Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00669

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00669

 

 

 

С.Д-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Мөнхзул, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00698 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Д-ын хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2017 дугаар шийдвэрээр С.Д-аас 35 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 332 950 төгрөгийг тус тус гаргуулж Алтай дөрвөн зүг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас гарч, Н- нь шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч С.Д-ын өмчлөлийн Г-2202007984 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 11 дүгээр гудамж, 152 тоот хаягт байрлах 24,48 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай газрыг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19262054/05 дугаар тогтоолоор хурааж шинжээч томилон, шинжилгээ хийлгүүлсэн. Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг нийт 19 313 000 төгрөгөөр үнэлсэн буюу зах зээлийн бодит үнээс доогуур үнэлж хөрөнгийг үнэгүйдүүлж төлбөр төлөгчийг хохироож байна. Н-аас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээний талаарх мэдэгдлийг шуудангаар илгээсэн гэх боловч нэхэмжлэгч С.Д-т хүргэгдэн ирээгүй учраас 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн биеэр очиж холбогдох материалыг хуулбарлан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргасан болно. Иймд 19 313 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02017 дугаар шийдвэрээр С.Д-аас 35 000 000 төгрөгийг гаргуулж, Алтай дөрвөн зүг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 19262054 дугаар тогтоолоор үүсгэж төлбөр төлөгч С.Д-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд төлбөр төлөгдөөгүй. Иймд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202007984 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 11 дүгээр гудамж, 152 тоот хаягт байрлах 24,48 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 200 м.кв талбайтай газрыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19262054/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 19262054/05 дугаар тогтоолоор хураасан. Төлбөрт авагдсан хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч С.Д-ын үнэлсэн үнэлгээг төлбөр авагч Алтай дөрвөн зүг ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн. Хариуцагч нь төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн, 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/376 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг томилоход шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 19 313 000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээг талуудад 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 4-163/30973 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Д-ын Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч С.Д- нь 2020 оны 9 сард үл хөдлөх эд хөрөнгө байрлах хаягаар буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэргийн харьяаллыг өөрчлөн, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Мөнхзалгамж нь өөр ажил албан тушаалд томилогдсон, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй зэрэг шалтгаанаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч байжээ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай би 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн итгэмжлэлээр нэхэмжлэгч С.Д-ыг төлөөлөн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн. Би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аливаа хэлбэрээр саад учруулаагүй ба намайг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр шүүх хуралдаан зарлагдсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргалын туслах н.Мандахтуяа нь 99977175 дугаарын утаснаас 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр миний 90912294 дугаарын утсаар залгаж тов мэдэгдсэн ба би тухайн үед буюу 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 00 минутаас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхцаж, шүүх хуралдааны товыг өөрчлөх тухай мэдэгдсэн. Гэвч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Тиймээс би урьд товлосон хурал болох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааны товыг шүүх хуралдаан хойшлуулах тухай өөрийн хүсэлттэй хамт шүүгчийн туслахад 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагт аваачиж өгсөн. Шүүгч Л.Энхжаргал шүүх хуралдааны ирцийн үе шатанд миний хүсэлтийг хэлэлцэж, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 1754 тоот захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэн хариуцагчийн хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэжээ. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00698 тоот шийдвэрийг нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр гаргасан нь хэргийн оролцогчийн мэтгэлцэх зарчмыг хангаагүй байх ба тус шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна гэснийг үндэслэл бүхий тайлбар гэж үзэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Манлай би 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэргийн материалтай танилцсан ба тухайн өдөр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Тиймээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээр үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02017 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч С.Д-аас 35 000 000 төгрөг гаргуулан, төлбөр авагч Алтай дөрвөн зүг ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-ийн 46-47-р тал/

 

Төлбөр төлөгч С.Д- нь шүүхийн шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Алтай дөрвөн зүг ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 101/ГХ2019/01272 дугаар гүйцэтгэх хуудас олгожээ. /хх-ийн 44-р тал/

 

Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, нэхэмжлэгч С.Д-ын өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, сургуулийн 11 дүгээр гудамж, 152 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18642314589674, эрхийн улсын бүртгэлийн Г-2202007984 дугаарт бүртгэлтэй, 200 м.кв талбай бүхий газар, мөн хаягт байрлах 24.48 м.кв талбай бүхий хувийн сууцыг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр битүүмжилж, 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хураасан байна. /хх-ийн 56, 58-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад нэхэмжлэгч С.Д- нь дээрх дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 70 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Алтай дөрвөн зүг ХХК эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. /хх-60-61-р тал/

 

Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцоогүй байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 8/376 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Файн-Эстимэйт ХХК-ийг томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна. /хх-ийн 61-р тал/

 

Хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг нийт 19 313 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хариуцагч байгууллага нь уг үнэлгээг талуудад мэдэгджээ. /хх-ийн 64-74-р тал/. Иймд хариуцагч байгууллагыг үнэлгээ гаргуулах ажиллагаа явуулахдаа хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасанд нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байх тул дээрх хуулийн заалтуудыг хассан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо миний бие шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр С.Д-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн боловч шүүх хүлээн аваагүй, мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол анхан шатны шүүх хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэхээр зохицуулсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хэргийг шийдвэрлэсэн байна. /хх-ийн 23-р тал/. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулж, шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн байх тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисон шүүхийн ажиллагааг буруутгах боломжгүй байна. /хх-ийн 102-р тал/

 

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2021/00698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, ... 122 дугаар зүйлийн 122.4 ... гэснийг хасч шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Г.ДАВААДОРЖ