Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 309/ШШ2025/00403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******ын *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******ийн *******д холбогдох,

Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 6,520,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаан:

Нэхэмжлэгч Н.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хариуцагчийн төлөөлөгч  *******

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Батболд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан дутуу олгогдсон цалин 6,520,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

- Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Д.******* нар нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр амаар хөлсөөр ажиллах гэрээ байгуулан Н.******* нь хариуцагчаас хүлээлгэн өгсөн мал /хонь, ямаа, үхэр/-ыг харж маллах, Д.******* нь нэхэмжлэгчид хөлс төлөх үүргийг хүлээн харилцан тохиролцсон нь тэдний хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д тус тус заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр “хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан байна.

- Дээрх хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжлэгч Н.******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хариуцагч Д.*******гийн мал /хонь, ямаа, үхэр/-ыг харж, маллах ажлыг хийж гүйцэтгэжээ.

3. Нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Би эхнэрийн хамт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Д.*******гийн малчнаар ажилласан. 2024 оны 08 дугаар сард малаа буцаан авсан. Анх ажилд авахдаа эхний сарын цалин 400,000 төгрөг, 09 дүгээр сараас сарын 500,000 төгрөгөөр өгөхөөр аман гэрээ байгуулж тохиролцсон. 627 хонь, ямаа, 56 үхэр малласан. Малаа эргүүлж авахад өр төлбөр гаргасан ба түүнийг би өөрийн малаар төлж барагдуулаад өргүй болсон. Цалингаа авъя гэхэд дараа нь өгье гэсэн. Гэвч өгөхгүй байна. Би 2022 оны 08 дугаар сард 400,000 төгрөг, 09-12 дугаар сард 1,500,000 төгрөг, 2023 онд 12х500,000=6,000,000 төгрөг, 2024 оны 01-08 дугаар сард 4,000,000 төгрөг, нийт 11,980,000 төгрөгийн цалин авахаас 5,380,000 төгрөгийн цалингаа авсан. Үүний зөрүү 6,520,000 төгрөгийн цалин хөлсийг олгохгүй байх тул нэхэмжлэл гаргаж байна гэж,

Нэхэмжлэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.Урансувд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2024 оны 03 дугаар сараас хойш надад цалин гэж огт өгөөгүй учраас би 2022 оны 333,330 төгрөг, 2023 оны 2,600,000 төгрөг, 2024 оны 2,941,945 төгрөгийг Д.*******гаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна,

Н.*******, Д.******* нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд мал малласан асуудал дээр аль аль тал маргаагүй. 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 10 хоногийн хугацааны цалин хөлсийг 400,000 төгрөгөөр тооцоход 10 хоногийн хөлс нийт 133,333 төгрөгийг аваагүй. Энэ мөнгийг өгөөгүй талаараа ******* хэлчихлээ гэж би ойлгож байна. 2022 оны 09, 10, 11 дүгээр сарын цалин дээр маргах зүйл байхгүй. 2023 оны 01 дүгээр сарын цалин 400,000 төгрөгийг аваагүй гэж сая тооцож үзлээ. Бусад мөнгө Н.*******ын данс руу орсон юм байна.  Тэгэхээр 2023 онд 12 сарын хугацаанд мал маллахад нэг сарын цалин олгогдоогүй гэж үзэж байна. 2024 оны 03 дугаар сараас хойш 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд цалин хөлс олгогдоогүй байна. Н.******* хөлсөөр ажиллах гэрээнийхээ үүргийг 500,000 төгрөгөөр нэхэмжилж байгаа. Нэгэнт хүсэл зоригоо Иргэний хуульд заасны дагуу илэрхийлснийг энэ хүн хүлээж авсан. Хүсэл зоригийн илэрхийллийг хэрэгжүүлэхдээ 400,000 төгрөгөөр төлөөд явж байгаа нь энэ хүн хүсэл зоригоосоо татгалзсан гэсэн үг биш гэж миний хувьд үзэж байна. Нийт авах ёстой байсан цалин хөлснийх нь хэмжээг тооцож үзэхэд миний үйлчлүүлэгч 6,520,000 төгрөгийн цалин хөлс авах ёстой гэж хөлсөөр ажиллах гэрээнийхээ мөнгийг нэхэж байгаа. Гэвч хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнээд үзэхэд ...хөлсөөр ажиллах гэрээний хөлс болох 5,075,268 төгрөгийг аваагүй байгаа нь нотлогдож байна гэж үзэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2022 онд буюу мал маллах хөлсөөр ажиллах гэрээ хийх үед 440,000 төгрөг байсан ба 2023 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 550,000 төгрөгөөр, 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 660,000 төгрөгөөр тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуульд ч мөн малчинтай гэрээ байгуулах асуудлыг зааж өгсөн байдаг. Хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээг бичгээр байгуулаагүй ч гэсэн Иргэний хуульд зааснаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд уялдуулаад цалин хөлсний хэмжээг 500,000 төгрөгөөр тооцож бодож байгаа нь үндэслэлтэй байна. Иймд хавтаст хэрэгт цугларсан баримтын хэмжээнд тооцож 5,075,268 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэсэн саналыг гаргаж байна гэж,

