Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 159/ШШ2025/0051

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:159/2024/0033/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: -

Нэхэмжлэлийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /цахим/, нэхэмжлэгчийн итгэмжлэгсдэн төлөөлөгчийн өмгөөлөгч Х.О /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/61 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “С” ХХК-ний Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багын нутагт байрлах 4304002675 нэгж талбарын дугаар бүхий 30,5 га, 4304002676 нэгж талбарын дугаар бүхий 12,06 га үр тарианы зориулалттай газрыг “... 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу эзэмшиж, ашиглаагүй...” гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь маргаан бүхийн захиргааны актыг хүлээн авч, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад гомдол гаргасан боловч, гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй тул Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авчээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 “... Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар “С” ХХК-ийн эзэмшдэг 4304002675 нэгж талбарын дугаар бүхий 30,5 га газар болон 4304002676 нэгж талбарын дугаар бүхий 12,06 га газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгосныг эс зөвшөөрч энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. “Сэлэнгэ Алтанговь” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүлээн авсны дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу ирүүлээгүй тул ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.

“Сэлэнгэ Алтанговь” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Гүн нуурын хажууд байрлалтай 30,5 га болон 12,06 га газруудыг үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар эзэмшдэг. Тус газрыг эзэмших эрхийн гэрчилгээг гардан авснаас хойш буюу 2015 оноос хойш тус сумын малчдын болон төрийн байгууллагын үйл ажиллагаанаас шалтгаалан манай компани өөрийн эзэмшлийн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглах эрхээ хэрэгжүүлж чадаагүй бөгөөд бидний хууль ёсны дагуу олж авсан эрх зөрчигдсөөр ирсэн.

Учир нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Гүн нуурын хажууд байрлалтай 30,5 га болон 12,06 га газрыг үр тарианы усалгаатай тариалан зориулалтаар эзэмшүүлэхгүй, малын бэлчээрээр ашиглана гэсэн хариулт өгсөөр өдийг хүрсэн. Түүнчлэн нутгийн малчид манай компанийн эзэмшлийн газарт малаа бэлчээж эхэлснээр бид өөрсдийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах талаар удаа дараа тэдэнд шаардлага тавьж, нутгийн малчидтай удаа дараа ойлголцох гэж оролдсон боловч үр дүнд хүрээгүй, үйл ойлголцол үүссэн. Улмаар сумын малчид болон “С” ХХК-ийн хооронд зөрчилдөөн үүсэж манай компанийн ажилчид тус эзэмшлийн газарт очих бүрд нутгийн малчид байнгын зөрчилдөөн үүсгэх болсон. Манай компани өнгөрсөн жил өөрийн эзэмшлийн газар дээр тариалалт хийхээр техник, тоног төхөөрөмжөө авч очсон боловч нутгийн малчид техникийн замыг хааж, мод чулуу шидэн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй нөхцөл байдал хүртэл үүсэж байсан. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар “... газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй тул ...” гэх үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэхдээ “С” ХХК нь тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй нөхцөл шалтгааныг тогтоогүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно” гэж заасныг хэрэгжүүлэлгүй шийдвэрлэсэн байна.

Хоёрдугаарт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасны дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Гүн нуурын хажууд байрлалтай 30,5 га болон 12,06 га газрын хууль ёсны эзэмшигч “С” ХХК-иас тайлбар, санал аваагүй, сонсох ажиллагаа огт явуулаагүй шийдвэрлэсэн. Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: "... С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг нутаг дэвсгэрт байрлах 4304002676 нэгж талбарын дугаартай 12,06 га газар, 4304002675 нэгж талбарын дугаартай 30,5 га газрыг тус тус үр тарианы зориулалтаар Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/224 дугаар захирамжийн дагуу 60 жилийн хугацаатай эзэмшсэн.

Анх сумын Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн "Газар эзэмшүүлж эрх олгох тухай" 76 дугаар захирамжаар уг газруудыг үр тарианы зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж байсан. Мөн сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн "Газрын хэмжээ өөрчлөх тухай" А/224 дугаар захирамжаар тус компанийн 2172,3 га газрыг шинэчилсэн кадастраар эзэмших эрхийг баталгаажуулсан.

Тус "С" ХХК нь 2005 оноос одоог хүртэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж уг газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй.

Алтанбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 137 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэн ажиллаагүй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцалж, хуулийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгож тогтоолын хэрэгжилтийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг даалгасан. Үүний дараа 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 01/159 тоот албан бичгийг "С" ХХК-д хүргүүлж захиргааны шийдвэр гаргах процессын ажлыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн.

Иймд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна гэж үзэж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй болно.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт 30,5 болон 12,06 га газрыг үр тариа, газар тариалангийн зориулалтаар эзэмшиж ирсэн. 2012 оноос хойших хугацаанд энэ газрыг хууль ёсны дагуу эзэмшье, ашиглая гэсэн боловч сумын болон багийн удирдлагууд, орон нутагт ажиллаж амьдардаг айл өрхүүд, малчдын зүгээс удаа дараа саад тотгор учруулж ашиглах боломж бололцоог олгодоггүй байсан. Тариалалтын үйл ажиллагаа явуулах гэхээр зам хаагаад техникүүд оруулдаггүй байсан. Энэ нөхцөл байдлын талаар гэрч нараас тодруулахаар хүсэлт гаргасан ч шүүх хангаагүй учраас амаар тайлбараа гаргаж байна. Ингээд үл ойлголцолтой байсаар байгаад 2021 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гуравдугаар багын Засаг даргаас “тухайн газрыг малын бэлчээрийн зориулалтаар ашиглана, манай сум малын бэлчээргүй болсон” гэсэн бичиг ирсэн. Мөн 2020, 2021 онуудад Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын гуравдугаар багын Засаг дарга Н.Отгонцогт гэх хүн хүсэлт ирүүлж байсан. Тухайн үед тэр газруудад салхиар элс бий болсон учраас орон нутгийн  удирдлагын тавьсан шаардлагын дагуу тариа тарилгүй өнжөөж, хөрсийг сайжруулах зорилгоор 2022 оныг хүртэл ашиглах боломжгүй байгаа бодит байдлаа тайлбарласан. Хариуцагч талын зүгээс тухайн газруудыг огт ашиглаагүй гэсэн тайлбарыг хэлдэг ч огт ашиглаагүй биш юм. Тухайн газар нь бүтцийн хувьд элсэрхэг байсан учраас элсийг тогтоон барих зорилгоор салхин талдаа царгас зэрэг тодорхой хэмжээний ургамал тариалж байсан. Мөн тариа тарих зорилгоор хөрсийг хамгаалж, бордоожуулалт, сайжруулалт хийж байсан. Гэтэл 2024 оны 4 дүгээр сард Алтан булаг сумын Засаг даргаас газар эзэмшлийг цуцлах талаар мэдэгдэл ирсэн. Манай зүгээс тухайн албан бичгийг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар шалтгаанаа хэлсэн боловч 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дугаар захирамж гарсан.  Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших боломж бололцоог олгоогүй байж хуульд заасны дагуу газраа ашиглаагүй нь манай компанийн буруу гэж дүгнээд газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй байна. Манай зүгээс жил болгон зардал мөнгө гаргаад үйл ажиллагаа явуулж байсан нөхцөл байдлыг харгалзан үзээгүй. Хоёрдугаарт хуульд заасан сонсох ажиллагаа явуулаагүй манай эрхийг цуцалсан. Цуцлах гэж байгаа талаар ямар нэгэн тайлбар ирүүлээгүй “цуцалсан болно” гэсэн мэдэгдлийг ирүүлсэн учраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож, манай газар эзэмших эрхийг олгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Алтанбулаг сумын Засаг дарга шийдвэр гаргахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процесс ажиллагааг зөрчсөн байна. Эрх нь зөрчигдөж байгаа компанийн оролцоог хангаагүй, сонсох ажиллагаа явуулаагүй байна. Өөрөөр хэлбэл яагаад газар ашиглагдаагүй нөхцөл байдлыг тогтоохгүйгээр шийдвэр гаргаж эзэмших эрхийг цуцалсан байна. Шүүхийн зүгээс мөн адил газар ашиглах нөхцөл боломж байхгүй байсан юм уу, нэхэмжлэгч байгууллагаас шалтгаалсан юм уу, төрийн байгууллагаас шалтгаалсан юм уу гэдгийг урьдчилан тогтоох шаардлагатай байсан. Хэргийн материалыг судалсан байсан бол өөр хүсэлт гаргах нөхцөл байдал үүсэх байсан байх. Гэхдээ хүсэлтийг шүүх хангаагүй учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч тал хууль бусаар газар эзэмших эрхийг цуцалсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сонсох ажиллагааны хүрээнд сумын Засаг даргын албан мэдэгдлийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн. Тухайн мэдэгдлийг хүлээн авсны дагуу нэхэмжлэгч компаниас хариу ирсэн. Тухайн хариунд “малчид болон багийн Засаг даргын зүгээс газар ашиглуулаагүй” гэсэн тайлбарыг ирүүлсэн байсан. Багийн Засаг дарга нь “Газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу газрыг ашиглах, хамгаалах нийтлэг шаардлагыг хангах баг хорооны иргэдийн нийтийн хурлаас гаргасан газар ашиглалт хамгаалалтын гарсан шийдвэрийн биелэлтийг хангах, нутаг дэвсгэрийн эдэлбэр газрын ашиглалт хамгаалалт эрүүл ахуйн асуудлыг хариуцсан эрх үүрэгтэй”. Тэрнээс биш тухайн газар дээр тариалалт хийлгэхгүй гэсэн бүрэн эрх хэмжээ байхгүй. Тариалангийн тухай хуульд “атаршсан газар гэж 3 жил дараалан тариалалт, уринш хийгээгүй тариалангийн газрыг хэлнэ, тариалангийн газрыг атаршуулахыг хориглоно гэж заасан байдаг. Хэрвээ тухайн газрыг 2 жил дараалан өнжөөх бол тариаланчид сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэх заалттай. Гэтэл сумын Засаг даргад албан ёсоор мэдэгдэж байгаагүй. Багийн Засаг даргад бичиг хүргүүлж байсан гэсэн боловч тухайн бичиг нь байхгүй. Багийн Засаг даргын зүгээс тухайн газар тариалалт хийж болохгүй гэсэн албан бичиг явуулж байгаагүй бөгөөд архивд байгаагүй. Мөн тухайн газар нь элсний нүүдэлд автсан гэж байгаа ч Газрын тухай хуулийн 58.5 дугаар зүйлд “хөрсний элэгдэл, эвдрэл, хөрсний чанарын улсын хянан баталгааг 5 жилд нэг удаа хийлгэнэ” гэж заасан. Үнэхээр элсний нүүдэлд өртчихсөн гэсэн дүгнэлт байсан бол манай зүгээс тухайн дүгнэлтийг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж авч үзэх байсан. Тэгэхээр нэхэмжлэгч талын зүгээс хөрсний чанарын улсын хянан баталгааг хийлгэж байгаагүй, тийм баримт манай дээр байхгүй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/61 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2-т заасныг тус тус үндэслэн “С” ХХК-ний тус сумын Цөх 3 дугаар багт байршилтай үр тарианы зориулалттай 30,5 га, 12,06 га нийт 42,5 газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, Алтанбулаг сумын Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/224 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

Нэхэмжлэгч “С” ХХК нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын дээрх 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болгох тухай” А/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон  хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шинжээчийн дүгнэлт зэргийг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг.Маргааны үйл баримтын талаар

     1. Анх Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2005 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” 76 дугаар захирамжаар Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 31 га газрыг үр тарианы зориулалтаар 60 жилийн хугацаатай “С” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэж,  2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Газрын хэмжээ өөрчлөх тухай” А/224 дугаар захирамжаар тус газрын хэмжээг 42,5 га газар болгон өөрчилж “С” ХХК-д 60 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “С” ХХК нь дээрх маргаан бүхий 42,5 га газарт 2015 оноос хойш ямар нэг тариалалт хийгээгүй талаар хүлээн зөвшөөрдөг бөгөөд тариалалт хийгээгүй шалтгаанаа тайлбарлахдаа Алтанбулаг сумын 3 дугаар багийн Засаг даргаас дээрх маргаан бүхий газруудыг үр тарианы усалгаатай тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхгүй, малын бэлчээрээр ашиглана гэсэн хариулт өгсөн, мөн нутгийн малчид нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газарт малаа бэлчээж, үл ойлголцол үүссэн тухай тайлбарладаг.

3. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум , нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно.”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10 дахь заалтад “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.”, мөн зүйл хэсэгт заасан “...зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй байхыг ойлгоно.” гэж тус тус тайлбарлажээ.

Дээрх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, мөн хуулийн заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолд тайлбарласны дагуу нэхэмжлэгч “С” ХХК нь өөрийн эзэмшлийн Алтан булаг сумын Цөх 3 дугаар багт байршилтай үр тарианы зориулалттай 30,5 га , 12,06 га нийт 42,5 газрыг 2015 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй үр тариа тариалаагүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргаас Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 02/478 тоот[1] “С” ХХК–ний эзэмшлийн нэгж талбарын 4304002375 дугаар бүхий 30,5 га , нэгж талбарын 4304002676 дугаар бүхий 12,06 га газарт 2020 оноос 2024 онуудад тариалалт хийгээгүй тул тариа хураалтын мэдээ байхгүй болно” гэж хүргүүлсэн албан бичиг,  2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 97 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн акт”[2]-д “...сүүлийн хэдэн жил тариа тариагүй зориулалтын дагуу ашиглаагүй.” гэх дүгнэлт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээч болох Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө, аж ахуйг газрын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/Г-01 дугаар шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна.

“С” ХХК-ний нэхэмжлэлдээ дурдсан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Цөх 3 дугаар багийн Засаг дарга болон нутгийн малчдын гаргасан гэх үйлдэл нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй бөгөөд багийн Засаг даргын гаргасан гэх үйлдэлд нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга шийдвэрлэнэ.” гэж зааснаар дээд шатны Засаг даргад гомдол гаргаж маргаантай асуудлаа шийдвэрлүүлэх, малчдын хувьд бусдын эзэмшил газарт малаа бэлчээсэн, тариалан эрхлэхэд саад учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуульд зааснаар холбогдох хуулийн байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх бүрэн боломж, хангалттай хугацаа /9 жил/ байсан байна.

Мөн хариуцагчийн хариу тайлбарт дурдсанаар нэхэмжлэгч нь 2015 оноос хойш 9 жилийн хугацаанд маргаан бүхий газарт тариалалт хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нь маргаан бүхий газартай холбоотой гомдол саналыг Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газарт гаргаж байгаагүй тухай тус сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/19 тоот албан бичигт[3] дурдсан байх бөгөөд, Цөх 3 дугаар багийн Засаг дарга болон нутгийн малчдын гаргасан гэх үйлдэл нотлох баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ний “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/61 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Л.ОДБААТАР

 

[1]Хавтаст хэргийн 101 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 127 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 103 дугаар хуудас