Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00670

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00670

 

О.Т-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00597 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Т-ийн хариуцагч Б.Н-д холбогдуулан гаргасан нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, гэм хорын хохиролд 9 543 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагч Б.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Х нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд орон сууц худалдан авахаар мөнгө хуримтлуулж байсан. Манай нөхөр хувийн байгууллагад ажилладаг ч нийгмийн даатгалыг нь төлдөггүй байсан учраас банкнаас зээл авах боломжгүй байсан. Мөнгө зээлж, хүүд нь орон сууцандаа суулгадаг хүмүүс байдаг гэдгийг танилуудаасаа сонссон ба С.Т- гэх хүнтэй анх чатаар холбогдон уулзсан. Ингээд С.Т-т 12 000 000 төгрөг зээлдүүлэх, үүнээс 9 500 000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлэх, үлдэгдэл 2 500 000 төгрөгт орон сууцанд засвар хийхээр тохиролцон, зээлийн хүүд түүний эзэмшлийн 2 өрөө орон сууцанд нэг жилийн хугацаатай амьдрах нөхцөлтэйгөөр орон сууц хөлслөх гэрээ байгуулахаар болсон. С.Т- нь орон сууц лизингтэй болохоор байрны гэрчилгээ банкинд байгаа гээд канондсон бичиг баримт, Хас банкны тодорхойлолтыг надад харуулсан. Нотариатаар бичиг баримтыг нягтлуулж, баталгаажуулъя гээд С.Т-ийн хамт Чингэлтэй дүүргийн тойргийн нотариатч Б.Н- дээр очсон. Нотариатч нь цуглуулсан бичиг баримтуудыг бүгдийг үзсэн төдийгүй, С.Т-ийн хурууны хээг авсан болохоор бичиг баримт үнэн зөв, асуудалгүй юм байна гэж итгэн зээлийн гэрээ болон орон сууц хөлслөх гэрээг тус тус гэрчлүүлж, 9 500 000 төгрөгийг С.Т-ийн нөхөр Д.Аюушийн, Хаан банк дах данс руу шилжүүлж, нотариатын үйлчилгээний хөлс 43 000 төгрөгийг төлсөн. С.Т- орон сууцны түлхүүрийг надад өгсөн. Нотариатч гэрээг гэрчлэхдээ тухайн орон сууцны гэрчилгээг хуурамч гэдгийг шалгаж тогтоогоогүй. Нотариатчид итгэж л очсон. Байрны гэрчилгээ хуурамч байсан бол би гэрээ хийхгүй байх байсан. Үүнээс болж би маш их хохирсон. Хэдэн жил хураасан мөнгөө алдаж, сэтгэл санаагаар унаж, гутралд орсон. 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр түрээсэлсэн орон сууцныхаа жижиг өрөөний обойг солих гээд очтол цоожны голыг нь сольсон байсан. Ингээд цоож сольдог хүмүүсээр хаалгаа нээлгэж, обойг хуулсан, маргааш нь таазаа эмульсдэх гээд очтол дахиад цоожны гол сольсон байсан. Хаалган дээр орон сууцны эзэн байна, 88023209 дугаар руу залга гэсэн байсан тул холбогдсон. Ингээд орон сууцны эзэнтэй уулзахад, гэрчилгээг үзүүлсэн ба би хуурамч бичиг баримт бүрдүүлэн нотариатчтай нийлж залилан миний мөнгийг авсныг мэдсэн. Нотариатч Б.Н- нь орон сууцыг бусдад шилжүүлэх гэрээг гэрчлэхдээ нотариатын үйлдлийг буруу хийж, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоож, Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмын дагуу төрийн цахим мэдээллийн хур системээс үйлчлүүлэгчийн хурууны хээгээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч мөн эсэхийг нь шалгаж, гэрээ байгуулах эрхтэй этгээд мөн эсэхийг тогтоосны үндсэн дээр гэрээг батлах ёстой байтал хуурамч бичиг баримтыг зориуд гэрчилсэн. Б.Н- нь үнэн зөв мэдээлэл, баримт бичиг үндэслэн гэрээ хэлцлийг батлах үүргээ биелүүлээгүй. Түүнчлэн Б.Н- нь үл хөдлөх хөрөнгө бусдад шилжүүлэх гэрээг батлахдаа Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.7 дах хэсэгт заасныг зөрчсөн. Иймд Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг үндэслэж, 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 03 минутад 1709 дүгээр бүртгэлийн дугаарт бүртгэсэн орон сууц хөлслөх гэрээ, мөн өдрийн 14 цаг 42 минутад 1710 бүртгэлийн дугаарт бүртгэсэн зээлийн гэрээг гэрчилсэн нотариатчийн үйлдлийг тус тус хүчингүй болгож, нотариатч Б.