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.*******, түүний эхнэр Д.Сумъяа нарт 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 704 тооны малыг сарын 400,000 төгрөг, тухайн жилийн төл малаас 20 хувиар тооцож өгөхөөр аман тохиролцоонд хүрч хүлээлгэн өгсөн. Энэ хугацаанд сар бүр 400,000 төгрөгийг цаг тухайд нь иргэн Н.*******, Д.Сумъяа нарын данс руу шилжүүлж байсан. Тухайн үед цалин хөлсөө нэмүүлэх талаар нэг ч удаа хэлж байгаагүй. Энэ хугацаанд маш их итгэл хүлээлгэж байсан боловч 2024 оны 03 дугаар сард очиж тоолоход хонь 289 /эр хонь-16, эм хонь-160, эр төлөг-4, эм төлөг-9, эр хурга-53, эм хурга-47/, ямаа 98 /эр ямаа-25, эм ямаа-5, эр ишиг-4, эм ишиг-14/, үхэр 19 /эр үхэр-2, үнээ-6, хашираг-5, бяруу-2, тугал-4/, нийт 406 толгой мал тоологдсон. Бүхэл бүтэн хоёр жил мал маллахад өсөх байтал бүр үндсэн тоогоо ч барихгүй түвшинд очсон байсан. Иймд 2024 оны 03-08 дугаар саруудын цалинг өгөөгүй. Энэ нь 6х400,000=2,400,000 төгрөг юм. Бидэнд малын үхэл хорогдлын талаар нэг ч удаа зураг баримт үзүүлж байгаагүй. Цалин хөлсөө асуух болохоор фэйсбүүк чатаар асуудаг байсан. Тиймээс үнэхээр малын хорогдол гарсан бол бидэнд зургийг нь явуулах бүрэн боломжтой байсан. Иймд харин ч хорогдол гэж амаар хэлээд байгаа 58 хонь, 44 ямаа, 3 үхэр, 1 адууг өнөөдрийн ханшаар тооцож нийт 22,700,000 төгрөгийн авлагатай гэж үзэж байна. Иймд надаас нэхсэн мөнгөн дүн үндэслэлгүй гэж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхөр Д.******* 2022 оны 08 дугаар сарын 21-нд Н.*******тай уулзаад малаа энэ хүнд хүлээлгэж өгөхөөр болсон. Бид малаа нэг нэгээр нь бичиж өгсөн ба түүн дээр хонь, үхэр, ямаагаа эр эмээр нь ялгаж бичсэн. Тэр үед миний нүдэн дээр цалин мөнгөө 400,000 төгрөг гэж ярилцаж тохиролцсон. Би төрийн албан хаагч бөгөөд цалингаасаа энэ хүмүүсийн 400,000 төгрөгийг өгдөг байсан. Хэрвээ мөнгөө 500,000 төгрөг болгох байсан бол “нөхөртэй чинь яриад 500,000 төгрөг болгосон байхад чи 400,000 төгрөг өгөөд байна шүү дээ” гэж хэлж болох байсан. Гэвч энэ талаар надад нэг ч удаа гомдол санал хэлж байгаагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж хэлж байгаатай маргахгүй байна. Гэхдээ энэ хэрэгт 500,000 төгрөгийн цалин хөлс авах ёстой гэсэн нотлох баримт байхгүй байна. Харин анхнаасаа цалин хөлсөө 400,000 төгрөгөөр тохиролцсон үйл баримт нь зохигч нарын тайлбараар тогтоогдсон. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэхэмжилсэн дүнгээсээ 800,000 төгрөгийг хасаад 5,075,068 төгрөгийг нэхэмжлэх талаар ярьж байна. Хариуцагч талаас 3-8 дугаар саруудын цалин 2,400,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн байр суурьтай байна гэж тус тус тайлбарлан маргасан.

