Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2025/0193

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П ХХК /РД: /,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 дугаартай татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэстэй байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээний дагуу Ашигт малтмалын газартай эрх зүйн харилцаатай байсныг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч М.Д, Ц.Ү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхсаруул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Ө аймгийн Н сумын нутагт орших Б******* н уул нэртэй 220701.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг А ХХК-д 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анх олгожээ.

1.2. А ХХК нь тусгай зөвшөөрлийг Ү ХХК-д шилжүүлснийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1875 дугаар шийдвэрээр, Ү ХХК нь тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч "П" ХХК-д шилжүүлснийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2334 дүгээр шийдвэрээр тус тус бүртгэжээ.

1.3. Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/8 дугаартай тогтоол, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 дугаартай тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаар тогтоолоор тус тус 5 жил нийт 10 жилийн хугацаагаар зарим газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ба энэхүү солбицолд "П" ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхцаж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.

1.4. Улмаар хамгийн сүүлд Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаар тогтоолын хугацаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан бөгөөд энэ тухай Ашигт малтмал, газрын тосны газраас өөрийн вэб сайт болох https//mram.gov.mn-д 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр нийтэлж, нийтэд мэдээлжээ.

1.5. Үүний дагуу нэхэмжлэгч "П" ХХК-аас 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 04/01 дүгээр албан бичгээр Тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших тухай хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад гаргасан бөгөөд тус газрын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 дугаар албан бичгээр ...Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт "Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ" гэж заасан бөгөөд уг заалтын хүрээнд үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй тул танай компанийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна... гэх хариуг ирүүлжээ.

1.6. Дээрх хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргахад тус газрын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1/2987 дугаар албан бичгээр ...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй... талаар хариу өгчээ.

1.7. "П ХХК-аас анх 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлд нь бүрдүүлбэр хангуулсны эцэст ..Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 дугаар шийдвэрийг хууль бус болохыг тогтоолгож, П ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах... шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 8821 дүгээр шүүгчийн захирамжаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн.

1.8. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 дугаартай татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэстэй байгуулсан 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээний дагуу Ашигт малтмалын газартай эрх зүйн харилцаатай байсан эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн, тодруулсан бөгөөд энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хоёр. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эгаас шүүхэд өөрчилж ирүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... П ХХК нь хайгуулын зөвшөөрлийг ашиглалтын зөвшөөрөл болгохын тулд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Ашигт малтмалын газартай №АӨΥΑ-2011/06/ тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл байгуулсан бөгөөд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа, гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр орсон нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр талууд харилцан тохиролцож гэрээний хугацааг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл сунгаж, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлсэн.

Гэтэл тус компанийн хайгуулын ХВ- тоот лицензийг Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/8 дугаартай тогтоол, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 дугаартай тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 тоот тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ба энэхүү солбицол бүхий талбай манай компанийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХВ- талбайтай тухайн үед бүхэлдээ давхцал үүссэн гээд бүх ажлыг зогсоосон.

Иймээс Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээнд төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөн олговор олгоно гэж заасныг үндэслэн нөхөн олговор авахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандсан боловч хариу ирүүлээгүй тул арга буюу шүүхэд хандсан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн олговорт 3.639.127.000 төгрөг манай компанид олгохоор шийдвэр, магадлал гарсан боловч, Монгол Улсын дээд шүүхээс нөхөн төлбөрийг олгохгүй гэж тогтоол гарсан.

Тухайн хэрэг маргаан Захиргааны шүүхээр хянан хэлэлцэгдэж байх хугацаанд компанийн хайгуулын ХВ- тоот лицензийг орон нутгийн тусгай хамгаалалтаас гаргасан бөгөөд ...Ашигт малтмал, газрын тосны газар өөрийн дотоод цахим хуудсанд 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр мэдээлсэн гэх боловч бодит байдалд мэдээлсэн тухай баримт байхгүй, бидний хуульд заасан эрх ашиг ноцтой зөрчигдөж байхад тус байгууллагын зүгээс мэдэгдэх, сонсгох арга хэмжээ огт аваагүй, нөхөн олговор авах асуудлаар шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй явагдаж байсан.