Н-гаас буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол болох 9 500 000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 43 000 төгрөг, нийт 9 543 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр О.Т-, С.Т- гэх хүмүүс ирж, мөнгө зээлүүлээд, зээлийн хүүд нь орон сууц хөлслөх гэрээ байгуулъя гэсэн хүсэлт тавьсан. Тэдний хүсэлтийн дагуу гэрээг нь гэрчилсэн нотариатчийн хувьд гэрээ байгуулж байгаа талуудын хурууны хээг нягтлан шалгаж байгаа нь тухайн бичиг баримт буюу иргэний үнэмлэхийн эзэмшигч мөн эсэхийг нягталж байгаа болохоос гэрээ байгуулахад үзүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг хурууны хээгээр тогтоож байгаа асуудал биш юм. Талуудын хооронд байгуулсан 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1709 дугаартай орон сууц хөлслөх гэрээ нь 2020 оны 7 дугаар сарын 1710 дугаартай зээлийн гэрээний салшгүй хэсэг бөгөөд тус зээлийн гэрээ нь гэрээний талуудын чөлөөт байдалд халдалгүй байгуулсан, хүсэл сонирхлын илэрхийлэл байсан учраас уг гэрээг биелэгдэх эсэхэд нотариатч хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй юм. Орон сууц хөлслөх гэрээний хувьд зээлийн гэрээний хүүд орон сууцанд суух талаар талууд тохиролцсон. Уг гэрээг байгуулах үед гэрээгээр тохиролцсон орон сууцны бичиг баримт байхгүй байсан гэх үндэслэлээр буруутгаж байгааг зөвшөөрөхгүй байна. Ер нь практикт 8 хувийн зээлд хамрагдсан хүмүүс зээлээ төлөх зорилгоор орон сууц хөлслөх гэрээ хийдэг. Тухайн орон сууц нь Хас банкны барьцаанд байгаа талаар тус банкны захирлын гарын үсэг, тамгатай тодорхойлолт эх хувиараа, орон сууцны гэрчилгээний хуулбар байсан ба эдгээрийг үндэслэсэн. Гэрээний нэг талд орон сууц хөлслөх хэрэгцээ байсан, нөгөө талд нь мөнгөний хэрэгцээ байсан. Иймд талуудын хүсэлтийн дагуу гэрээг гэрчилсэн. 9 500 000 төгрөгийг аваагүй, нотариатчийн үйлчилгээний хөлсөнд 43 000 төгрөг авсан. С.Т- нь зээлийн мөнгийг өөрийн биш, нөхөр н.Аюушийн дансаар хүлээн авна гэхэд нотариатчийн хувьд харилцан хамаарал бүхий байдлыг тогтоож тэдний гэрлэлтийн баталгааг хуулбарлан авч гэрээнд хавсаргасан. Нотариатын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хохирлоо нэхэмжилж байна гэх боловч нотариатчийн хийсэн үйлдэл буруу, үйлчлүүлэгчийн хувийн байдлыг буруу тогтоосон гэх нөхцөл байдал байхгүй . Үйлчлүүлэгчийн хувийн байдлыг нь Хур системээс хурууны хээгээр тодорхойлсон. Тухайн үед хур системтэй холбогдоод удаагүй байсан болохоор өмчлөгчийн мэдээлэл гарч ирэхгүй, сүлжээ гацаад байсан. Нотариатын хуулийн дагуу гэрээний талуудын хувийн байдлыг цахим хур системээс тодруулж тогтоосон бөгөөд зээлийн гэрээ, зээлийн гэрээтэй холбоотой байгуулсан орон сууц хөлслөх гэрээ нь талуудын чөлөөт байдлын үндсэн дээр байгуулагдсан гэрээ юм. Хэрэв хуурамч бичиг баримт ашигласан тохиолдолд энэ нь иргэний хэрэг маргаанд хамааралгүй, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Зээлдүүлэгч тал энэ талаар гомдол гаргах эрх нээлттэй, нотариатын хувьд ч гэсэн хууран мэхлэгдсэн байдал байгаа гэдгийг шүүх харгалзан үзэх байх. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагч нь өөрийн ажил мэргэжлийн мэдлэг ур чадвар, хариуцлагын дагуу ажиллаагүй, нягтлан шалгалгүйгээр гэрээ, контрактыг баталсан буруутай үйлдэл байна. Нотариатч Б.Н- нь тухайн өдөр компьютерын сүлжээ хэвийн бус байсныг мэдсээр байж нотариатын үйлчилгээ үзүүлсэн буруутай гэжээ.

