Э давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүх Ц.Уг залилах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцохдоо хэрэгт авагдсан шүүгдэгчийг цагаатгах нотлох баримтуудыг огт үнэлээгүй, хохирлын дүнг тогтоохдоо хохирогч Д.М-н бэлнээр өгсөн гэх 5.000.000 төгрөг, Ц.Уд огт хамааралгүйгээр шүүгдэгч Б.Гын бусдад учруулсан хохирлыг Ц.Уд хамаатуулан хохирлын хэмжээг их хэмжээний хохирол руу оруулж, гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит үнэнтэй нийцэхгүй байна.

Нэг. Гэм буруугийн талаар. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг. Хуулийн дээрх зохицуулалтаас аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг. мөн эсэхийг шалган тогтоохдоо гэмт хэргийн шинж буюу Эрүүгийн хуульд заасан байх нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байх Гэм буруутай байх шинжийг шалган тогтооно. Дээрх 3 шинжийн аль нэг нь үгүйсгэгдвэл гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэрэг нь зөвхөн гэмт хэргийн шууд санаатай, шунахайн сэдэлттэй үйлдэгддэг ба хуурч мэхлэх ..., эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, ... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах үйлдлээр илэрнэ.

Энд дурдагдсан “хуурч мэхлэх, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэдэг нь залилан мэхлэгч этгээд бусдад итгэл үнэмшил төрүүлж, төөрөгдүүлсэн тухайн мэдээллээ худал, хуурмаг болохыг өөрөө мэдэж байсан тохиолдолд л хуурч мэхэлсэн, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзнэ. Хэрэв тухайн этгээд бусдыг итгүүлэн үнэмшүүлсэн тухайн мэдээлэлдээ өөрөө итгэж, биелнэ гэдэгт итгэсэн буюу өөрөөр хэлбэл бусдыг итгүүлсэн тухайн мэдээлэл нь худал болохыг мэдээгүй бол бусдыг хуурсан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч Ц.Угийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд, Б.Гаар баталгааны хуудас бичүүлж авсан үйл баримт, түүнтэй фейсбүүкийн мессенжерээр харилцсан харилцан яриа зэргээс дүгнэхэд Ц.У нь хохирогчдын нэгэн адил Э-д баригдаж байгаа ТОСК-ийн байранд иргэдийг оруулж өгнө гэсэн мэдээлэлд итгэж байсан нь тодорхой байдаг.

Б.Г нь Ц.Уд анхнаасаа өөрийгөө Барилга, хот байгуулалтын яаманд мэргэжилтнээр ажилладаг гэж танилцуулсан, түүний биеэ авч яваа байдал, танилын хүрээ, итгүүлэн үнэмшүүлэх чадвар зэрэгт нь бусад хохирогчдын нэгэн адил хууртаж, тус гэмт хэрэгт холбогдсон байх ба Ц.Угийн үйлдэлдээ хандсан сэдэлт, зорилго нь бусдыг ТОСК-ийн байранд оруулж өгч чадна гэсэн итгэл үнэмшил дээр тулгуурласан байдаг. Үүнийг гэмт санаа зорилго агуулсан, гэмт хэргийг шууд санаатайгаар үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан байдаг.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад улсын яллагч нь Ц.Уг “бусдыг залилан мэхлэх санаа зорилго агуулаагүй байсан байж болно ...” гэж хүлээн зөвшөөрч, “Б.Г нь эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан” гэж Ц.Уг буруутгадаг. Гэхдээ Ц.У нь үүнийг мэдээгүй. Учирсан хохирол, хор уршгийг хүсээгүй.

Шүүхийн шийтгэх тогтоолын 27 дугаар талд “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг гэмт хэрэгт хамтран оролцох гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Г, Ц.У нарын хувьд бусдыг залилахдаа хэн ямар үүрэгтэй оролцох талаар тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн гэж шүүх үзсэн болно” гэжээ. Цаашилбал шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүх шүүгдэгч ... Ц.Уг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов гэжээ.