4. Зохигчдын хооронд 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хөлсөөр ажиллах  гэрээ амаар байгуулагдаж, нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Д.*******гийн 704 тооны малыг маллах, хариуцагч Д.******* нь нэхэмжлэгчид тухайн жилийн төл малаас 20 хувиар тооцож өгөх, мөн сар бүр 400,000 төгрөгийн хөлс олгох  үүргийг тус тус хүлээжээ.

5. Нэхэмжлэгч талаас “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс Д.*******гийн малчнаар ажилласан. 2024 оны 08 дугаар сард малаа буцаан авсан. Анх ажилд авахдаа эхний сарын цалин 400,000 төгрөг гээд, 09 дүгээр сараас сарын 500,000 төгрөгөөр өгөхөөр аман гэрээ байгуулж тохиролцсон. 6,520,000 төгрөгийн цалин хөлсийг олгохгүй байх тул нэхэмжилж байна. ...Иргэний хуульд зааснаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн байгаа учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд уялдуулаад цалин хөлсний хэмжээг 500,000 төгрөгөөр тооцон бодож байгаа нь үндэслэлтэй байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтын хэмжээнд тооцож 5,075,268 төгрөгийг гаргуулж өгнө үүгэж тайлбарлан маргаж байх боловч цалин хөлсний хэмжээг малчнаар ажиллаж эхэлсэн дараагийн сараас буюу 2022 оны 09 дүгээр сараас 500,000 төгрөг болгохоор тохиролцсон талаарх нотлох үүргээ хэрэгжүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шаардлага хангаагүй байна.

Хариуцагч талаас “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 704 тооны малыг сарын 400,000 төгрөг, тухайн жилийн төл малаас 20 хувиар тооцож өгөхөөр аман тохиролцоонд хүрч хүлээлгэн өгсөн. Гэвч бүтэн хоёр жилийн хугацаанд мал өсөх байтал бүр үндсэн тоогоо ч барихгүй түвшинд очсон байсан. Тиймээс 2024 оны 03-08 дугаар саруудын цалинг өгөөгүй зогсоосон. Энэ нь 6х400,000=2,400,000 төгрөг юм. Энэ 2,400,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрнө. Бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлан маргаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар 2023 оны 08 дугаар сарын хөлс 400,000 төгрөг, 2024 оны 02 дугаар сараас 08 дугаар сарын 15-ыг хүртэлх хугацааны хөлс 2,600,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Иймд хариуцагч Д.*******гаас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 367 дугаар зүйлийн 367.1-д зааснаар хариуцагч Д.*******гаас 3,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,520,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119,270 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч  Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 62,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