Шүүх: Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 28 дугаар зүйлийн 28.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Н-гаас 43 000 /дөчин гурван мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Т-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 840 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад буруу үнэлэлт дүгнэлт өгч, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. С.Т- нь орон сууц хөлслөх гэрээ болон зээлийн гэрээний зүйл болох орон сууцны өмчлөгч биш атлаа, өөрийгөө орон сууцны өмчлөгч мэт хуурамч баримт бичиг бүрдүүлэн нотариатын үйлдэл хийлгэсэн болох нь улсын бүртгэлийн газрын албан бичгээр тогтоогдсон. Анхан шатны шүүх хариуцагчийг нотариатын үйлдлийг хууль зөрчин хийсэн байна гэж зөв дүгнэж нотариатын үйлдлийг хүчингүй болгосон атлаа нотариатч Б.Н-гийн ямар гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй байсан болох нь тогтоогдсонгүй гэж өөрийн шийдвэрээ үгүйсгэсэн, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн байна. Нотариатын тухай хуулийн зорилго нь нотариатын үйлдэл хийх замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж заасан. Иймээс хариуцагч Б.Н- үйлчлүүлэгч С.Т-ийн өмчлөлд орон сууц байдаг эсэхийг төрийн мэдээлэл солилцооны хур системийг ашиглан шалгаж нягтлах үүрэгтэй бөгөөд нягтлаагүйгээр нотариатын үйлдлийг хийснээр гэм буруутай юм. Надад С.Т-т мөнгө зээлдүүлэх хүсэл зориг, амьдралын боломж ч байгаагүй. Харин гэр бүлээрээ орон сууц хөлсөлж амьдрах хүсэл, хэрэгцээ шаардлага л байсан. Энэ хүрээнд С.Т-тэй зараар холбогдож түүний өмчлөлийн орон сууцыг хөлсөлж амьдрахаар болж, нотариат орж гэрээгээ батлуулсан. Нотариатч бидний тохиролцооны дагуу гэрээг бүртгэж, нотариатын үйлдэл хийсэн. Иймд орон сууц хөлслөх гэрээний хариу төлбөр нь зээлийн гэрээний дагуу зээлдүүлэхээр тохиролцсон мөнгө байсан юм. Ийнхүү хариуцагчийн Нотариатын тухай хууль болон Нотариатын үйлдэл хийх зааврын холбогдох хэсгийг зөрчин нотариатын үйлдэл хийсэн гэм буруутай үйлдлийн улмаас миний бие 5 жил гаруй хугацаанд хурааж хуримтлуулсан мөнгөө С.Т-т орон сууцны өмчлөгч гэж итгэж найдан өгч залилуулсан болно. Орон сууц хөлслөх гэрээний 2.1, зээлийн гэрээний 2.1-т заасан орон сууцны өмчлөгч нь С.Т- биш байхад, хуурамч баримт бичиг гэрээг үнэн зөв гэж гэрчилсэн нотариатчийн буруутай үйлдлийн улмаас надад 9 500 000 төгрөгийн хохирол учирсан. Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу би нотариатчаас 9 500 000 төгрөгөө нэхэмжилж байгаа болно. Иймээс анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00597 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хохирол 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч О.Т- нь хариуцагч Б.Н-д холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц хөлслөх болон зээлийн гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, гэм хорын хохиролд 9 543 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Б.Н- нь нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөвийг хянаж нягтлах үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас би орон сууцны өмчлөгч биш этгээд болох С.Т-тэй гэрээ байгуулан, 9 500 000 төгрөг шилжүүлж хохирсон гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хүсэлтийн дагуу, тэдний хувийн байдлыг тогтоож гэрээг гэрчилсэн тул үүргээ зөрчөөгүй гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Нэхэмжлэгч О.Т- нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр иргэн С.Т-тэй орон сууц хөлслөх болон зээлийн гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр иргэн С.Т- нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Доржийн гудамж /14180/, 26/4 байр, 85 тоот, 75 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч О.Т-т хөлслүүлэх, нэхэмжлэгч О.Т- нь 12 000 000 төгрөгийг, 6 хувийн хүүтэй С.Т-т зээлдүүлэх, зээлийн хүүгийн төлбөрийг орон сууцыг хөлслөхөд харилцан тооцохоор тохиролцсон, нэхэмжлэгч О.Т- нь 9 500 000 төгрөгийг зээлдэгч С.Т-т шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 7, 9-12-р тал/