Захиргааны байгууллагын уялдаа холбоогүй, дээрх хууль бус эс үйлдэхүйгээс болж манай компанийн эрх ашиг өнөөдрийг хүртэл зөрчигдөж, гэрээгээр гүйцэтгэсэн ажил, ажилчдын цалин хөлс, лицензийн төлбөр... гэх олон хүчин зүйлээр хохирч, сэтгэл санаа эд материалын давхар давхар хохиролд орж, нөхөн олговор аваагүй бөгөөд бодит зардлаар 3.639.127.000 төгрөгөөр хохироод байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдаж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6... бусад заалтууд. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, 24 дүгээр зүйлийн 24.4.2-т заасан эрх тус тус зөрчигдөж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашигт сөргөөр нөлөөлж байна.

Иймд Ө аймгийн Н сумын нутаг Б******* н уул нэртэй 220701.01 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг хуульд зааснаар Монгол Улсын Эрдэс баялгийн зөвлөлөөр 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 5.764.3 мянган тоон нүүрстэй болохыг батлуулан бүртгүүлж, 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээний дагуу ашигт малтмалын газартай эрх зүйн харилцаатай байсан эсэхийг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлж, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2024 оны 05 сарын 21-ны өдрийн 10/2292 тоот татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газарт, /Кадастрын хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эгийн өмгөөлөгч М.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж оролцож байна. Маргааны гол асуудал бол П ХХК буюу нэхэмжлэгч компани нь 2007 оноос эхлэн хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 дугаартай тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаартай тогтоолоор тус тус орон нутгийн тусгай хэрэгцээнд авч нэхэмжлэгч компанийн хайгуул эрэн хайх, ашиглах, тухайн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал буюу сүүлийн 10-14 жилийн хугацаанд зогсонги байдалтай, ажлаа хийх боломжгүй нөхцөл үүссэн байдаг. Хариуцагчаас тухайн тусгай зөвшөөрлийн хайгуулын тусгай хэрэгцээнээс гаргасан гэдгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрсдийн сайтад мэдээлсэн гэдэг хариу тайлбарыг хэлдэг, гэтэл нэхэмжлэгч компани нь энэ асуудлаар сүүлд 2024 онд мэдэж, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч компанид тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 тоот албан бичгээр үргэлжлүүлэн эзэмшүүлэх боломжгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь заалтыг баримталж 1 сарын хугацааны дотор хүсэлтээ гаргаагүй учраас үргэлжлүүлэн эзэмших боломжгүй гэж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж, эс үйлдэхүйг өнөөдрийг хүртэл гаргасаар, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөөр ирсэн.

Захиргааны байгууллага нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуульд заасан үндсэн зарчмуудыг баримтлан ажиллах ёстой. Захиргааны шийдвэр үйл ажиллагаа явагдахдаа шийдвэр, үйл ажиллагаа нь тодорхой байх, захиргааны шийдвэр үндэслэлтэй байх, захиргаа төвийг сахих, ил тод нээлттэй байх, захиргааны шийдвэр, үйл ажиллагаагаар эрх ашиг нь хөндөгдөж байгаа иргэн болон хуулийн этгээдэд уг асуудлын талаар мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх, зөвлөгөө мэдээлэл өгөх, эрх зүйн байдлыг нь дордуулахгүй байх ажиллагаа хийх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл энэ ажиллагаа хийгдээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-т зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд заавал урьдчилан мэдэгдэнэ гэдэг уг хуулийн заалт өнөөдрийг хүртэл зөрчигдсөн байна гэж харж байна.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т тусгай хэрэгцээнд нийтдээ 10 жилийн хугацаанд авсан буюу тусгай хэрэгцээнээс гарах хугацаа нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дууссан байдаг. Энэ асуудлаар нэхэмжлэгч компани нэлээн сүүлд буюу 2024 оны 04 дүгээр сард мэдэж, анх тухайн хайгуулын зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмшүүлээч гэдэг асуудлаар хандсан. Иймд энэ бол нэхэмжлэгч компанийн буруутай үйл ажиллагаа, өөрсдийн буруугаас болоод мэдээгүй асуудал биш захиргааны байгууллага өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй, мэдэгдсэн гэдгээ ганцхан сайтад мэдэгдсэн гэдгээрээ өөрсдийн эрх ашгийг хамгаалж, Ашигт малтмалын тухай хуулийг өөрт ашигтайгаар тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна.

