| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0073/З |
| Дугаар | 159/ШШ2025/0050 |
| Огноо | 2025-04-01 |
| Маргааны төрөл | Газар, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 159/ШШ2025/0050
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:159/2024/0073/3
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С” ХХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: “Ш” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийн хавсралтад заасан өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 9 нэгж талбар бүхий газрыг олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М /цахим/, гуравдагч этгээд Ц.О, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А, Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамж, “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийн хавсралтад заасан өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 9 нэгж талбар бүхий газрыг олгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Маргааны үйл баримтын тухайд:
1. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 52 дугаар захирамжаар[1] Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийг тус тус үндэслэн “С” ХХК-д нийт 41 нэгж талбар бүхий 1517,6 га га тариалангийн талбайг үр тариа тарих зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн.
2. “С” ХХК-д маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн дээрх захирамж гарснаас хойш 1 жил 2 сар гаруй хугацааны дараа буюу 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын “ Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 147 дугаар захирамжаар[2] Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй.” гэж тус тус заасан үндэслэлээр “С” ХХК-ийн эзэмшлийн 9 нэгж талбар бүхий 100,9 га газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгожээ.
3. Улмаар тухайн өдрөө буюу 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын “Газар эзэмшүүлэх тухай” 149 дугаар захирамжаар[3] Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийг тус тус үндэслэн дээрх хүчингүй болгосон 9 нэгж талбар бүхий 100,9 га газрыг үр тариа тарих зориулалтаар “С Х” ХХК-д эзэмшүүлсэн байна.
4. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 204 дугаар захирамжаар[4] Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг үндэслэн “Сонголон хайрхан” ХХК-ийн эзэмшлийн 16 нэгж талбар бүхий үр тариа тарих зориулалттай 849,95 га, 1 нэгж талбар бүхий үтрэмийн зориулалттай 2 га газар буюу нийт 17 нэгж талбар бүхий 851,96 га газрын газар эзэмших эрхийг “СНА” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлжээ.
5. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжаар[5] “СНА” ХХК-ийн эзэмшил 16 нэгж талбар бүхий үр тариа тарих зориулалттай 657,03 га, 1 нэгж талбар бүхий үтрэмийн зориулалттай 2 га газар буюу нийт 17 нэгж талбар бүхий 659,03 га газрын газар эзэмших эрхийг “Ш” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн бөгөөд “Ш” ХХК-д газар эзэмших эрх шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр, захирамж гараагүй тус захирамж хүчин төгөлдөр байна.
6. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга Нэхэмжлэгч “С” ХХК-д дээрх газар эзэмших эрх хүчингүй болгох тухай, газар эзэмшүүлэх тухай, газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжуудыг гарсан талаар Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдээгүй, тайлбар аваагүй, ашиглаж байгаа эсэхийг тодруулаагүй, газрын төлбөрөө төлсөн эсэхийг нягтлаагүй, хугацаа хэтэрсэн эсэхийг тооцоололгүйгээр газраа 2 жил зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа бөгөөд маргаан бүхий 9 нэгж талбараас хоёрыг нь одоо болтол эзэмшиж, тариалалт эрхэлдэг гэж маргадаг.
7. Маргаан бүхий захиргааны акт гарсныг нэхэмжлэгч “С” ХХК нь 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Ш” ХХК-ийн “ ... 2 нэгж талбарын дугаар бүхий газрыг “С” ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гардуулах үед мэдсэн гэж тайлбарладаг.
8. Нэхэмжлэгч “С” ХХК нь дээрх 9 нэгж талбар бүхий газраас Хонгорын нуруу гэх газарт нэгж талбарын 18629494718183 дугаар бүхий 14.49 га, нэгж талбарын 18630495464991 дугаар бүхий 14.92 га газарт 2008 оноос хойш одоог хүртэл тариалалт хийж байгаа бөгөөд үлдсэн 7 нэгж талбар бүхий газрыг тухайн үеийн Засаг дарга С.Гын санал болгосноор “С Х” ХХК-д түр ашиглуулахаар тохиролцож байсан харин эзэмшилд нь шилжүүлэх зөвшөөрөл өгөөгүй талаар нэхэмжлэлдээ дурджээ.
