Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2021/00740

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00437 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.А-гийн хариуцагч Н-арт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А- миний бие 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С.Зүчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах ..., Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76-р байр, 11 тоотод байрлах, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбайтай авто зогсоолыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, уг хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хувиа гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүгчийн захирамжаар С.Зүчийн өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууц, авто зогсоолыг битүүмжлэх арга хэмжээг авсан. Гэтэл С.Зүчи нь надад мэдэгдэлгүй, гэрлэлт цуцлуулах, тухайн эд хөрөнгийг гэр бүлийн эд хөрөнгө гэж маргаж байх үед Худалдаа хөгжлийн банкны нэхэмжлэлтэй Миротек ХХК-ийн зээлийн гэрээний төлбөр нэхэмжилсэн иргэний хэргийн маргаанд зохигчид хоорондоо эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дугаартай захирамжид Миротек XXК зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд, үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76 дугаар байр, 11 тоотод байрлах, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбайтай авто зогсоолыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсоныг баталгаажуулсан нь миний болон 3 хүүхдүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна. С.Зүчи нь Миротек ХХК-ийн зээлийн төлбөрт барьцаалсан бусад хөрөнгүүдийг барьцаанаас чөлөөлүүлж, зөвхөн маргаантай байгаа хүүхдүүдийнхээ амьдарч байгаа орон сууцыг барьцааны зүйл хэмээн тодорхойлж, зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож өр төлбөртөө тооцон авахыг хүлээн зөвшөөрсөн. Үүний дагуу Н-ар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр эд хөрөнгийг хураасан нь миний болон насанд хүрээгүй 3 хүүхдийн минь хууль ёсны эрх ашиг сонирхлыг илтэд зөрчиж, хөндсөн ажиллагаа болж байна. Учир нь шүүхэд гаргасан миний нэхэмжлэлийн үндсэн дээр дээрх орон сууц, авто зогсоолыг битүүмжлэх арга хэмжээг авч, хөрөнгийг битүүмжилсээр байхад Миротек ХХК-ийн зээлийг төлүүлэх шүүгчийн захирамжийг биелүүлэхдээ С.Зүчи болон би, бидний хүүхдүүд болох хүү З.Т-, З.Орхон, охин З.Онон нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 5 өрөө орон сууц болон авто зогсоолоор төлбөрийг гүйцэтгүүлэхээр битүүмжилж, хураан авч байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэгч энэхүү ажиллагааг хэрэгжүүлэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/Ш32017/12281 дугаар захирамжийн биелэлтийг харгалзан үзээгүйд гомдолтой байна. Миротек ХХК-ийн зээлийн өр төлбөрийг хураан авсан нь Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг зөрчсөн төдийгүй Миротек ХХК-ийн эд хөрөнгөөр өр төлбөрийг төлүүлэх ажиллагаа явуулаагүй атлаа өмчлөл нь маргаантай зөвхөн нэрлэсэн хөрөнгийг хураан авч байгааг эс зөвшөөрч байна. Н-рын 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар тогтоолоор хураасан дээрх нэрлэсэн үл хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох талаар шүүхийн шийдвэр, магадлал гарсан. Нэхэмжлэлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5 дах хэсэгт заасныг үндэслэн иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргаж байгаа болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн 5 өрөө орон сууц, болон авто зогсоолыг битүүмжлэх тухай 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай эд хөрөнгө хураан авах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/05 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дүгээр захирамжаар Миротек ХХК-иас 410 443 186 төгрөгийг гаргуулж, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгох, шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг С.Зүчийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76-р байр, 11 тоот хаягт байрлах 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолоос хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Төлбөр төлөгч Миротек ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж анхааруулсан боловч төлбөрийг төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд заагдсан хөрөнгийг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаар битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар хураах тогтоолоор хураасан байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож хөрөнгийн үнийн 500 000 000 төгрөгөөр тогтоосныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдлээр талуудад мэдэгдсэн байна. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нарын харилцан тохиролцож тогтоосон үнэ болох 500 000 000 төгрөгийн 70 хувиар анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй байна. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан Зайсангийн гудамж 76 дугаар байрны 11 тоот хаягт байрлах 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолын өмчлөлийн талаар маргаантай байсан талаар болон тухайн хөрөнгийн өмчлөгчөөр Б.А- болон З.Т-, З.Орхон, З.Онон нарыг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа тухай мэдээгүй, энэ талаараа бидэнд мэдэгдэж байгаагүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 122 дугаар зүйлийн 122.5-д заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76-р байр, 11 тоот, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206020681 дугаарт бүртгэлтэй, 263 м.кв талбайтай, 5 өрөө орон сууц, мөн хаягт байрлах зоорийн давхрын 18 м.кв талбайтай 24 тоот авто зогсоолыг битүүмжилсэн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай эд хөрөнгө хураан авах тухай тогтоол, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 12/05 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаар эд хөрөнгө хураан авах тухай тоггоол үйлдэхдээ хөндлөнгийн гэрчээр Г.Мөнхзул, Н.Батжаргал нарыг оролцуулсан боловч тэдэнд эрх, үүргийг нь тайлбарлан өгөөгүй, энэ тухай баримт үйлдээгүй байна гэжээ. Шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч Н.Батжаргал, Г.Мөнхзул нарт хууль танилцуулсан, тухай баримт хувийн хэрэгт авагдсан байхад шинжлэн судлаагүй. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2420 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76-р байр, 11 тоот хаягт байрлах 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 м.кв авто зогсоолын өмчлөгчөөр Б.А-, З.Т-, З.Орхон, З.Онон нарыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч уг маргаан Улсын Дээд Шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж хүчин төгөлдөр болоогүй байгааг авч хэлэлцээгүй. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2018/01059 дүгээр захирамж, 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 181/ГХ2018/00643 дугаартай гүйцэтгэх баримт бичгийн дагуу явагдаж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нь төлбөр төлөгч Миротек ХХК, төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК юм. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан, Зайсангийн гудамж 76 дугаар байр, 11 тоот хаягт байрлах, 263 м.кв талбайтай орон сууц, зоорийн давхрын 24 тоот 18 м.кв авто зогсоолын өмчлөгч С.Зүчи юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч нараас үнийн санал авсан баримт нотлох баримтад байгааг шүүх авч үзээгүй байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцож хөрөнгийн үнийг 500 000 000 төгрөгөөр тогтоосныг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талуудад мэдэгдсэн байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Н-арт холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Уг шаардлагын үндэслэлээ гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсангийн гудамж, 76-р байр, 11 тоот хаягт байрлах, 263 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц болон зоорийн давхрын 18 м.кв автозогсоолыг шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчсөн гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна.