Хоёрт, нэхэмжлэгч компанийн зүгээс 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний эрх зүйн эрх үүрэг нь өнөөдрийг хүртэл хадгалагдсаар байгаа. Яагаад гэвэл хэрэгжүүлэх боломж олгогдоогүй буюу ашиглалтын өмнөх гэрээтэй байх хугацаанд улс тусгай хэрэгцээндээ авчихсан байдаг. Тиймээс нэхэмжлэгч компанийн зүгээс ашиглалтын өмнөх гэрээтэй байсныг тогтоолгож, үргэлжлүүлэн эзэмшүүлэхийг эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцагч байгууллагад даалгуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж л харж байна... гэв.

2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Эгийн өмгөөлөгч Ц.Ү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Хариуцагч нь хариу тайлбар, нэхэмжлэгч компанийн хүсэлтүүдийг татгалзсан эс үйлдэхүй дээрээ дурдсан асуудал нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн улсын тусгай хэрэгцээнээс гарсан гэдэг мэдэгдэл. Тэгэхээр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр улс тусгай хэрэгцээнд авсан энэ асуудал нь дууссан байхад яагаад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдсэн буюу 1 жил, 7 сарын хугацаанд эрх ашиг нь зөрчигдөж байгаа хуулийн этгээдэд мэдэгдээгүй, ажиллагаа хийгдээгүй байгаа вэ, гэхээр мэдэгдсэн, сайтад байршуулсан гэдэг. Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар тогтоол дээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. Энд улс тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан, чөлөөлсөн тухай шийдвэрийг хүлээн авсан төрийн захиргааны байгууллага уг талбайн талаарх тодорхой мэдээллийг өдөр тутмын сониноор мэдээлснээс хойш 1 сарын дотор тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нь хүсэлт гаргаагүй бол уг талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг ердийн журмаар шийдвэрлэнэ гэж тайлбарласан. Төрийн захиргааны байгууллагыг улсын тусгай хэрэгцээнээс гарсан тухай мэдээг өдөр тутмын сониноор олон нийтэд мэдээлэх нь захиргааны байгууллагын үүрэг гэж харж байна. Мөн захиргааны байгууллага болох Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэстэй 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ашигт малтмал ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ байгуулсан. Энэ гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 22-ний өдрийг хүртэл буюу 3 жилийн хугацаатай байгуулаад, тус гэрээн дээр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагаанд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн нэмэлт өөрчлөлтийн 3 дугаар зүйлд зааснаар Ашигт малтмалын тухай хуулийн 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөнө гэж тухайн нэмэлт гэрээндээ заагаад өгчихсөн. Энэ гэрээндээ 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацааг нь сунгаад, тухайн өөрчлөлтөө 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бүртгүүлж, баталгаажуулсан байдаг. Тэгэхээр 2011 онд Ашигт малтмал газрын тосны газартай байгуулсан нэхэмжлэгч компанийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ үргэлжлээд, хугацаандаа явж байгаа. 2011 онд байгуулаад, хугацаа нь 2016 онд дуусах ёстой. Энэ хугацаанд улс дахиад тусгай хэрэгцээнд авсан. Улс нийт 10 жил тусгай хэрэгцээнд авч, төрийн байгууллага тусгай хэрэгцээнд авснаар энэ байгууллага хуульд заасан үүргээ биелүүлж, бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Тиймээс Ашигт малтмал газрын тосны газартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх эрх, үүрэг нь энэ хугацаанд хадгалагдаж, нэхэмжлэгч компани нь үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн зөвшөөрлийн хугацааг дахин 3 жилээр сунгаж, 12 жил байхаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаа 9 жил, гэрээнийхээ 3 жилийг нэмээд 12 жил гэж хуульчилж өгөөд байгаа. Ийм учраас хариуцагч захиргааны байгууллагын ашигт малтмалын үйл ажиллагаа, хайгуулын зөвшөөрлийн хугацаа дууссан гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч компанийн Ашигт малтмал газрын тосны газартай байгуулсан ашигт малтмалын үйл ажиллагааны өмнөх гэрээний эрх, үүрэг хадгалагдаж, уг гэрээг үндэслээд үргэлжлүүлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна... гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Ө аймгийн Н сумын нутаг Б******* н уул нэртэй 22071.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаартай тусгай зөвшөөрлийг "А " ХХК-д 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр анх олгосон.

