2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 191/ШШ2025/03361

 

 

 

 

 

 

 

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: ,, дугаар давхарт байрлах, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ,,, тоотод оршин суух, Боржигон овогт Минжүүрийн *******д холбогдох,

3,616,959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагч М.*******, хариуцагчийн өмгөөлөгч Н.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* Хаус ХХК нь ******* брэндийг үндэслэн дэлхийн жишиг стандарт шаардлагад нийцсэн оюуны бүтээлээр олон улсын зах зээлд Монгол улсаа таниулж сурталчлах зорилгоор 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Энэхүү зорилгын хүрээнд байгууллагынхаа ажилтнуудын мэдлэг, чадварыг хөгжүүлэх тэр дундаа Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн албанд харьяалагдах ажилтнуудад урт хугацааны оюуны хөрөнгө оруулалтыг шат дараатайгаар хийж хэрэгжүүлсээр ирсэн билээ.

Үүний нэг нь Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлдвэрлэлийн албанд Дизайнер албан тушаалд ажиллаж байсан Минжүүр овогтой ******* /РД:УК89063060/ юм. М.******* нь 2022 оны 05-р сарын 02-ны өдрөөс 2023 оны 08-р сарын 01-ний өдрийн хооронд ажиллаж байсан ба ажилд орсон цагаас нь байгууллагын зүгээс хувь хүний хөгжилд анхаарч ирсэн бөгөөд тус ажилтанд ажил гүйцэтгэхэд нь дутагдаж байсан ур чадвар бүхий 3D Max программын сургалтад 2022 оны 11-р сарын 22-ны өдөр хамруулж 1 /нэг/ жилийн хугацаанд тогтвор. суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллана гэж харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсны үндсэн дээр компанийн зардлаар нийт 880,000 төгрөгөөр сургасан. Мөн 2023 оны 03-р сарын 29-ний өдөр М.*******тай харилцан тохиролцож 1 /нэг/ жилийн хугацаанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллана гэсэн гэрээг байгуулсны үндсэн дээр ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, сургах үүднээс технологи, үйлдвэрлэл, шинэ санаа судалж суралцуулах зорилгоор БНХАУ-ын Гуанжоу хотод 2023 оны 04-р сарын 21-ний өдрөөс 2023 оны 04-р сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан үзэсгэлэнд 8 /найм/ хоног оролцуулахад 1261,41 ам доллар бүхий зардлыг тус тус байгууллагаас гаргасан болно. Оюуны хөрөнгө оруулалтын өгөөжийг байгууллага нь урт хугацаандаа хүртдэг билээ. Гэтэл М.******* нь тус гэрээний нэмэлт өөрчлөлтийн 4 дэх заалтыг зөрчиж хугацаанаас өмнө ажлаас гарсан нь байгууллагаас түүнд оруулсан оюуны хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртэх боломжгүй болсон учир гэрээнд заасны дагуу байгууллагаас дээрх сургалтуудад гаргасан зардлыг холбогдох хугацаанд ногдуулан тооцож дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд 3D Max программын сургалтын төлбөр 330,827.07 төгрөг, БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцоход гарсан зардал 3,213,412.547 төгрөг, нийт 3,544,239 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус компаниас нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн үндэслэл болсон МАХ программд сургасан гэх 880,000 төгрөгийн зардал, мөн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл үйлдвэрлэл шинэ санаа, судалж, сургах зорилгоор сургасан гэх 3,213,412 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Миний бие нь тус компанид 2022 оны 05 сарын 02-ны өдрөөс эхэлж "Дизайнер"-ын ажлын байранд ажилд орсон. Тэгээд нэг жил 3 сар орчим ажиллаж байсан ба гарах болсон шалтгаан нь цалингийн хүрэлцээ бага, удирдах менежер болон ахлах дизайнер нар байнга ажлын байрны дарамт үзүүлдэг байснаас шалтгаалсан. Жишээ нь дээрэнгүй харьцдаг, шаардлагаа буруу тавьдаг, ахлах дизайнер нь ажлын байран дээрээ байдаггүй, ажлын зайлшгүй шаардлагаар хангах ёстой материалаа зарим тохиолдолд хангахгүй байж чи хийх ёстой гэж шаарддаг байсан зэргээс шалтгаалан ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн.