Нэхэмжлэгч “С” ХХК нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай "С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар захирамжаар үр тариа тариалах зориулалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр 41 нэгж талбар бүхий 1517.6 га газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн.
Гэтэл Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуудсаны дагуу очиход "Ш” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг гардуулсан ба уг нэхэмжлэлтэй танилцаад манай эзэмшиж байсан дээрх 41 нэгж талбар бүхий газраас 9 нэгж талбар бүхий газрыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын захирамжаар "Ш” ХХК-д эзэмшүүлсэн болохыг мэдсэн.
Өөрөөр хэлбэл "Ш” ХХК нь дээрх 9 нэгж талбар бүхий газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Үүний дагуу 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн ажилтнаас лавлахад манай компанийн эзэмшиж байсан маргаан бүхий 9 нэгж талбар бүхий газрыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар "Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" захирамж гарч хүчингүй болгосон талаар мэдэж хуулбарлан авсан.
Гэтэл дээрх эзэмшиж буй газрын гэрчилгээнүүд манай компанид одоо хүртэл эх хувиараа байгаа ба ямар ч байгууллагаас хүчингүй болгосон талаар мэдэгдээгүй.
Дээрх 9 нэгж талбар бүхий газраас Ерөө сумын 2 дугаар багийн нутаг "Хонгорын нуруу" гэх газарт нэгж талбарын 18629494718183 дугаар бүхий 14.49 м.кв 18630495464991 дугаар бүхий 14.92 м.кв газрыг тус тус 2008 оноос хойш одоог хүртэл ашиглаж байгаа юм. Харин үлдсэн 7 нэгж талбар бүхий газарт тариа тарьж амжаагүй байсан тул тухайн үеийн Засаг дарга С.Гын санал тавьснаар "Сонсголон хайрхан" ХХК-д түр ашиглуулсан ба хуулийн дагуу бусдын эзэмшилд шилжүүлэх зөвшөөрлийг өгөөгүй.
Гэтэл дээрх 7 нэгж талбар бүхий газар, мөн манай компанийн одоог хүртэл ашиглаж, үйл ажиллагаа явуулж байгаа 2 нэгж талбар бүхий нийт 9 нэгж талбар бүхий газрыг огт бидэнд мэдэгдэхгүйгээр сумын Засаг дарга хүчингүй болгосон байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар тухайн газраа 2 жил ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлийг заасан байна.
Гэтэл манай "С” ХХК-д дээрх газруудыг 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр эзэмшүүлэх захирамж гарсан хэрнээ 1 жилийн дараа буюу 2009 оны 6 дугаар сард газраа 2 жил ашиглаагүй гэсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т заасан "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй гэж үзэхээр байна.
Мөн анхнаасаа манай компанийн эзэмшиж буй газрыг "Сонсголон хайрхан" ХХК-д давуу байдал олгож өгч байгаа нь захирамжуудын хугацаанаас тодорхой харагдаж байна.
Маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон 2009.06.11-ний өдрөө "Сонсголон хайрхан" ХХК-д эзэмшүүлэх захирамж гарсныг мөн сумын тамгын газраас хуулбарыг нь авч мэдсэн ба анхнаасаа манай компанийн эзэмшиж буй газрыг "Сонсголон хайрхан" ХХК-д давуу байдал бий болгож, хууль зөрчин олгосон гэж үзэхээр байна.
Хуульд зааснаар захиргааны байгууллага буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаандаа хамааралтай асуудал бүрийг тодорхой нарийвчлан судалсны дараагаар шийдвэрээ гаргах боломжтой байсан.
Гэтэл сумын Засаг дарга нь дээрх захирамжийг гаргахдаа манай компанид мэдэгдээгүй, тайлбар аваагүй, ашиглаж байгаа эсэхийг тодруулаагүй, газрын төлбөрөө төлсөн эсэхийн нягтлаагүй, хугацаа хэтэрсэн эсэхийг тооцоогүй нь "С" ХХК-ний эрх ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж байна.
Иймд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаартай "Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч “С” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан.