Гэмт хэрэг үйлдэх явцад Б.Г, Ц.У нар үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн, нэгдмэл нэг санаа зорилготой байсан бол Ц.У нь Б.Гаар баталгаа бичүүлэх шаардлагагүй байсан. Хэрэв нэгдмэл санаа зорилготой байсан бол харилцан ярианаас нэгдмэл санаа зорилго нь тодорхой харагдах ёстой байсан. Гэтэл Б.Г нь 2020 оны 12 дугаар сарын сүүл хүртэл буюу харилцаа холбоогоо тасалж алга болох хүртлээ Ц.Уд “хүмүүсийг байранд нь удахгүй оруулна, хүлээгдэж байгаа” гэсэн мэдээллийг өгсөөр байсан ба түүнээс өмнө Б.Г “ Энэ нь Ц.У, Б.Г нарын фейсбүүкийн чатаар харилцан бичсэн бичвэрээр нотлогдоно.

Өмгөөлөх талын шүүх хуралд шинжлэн судлуулсан нотлох баримтууд нь үндсэндээ Б.Г, Ц.У нар нь тус тусдаа санаа зорилготой буюу гэмт үйлдэл, сэдэлт, зорилго дээрээ хэзээ ч нэгдэж байгаагүйг илтгэн харуулсан байдаг. Шүүхээс шүүгдэгчийг цагаатгаж болох бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх ёстой байтал Б.Гын өөрийн гараар бичиж өгсөн баталгаа зэрэг хэргийн материалд нотлох баримтаар авагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх үнэлээгүй.

Ц.Угийн өөрийн үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа. сэдэлт зорилго нь бусдыг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгоход чиглээгүй бөгөөд хор уршиг гэм буруугүйгээр учруулсан байх боломжтой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэсэн гэм буруугийн зарчим бий.

Хүн өөрөө итгэж байсан зүйлдээ бусдыг итгүүлэн үнэмшүүлснийг залилан мэхэлсэн гэж үзэхгүй. Тэр тусмаа Ц.Угийн хувьд Б.Г хүмүүсийг орон сууцанд оруулж өгч чадна гэсэн хүлээлт, итгэл үнэмшилтэй байсан нь тодорхой байхад “Б.Гын залилан мэхэлж байгааг мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан гэж Ц.Уг буруутгаж байгаа бол бусад бүх хохирогч нар адилхан анхнаасаа хууль бус, боломжгүй амлалтад итгэх ёсгүй байв. Мэдэх ёстой зүйлийг мэдээгүй өнгөрснийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болохгүй.

Харин гэм буруугүйгээр хохирол хор уршиг учруулсан уу, эсхүл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэлдээ хандсан уу гэдэг нь эргэлзээтэй. Ямар ч байсан Ц.У нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, учирсан хохирол, хор уршгийг хүсэж, түүнд зориуд хүргэсэн гэж үзэхгүй. Тиймээс гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийг Б.Гтай бүлэглэн бусдад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр мөн зүйлийн 2 дугаар хэсгийн 2 дахь заалтад зааснаар зүйлчилсэнд гомдолтой байна.

Хоёр. Хохирол, хор уршгийн талаар. Улсын яллагч яллах дүгнэлтдээ Ц.Угийн бусадтай бүлэглэн бусдад учруулсан хохирлын нийт дүнг 51.000.200 төгрөг гэсэн боловч анхан шатны шүүхээс дээрх дүнг 50.900.200 төгрөг гэж дүгнэсэн.

Тус 50.900.200 төгрөгт хохирогч Д.М болон түүний охин А-н Ц.Уд бэлнээр өгсөн гэх 5.000.000 төгрөгөөс 4.950.000 төгрөг, хохирогч С.А-д учирсан 6.350.200 төгрөгийн хохирлоос Ц.Уд огт хамааралгүйгээр Б.Гын “дэлгүүрийн зөвшөөрөл гаргаж өгнө” гэж авсан С.А-с авсан мөнгөний зөрүү 2.793.200 төгрөг, С.Б-н Б.Гт өгсөн 1.200.000 төгрөг зэргийг оролцуулан тооцсон байх бөгөөд үүнийгээ “бүлэглэсэн учраас, хохирогч нар Ц.Угаар дамжуулж Б.Гтай танилцсан учраас” гэж тайлбарладаг.