 

Хариуцагч буюу нотариатч Б.Н- нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дээрх орон сууц хөлслөх болон зээлийн гэрээг гэрчилж, үйлчилгээний хөлсөнд 43 000 төгрөг авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. /хх-ийн 8, 20-21-р тал/.

Орон сууц хөлслөх гэрээний зүйл болох орон сууцыг хөлслүүлэгч С.Т- нь хөлслөгч О.Т-ийн эзэмшилд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, уг үүргийг гүйцэтгэх боломжгүй нь тэрээр тус орон сууцны өмчлөгч эсхүл эзэмшигч биш байгаатай холбоотой байна. Өөрөөр хэлбэл, уг орон сууцны өмчлөгч нь иргэн Г.Баярмаа дангаараа байх бөгөөд Г.Баярмаагаас уг орон сууцыг бусдад хөлслүүлэх эрхийг С.Т-т шилжүүлсэн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нотариатч Б.Н- нь дээрх орон сууц хөлслөх гэрээг гэрчлэхдээ, Хас банкны тодорхойлолт, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг үндэслэсэн гэх боловч тэрээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбарыг эх хувьтай нь тулгах эсхүл цахим бүртгэлээс лавлагаа авах ажиллагааг хийгээгүй байна. Иймд Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.5-д нотариатч нь нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах үүрэгтэй, мөн зүйлийн 21.3.2-т баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулгахгүйгээр гэрчлэхийг хориглоно гэж заасныг хариуцагч Б.Н- нь тус тус зөрчсөн тул орон сууц хөлслөх гэрээг гэрчилсэн түүний үйлдлийг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Мөн нэхэмжлэгч О.Т-, иргэн С.Т- нарын хооронд мөн өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь орон сууц хөлслөх гэрээний үнийг төлөх тохиролцоотой хамааралтай бөгөөд энэ талаар нотариатч мэдэж байсан тул тэрээр гэрээний үнэн зөвийг гэрчлэх үйлдэл хийх этгээдийн хувьд зээлдүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаагүй, орон сууц хөлслөх эрхгүй этгээдтэй гэрээ байгуулах, уг гэрээтэй холбоотой зээлийн гэрээний нөхцөлийг бүрдүүлжээ. Энэ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх үүрэгтэй гэж заасныг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.