Ингээд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өргөдлөө өгсөн. Гэтэл хүний нөөцөөс тооцоо гэх хуудас гаргаж ирээд дээрх нэхэмжлэлд дурдсан төлбөрийг төлүүлэх талаар бичиг бичээд уг бичиг дээрээ гарын үсэг зур гэхэд нь би хүлээн зөвшөөрөхгүй байсан тул зураагүй.

Ингээд 08 дугаар сарын 01-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй, надад амарч орж ирээд ажилласан цалин 397,000 төгрөгийг өгөөгүй. Мөн өвчтэй байсан тугацааны буюу листийн мөнгө өгөөгүй. Цалингийн хүрэлцээ хангалтгүй байсан түл цалингаа нэмүүлэх талаар хэлэхэд нэмнэ, шинэ жилээр нэмнэ, цагаан сараар нэмнэ гэх мэтээр хойшлуулсаар байгаад жил орчим болсон ч нэмээгүй байсан тул амьдралд хүрэлцээгүй болж ажлаас гарахаас өөр аргагүй болсон юм.

Би өөрөө чөлөөт уран бүтээлч тул зураг зурж, бүтээл туурвиж хангалттай орлого олдог байсан бөгөөд энэ ажилдаа дуртай байсан, хичээл зүтгэлтэй байсан учраас тус ажлыг хийж байсан. Гэвч ажиллах боломж хомс, цалин бага зэрэг нь цаашид ажиллах боломжгүй болгосон.

МАХ программын хувьд ахлах дизайнертайгаа хамт онлайн хичээлд суусан нь үнэн боловч программ дээр бүтээл хийж байгууллагад хангалттай хэмжээний ажлын бүтээмж буюу загвар дизайнуудыг гаргаж өгсөн тул үр бүтээмж нь байгууллагад хангалттай үлдсэн.

Гуанжоу явсан зардлын мөнгө нь сургалтын мөнгө биш юм. Энэ байгууллагын үндсэн чиглэл нь гоёл, чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг хийдэг учир байгууллагын ажилчид болох мах дизайнер, марктенгийн менежер, бүтээлч захирал, гадаад харилцааны ажилтан зэрэг хүмүүсийг ажлын шаардлагаар томилолтоор явуулсан. Энэ ажлыг хийхдээ үзэсгэлэн болж байгаа газарт тус компанид хэрэгцээтэй үйлдвэрийг судлах, бүтээгдэхүүн судлах, шинэ санаа олох гэх зэрэг ажлаар байгууллага өөрийн ажлын хэрэгцээнд явуулсан. Дээрх хугацаанд явж ирээд тайлан өгсөн. Үүний үр дүнд өөрийн шинэ санаагаа хурал дээр танилцуулж тайлангаа өгч байсан. Гэтэл энэ мөнгийг байгууллагын сургалт байсан гэж худлаа ярьж мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрийн судалсан бүтээл, шинэ санаа, технологийн ололт зэрэг шинэ зүйлүүдийг судалж, тайлан өгсөн ба гаргасан санаануудыг байгууллага ажил хэрэг болгосон. Миний бие болон манай багийнхан хөлөө цэврүүттэл явж ажлаа сайн хийж гүйцэтгэсэн гэж үзэж байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлбөрийн нэхэмжлэх тооцоолол, ******* ХХК-ийн захирлын тушаалууд, хөдөлмөрийн гэрээнүүд, гэрээний нэмэлт өөрчлөлт, М.*******гаас гаргасан өргөдөл, туршилтын хугацааны дүгнэлт, орчуулгын баримт, дансны хуулга, сургалтын гэрээ, зардлын гүйцэтгэлийн баримт, Хятад хэл дээрх баримтууд,