Улмаар хариуцагчийн тайлбар болон хэргийн материалтай танилцаад дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна.
Манай "С" ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар захирамжаар үр тариа тариалах зориулалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр 41 нэгж талбар бүхий 1517.6 га газрыг эзэмшиж үйл ажиллагаа явуулж ирсэн.
Дээрх 41 нэгж талбар бүхий газраас 9 нэгж талбар бүхий газар нь анх "Сонсголон хайрхан"ХХК-руу хууль бусаар шилжээд улмаар тус компани нь нэрээ сольсон тул 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дугаар захирамжаар "СНА" ХХК-руу шилжсэн байна.
Улмаар тус газруудыг "СНА" ХХК-иас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар захирамжаар "Ш" ХХК-д эзэмшүүлсэн байна.
Одоогоор "Ш” ХХК-д эзэмшүүлсэн захирамж хүчинтэй байгаа тул Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар захирамжийн хавсралтад заасан өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 9 нэгж талбар бүхий газрыг олгосон хэсгийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 603 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 52 дугаар захирамжаар "С” ХХК-д 41 нэгж талбарыг эзэмшүүлсэн байх бөгөөд 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар захирамжаар 9 нэгж талбарыг хүчингүй болгож, 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 149 дүгээр захирамжаар "Сонсголон хайрхан” ХХК-д 9 нэгж талбарыг эзэмшүүлэхээр тухайн үед холбогдох шийдвэрийг гаргасан байна.” гэжээ.
Хариуцагч 2025 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн 73 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нэхэмжлэлд дурдсан сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар "Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" захирамжаар “Ш” ХХК-д хавсралтад дурдсан газруудыг олгохдоо 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 204 дугаар захирамжид дурдсан газрын эрхийг шилжүүлсэн байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.
Гуравдагч этгээд “Ш” ХХК нь 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12/25 тоот албан бичгээр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “С” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгох, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар захирамжийн хавсралтад заасан өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой 9 нэгж талбар бүхий газрыг олгосон хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 "Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:
54.1.8.энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн", мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 "Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана.", Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 "Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй." гэж тус тус заажээ.
Хэрэгт авагдсан маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай" захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 заалтыг үндэслэл болгосон.
Гэтэл газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргасан өдрөөс хойш 15 жил гаруйн дараа нэхэмжлэл гаргасан байна.
Газар эзэмших, түүний дотор газар тариалангийн зориулалтаар эзэмших нь гэрээгээ жил бүр дүгнэх, газрын төлбөр төлөх, хуульд зааснаар газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх зэргээр сумын Засаг дарга, газрын албатай байнгын харилцаатай байдаг. Гэтэл 15 жил захиргааны байгууллагатай ямар нэгэн харилцаагүй явсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй тул газар эзэмших эрхээ хүчингүй болсноо мэдээгүй байсан гэдэг нь үндэслэлгүй.
Мөн манай компанид 2016 онд газрыг шилжүүлэн авснаас хойш 45 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн захирамж гарч, газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон. Бид газар эзэмших эрхээ хэрэгжүүлж газрын төлбөрийг хугацаанд нь төлөх, байгаль орчныг хамгаалах зэргээр хуулийн дагуу ажиллаж, тариалангийн үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Газар тариалангийн үйл ажиллагаа нь талбайн гаднаас ил тодорхой харагддаг, хөрс боловсруулах, уринш хийх, үрсэлгээ хийх, хор бордоо цацах, тариа хураах зэрэг технологийн бүхий л ажлуудад олон хүн, техник оролцдог тул хэн ямар үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой мэдэгддэг. Энэ хугацаанд хөрш "С" ХХК нь манай компанийг газар эзэмших эрхтэй, тухайн газартаа тариалангийн үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байсан атлаа мөн 2016 оны захирамжтай маргаан үүсгэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд дээрх хуулийн дагуу нэхэмжлэлийг хэлэлцэх боломжгүй юм.