 

Иймд орон сууц хөлслөх болон зээлийн гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцохоор анхан шатны шүүх зөв дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт бичилгүй орхигдуулсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

Нотариатын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т үйлчлүүлэгч нь нотариатчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирвал нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасныг үндэслэн, гэм хорын хохиролд 9 543 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хариуцагчид холбогдуулан гаргасан ба анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хууль буруу тайлбарлан хэрэглэсэн ба давж заалдах шатны шүүхээс уг алдааг мөн залруулах боломжтой гэж дүгнэлээ.

 

Хариуцагч Б.Н- нь 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 03 минутад орон сууц хөлслөх гэрээг, 14 цаг 42 минутад зээлийн гэрээг тус тус гэрчилсэн нь тус гэрээнүүдэд тусгагдсан байх бөгөөд нэхэмжлэгч О.Т- нь мөн өдрийн 15 цаг 48 минут 49 секундэд 9 500 000 төгрөгийг иргэн С.Т-ийн нөхөр болох Д.Аюушийн Хаан банк-ны дансанд шилжүүлсэн буюу нотариатын үйлдэл хийсний дараа нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг шилжүүлжээ. Нотариатч Б.Н-гийн гэрчилсэн дээрх хоёр гэрээ нь субьектийн хувьд доголдолтой, Нотариатын тухай хуулийг зөрчсөн тул түүний гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч О.Т-т Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Нэхэмжлэгч О.Т-т учирсан гэм хорын хохирол нь нотариатчийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдад шилжүүлсэн 9 500 000 төгрөг болон нотариатын үйлчилгээний хөлсөнд төлсөн 43 000 төгрөгөөр тус тус тодорхойлогдох юм.

 

Түүнчлэн, шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн хариуцагч Б.Н-г өөрийн ажил мэргэжилдээ хариуцлагатай хандаагүй, бичиг баримтыг нягтлан шалгалгүйгээр гэрээ, контрактыг баталсан буруутай байна гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх зөвхөн нотариатын үйлдэлтэй холбоотойгоор дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ. Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар иргэдийн төлөөлөгч нь хэргийг анхан шатны журмаар шүүх бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролтой хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцож байгаагийн хувьд тэрээр мөн хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар хэргийн үйл баримт, зохигчдын гэм буруугийн талаар дүгнэлт гаргах эрхтэй. Өөрөөр хэлбэл гэм хорын хохирол шаардсан нэхэмжлэлд хамаарах дүгнэлтийг холбогдох нэхэмжлэлийг шийдвэрлэхэд шүүх харгалзан үзэх учиртай юм. Иймд иргэдийн төлөөлөгчийн гаргасан дүгнэлтээр хариуцагчийн гэм буруутай үйлдэл байгааг давж заалдах шатны шүүх харгалзан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч О.Т- нь иргэн С.Т-т холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан үйл баримт тогтоогдож байх боловч энэ нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах, гэм хорын хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхэд саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Иймд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орон сууц хөлслөх болон зээлийн гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, хариуцагч Б.Н-гаас гэм хорын хохиролд 9 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Т-т олгох нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.

 

Нэхэмжлэгч О.Т- нь анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 308 040 төгрөг төлсөн байхад анхан шатны шүүх дутуу тооцсон, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан эд хөрөнгийн бус нэхэмжлэлд төлөх тэмдэгтийн хураамжийн заалт оруулаагүйг тус тус залруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч бүрэн төлөх үндэслэлтэй тул шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулав. /хх-ийн 4-5, 120-р тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/00597 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар О.Т-, С.Т- нарын хооронд 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ болон мөн өдөр байгуулагдсан зээлийн гэрээг тус тус гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож, хариуцагч Б.Н-гаас хохиролд 9 543 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Т-т олгосугай гэж,

2 дах заалтаас 56.2 гэснийг хасч, 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж оруулан, 237.840 төгрөг гэснийг 308 040 төгрөг гэж, 4.550 төгрөг гэснийг 308 040 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 166 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Г.ДАВААДОРЖ