Гэтэл Д.М болон түүний охин А нарын Ц.Уд бэлнээр өгсөн гэх 5.000.000 төгрөг нь шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хохирогчийн мэдүүлгээс бусад нотлох баримтаар огт нотлогддоггүй бөгөөд түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарган өгсөн зээлийн гэрээг нотлох баримтаар үнэлсэн байдаг. Иргэн Д.М, түүний охин А нарын Банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээ нь тэдний Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсныг л нотлохоос бус авсан зээлээ Ц.Уд өгснийг нотлох баримт биш. Түүнчлэн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүйн дээр нотолбол зохих бүхий л байдлыг нотолж, тогтоосны үндсэн дээр гэм буруутай эсэх, ял оногдуулах эсэхийг ярих нь зүйтэй.

Гэтэл зөвхөн хохирогчийн мэдүүлэг дээрх зээлийн гэрээнд үндэслэн Ц.Уг “би энэ мөнгийг аваагүй” гэж мэдүүлсээр байтал, бусад нотлох баримтаар нотлогдоогүй байтал, зөрүүтэй мэдүүлэг өгсөн байхад нүүрэлдүүлэн мэдүүлэг аваагүй байтал тус 5.000.000 төгрөгийг авсан гэж дүгнэсэн нь хохирлын хэмжээг их хэмжээний хохирол руу оруулж, хэргийн зүйлчлэл, оногдуулах ялын хэмжээнд ноцтойгоор нөлөөлсөн.

Түүнчлэн хохирогч Д.М, түүний охин А нар нь дансаар шилжүүлсэн 3.000.000 төгрөгтөө баталгаа, баримт бичүүлэн авсан байдаг ба бэлнээр өгсөн 5.000.000 төгрөгтөө баталгаа, баримт бичүүлээгүй үйл баримтад дүгнэлт хийгээгүй талаар шүүхийн мэтгэлцээний үед маргаж байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүйг дурдах нь зүйтэй. Хүнийг “энэ авсан л байж таарна” гэсэн таамаг төдий итгэл үнэмшлээр яллаж болохгүй.

Шүүгдэгч Б.Г нь хохирогч С.А-д “дэлгүүрийн зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч 3.000.000 төгрөг авсан байдаг. Тэдний хооронд хийгдсэн дээрх тохиролцоо, мөнгөн гүйлгээ нь Ц.Уд огт хамааралгүй, Ц.У энэ талаар огт мэдээгүй. Гэтэл С.А эхлээд Ц.Уг таньдаг байсан учраас энэ хохирол учирсан гэж үзэж түүний учруулсан хохиролд дээрх мөнгийг нэмж тооцох нь орчин цагийн хэлмэгдүүлэлт гэж үзэхээр байна.

Хүний хувь заяаг шийдэж буй хууль зүйн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол үүнийг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.

Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолд (1) Ц.Уг Б.Гтай “бүлэглэсэн”, (2) Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэмт хэргийг шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн, (3) Бусдад их хэмжээний буюу 50.900.200 төгрөгийн хохирол учруулсан гэх дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2, 1.3) байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн Ц.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.Уд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

Хохирогч Д.Б давж заалдах гомдолдоо:

“... Миний бие Ц.Утай 2019 оны 11 дүгээр сараас эхлэн         аймагт баригдаж ашиглалтад орохоор болсон ТОСК-ийн байранд оруулж өгвөл сугалаанд оролцуулахгүй оруулж өгнө гэж уулзсанаас хойш Б.Г, Ц.У нарын Хаан банкны данс руу удаа дараалан хийсэн 7.000.000 төгрөгийн хохирлыг одоо болтол барагдуулаагүй тул /Ц.Угаас 1.800.000 төгрөг, Б.Гаас 200.000 төгрөг авсан/ үлдэгдэл 5.000.000 төгрөгийг анхан шатны шүүх хурлаас барагдуулахаар зүйлчилсэн боловч дээрх хүмүүсээс надад учирсан хохирлыг барагдуулж өгөхийг хүсье” гэжээ.