3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн ажлын тайлан зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.*******д холбогдуулан 3,616,959 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагаа багасгаж 3,544,239 төгрөг гаргуулахаар шаардаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ажилтан М.*******тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр компанид тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй 1 жилийн хугацаанд ажиллахаар тохиролцож түүнийг БНХАУ-ын Гуанжоу хотод компанийн зардлаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан үзэсгэлэнд оролцуулж, суралцуулсан. Гэтэл ажилтан М.******* нь гэрээгээр тохирсон 1 жилийн хугацаа дуусаагүй байхад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Иймд түүнийг гадаад улсад суралцуулахад гарсан зардал 3,544,239 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж,

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...компанийн удирлага, ажилчдын харилцаа хандлагаас болж ажлаасаа гарсан. Би компанийн зардлаар БНХАУ-ын Гуанжоу хотод томилолтоор үзэсгэлэнд оролцохоор явсан. Нэг жилийн хугацаанд тасралтгүй компанид ажиллуулахаар гэрээ байгуулсан нь ажилтанд дарамт үзүүлж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ. Компанийн томилолтоор явсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

3. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

 

3.1 Зохигчдын хооронд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Туршилтын болон түр хугацаагаар байгуулах хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, ******* ХХК нь М.*******г дизайнер албан тушаалд 3 сарын туршилтын хугацаагаар ажиллуулахаар тохиролцсон байна.

 

Талууд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, ******* ХХК нь М.*******г дизайнер албан тушаалд сарын 1,200,000 төгрөгийн цалинтай ажиллуулахаар тохиролцжээ.

 

Дээрх хөдөлмөрийн гэрээг үндэслэн ******* ХХК-ийн захирлын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Б/01-22-86 тоот тушаалаар М.*******г уг өдрөөс эрхэлж буй албан тушаалд нь жинхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.

 

3.2 Мөн талууд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажилтан М.*******г 3D Max программын сургалтанд хамруулж, сургалтанд хамрагдсанаас хойш ажилтан нь компанид 1 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах, хэрэв ажилтан дээрх заалтыг зөрчин хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах бол сургалтын төлбөрийг хувьчлан байгууллагад буцааж төлөх үүрэг хүлээхээр харилцан тохиролцсон байна.

 

Үүний дагуу ажилтан М.******* нь БНХАУ-ын Гуанжоу хотод зохион байгуулагдсан 3D Max программын үзэсгэлэнд компанийн зардлаар 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд оролцсон үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй.

 

3.3 Ажилтан М.*******гаас 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажил олгогч ******* ХХК-ийн Захиргаа хүний нөөцийн албанд ...Миний бие дизайнер албан тушаалд 2022.05.02-ны өдрөөс эхлэн ажилласан. Санхүүгийн хувьд цалингийн хүрэлцээ бага, удирдах албан тушаалын хүмүүстэй зөрчилтэй байгаа шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна. 2023.08.25-ны өдрөөр ажлаа хүлээлгэн өгөхөөр эцэслэн шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна.

 

Шүүх хуралдаанд талуудын хэн аль нь ажилтан М.******* нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөхөөр хүсэлтээ гаргасан боловч 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилдаа ирээгүй, ажил үүргээ гүйцэтгээгүй үйл баримтыг тайлбарласан.

 

Ажил олгогч ******* ХХК-ийн захирлын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/01-23-74 тоот тушаалаар Дизайнер албан тушаалтай М.******* нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр ирүүлсэн тул 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэжээ.

 

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д "хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж, 41 дүгээр зүйлийн 41.3-т Ажил олгогч, ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг харилцаа нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулсан бол түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байна.

 

4.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт Ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болно гэж, 73.3 дахь хэсэгт Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна гэж тус тус заасан.

