Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2025/00189

 

 

     Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

     хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймаг ... сум ... баг ... тоотод оршин суух хаягтай, ... овогт ... нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Завхан аймгийн ... сум, ... баг, ... хэсэг ... тоотод оршин суух ... овогт ... холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г..., түүний өмгөөлөгч Д..., хариуцагч Д..., нарийн бичгийн дарга М... нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Г... нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Миний бие Г... нь Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 140/ЛШ32023/... дугаартай шүүхийн шийдвэрээр Д.... гэрлэлтээ цуцлуулж шийдвэрлэсэн. Уг шийдвэрээр миний охидууд болох 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн О..., 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б... нарыг эцэг Д... асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Энэ асуудлыг шийдвэрлэх үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-нд Д... нь хорих ангид ял эдэлж байсан болно. Шүүхийн шийдвэрээр хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг нээлттэй үлдээсэн боловч намайг хүүхдүүдтэй минь Д... болон түүний ээж ах дүү нар нь уулзуулахгүй байна.

Одоо Д... нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд хүүхдүүдээ хайхрахгүй хүүхдүүдээ мөнгө хулгай хийлээ гэж дарамтлаад байгаа юм. Бага охин .. 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хичээл тараад ээж дээрээ ирсэн. Түүнээс хойш над дээр байгаа болно. Буцаад аав дээрээ оч гэхээр намайг аав зодно гэж айгаад явахгүй байна. Том охин маань хүртэл аавтайгаа ийм байдалтай байгаа гэж бодож байна. Цаашид хоёр охин хүүхдэд муу юм болох вий гэхээс айж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2013 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн О..., 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр төрсөн охин Б... нарыг миний асрамжид шилжүүлж тэдэнд эцэг Д... хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Д... хариу тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна... Миний бие ... нь охин О..., Б...  нар болон амьдралаа дээшлүүлэхийн тулд ажил хийж хөдөлмөрлөж байгаа. Миний бие нь цаашид ч эцэг хүнийхээ үүргийг биелүүлж хөдөлмөрлөх болно... Иймд нэхэмжлэлийг би  хүлээн зөвшөөрөхгүй байна”  гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Г... нь хариуцагч Д... холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан  байна.

Талууд эвлэрлийн гэрээндээ: Д..., Г... бид насанд хүрээгүй хүүхдүүдийнхээ эрх ашгийн үүднээс  эвлэрч хүүхдүүдийн хамт нэг гэртээ амьдрахаар шийдвэрлэж эвлэрч байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

Шүүх талуудаас ирүүлсэн эвлэрлийн гэрээг хянаж үзээд тус гэрээ нь бусдын болон аливаа гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчийн  татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г... нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 д зааснаар хариуцагч шүүхийн зардлыг нөхөн төлөхгүй болохыг дурдах нь зүйтэй гэж  үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Г... нэхэмжлэлтэй Д... холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Г... улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.                                  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.НАНДИНЦЭЦЭГ