 

Хохирогч О.Б давж заалдах гомдолдоо:

“... У, Г нартай холбогдуулан хэрэгт 7.700.000 төгрөгөөр залилуулсан. Хэрэг анхан шатны шүүхээр шийдэгдсэн. Хохирол барагдуулах байсан боловч надад Гаас 200.000 төгрөг дансаар өгсөн. Үлдсэн 7.500.000 төгрөгийг барагдуулаагүй өдий хүрлээ. Надад үлдэгдэл 7.500.000 төгрөгийг даруй барагдуулж өгөхийг хүсье” гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Г тайлбартаа: ... Хэргийг дахин шалгаж өгнө үү ... гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.У тайлбартаа: ... хамаатан садан найз нөхдөө холбож өгснөөрөө өнөөдөр өөрөө яллагдагч гэсэн нэр зүүгээд зогсож байгаадаа гомдолтой байна... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т тайлбартаа: Б.Гт ял шийтгэл оногдуулах боломжгүй. Тийм учраас дахин шалгуулахаар гомдол гаргасан гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э тайлбартаа: ... Гэм буруугүй байж болох талаас нь харж үзээгүй ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.С тайлбартаа: ... Ц.У анхнаасаа залилах сонирхолтой байсан юм байна гэж би үзэж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Г.У тайлбартаа: ... хэлэх зүйл байхгүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Д.Б  тайлбартаа: ... Хохирлоо гаргуулж авмаар байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Харин шүүгдэгч Ц.Уд оногдуулсан эрүүгийн хариуцлага хөнгөдсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх саналтай байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Т, шүүгдэгч Ц.Угийн өмгөөлөгч С.Э, хохирогч Д.Б, О.Б нарын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ц.У нарт холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийвдэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Г нь ганцаараа 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Г.Э, О.Б, Г.У, Н.Л, С.П, Г.П, Г.Х, Э.А нарыг “       аймгийн      сумын       багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд иргэн Б.А-т “Эрчим хүчний тусгай зөвшөөрөл гаргаж өгнө” гэж хуурч, 2020 оны 05 дугаар сард иргэн Д.А-д “Халуун усны газар, саун ажиллуулах үйл ажиллагааны зөвшөөрөл авч өгнө” гэж хуурч, нийт 101.412.420 төгрөгийг дансаар болон бусад хэлбэрээр шилжүүлэн залилан авч дээрх нэр бүхий иргэдэд их хэмжээний буюу хохирол учруулсан,

 

шүүгдэгч Б.Г, Ц.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сараас 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн С.А, Д.Б, Д.Л, С.Б, Д.Мөнхтуяа, Т.Э нарыг “      аймгийн      сумын     багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа түрээсийн орон сууцанд оруулж өгнө” гэж хуурч, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр иргэн Э.С-г У хотын         дүүрэгт баригдсан “Б” цогцолбор орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулна” гэж хуурч, нийт 50.900.200 төгрөгийг дансаар болон бусад хэлбэрээр шилжүүлэн залилан авч дээрх нэр бүхий иргэдэд их хэмжээний буюу хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь

 

хохирогч Д.А-н “... Объект барьсан. Зөвшөөрөл авахаар хөөцөлдсөн. С-р дамжуулан Гтай танилцсан. Барилгын яаманд ажилладаг гэсэн. Цувуулж өгсөөр 11 сая төгрөг өгсөн. Буцааж 4.7 сая төгрөг өгсөн... би өөрөө хөөцөлдөж байгаад зөвшөөрлөө авчихсан. Үлдэгдэл 6.3 сая төгрөг авна...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 15, 20, 23-24/ болон гэрч Б.С-н мэдүүлэг /1 дүгээр хх 26/,

 

            шүүгдэгч Б.Гын гэрчээр өгсөн “... Би тус болно гээд анх танилцсан. 11 сая төгрөг авсан. Ажил нь бүтэхгүй байсан, 4.7 сая төгрөгийг өгсөн, 5.3 төгрөгийг өгнө. Авсан мөнгөөрөө өрөө дарчихсан юм..” гэсэн мэдүүлэг /хх 28/ болон Б.Гын дансны хуулгууд /1 дүгээр хх 33-40, 165-173 /, мөн түүний яллагдагчаар өгсөн “... хүлээн зөвшөөрч байна. Одоо 6.3 сая төгрөг өгөх дутуу. Би шулуун гэдэсний хагалгаанд орохдоо мөнгийг нь хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 195/,