 

Хариуцагчийн өмгөөлөгчөөс ...хөдөлмөрийн гэрээний нэмэлт нөхцөл нь ажилтанд дарамт үзүүлж байгуулсан Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байгуулсан хүчин төгөлдөр бус гэрээ гэж маргасан нь үндэслэлгүй байна. Шүүх хуралдаанд хариуцагч М.*******гаас ...ажил олгогчоос бидэнд БНХАУ-д зохион байгуулагдах 3D Max программын сургалтанд хамрагдахыг асууж, хэрвээ хамрагдах хүсэлттэй байгаа бол компанид 1 жилийн хугацаанд тогтвортой ажиллахыг санал болгосон. Би бодож үзээд уг саналыг зөвшөөрч, явсан гэж тайлбарласнаас үзэхэд ажилтанд дарамт үзүүлж хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаагүй байна.

 

Талууд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ажилтан М.*******г 3D Max программын сургалтанд хамруулж, сургалтанд хамрагдсанаас хойш ажилтан нь компанид 1 жилийн хугацаатай тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах, хэрэв ажилтан дээрх заалтыг зөрчин хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах бол сургалтын төлбөрийг хувьчлан байгууллагад буцааж төлөх үүрэг хүлээхээр тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.3 дахь хэсэгт заасантай нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

4.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт зааснаар ажилтан М.******* нь хөдөлмөрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаа буюу 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл ******* ХХК-д тогтвортой ажиллах үүрэг хүлээсэн байна.

 

Гэвч тэрээр уг үүргээ зөрчиж хугацаанаас өмнө буюу 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж, улмаар уг өдрөөс хойш ажил үүргээ гүйцэтгээгүй, ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хөдөлмөрийн гэрээний нэмэлт өөрчлөлтийн 4 дэх хэсэгт Хэрэв ажилтан дээрх заалтыг зөрчин хугацаанаас өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлах бол сургалтын төлбөрийг хувьчлан байгууллагад буцааж төлөх үүрэг хүлээнэ гэж зааснаар хариуцагчаас БНХАУ-д 3D Max программын сургалтанд хамрагдсан зардлыг шаардах эрхтэй байна.

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасан шаардах эрхийг хэрэгжүүлэхдээ хариуцагч М.*******г БНХАУ-д 3D Max программын сургалтанд хамруулахад гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь БНХАУ-д 3D Max программын сургалтанд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд Г.*******гаас гадна компаниас 4 ажилтан, нийт 5 ажилтанг хамруулсан үйл баримтыг талууд тайлбарласан.

 

Нэхэмжлэгч нь хэрэгт Хятад хэл дээрх санхүүгийн баримтуудыг орчуулж гаргасан боловч уг баримтаас үзэхэд нийт 5 ажилтаны онгоц, галт тэрэг, зочид буудал хоолны зардлын баримт байх ба үүнээс М.*******д хамаарах зардал тодорхойгүй байна.

 

Мөн ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн байгуулагдсан сургалтын гэрээ болон Хятад улсад албан томилолтоор ажилласан зардлын гүйцэтгэлийн задаргааг хэрэгт баримтаар гаргасан боловч эдгээр баримтыг үндэслэн зардал гаргасан санхүүгийн баримтгүй байна.

 

Түүнчлэн ******* ХХК-ийн эзэмшлийн Голомт банк дахь ******* тоот данснаас 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 9,908,500 төгрөгийг тийзний төлбөр гэх гүйлгээгээр, 9,373,000 төгрөгийг ******* ******* гэх гүйлгээгээр, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 7,810,000 төгрөгийг ******* ******* гэх гүйлгээгээр тус тус зарлагдсан байна. Уг зарлагын гүйлгээнээс үзэхэд хариуцагч М.*******г гадаад улсад суралцуулахад 3,544,239 төгрөгийг зарцуулсан гэж дүгнэх боломжгүй байна. ******* ******* гэх гүйлгээгээр юуны төлбөр төлсөн болох нь тодорхойгүй, тийзний төлбөрийн гүйлгээг хэзээ, хаашаа зорчих хэний төлбөрийг төлсөн болох нь тодорхойгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.*******г гадаад улсад суралцуулахад 3,544,239 зарцуулсан болохоо баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч М.*******д холбогдох 3,544,239 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,821 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