Иймд дээрх хуулийн үндэслэлд хамаарч байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2018 оны 5 дугаар сараас хойш Сэлэнгэ аймгийн Ерөө сумын газрын даамлын үүргийг гүйцэтгэж байна. Тухайн үед буюу 2008 онд “С” ХХК-д газар эзэмшүүлэх захирамж шинээр гараад 2009 онд 1 жилийн дараа хүчингүй болгосон захирамж гаргасан байна. Тухайн үеийн процессыг миний бие мэдэхгүй байна. Захирамжийн хүрээнд үзэхэд процессын алдаа юм байна гэж харж байна. Өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Архивд хадгалагдаж байгаа болон хувийн хэрэг үүссэн бүх материалыг шүүхэд хүргүүлсэн.” гэжээ.
Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани 2016 оноос хойш 45 жилийн хугацаатай Хонгорын нурууны 9 нэгж тайлбай бүхий газар эзэмшээд явж байна. Хөдөө аж ахуйн газрын нэгдсэн цахим системд орсон. Га гаагаараа ямар ургамал тарьсан, яаж бордсон талаар нарийвчилсан тариалдаг. Хөдөө аж ахуй 2 жилийн циклтэй явдаг. 1 жил нь газраа бэлдээд дараа жил тарьдаг. Боловсруулах жилд нь тэр хоёр 14 га газарт эднийх дандаа тариад байдаг. Тэгээд эзэмшил, и-баримт хянан баталгаа зэргээр манайх хууль ёсны дагуу манайх талбай дээрээ тарина гэтэл эднийх бас манайх давхар гэрчилгээтэй гэж хэлсэн. Бусад 7 нэгж талбар газар дээр ямар нэг асуудал яригдаагүй манайх тариад ургацаа аваад ирсэн. Асуудал бол хоёр 14 га дээр яригддаг. Эднийх тариалаад байгаа манайх тариалж чадахгүй байгаа тул иргэний хэргийн шүүхэд энэ хоёр 14 га талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт гаргасан. 2023, 2024 онд “Ш” ХХК-ийн эзэмшил гэж байгаа. Манайх энд тарьж ирсэн гээд байдаг. Бид нар тэр 7 нэгж талбар дээрээ бол тарьсаар ирсэн. Танайх манай газрын чөлөөлөөд өгөөч гэсэн асуудал тавьсан.” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: “...Хариуцагч талаас тайлбар өгч байгаа үйл баримтыг хараад үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа юм шиг тайлбар өгөөд байна. Алдаатай захирамж гаргасан гэдгээ зөвшөөрч байна гэж байна. Алдаатай захирамж гарснаас улбаалаад дараа дараагийн захирамж гарсан. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хуульд үндэслэх зарчим бодит байдлыг тогтоох ажиллагаа огт хийгээгүй энэ захиргааны акт гарсан байна. Дараагийн асуудал бол гуравдагч этгээдийн зүгээс хэлээд байгаа шиг. Захиргааны актыг нэгэнт гаргасан бол Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мэдэгдэх зарчим алдагдсан. Мэдсэн гэх асуудал огт хуульд байхгүй, 15 жил мэдээгүй юм биш үү ч гэдэг юм уу энэ асуудлыг тавиад байна. Хуулийн заалтаар яривал мэдэгдэг асуудлыг л өөрөөр хэлбэл тухайн захиргааны актыг гаргасан эрх бүхий албан тушаалтан мэдэгдэх үүрэгтэй. Энд тэнд очоод амаараа ярих асуудал биш. Э.А гэж гэрчтэй таараад хэлсэн гээд байна энэ чинь нотлогдохгүй. Захиргааны байгууллагатай холбоотой асуудал дандаа бичиг баримтын хүрээнд шийдэгддэг. Утсаар мэдэгдсэн, албан бичиг хүргүүлсэн байх ёстой. Нотлогдвол зохих байдлыг нотлоод газрыг хүчингүй болгох гэж байвал хуучин гэрчилгээг хүлээж авах ёстой. Энэ байдлуудыг тодорхойлж байж, нотлох баримт цуглуулж байж хүчингүй болгох асуудал байх ёстой. Манай зүгээс хэзээ мэдсэн бэ гэх асуудал яригдана гэхдээ хэрэгт авагдсан баримтаар тухайн үеийн Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр нэхэмжлэл гаргаад 2024 оны 08 дугаар сард гуравдагч этгээд гаргасан юм байна. Манай зүгээс нэхэмжлэлийг гардаж авсан баримтаа шүүхээс авсан, 25-ны өдөр гардаж аваад Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мэдсэн гэдгийг энэ баримтаар тогтоож болно тэрнээс биш 2008, 2009 онд тухайн газруудын төлбөрийг төлөөд явж байсан учраас 1 жилийн хугацаанд төлбөрөө төлсөн байна гэж үзэж байна. 