 

хохирогч Г.У-н “... Утай холбогдоод асуутал Гтай холбож өгсөн. 4 сая төгрөг шилжүүлсэн боловч буцаад орж ирсэн. Угийн данс руу 4 сая төгрөг шилжүүлсэн. Гт нийт 38.587.520 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх 37/, гэрч Г.А, Б.А нарын мэдүүлэг /2 дугаар хх 39, 74-75/,

 

хохирогч Г.П-н “...2019 оны 12 сарын 10-нд Х-н саналыг хүлээн авч Гт өгөөрэй гээд 3 сая төгрөг өгүүлсэн.  Гтай нэг удаа уулзсан, ихэнхдээ утсаар ярьдаг байсан. 3 сая төгрөгөө нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 92-93/,      

 

шүүгдэгч Ц.Угийн гэрчээр өгсөн “... Г нь ТОС-нд хүн оруулна гэсэн. Маргааш нь залгаад мөнгө зээлээч гэсэн. Надад боломж байгаагүй. Урьдчилгаа 4 сая, орсны дараа 2 саяыг авна гэж хэлсэн. Өөрийнхөө фейсбүүкт зар оруулсан. А ирж уулзсан. Мөнгийг өөрийнхөө дансаар аваад Г луу шилжүүлж байсан. 8 хүнээс 35.650.000 төгрөг авч Гын дансанд 24.210.000 төгрөгийг шилжүүлсэн. 11.440.000 төгрөг нь надад байгаа. А-с 5 удаагийн гүйлгээгээр 3.2 сая, Л-с 6 удаагийн гүйлгээгээр 4.8 сая төгрөг, Э-с 3 сая, Б-с 4 сая, А-с 4 сая, Д.М-с 5 удаагийн гүйлгээгээр 4.5 сая, Д.Б-с 4 сая, Э-с 9 удаагийн гүйлгээгээр 8.150.000 төгрөг авсан...2020 оны орон нутгийн сонгуулийн дараа эргэлзэж эхэлсэн..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 97/, шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн “ ... Г.П-г ТОС-нд оруулж өгнө гэж залилж 3 сая төгрөгийг зөвшөөрч байна. Х-н материалтай П-н материал ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 105/,

 

хохирогч Э.А-н “... 2019 оны 12 сарын дундуур Г надтай ярьсан. Данс руу нь 4 сая төгрөг шилжүүлсэн. Дараа нь эхнэр 300.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 116-117/, гэрч Ц.А-н мэдүүлэг /2 дугаар хх 120/ болон дансны хуулга /2 дугаар хх 128/, шүүгдэгч Б.Гын яллагдагчаар өгсөн “...Э.А-г ТОСК-нд оруулж өгнө гэж залилж 4.3 сая төгрөгийг зөвшөөрч байна. Мөнгийг өөрөө хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 165/,

 

хохирогч Д.М-н “... дүү С анх надад хэлсэн. Охин А-г Утай холбуулж данс руу нь 1 сая төгрөг шилжүүлүүлсэн. Хотод охиноороо уулзуулж 5 сая төгрөг материалтай хамт өгсөн. Тэр өдрөө 3.300.000 төгрөгийг данс руу нь 3 хувааж шилжүүлсэн. Нийт 9.300.000 төгрөг өгсөн. Дахин 500.000 төгрөг шилжүүлсэн. Би Гтай нэг ч удаа уулзаагүй. Надад 1.900.000 төгрөг буцааж У өгсөн. Үлдэгдэл 7.900.000 төгрөгийг гаргуулмаар байна..” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 183/, гэрч С.Солонго, М.А нарын мэдүүлэг /2 дугаар хх 188-190/ болон дансны хуулга /2 дугаар хх 176, 194, 205/, шүүгдэгч Б.Гын бичиж өгсөн гэх баталгаа / 2 дугаар хх 234/,

 

хохирогч Б.Л-н “...Угийн ХААН банкны данс руу нийт 4.830.000 төгрөг шилжүүлсэн байна. Үүнээс 1.830.000 төгрөгийг над руу буцааж өгсөн. 3 сая төгрөгөө нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 19, 22/, шүүгдэгч Ц.Угийн гэрчээр өгсөн “...Нийт 6 удаагийн гүйлгээгээр 4.800.000 төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 26, 32/ болон дансны хуулга /3 дугаар хх 12- 16/,

