Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 115/ШШ2025/00013

 

 

 

 

 

 

 

 

      2025        04          08                                                 115/ШШ2025/00013       

 

 

     Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Отгонтуяа даргалж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г, Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан явуулсан шүүх хуралдаанаар “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй  Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан “2021 оны Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгч “И” ХХК-ийн “2021 оны Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч “И” ХХК-ийн “2021 Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Г бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлахгүй байна.

Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1. “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 67 дугаар зүйлийн 67.1. “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүхээс хариуцагчид хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний үр дагаврыг тайлбарлан өгч энэ тухай баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлага бүрэн хангагдсан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн109.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан “И” ХХК-ийн Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан “2021 Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт ковид 19 цар тахлын улсаас бүх нийтийн хөл хорио тогтоон иргэдийг аймгийн нутаг дэвсгэрт орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан захиргааны акт үйлчилж байсан буюу нийтийн эрх зүйн харилцаа байсан эсэхийг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Г хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн ... сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                С.ОТГОНТУЯА