2 нэгж талбарыг авсан цагаасаа эзэмшиж байгаа талаар аль аль тал нь маргаагүй. Баталгаатай 2 газар нь одоо хүртэл ашиглаж байгаа. Тухайн 7 га газрыг “Ш” ХХК ашиглаж байна. Нэхэмжлэлд нэг зүйлийг дурдсан байдаг нь нэхэмжлэгчийн яриад байгаа тухайн газрыг нийт 41 нэгж талбараас шууд тэр газраа тарих боломжгүй байсан учраас Засаг дарга С.Гын санал болгосноор “С Х” ХХК-д түр ашиглуулсан, бусдын эзэмшилд ашиглуулах зөвшөөрөл өгөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага дээрээ дурдсан байгаа юм. 60 жилийн хугацаатай гэрчилгээ өөрт нь байгаа зүйл, хэрвээ 15 жилийн юм уу 30 жилийн хугацаатай авсан бол энэ газар юу болж байна гэж хөөцөлдөнө. Тухайн газрыг бусдад шилжүүлэх асуудлыг “С” ХХК-иас огт тавиагүй. Шилжүүлэх асуудал тусгасан бол огт өөр захирамж гарах байсан. Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдолтой ганц баримтыг анхны захирамжийн асуудал дээр маргаан үүсгэж байна. Хохирсон асуудлыг буруутай байгууллагаас нэхэмжлээд явах бүрэн боломжтой. Тиймээс Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын дарга хэрэгжүүлээгүй юм байна. Тиймээс хүчингүй болгож өгнө үү. Үүнээс болж одоо хүчинтэй байгаа “Ш” ХХК хохирсон. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 149 дугаар захирамжийн хавсралтад заасан 1, 2, 3, 10, 11, 12, 14, 15, 16 дахь газруудад хүчингүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан өмгөөллийн дүгнэлтдээ: “Захиргааны хэргийн шүүхээс маргааныг шийдвэрлэхийн тулд эхлээд тухайн нэхэмжлэлийг хүлээн авах үндэслэл байна уу үгүй юу гэдгийг харна. Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн байна. Маргаан бүхий 2009 оны 147 дугаар захирамж гарахдаа Газрын тухай хуулийн 40.1.5 болон 40.1.6-д заасан үндэслэсэн гарсан. Тухайн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол энэ хуулийн 40.3-т зааснаар Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргана гэж байна. Гарсан өдрөөс хойш 10 өдрийн дотор гомдол гаргах юм байна гэдэг нь харагдаж байна. Гэрчүүдийн мэдүүлэгт захирамж гарснаас хойш С компанийн захиралтай уулзсан, тухайн үед энэ асуудлаар ярилцах талаар ярьсан гэж байна. Тэгээд 2009 ондоо мэдэгдсэн юм байна. Үүнээс хойш дахиад гомдол гаргахгүй 15, 16 жил болсон байна. Цаашлаад газар тариалангийн зориулалтаар эзэмшиж байгаа гэхдээ яах вэ гэхээр Газрын тухай хуулиар давхар үүрэг хүлээгээд эрхээ эдэлнэ. Мэдээж эрхээ эдлээд тариалангаа тариад явж байна мэдээж нөгөө талаар үүрэг хүлээнэ. Гэрээ байгуулна, төлбөрөө төлнө, энэ болгон мэдээж 1500 га газартай байгаа гэтэл яг маргаж байгаа 9 нэгж талбар байхгүй байдаг. Энэ асуудлаар өөрсдөө захиргааны байгууллагад хандаж үүрэг хүлээх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй байна гэж харж байна. Маргаж байгаа 9 нэгж талбар дээр төлбөр төлөөгүй гэдэг нь тодорхой нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байна