 

хохирогч С.Б-н “...У нь Гыг танилцуулсан. Найз Л-н хамт очсон. Миний данс руу Л 4 саяыг хийгээд би өөрөө 4 саяыг нийлүүлээд 8 сая төгрөг шилжүүлсэн ... хаширлаад нотариат орж зээлийн гэрээ байгуулсан ... ” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 67, 70/ болон дансны хуулга /3 дугаар хх 74/, зээлийн гэрээ / 3 дугаар хх 90/,

 

хохирогч Н.Л-н “... 5 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх 103/, шүүгдэгч Б.Гын “...Уд 1 сая төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 106, 132/ болон дансны хуулга /3 дугаар хх 100, 116/,

 

хохирогч О.Б-н “... эхний 4 сая төгрөгийг Угийн данс руу шилжүүлсэн. 7.407.700 төгрөг өгсөн. У нь өөрийн дансаар авсан 4 саяыг төлнө гэсэн..” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 146/, дансны хуулга /3 дугаар хх 149-155/,

 

хохирогч С.А-н “... 6.350.200 төгрөгийн хохирол учирснаас Гын өмгөөлөгч надад 3.307.000 төгрөг миний данс руу хийсэн, У над руу 250.000 төгрөг хийсэн. Үлдсэн 3.018.200 төгрөгийг гарсан зардалтай 160.000 төгрөгний хамт нэхэмжилж байна..” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 181/,

 

хохирогч Д.Б-н “...Уд 4 саяыг шилжүүлсэн. 2021 оны 02 сарын 03-нд Угаас 1.800.000 төгрөг над руу шилжүүлсэн байсан..” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 210, 212/ болон дансны хуулга /3 дугаар хх 205-207/,

 

хохирогч Р.Х-н ”...эхнэрийн дүү П 3 сая төгрөг бэлнээр надад өгөөд би өөрийн 3 саяыг нийлүүлээд Гт шилжүүлсэн. 550.000 бэлнээр өгсөн. Нийт 4.058.000 төгрөг өгсөн..” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 228/, гэрч Р.Х-н мэдүүлэг болон дансны хуулга /3 дугаар хх 237/,

 

хохирогч Т.Э-н “...Утай танилцсан. данс руу нь 9 удаагийн гүйлгээгээр 8.150.000 төгрөг шилжүүлсэн. Гыг танихгүй, сонсоогүй. 2021 оны 02 сарын 03-нд 6 сая төгрөг буцааж өгсөн. Одоо надад 2.150.000 төгрөг өгөх ёстой...” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх 38/ болон дансны хуулга /3 дугаар хх 43-51/,

 

хохирогч Г.Э-н “...Уд 3 сая төгрөг шилжүүлсэн. Гт 1.500.000 төгрөг шилжүүлсэн. 2019 оны 11 сараас 2020 оны 12 сарын  26-ны өдөр хүртэл мөнгө өгсөн. Угаас 3 сая төгрөг, Гаас 3.733.000 төгрөг нэхэмжилнэ..” гэсэн мэдүүлэг болон дансны хуулга /3 дугаар хх 98/,

дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх 245-247/,

хохирогч Э.С-н “ ... 2020 оны 09 сарын 24-ний өдөр Угийн  гэрт нь очиж материалуудаа өгсөн. Данс руу нь 6 сая төгрөг шилжүүлсэн. Дахиад ярихад 1 сая төгрөг нэмж өг гэсэн. Гтай уулз гэсэн. Гт 1 сая төгрөг шилжүүлсэн. 200.000 төгрөг зээлсэн. 3 сая төгрөг шилжүүлсэн, 120.000 төгрөг өгсөн. 2021 оны 01 сарын 21-нд Утай яриад мөнгөө авъя гэхэд Цагдаад шалгуулж байгаа гэсэн. Уд 7 сая, Гт 4.320.000 төгрөг өгсөн. 11.320.000 төгрөгөө нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг / 3 дугаар хх 71/ зэрэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Г нь дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийгөө У хотод “Төрийн Орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажилладаг мэтээр ойлгуулан, хохирогч нарын түрээсийн орон сууцанд орох болон тусгай зөвшөөрөл авах хүсэл сонирхлыг нь ашиглан ганцаараа болон Ц.Утай бүлэглэн бусдыг залилж, иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ.