 

Худалдаа хөгжлийн банк ХХК нь 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Миротек ХХК-тай зээл болон барьцааны гэрээ байгуулж, 2 920 434 224 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэй зээлдүүлж, дээрх орон сууц болон автозогсоолыг барьцаалсан байх бөгөөд тус орон сууц болон автозогсоолын өмчлөгч нь С.Зүчи болох нь өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогджээ. /хх-ийн 88-99, 109-р тал/

 

Нэхэмжлэгч Б.А- нь 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С.Зүчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхийн шүүгчийн 12281 дугаартай захирамжаар дээрх 5 өрөө орон сууц болон автозогсоолыг битүүмжлэх арга хэмжээг авчээ. /хх-ийн 9-11-р тал/

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2420 дугаар шийдвэрээр дээрх 5 өрөө орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр Б.А-, хүү З.Т-, З.Орхон, охин З.Онон нарыг тогтоож шийдвэрлэсэн байх бөгөөд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 139 дугаар магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тус магадлалд хариуцагч тал гомдол гаргаснаар Улсын Дээд шүүхээр хэрэг хянагдаж байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдсон. /хх-ийн 12-21-р тал/

 

Дээрх маргаан хянан шийдвэрлэгдэж байх хугацаанд Худалдаа хөгжлийн банк ХХК нь Миротек ХХК-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 408 174 166 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1059 дугаар захирамжаар төлбөр төлөгч Миротек ХХК-иас 408 174 166 төгрөг гаргуулан, Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 66-68-р тал/

 

Төлбөр төлөгч Миротек ХХК нь шүүгчийн захирамжаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх бөгөөд төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 643 дугаар гүйцэтгэх хуудас олгосон байна. /хх-ийн 65-р тал/

 

Хариуцагч Н-ар нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө болох 5 өрөө орон сууц болон автозогсоолыг 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр битүүмжилж, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хураажээ. /хх-ийн 71, 125, 144-р тал/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор талуудаас үнийн санал авахад өмчлөгч С.Зүчи болон төлбөр төлөгч Миротек ХХК нь дээрх 5 өрөө орон сууц болон автозогсоолыг 500 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК зөвшөөрсөн байна. /хх-ийн 155, 158-159-р тал/.

 

Талууд дээрх байдлаар дуудлага худалдаанд оруулах үнийн саналын талаар тохиролцсон байх тул хариуцагч байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11/17 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг, 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг тус тус зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлд нийцжээ. /хх-ийн 168-191-р тал/

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллагыг эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа хөндлөнгийн гэрчид эрх, үүрэг тайлбарлаагүй, мөн эрх ашиг нь хөндөгдсөн этгээд болох нэхэмжлэгч Б.А-гаас эд хөрөнгийн үнийн санал аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

Хариуцагч Н-ар нь эд хөрөнгө хураах ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсэгт зааснаар хөндлөнгийн гэрч оролцуулж, мөн хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан болох нь эд хөрөнгө хураах тухай тогтоол болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогджээ. /хх-ийн 144-147-р тал/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт Төлбөр төлөгч, төлбөр авагчийг иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ гэж заасан. Нэхэмжлэгч Б.А- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэх ойлголтод хамаарахгүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч Б.А- нь төлбөрт хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхийн талаар 2017 онд маргаан үүсгэсэн хэдий ч цаг хугацааны хувьд өмнө нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр маргаан бүхий 5 өрөө орон сууц болон автозогсоолыг С.Зүчи нь Миротек ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалж, хуульд зааснаар барьцааны эрх үүссэн үйл баримт тогтоогдсон.

 

Төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн Миротек ХХК-иас 408 174 166 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1059 дугаар захирамжаар шийдвэрлэж, уг захирамж хүчин төгөлдөр болсон байх бөгөөд албадан гүйцэтгэх захирамж гарснаар гүйцэтгэх баримт бичигт заагдсан хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулжээ.

 

Маргаан бүхий 5 өрөө орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр нэхэмжлэгч Б.А-, түүний хүү З.Т-, З.Орхон, охин З.Онон нарыг тогтоож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр байгаа боловч уг маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй, нөгөө талаар барьцааны зүйлийн өмчлөх эрхийн талаар маргаан үүссэн, эсхүл барьцааны зүйлийн өмчлөгч өөрчлөгдөх нь барьцааны зүйлийг чөлөөлөх, барьцааны эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

 

Нөгөө талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан. Өмчлөх эрхийн талаар маргаан үүсгэсэн этгээд болох нэхэмжлэгч Б.А- нь тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх агуулгатай нэхэмжлэлийг шүүхэд гаргаагүй байна.

 

Иймд Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, Зайсангийн гудамж, 76-р байр, 11 тоот хаягт байрлах, 263 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууц болон зоорийн давхрын 18 м.кв автозогсоолыг битүүмжлэн хурааж, хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчөөгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Н-арт холбогдуулан гаргасан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2021/00437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч Н-арт холбогдуулан гаргасан 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 18280952/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 18280952/06 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол болон 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 12/08 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Г.ДАВААДОРЖ