тариа тариагүй гэж байна. Ямар ч байсан газар эзэмших эрхтэй байж байгаад тэр нь байхгүй болсон гэдгийг ойлгоод байна. Төлбөрөө төлөөгүй, тариалалт хийгээгүй олон жил болсон гэж харагдаж байна. И газар систем 2022 онд нэвтэрсэн байна түүнээс хойш газартай холбоотой бүх зүйл үүгээр явж байгаа тэгэхээр газар эзэмшиж байгаа этгээд өөрийнхөө эрхээр нэвтэрч ороод би ямар газар эзэмшиж байна ямар татвар төлөх ёстой вэ гэдгээ мэдээд явах боломжтой. Тийм зүйл байхгүй байна. Нотлох баримт шинжлэн судлахдаа Ерөө сумын Засаг даргаас байгуулсан газар эзэмших гэрээ авагдсан байна. Жил болгон гэрээгээ байгуулаад дүгнээд явна. Тэрнээс биш 60 жилээр авчихсан гээд гэртээ аваачаад хадгална гэдэн зүйл биш. Шүүхээс үзлэг хийгээд хариуцагч дээр байгаа нотлох баримтуудыг цуглуулсан. Энэ дунд ч гэсэн 9 нэгж талбарын гэрчилгээ бүрэн гүйцэт байгаагүй гэдэг нь харагдаж байна. Тухайн үед авчхаад боломжгүй байсан учраас бусдад ашиглуулсан гэж байна. Хэрвээ боломжгүй байсан бол хүлээлгэж өгнө 2 жил дараалаад тарьж чадахгүй байвал Тариалангийн тухай хууль болон Газрын тухай хуулиар хэсэгчлээд хүчингүй болгоод явна. Ерөө сумын архиваас хавтаст хэрэгт бичиг ирсэн байдаг. Маргаад байгаа 147 захирамжийг тухайн өдөр хуулбарлаж өгсөн гэдгийг илэрхийлж байгаа болохоос гардуулалт гэсэн агуулга байхгүй, мэдсэн хугацаа гэж үзэх боломж байхгүй. Нэхэмжлэгч хэлж байна иргэний шүүхэд ирээд нэхэмжлэл гардаж авсан гэж байна. Ямар ч байсан Захиргааны ерөнхий хуулиар нэхэмжлэл гаргах хугацаа 30 хоног байгаа “Ш” ХХК-тай холбоотой хэрэг дээр ингэж гаргасан зүйл байгаа юм. “”АШШБ” ХХК-иас шилжүүлж авсан гэж байна. Шилжээд ирсэн учраас эрх үүргийг үргэлжлүүлээд авах юм гэж байгаа. Хэрэгт ч гэсэн шилжүүлээд нотолгоо гаргаж өгсөн. Энэ компаниас шилжүүлж авсан учраас энэ эрх үүргээ үргэлжлүүлээд явна гэсэн нотолгоог гаргаж өгөөд явсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгч хэлж байгаагаар 2014 онд уулзаж ярилцаж байсан гэж хариулсан. Ямар ч байсан тухайн захирамжийг мэдсэн байна үүнээс хойш 10 хоногийн дотор нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн байна. 147 дугаар захирамжийг хүчингүй болголоо гэхэд нэхэмжлэгчийн эрх ашиг яаж сэргэх вэ гэдэг тодорхойгүй байна. 149 дүгээр захирамж бол “Сонгсголон нью агро” ХХК-иас “Ш” ХХК-д газар шилжүүлсэн. Шилжүүлсэн захирамж нь шаардлага хангасан байгаа учраас шилжиж байгаа асуудал дээр хууль зөрчсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 147 дугаар “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр “С” ХХК-ний эзэмшлийн Ерөө суманд байрлах тариалангийн зориулалттай 9 нэгж талбар бүхий 100,9 га газрыг хүчингүй болгож, мөн өдрийн 149 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар дээрх хүчингүй болсон “С” ХХК-ний 9 нэгж талбар бүхий 100,9 га газрыг “С Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч С ХХК дээрх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 147 дугаар захирамжийг хүчингүй болгох тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийн маргаан бүхий 9 нэгж талбарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.”, 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2-т “энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж тус тус заажээ.