 

Залилан мэхлэх гэмт хэргийн тухайд гэмт этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн аваад буцааж өгөхгүй, өмчлөх эрхийг сэргээхгүй байх санаа зорилготой байх бөгөөд ингэхийн тулд өмчлөгчийг хууран мэхэлж, төөрөгдүүлсний улмаас эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг онцлогтой.

 

Хэрэгт авагдсан “Төрийн Орон сууцны корпораци” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 1/358 дугаартай албан бичигт “...нэр дурдсан 14 иргэд нь манай байгууллагын түрээсийн орон сууцад бүртгэлтэй иргэдийн нэрсийн жагсаалтад байхгүй...2016 оноос хойш төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материал аваагүй” гэж /5 дугаар хх 225/ дурдагджээ.

 

      аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 243 дугаартай албан бичигт “ ...       аймгийн      сумын    багт баригдсан 315 айлын орон сууцны байранд орох хүсэлт ирүүлсэн иргэдийн материалаас хянан үзэхэд ... 14 иргэн материал бүрдүүлж өгөөгүй байна” гэсэн /5 дугаар хх 221/ байх бөгөөд эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.Гын гаргасан “ ... хохирогч нарын өгсөн материалыг холбогдох газарт нь өгсөн ... ” гэсэн мэдүүлэг няцаан үгүйсгэгдэж байна.

 

                Мөн тэрээр анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан зүйлийг хохирогч нарт амлаж, зарим хохирогч нартай зээлийн гэрээ байгуулах, баталгаа бичиж өгөх зэргээр тэдэнд итгэл үнэмшил төрүүлэн төөрөгдүүлж мөнгийг нь хууль бусаар авсан байна.

Шүүгдэгч Ц.У нь “... бусдыг хуурч мэхлэх, зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй, Б.Гыг хүмүүсийг орон сууцанд оруулж өгч чадна гэсэн хүлээлт, итгэл үнэмшилтэй байсан ... ” гэх боловч тэрээр дээрх хохирогч нараас өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авч Б.Гт шилжүүлж байсан, түүнд шилжүүлэх мөнгөнөөс “хувь” хэмээн өөртөө тодорхой хэмжээгээр мөнгө авсан, мөн хохирогч нараас авсан мөнгийг өөрийн хэрэгцээндээ захиран зарцуулсан үйл баримтууд тогтоогдсон бөгөөд түүний дээрх идэвхтэй үйлдлүүд нь залилах гэмт хэрэгт хамтран оролцсон шинжийг агуулсан гэж үзнэ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Г, Ц.У нарын үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэмжээ, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Г, Ц.У нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Мөн өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Уд тухайн зүйл, хэсэгт заасан хэмжээ хязгаарын дотор торгох ял оногдуулсан бөгөөд уг ялыг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул прокурор Ц.Л-н шүүх хуралдаанд гаргасан “...Ц.Уд оногдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэж байна” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Харин хохирогч С.П-г хуурч 5.000.000 төгрөг залилж авсан гэмт хэрэг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд үйлдэгдсэн байхад прокурорын яллах дүгнэлтэд 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд гэж техникийн шинжтэй алдаа гаргасан байх бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд хамаарахгүй болохыг дурдав.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Д.Т, шүүгдэгч Ц.Угийн өмгөөлөгч С.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах бөгөөд гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон тохиолдолд уг гэм хорын хохирлыг хамтран хариуцах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх хохирогч Д.Б, О.Б нарт учирсан хохирлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарын залилан авсан мөнгөний дүнг нотлогдсон хэмжээгээр буюу шүүгдэгч Б.Гаас гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэсэн байх тул дээрх хохирогч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Г болон түүний өмгөөлөгч Д.Т, шүүгдэгч Ц.Угийн өмгөөлөгч С.Э нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хохирогч Д.Б, О.Б нарын давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

                        ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