"А " ХХК нь тусгай зөвшөөрлийг "Ү" ХХК-д шилжүүлснийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1875 дугаар шийдвэрээр, "Ү" ХХК нь тусгай зөвшөөрлийг "П" ХХК-д шилжүүлснийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2334 дүгээр шийдвэрээр тус тус бүртгэсэн байна.

Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/8 дугаартай тогтоол, 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/8 дугаартай тогтоол, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/2 дугаар тогтоолоор тус тус 5 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан ба энэхүү солбицолд "П" ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь бүхэлдээ давхацсанаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байна.

Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 7/8 дугаар тогтоолын хугацаа 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, 2015 оны 8/2 дугаар тогтоолын хугацаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр тус тус дууссан бөгөөд энэ тухай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгууллагын https//mram.gov.mn вэб сайтад тавьж нийтэд мэдээлсэн болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт "Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжид авах давуу эрх эдэлнэ" гэж зааснаар "П" ХХК нь өмнө нь эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийн талбайд хүсэлт ирүүлээгүй тул тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн эзэмших үндэслэлгүй байна.

Төрийн захиргааны байгууллагаас 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн нь хуульд нийцэж байна.

Ашигт малтмалын хайгуулын ХВ-12483 дугаар тусгай зөвшөөрөлтэй холбоотойгоор 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтын өмнөх гэрээ байгуулж 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болсон ба 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт оруулж 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т "Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй" гэж заасан ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд холбогдох баримт бичгийг хавсаргаж ирүүлэх ба мөн Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай тул шууд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах боломжгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын ХВ-12483 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү... гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:...Нэхэмжлэгч компанийг Ө аймгийн Н сумын Б******* н уул нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг анх 2002 онд олгосон байдаг. 2007 онд тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч компанид шилжүүлсэн. Үүнтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байх хугацаанд Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 7/8 дугаар тогтоол, мөн 2013 оны 4/8 дугаар тогтоол, 2015 оны 8/2 дугаар тогтоолуудаар 5 жилийн хугацаагаар орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотой асуудлаар нэхэмжлэгч компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн. Үүнтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч нь нөхөн төлбөрийг 1 жилийн дотор шийдвэр гаргасан байгууллагад төлөөгүй бол хөндлөнгийн аудитын дүгнэлтийг үндэслэж, Ашигт малтмал, газрын тосны газар тогтооно гэж заасан. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газар 2016 онд Улаанб аудит корпорац ХХК-аар хөндлөнгийн дүгнэлт өгөгдөж, нэхэмжлэгч компанид нийт 2,785,411,000 төгрөгийн хохирлыг Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал төлөхөөр байна гэсэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/39 дүгээр тушаалаар хохирлыг Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал барагдуулах нь зүйтэй гэх тушаал гарч, аудитын дүгнэлтийг баталгаажуулсан байдаг. Үүнтэй холбоотойгоор Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тушаал мөн аудитын дүгнэлтийг хүргүүлсэн. Үүнийг Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал эс зөвшөөрч, шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал газрын тосны газрын даргын баталгаажуулсан дүнг Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Ашигт малтмал, газрын тосны газрын даргын тушаалыг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэсэн. Ингээд нэхэмжлэгч компани нөхөн олговрыг авахгүй байж байгаад, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан. Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг заасны дагуу 3 жилээр олгоно, 3 жилийн хугацаанд 3 удаа сунгаж, нийт 12 жилийн хугацаатай олгодог. Тиймээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан.

Ашиглалтын өмнөх үйл ажиллагаа, эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл дээр тодорхой заагаад өгчихсөн байсан, одоо хүчингүй болчихсон. Хайгуулын тусгай зөвшөөрлийн өмнө ашиглалтын өмнөх байдлаар гэрээ байгуулж, бэлтгэл ажлыг хангах чиг үүргийг ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээгээрээ зохицуулна гэж зааж өгсөн. Үүнтэй холбоотойгоор 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болгоно гэсэн байдлаар гэрээ байгуулсан. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээтэй холбоотой асуудлаар гэрээ байгуулаад, ашиглалтын өмнөх тусгай зөвшөөрөл өгөх, нэхэмжлэгч компанийн хувьд бүх бичиг баримтаа бүрдүүлэхийг уг гэрээгээр зохицуулж өгч байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд нөөцөө тогтоогоод, улсын нэгдсэн санд бүртгэгдчихсэн байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэхэд ямар, ямар бичиг баримтыг бүрдүүлж өгөх талаар зааж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад шууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах гэсэн байна. Захиргааны байгууллага бичиг баримтын бүрдлийг хангаад, болж байгаа эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох хуультай. Гэтэл шууд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд шууд халдаж байна гэсэн байдлаар тайлбарлаж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавигдах шаардлагыг заасан байдаг. Тусгай хэрэгцээний газар буюу нөөц авсан талбайтай давхцалгүй байна гэсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргахад тусгай хэрэгцээний газарт бүртгэлтэй байсан, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу тусгай хэрэгцээний газраас хугацаа дууссанаас хойш нийтэд мэдээлнэ, мэдээлснээс хойш 1 сарын дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч тус ашигт малтмалын хайгуулын ашиглалтын тусгай зөвшөөрлөө авах давуу эрхтэй гэж заасан. Үүгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тус газрын веб сайт болох https://mrpam.gov.mn-нд байршуулсан. Холбогдох баримтыг сая өгсөн, шүүх шаардлагатай гэж үзвэл тус сайтыг орж харах боломжтой.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримтуудыг гаргаж өгсний үндсэн дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах эрхтэй, өнөөдрийн байдлаар ашиглалтын тусгай зөвшөөрөл гаргах хүсэлт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгчээс, захиргааны байгууллагаас олгосон ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу эзэмшиж, тухайн цаг үед хуулийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний зохицуулалтын хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгохоор ажиллаж байсан авч манай хайгуулын талбайг бүхэлд нь давхцуулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор тусгай зөвшөөрлийн дагуух үйл ажиллагааг эрхлэх боломжгүй нөхцөл үүссэн, хожим тусгай хэрэгцээнээс гаргасан үйл баримтыг манайд мэдэгдээгүй зэргээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж маргасан бол, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн.

6. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь Ө аймгийн Н сумын нутаг, Б******* н уул нэртэй 22071.01 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийг зохих ёсоор эзэмшиж, 2012 онд 43,687,357.2 төгрөг, 2013 онд 47,669,077.75 төгрөг, 2014 онд 60,380,324.19 төгрөг, 2015 онд 48,004,447 төгрөгийг тус тус тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөөр төлж байсан болохыг захиргааны байгууллагаас тодорхойлж баримтаар ирүүлсэн.

7. Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай АӨҮӨ-2011/06 дугаартай гэрээг Ашигт малтмалын газрыг төлөөлж Нүүрс, судалгааны хэлтсийн дарга С.А, тусгай зөвшөөрөл эзэмшигчийг төлөөлж П ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Б нар 2011 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулж байсан, уг гэрээнд 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт-өөр заахдаа энэхүү нэмэлт өөрчлөлт оруулсан хавсралт нь үндсэн (№ ΑӨΥΑΓ-*******) тоот гэрээний салшгүй хэсэг болохыг заасан.

8. Энэ үйл баримтын тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хариуцагч захиргааны байгууллагатай, ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, энэ хүрээнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлагдсан нөөцийн зэргийг өсгөх, ордын чанарын шинжилгээг хийлгэх, ордын гидрогеологийн судалгааг хийх, нэмэлт хайгуулын ажил хийх, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, холбогдох баримт бичиг, зөвшөөрлийн дагуу ажилчдын хотхон, уурхайг барьж байгуулах, нөгөө талд тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гэрээний биелэлтийн талаар мэдээлэл авах, гэрээний хэрэгжилтийг хангуулах үүргүүдийг харилцан тохиролцсон байдаг ба хэргийн оролцогчид энэ талаар тухайлан маргаагүй.

 

9. Нөгөөтээгүүр, Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн 2011 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Ө аймгийн Н сумын нутагт орших Б******* н уул-1 нүүрсний ордын *******Х талбайд 2007-2011 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцсэн тухай ХХ-11-02 дугаар дүгнэлт, Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Нөөц хүлээн авч бүртгэх тухай 275 дугаар тушаал гарсан байгаа нь тухайн үеийн Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2012 оны 78 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам-ын 2 дугаар зүйлийн 2.2-т энэхүү гэрээг ...нэг талаас геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, нөгөө талаас Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлж, ашигт малтмалын ордын нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулна гэсэн нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.

10. Энэ утгаараа тухайн үед хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 2006 оны Ашигт матмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1. хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ, 23.3. ашиглалтын өмнөх үйл ажиллагааг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллага хороонд байгуулсан ашиглалтын өмнөх гэрээгээр зохицуулна гэж заасны дагуу хэрэгжсэн захиргааны шийдвэр гаргах ажиллагаа ба маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдийн хувьд ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний харилцаатай байснаа тогтоолгох онцгой шаардлага үүссэн, ийнхүү тогтоож хүлээн зөвшөөрөх үндэслэлтэй байна.

11. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13. тусгай хэрэгцээний газар гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг ойлгохоор нэр томьёоны утгыг хуульчилсан ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.4. Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой газрыг орон гутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах гэж заажээ.

12. Тэгвэл, маргаан бүхий энэ тохиолдолд Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 7/8 дугаар тогтоолоор Ө аймгийн Х******* сумын нутагт Б******* голын Улаан нуур орчмын хавсралтад заасан солбицол бүхий 101226 га талбай бүхий газрыг, мөн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 4/8 дугаар тогтоолоор Г******* сумын Баясах багийн орчим, Н сумын Толь хад, Н богд, С******* орчмын нийт 272899,05 га газрыг, мөн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 8/2 дугаар тогтоолоор Г*******, Н сумын нийт 233588.1 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч шийдвэрлэснээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын хайгуулын ХВ- дугаар тусгай зөвшөөрлийн дагуух 22071.01 гектар талбай бүхэлдээ давхацсан нөхцөл бий болсон.

13. Ийнхүү нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай солбицол болон байршлаараа давхацсан нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс хариуцагч захиргааны байгууллагатай байгуулсан ашиглалтын өмнөх гэрээний нөхцөлөө биелүүлэх боломжгүйд хүргэсэн, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газрын талаар зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4. Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө, 14.5. Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэх зохицуулалт хэрэгжээгүй болох нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрүүд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

14. Ингэснээр мөн хуулийн 14.6. Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрх-ээ хэрэгжүүлэх боломж үүссэн, тэр дундаа 14.8. Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдлэх-ээр байхад хариуцагч захиргааны байгууллага нь нийтэд мэдээлэх үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсгох ажиллааг хийгээгүй зэргээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

15. Ашигт малтмалын тухай хуулийн 14.2.Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна гэж зааснаас үзэхэд Ө аймгийн Г*******, Н сумын нийт 233588.1 га газрыг хамруулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай 8/2 дугаар тогтоолын хэрэгжиж дуусах хугацаа 2020 оны 02 дугаар 13-ны өдөр буюу энэ нь хамгийн багадаа 5 жилээс доошгүй гэх хугацаа тоологдох өдөр байна.

16. Гэтэл ийнхүү чөлөөлөгдсөн талбайг мэдээлэхдээ 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн огноогоор https://mrpam.gov.mn-нд байршуулсан гэх авч, шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан баримтаас үзвэл, код: RSPT-01587, талбайн нэр: Толь хад, зориулалт: байгалийн нөөцөд авсан газар, талбайн хэмжээ /га/: 184,430.48, байршил: Ө, тогтоолын дугаар 8/2, шийдвэрийн огноо: 2015.02.13, дуусах огноо: 2020.02.13, захиргааны нэгж: Ө гэх мэдээлэл нь Ө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2-218 дугаар албан бичгээр ирүүлсэн баримт дахь нийт 233588.1 га газрын аль хэсэгт хамаарч байгаа болох, яагаад 49157.62 га газар чөлөөлөгдөөгүй болох, хуульд заасан чөлөөлөлтөөс гарах хугацаа дууссанаас хойш 1 жил 7 сарын дараа мэдээлж байгаа нь ямар учир шалтгаантай болох зэрэг нь ойлгомжгүй нөхцөл үүсгэж, нэхэмжлэгч хуулийн этгээдийн хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхтэй талбай чөлөөлөгдсөн гэдгийг хариуцагч захиргааны байгууллага нь бүрэн мэдээлж чадсан уу гэдэгт анхаарал хандуулах шаардлага үүсгэж байна.