Захиргааны хэрэгт цугларсан нотлох баримт болох нэхэмжлэгч “С” ХХК-иас гаргаж өгсөн газрын төлбөртэй холбоотой баримтууд болон Сэлэнгэ аймгийн Татварын газрын 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 тоот албан бичигт[6] “... “С” ХХК нь 2008 онд газрын төлбөрөөр 999,381 төгрөг, 2009 онд 717,200 төгрөгийн газрын төлбөрийг бусад татварын илүү төлөлтөөс хасаж суутган тооцоолол хийсэн...” талаарх холбогдох баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байх тул нэхэмжлэгч “С” ХХК-нийг 2008, 2009 онуудад газрын төлбөрөө төлөөгүй гэх үндэслэл нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2008 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 52 дугаар захирамжаар “С” ХХК-д тариалангийн зориулалттай 41 нэгж талбар бүхий 1517,6 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн атлаа 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмших эрх хүчингүй болгох тухай” 147 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр “С” ХХК-ний дээрх 1517,6 га газраас Ерөө сумын Хонгорын нуруунд байрлах 9 нэгж талбар бүхий 100,9 га газрын газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон нь хуульд нийцэхгүй байна.
Тухайлбал Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгохоор хуулийн шаардлага тавигдсан байхад Ерөө сумын Засаг дарга 01 жил 02 сар 03 хоногийн дараа буюу 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад “С” ХХК-ний эзэмшлийн 9 нэгж талбар бүхий 100,9 га газрыг хүчингүй болгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр байх ба гэрч С.Г /тухайн үеийн захирамж гаргасан Засаг дарга/ уг захирамж алдаатай гарсан талаар шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа маргаан бүхий захирамжийг хууль зөрчиж гарсан захирамж гэдгийг үгүйсгээгүй байна.
Түүнчлэн тухайн үеийн Засаг дарга 2009 оны 147, 2009 оны 149, 2013 оны 204, 2016 оны 149 дугаар захирамжуудыг нэхэмжлэгч “С” ХХК-д Газрын тухай хуулийн 40.2-т заасны дагуу мэдэгдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /Шүүхээс үзлэг хийх явцад гардуулсан гэх нотлох баримт байхгүй байсан болно./
“С” ХХК-ний эзэмшлийн 9 нэгж талбар бүхий 100,9 га газрыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга хууль бусаар хүчингүй болгосны дараа тус өдрөө “С Х” ХХК-д эзэмшүүлсэн болон “С Х” ХХК-иас “СНА” ХХК-д шилжүүлсэн, “СНА” ХХК-иас “Ш” ХХК-д уг 9 нэгж талбар бүхий 100.9 га газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн үйлдлүүд нь бүхэлдээ хууль бус байх тул хамгийн сүүлд “Ш” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 149 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжийг мөн адил Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж заасны дагуу хүчингүй болгох үндэслэлтэй байна.
Мөн маргаан бүхий 9 нэгж талбарыг “С Х” ХХК-д эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 149 дугаар захирамж болон тус газруудыг “С Х” ХХК-иас “СНА” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 204 дугаар захирамжууд нь тухай бүр дараагийн гарсан захирамжуудын хавсралтаар хүчингүй болсныг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 147 дугаар захирамж, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 149 дугаар захирамжийн хавсралтад дурдсан “С” ХХК-ний эзэмшилд байсан 9 нэгж талбар бүхий газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгосугай.
2. Дээрх захирамжуудыг шүүх хүчингүй болгосны дагуу газар эзэмшигч “С” ХХК-ний маргаан бүхий 9 нэгж талбар газрыг эзэмших эрх нь шууд сэргэх тул хариуцагч 30 хоногийн дотор газар эзэмших эрхийн гэрээг шинэчлэн байгуулж, газрын мэдээллийн санд шүүхийн шийдвэрт заасан өөрчлөлтийг хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ерөө сумын Засаг даргаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С” ХХК-д олгосугай.
Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР