2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2025/02933

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ,, тоотод оршин байрлах, ******* ХХК /рд:5729718/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, тоотод оршин суух, Тайж овогт Цэрэндагвын ******* /рд:/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 13,331,358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Х.*******, хариуцагчийн өмгөөлөгч Л.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ц.******* нь тээврийн хэрэгсэл худалдан авах нөхцөлөөр зээл авах хүсэлтээ манай компанид гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,520,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлийг зээлдэгчийн 5026864488 дугаартай данс руу шилжүүлж олгосон. Зээлийн барьцаанд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор фидуцийн гэрээний дагуу шилжүүлэн авсан. Зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээний хуваарийн дагуу зээлээ төлөхгүй, хуваарь зөрчиж яваад, 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөр огт төлөөгүй. Нэхэмжлэл гаргах 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 757 хоног зээлээ төлөөгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Компанийн зүгээс зээлдэгч Ц.*******ад зээлээ төлөх талаар бүхий л байдлаар хэлж сануулж байсан. 85119893 бүртгэлтэй утас руу холбогдоход ...удахгүй зээлээ төлнө, хугацаа хэрэгтэй байна, орлогоо хүлээж байна, мөнгө орж ирэхээр төлчихнө гэх тайлбаруудыг өгдөг байсан. Сүүлдээ Ц.******* утсаа авахгүй, алга болсон. Барьцаа хөрөнгө болох автомашиныг зээл төлөхгүй байсан учраас манай байгууллага эзэмшилдээ буцааж авсан. Тээврийн хэрэгслийг хураан авах үед явах боломжгүй, ямар нэгэн байдлаар эвдрэлтэй гэдэг нь тодорхой байсан. Мотор хроп нь эвдэрсэн тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах бүрэн боломжгүй болсон. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зээлдэгч хаана байгаа нь мэдэгдэхгүй байсан учраас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ц.*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаснаар Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж хаяг олж тогтоосон. Зээлийн гэрээнд заасан зээл төлөх үүргээ удаа дараа биелүүлээгүй тул зээлийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн. Нэгэнт барьцаа хөрөнгө нь явдаггүй, асдаггүй, мотор хроп нь эвдрэлтэй учраас зээлийн гэрээний үүргийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар мөнгөн хэлбэрээр нэхэмжлэхээс өөр аргагүй болсон. Иймд Ц.*******аас үндсэн зээлийн үлдэгдэл 6,726,474 төгрөг, хүү 5,431,403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,086,280 төгрөг, автомашиныг түр зогсоолдоо байршуулахад гарсан зардал 87,200 төгрөг, нийт 13,331,358 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд түүний өмгөөлөгч гаргасан тайлбартаа:

Бичил глобус ББСБ ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 8,520,000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Мөн фидуцийн гэрээ байгуулж ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн гэрээний дагуу төлөлтөө хийгээд явж байтал эрүүл мэндийн шалтгаан буюу элэгний хорт хавдар туссаны улмаас зээл төлөх ямар ч боломжгүй болсон. Энэ тухайгаа Бичил глобус ББСБ ХХК-иас зээл шаардах тухай үед нь мэдэгдэж хэлсэн. Зээл төлөх боломжгүй боллоо, эрүүл мэндийн шалтгаанаар төлөх боломжгүй боллоо гэхэд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанхуаран дахь гэрийнх нь гаднаас машиныг хурааж авч явсан. Машинаа хураалгаж явуулахдаа зээл эргээд төлж чадахгүй, машиныг зээлийн төлбөрт нь хааж аваарай гээд тохиролцоод аваад явсан. Зээл төлөөд нэгэнт дуусчихлаа, үүрэг биелүүлэлт дуусчихлаа гэх ойлголттой явж байтал хойноос нь 2 залуу зээл төл гээд хөөцөлдөөд гэр орноор нь дагаад байсан учраас 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд албан бичиг бичиж Монгол шуудангаар Бичил глобус ББСБ ХХК-д хүргүүлсэн. Үүнд ...зээлийг нэгэнт төлж чадахгүй нөхцөл байдал бий болсон учраас машинаар зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад гэрээг дуусгавар болгох буюу гэрээ цуцлах мэдэгдэл-ийг хүргүүлсэн. Гэтэл Бичил глобус банк бус санхүүгийн байгууллагаас эргээд ямар нэгэн хариу өгөөгүй буюу гэрээ цуцлах мэдэгдэлд 30 хоногийн дотор хариу өгөөгүй. Гэрээ цуцлах мэдэгдэлд хариу өгөөгүй тул хүлээн зөвшөөрөөд гэрээ цуцлагдсан байна гэж ойлгож явсан. Гэтэл гэнэт 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлээ төлөөч ээ гэсэн мэдэгдлийг Ц.*******ад ирүүлсэн. Зээлийн харилцаа дуусгавар болчихсон байхад төлөхийг шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгслээр зээлийн үлдэх төлбөрийг төлөх бүрэн боломжтой. Зээлийн гэрээ байгуулаад байгаа этгээд нь Бичил глобус ББСБ ХХК-ийн Жоби 72 дугаар салбар гэрээ байгуулсан. Шүүхэд нэхэмжлэлийг Бичил глобус ББСБ ХХК нэхэмжлэл гаргасан байгаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж байна. Мөн улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 225,806 төгрөгийг төлсөн. Шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл бүхэл бүтэн 6 хоногийн хооронд улсын тэмдэгтийн хураамж энэ дансандаа байгаа эсэх нь тодорхойгүй тул нэхэмжлэлийн үнийг төлөөгүй, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангаагүй байна. Автомашины зээл төлөхийг шаардаад байсан. Зээл төлөх мэдэгдлийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр гэрийн хаягаараа авсан. Энэ үйл баримтыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Улаанхуарангийн гэрийн хаягаараа Ц.******* хүлээж авчихаад байхад дараа нь эрэн сурвалжлахад олдохгүй байна гэж шүүхэд өгөөд байгаа нь үндэслэлгүй. Фидуцийн гэрээний нэг гол онцлог бол Ц.******* хэрвээ үүргээ биелүүлэх боломжгүй болчихсон, зээлээ төлж чадахгүй байвал тэр автомашинаас өрний биелэлтийг хангуулах ёстой. Гэтэл хангуулах гээд өөрсдөө машинаа хураагаад, түлхүүрийг аваад явчихсан. Гэтэл машин хурааж авсанаас хойш 2-3 жилийн дараа эд ангийг доголдолтой гэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн үед Ц.*******ад машин доголдолтой байгааг мэдэгдээгүй. Хөрөнгийн үнэлгээгээр тээврийн хэрэгслийн сэлбэгийг 3,500,000 төгрөг гэснийг үндсэн үнэ 10,000,000 төгрөгөөс хасах шаардлагагүй. Тээврийн хэрэгслийн үнэ 10,000,0000 төгрөгөөр зээлийн төлбөрийг хаах бүрэн боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан Баянгол дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан бичиг, зээл хүүгийн тооцоолол, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, барьцааны гэрээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, фото зураг, автомашин хүлээлцсэн акт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2024/00579 дүгээр шийдвэр, хөрөнгийн үнэлгээний тайлан, Л.Нямсүрэнгээс гаргасан тодорхойлолт,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, ******* ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн бичгийн хүсэлт, шуудангийн баримт, мэдэгдэх хуудас, ******* ХХК-ийн тодорхойлолт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Ц.*******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,331,358 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Ц.*******тай 2021 оны 12 сарын 01-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 8,520,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан. Зээлийн төлбөрийг 2022 оны 09 сарын 12-ны өдрөөс хойш төлөөгүй тул барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг 2023 оны 11 сарын 22-ны өдөр хураан авсан. Тээврийн хэрэгсэл доголдолтой байсан тул зээлийн төлбөрийг тээврийн хэрэгслээр барагдуулах боломжгүй болсон. Иймд зээлийн үндсэн төлбөр 6,726,474 төгрөг, хүү 5,431,403 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,086,280 төгрөг, бусад зардал 87,200 төгрөг, нийт 13,331,358 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...зээлийн гэрээний дагуу 8,520,000 төгрөг хүлээн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, би эзэмшиж байсан. Зээл авсанаас хойш эрүүл мэндийн байдал муудаж элэгний хорт хавдартай болсон. Энэ тухай зээлдүүлэгчид мэдэгдэж, цаашид зээлийн төлбөрийг төлөх боломжгүй тул барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг дуусгавар болгохыг хэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд ******* ХХК-руу зээлийн гэрээг цуцлах мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн. Улмаар 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тээврийн хэрэгслийг хураан авсан. Тээврийн хэрэгслийг хураан авах үед доголдол байгаагүй, хураан авсан тухайн цаг хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах боломжтой байсан. Гэтэл хураан авсанаас хойш 2 жилийн дараа тээврийн хэрэгслийг доголдолтой гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, 2 жилийн хугацаанд доголдол үүссэн байх магадлалтай. Тээврийн хэрэгслийн үнээр зээлийн төлбөрийг дуусгавар болгох бүрэн боломжтой гэж тус тус тайлбарлаж, маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1 Зохигчдын хооронд 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК нь 8,520,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, автомашин худалдан авах зориулалтаар зээлдүүлэх, Ц.******* нь гэрээгээр тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

Мөн өдөр талууд барьцааны гэрээ байгуулж, Ц.******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ.

Шүүх хуралдаанд талуудын хэн аль нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр улсын бүртгэлд ******* ХХК бүртгэлтэй, Ц.******* нь эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтыг тайлбарласан.

 

3.2 Зээлдэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зөрчиж, төлбөр төлөөгүй үйл баримтад тэрээр маргаагүй. Уг үйл баримт нь зээл хүүгийн тооцооллын хүснэгтийн баримтаар тогтоогдсон.

 

3.3 Зээлдүүлэгч ******* ХХК-иас барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хураан авсан үйл баримтыг талуудын хэн аль нь мөн тайлбарласан.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ/фидуци/-ний харилцаа тус тус үүссэн байна.

Нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Ц.*******аас зээлийн гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг, тохирсон хүүгийн хамт, хугацаандаа төлөхийг шаардах эрхтэй. Уг шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ гэрээ цуцлагдах хүртэл хугацааны үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шаардах эрхтэй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, шаардсан нь үндэслэлгүй байна. Учир нь,

 

4.1 Хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээний үүргийг 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш зөрчиж, төлөлт хийгээгүй үйл баримтад маргаагүй.

Тэрээр ******* ХХК-д 2023 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд баталгаат шуудангаар ...Миний бие эрүүл мэндий шалтгааны улмаас зээлийн төлбөр төлөх боломжгүй болсон тухай танай байгууллагад утсаар мэдэгдсэн. 2022 оны 11 сард танай ажилчид хурааж авч явсан. Тухайн үед зээлийн үлдэгдэл 5,916,666 төгрөг байсан. Энэ зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж, зээлийн гэрээг дуусгавар болгож өгнө үү гэх хүсэлтийг хүргүүлсэн байна.

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.*******аас 2023 оны 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд баталгаат шуудангаар дээрх хүсэлтийг ирүүлсэн үйл баримтад маргаагүй.

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт Хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, 221.3 дахь хэсэгт Гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж, 221.4 дэх хэсэгт Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно гэж тус тус заасан.

Хариуцагч Ц.******* нь хүндэтгэн үзэх үндэслэл буюу эрүүл мэндийн шалтгаан/элэгний хорт хавдар/-ны улмаас урт хугацаатай байгуулсан зээлийн гэрээг 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хугацаанаас өмнө дуусгавар болгох мэдэгдлийг ******* ХХК-д хүргүүлсэн байна. ******* ХХК нь уг мэдэгдэлд хариу өгөөгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох саналд гэрээний нөгөө тал ердийн боломжит хугацаанд хариу өгөөгүй байх тул гэрээг дуусгавар болгох санал гаргасан өдрөөс хойш зээлийн төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлсэн болон тээврийн хэрэгслийг хураан авсан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзнэ.

Зээлийн гэрээ 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хугацаанаас өмнө дуусгавар болох үед ******* ХХК-иас Ц.*******ад ...үндсэн зээлийн төлбөр 3,649,807 төгрөг, хүүгийн төлбөр 3,184,514 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 328,399 төгрөг, хуримтлагдсан хүү 86,098 төгрөг, нийт 7,248,820 төгрөгийг төлөх мэдэгдлийг гардуулсан байна. Иймд хариуцагч Ц.******* нь зээлийн гэрээ цуцлагдах үед зээлийн төлбөрийн үлдэгдэл 7,248,820 төгрөг байсныг төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн төлбөр төлөх мэдэгдлийг Ц.*******ад биечлэн гардуулсан ба үүнээс хойш гэрээний үүрэг шаардахаар шүүхэд хандахын тулд эрэн сурвалжлуулсан нь зээлийн гэрээний хугацаа сунгах, хүүг үргэлжлүүлэн тооцох үндэслэл болохгүй.

 

4.2 Хариуцагч Ц.*******аас гаргасан ...фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслээр зээлийн гэрээний үүргийг биелүүлэх бүрэн боломжтой. Тээврийн хэрэгслийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хурааж авч явсанаас хойш доголдол бий болсон гэж маргасан нь үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Үндсэн үүрэг болох зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй байгаа тохиолдолд дагавар үүрэг болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг шууд хангуулах боломжгүй.

Автомашин хүлээлцэх актаар маргааны зүйл болох 36-16 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураан авах үед урд гупер хагарсан, крило зэвэрч хонхойсон, хаалга сэвтэй хонхорхой зураастай, урд дугуй хагарсан болохыг дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Хариуцагч Ц.******* нь ...доголдолгүй тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн, хураан авсанаас хойш доголдол үүссэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, Автомашин хүлээлцэх актыг баримтаар үгүйсгэж, няцаагаагүй.

Нэхэмжлэгч нь ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг ******* ХХК-иар тогтоолгож, хэрэгт нотлох баримтаар гаргасан. Уг үнэлгээгээр тээврийн хэрэгслийн эвдрэл, доголдлыг арилгахад гарах зардлыг хасч, засвар болон сэлбэгийн үнэ хасагдсан үнэ нийт 6,470,000 төгрөг болохыг тогтоосон. Хариуцагч ******* ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч, маргаагүй.

 

4.3 Фидуцийн гэрээ нь зээлийн үлдэгдэл төлбөрийг хөдлөх эд хөрөнгөөр хангуулах зорилготой ба нэгэнт нэхэмжлэгч нь фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөл, эзэмшилд шилжүүлсэн авсан байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд хариуцагч Ц.*******ын төлвөл зохих үүрэг 7,248,820 төгрөгөөс тээврийн хэрэгслийн үнэ 6,470,000 төгрөгийг хасч, үлдэх 778,820 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,552,538 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

5. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч нь эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 77,200, шатахууны зардал 10,000 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй тул бусад зардалд нэхэмжилсэн 87,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.х хэсэ2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 23,241 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.*******аас 778,820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,552,538 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,606 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 23,241 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