Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 122/ШШ2025/0008

 

Нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг

    баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай   

 

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Эрдэнэтуяа би, нэхэмжлэгч Г.Чимэдлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/271 дүгээр захирамжийн Ч.*******т холбогдох хэсгийг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/577 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсгийг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/384 дүгээр захирамжийн Т.*******өд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Чимэдлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Буян-Үржих овогтой Мөнхтөр миний бие өөрийн аавын төрсөн ах тус аймгийн харьяат Гэндэн овогтой Чимэдлхамаас 2024 оны 01 дүгээр сард *******-******* сумын 5 дугаар багийн нутагт 3 дугаар тойргийн зам дагуу байрлах 625 /0,6/ метр квадрат, улсын бүртгэлийн ******* дугаартай өмчлөлийн газрыг 1000 боодол өвс буюу тухайн үеийн ханшаар 16,000,000 /арван зургаан сая/ төгрөгөөр авахаар болж тухайн үед өвс тооцоог хийж дууссан.

Улмаар ар гэр, хувь, хувьсгалын ажил амжиж өгөхгүй явсаар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Г.Чимэдлхамтай авсан газраа ирж үзэхэд тус газар байшин барьсан, шинээр нээсэн дэлгүүр үйл ажиллагаа явуулж байсныг тодруулахад Т.******* гэгчид 2023 онд өмчлөлөөр олгосон байдлыг хараад холбогдох газар, мэргэжилтэн, архиваас мэдээлэл цуглуулахад иргэн Г.Чимэдлхамд 2013 онд өмчлөлөөр олгосон газрыг эгнээ тэгшитгэл нэрийдлээр Засаг дарга Ж.Батсуурийн 2016.06.23-ны өдрийн А/271, Засаг дарга асан Ж.Эрдэнэбаатарын 2018.11.21-ний өдрийн А/577, Засаг дарга М.Идэрбатын 2023.06.19-ний өдрийн А/384 дугаартай захирамжуудаар бусдад хэсэгчилж олгогдсон нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд нэхэмжлэгч Г.Чимэдлхам настай хүн учир Б.Мөнхтөр миний бие итгэмжлэлээр төлөөлж өөрөө хөөцөлдөхөөр болж өөрийн худалдаж авсан *******-******* сумын 5 дугаар багийн нутагт 3 дугаар тойргийн зам дагуу байрлах 625 /0,6/ метр квадрат, улсын бүртгэлийн ******* дугаартай өмчлөлийн газарт итгэмжлэл тэр өдрөө буюу 2024.11.12-нд нотариатаар хийлгэсний үндсэн дээр 2024.11.19-ний өдөр аймгийн Засаг дарга М.Идэрбатад нэхэмжлэгчид үүссэн байдлыг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэсэн утгатай өргөдөл гаргасан боловч өргөдлийн хугацаанд Хөгжлийн бодлогын хэлтсийн шийдэх асуудал мэтээр шилжүүлсэн. Хөгжлийн бодлогын хэлтэс өргөдлийг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар руу мөн шилжүүлсэн боловч Газрын Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025.01.27-ны өдөр 2/39 тоот албан бичгээр “Иргэн Б.Мөнхтөрийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Г.Чимэдлхамаас худалдаж авсан газар нь 4 иргэний газартай давхцаж байгаа тул шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн хариуг ирүүлсэнд гомдолтой байна.

Хэрэв 2016 онд зохион байгуулалтад орж эгнээ тэгшитгэл хийгээд тухайн газар нь 4 айлд олгогдох газрыг голлож байгаа байдал үүссэн бол нэхэмжлэгч Г.Чимэдлхамд мэдэгдэж аль нэг тал руу нь шахаж байрлал өөрчлөөд олгох боломжтой байсаар байтал иргэний өмчлөх эрхэнд бүдүүлгээр халдаж өөрт нь мэдэгдэхгүй бусдад хэсэгчилж олгосон нь тухайн үеийн ажил хариуцаж байсан албан тушаалтнууд ажилдаа хайнга, сэтгэлгүй байснаас иргэн хүний Монгол Улсын Үндсэн Хууль, Иргэний хуульд заасан өмчлөх эрхэнд халдсан зөрчил гэж үзэж байна.

Одоо Засаг даргаар ажиллаж байгаа М.Идэрбат төрийн албаны залгамж халааг удирдлага болгон урьд ажиллаж байсан Сүхбаатар аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/271 захирамжийн Ч.*******т холбогдох хэсэг, мөн Засаг дарга асан Ж.Эрдэнэбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/577 дугаартай захирамжийн Д.*******т холбогдох хэсэг, өөрийн гаргасан 2023 оны 06 сарын 19-ний өдрийн А/384 дугаар захирамжийн Т.*******өд холбогдох хэсгүүдийн алдаа оноог харилцан харж шийдвэрлэж өгнө гэж иргэн хүний хувьд бодож байна.

Иймд дээрх маргаантай байгаа асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн өгөхийг

хүсэж байна гэжээ.

 

Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, нэхэмжлэгч Г.Чимэдлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр нарын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, нөгөө талаас хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг нар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2-т заасныг тус тус үндэслэн дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгуулж байна.

1. Сүхбаатар аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн иргэн Г.Чимэдлхамд 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дараах газрыг өгөхөөр тохиролцов.

2. Г.Чимэдлхамд *******-******* сумын 9-р баг, *******ын 9-*******е, 9-*******д хойд талд хойшоо харсан хаалгатай, 2 айлын 1400 м2 газрыг олгохоор эвлэрч байна.

3. Энэхүү гэрээ бүрэн хэрэгжсэнээр гэрээ дуусгавар болно. Гэрээг хариуцагч тал сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх журмаар  гүйцэтгүүлнэ.

 4. Гэрээг талууд сайн дурын үндсэн дээр хийв гэжээ.

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

        

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлжээ.

 

Эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь Сүхбаатар аймгийн *******-******* сумын 5 дугаар багийн иргэн Г.Чимэдлхамд 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу *******-******* сумын 9-р баг, *******ын 9-*******е, 9-*******д хойд талд хойшоо харсан хаалгатай, 2 айлын 1400 м2 газрыг олгохдоо өөр хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байхаар тохирон эвлэрлийн гэрээ байгуулан маргаанаа дуусгахаар шийдвэрлэжээ.

            Дээрх эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэгч … хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “... хариуцагч нь … нэхэмжлэгчтэй эвлэрэх, … эрхтэй”, 68 дугаар зүйлийн 68.1-д “…Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “…Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна”, 68.4-т “…Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасантай нийцсэн байна.

            Хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг, нэхэмжлэгч Г.Чимэдлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр нар нь харилцан тохиролцсоноо баталгаажуулж, 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.

            Иймд нэхэмжлэгч, хариуцагч  нарын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

           1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Чимэдлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр, хариуцагч Сүхбаатар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганзориг нарын эвлэрлийг баталж, нэхэмжлэгч Г.Чимэдлхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөрийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/271 дүгээр захирамжийн Ч.*******т холбогдох хэсгийг, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/577 дугаар захирамжийн Д.*******т холбогдох хэсгийг, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/384 дүгээр захирамжийн Т.*******өд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

 

 

 

ШҮҮГЧ                               Х.ЭРДЭНЭТУЯА