17. Иймд нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу хадгалж хэрэгжүүлж байсан, захиргааны байгууллагатай ашиглалтын өмнөх гэрээ байгуулж байсан зэрэг нь үйл баримтаар тогтоогдож байх тул тусгай зөвшөөрлийн эрхээ давуу эрхийн дагуу эдлэх нь зүй ёсны асуудал байна, энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын бүрэн бус мэдээллийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, чөлөөлөгдсөн талбайн талаарх мэдээлэл бүрэн бус байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүхээс дүгнэж, үүний зэрэгцээ нэхэмжлэгч нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсантай холбоотойгоор нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хууль зүйн боломж эрэлхийлсэн боловч үр дүнд хүрээгүй нь тогтоогдсон, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 14.6. Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй байх зохицуулалтад нийцсэн гэж үзлээ.

18. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9. Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно гэх зохицуулалтыг түүхчлэн тайлбарлаж үзвэл, маргаан бүхий тусгай зөвшөөрөл нь 2002 оны 06 дугаар сарын 11-ний өдөр олгогдсоноос хойш тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтаар хайгуулын нийт хугацаа 9 жил гэвэл 2011 оны 6 дугаар сарын 11-нд дуусахаар, түүнчлэн нэхэмжлэгч П ХХК нь Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2334 дүгээр шийдвэрээр бүртгэсэн гэж үзвэл 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар ийнхүү хугацаа дуусахаас нэг жил орчмын өмнө эсхүл 6 жил орчмын өмнө хайгуулын талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авсан, энэ хугацаа 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилсэн боловч тусгай хэрэгцээнд авсан талбайн чөлөөлөлт, түүнийг нийтэд мэдээлэх хугацаа тодорхой бус болох нь дээр дурдсанаар тогтоогдсон.

19. Шүүх, хариуцагч Кадастрын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 10/2292 дугаар албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8 дахь хэсэгт "Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжид авах давуу эрх эдэлнэ" гэж заасан бөгөөд уг заалтын хүрээнд үргэлжлүүлэн эзэмших хүсэлт гаргаагүй тул танай компанийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй хэмээн хуульд заасан 1 сар гэсэн ойлголтод ач холбогдол өгсөн нь учир дутагдалтай, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй, зөвхөн нэг сар гэсэн үгэнд ач холбогдол өгч татгалзсан нь үндэслэлгүй, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс тухайн жилийн төлбөрт төлсөн мөнгөн дүн, өөрсдийн зардлаар ашигт малтмалын нөөцийг тогтоож, улсын бүртгэлд бүртгүүлсэн үйл баримт зэрэг мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх мөн хуулийн 4.2.8-д заасан итгэл хамгаалагдах захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангуулаагүй, үүгээрээ нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэв.

20. Шүүх, даалгах шаардлагыг хангахдаа 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11/ 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэг: Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно, 13/ 33 дугаар зүйлийн 33.1.4 дэх хэсэг: тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд 10 америк доллар, 4 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн олговор гэснийг олговрыг нэг жилийн дотор гэж, 5 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.2. энэ хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасныг хэрэгжүүлж, тодруулбал, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид шууд даалгах хууль зүйн боломжгүй, харин нэхэмжлэгчийн ХV- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хугацаагаар буюу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл дэх талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнээс гарсан эсэхийг дахин нягтлан, тодруулж, түүнд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай хэрэгцээ буюу нөөцөд байсан хугацаагаар тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж тооцохыг даалгах зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.5, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.8, 14.9, 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 10/2292 дугаар албан бичгээр татгалзсан татгалзлыг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хариуцагч захиргааны байгууллагатай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээний харилцаатай байсныг тогтоон хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн ХV- дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг өнөөдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хугацаагаар үргэлжлүүлэн сунгаж тооцохыг даалгаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 35,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч хуулийн этгээдэд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН