| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2025/0052/З |
| Дугаар | 159/ШШ2025/0053 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 159/ШШ2025/0053
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Яын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Ст холбогдох “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн Ш.Цд холбогдох 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0846326 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Б.С шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Яын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгаад иргэн Ш.Ц нь иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 4-т зааснаар 30,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0846326 дугаартай хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ.
Прокурорын шалгах үндэслэл болсон Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 001/ХТ2024/0109 дугаартай тогтоолд Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 396 дугаар тогтоолоор "Монгол Улсын иргэний үнэмлэхийн дүрэм"-ийг баталсан, уг дүрмийн 2.7-д "Иргэн иргэний үнэмлэхээ эзэмшихэд дараах үүрэг хүлээнэ", 2.7.1-д “иргэний үнэмлэхийг цэвэр гамтай эзэмших, хадгалах" гэж заасныг маргааны үйл баримтад хамааруулан тайлбарлахад, иргэний үнэмлэхээ цэвэр, гамтай эзэмшээгүй, хадгалаагүй эсхүл хаяж үрэгдүүлсэн нь нийтийн эрх зүйн хүрээний зөрчилд тооцогдохгүй, учир нь иргэн өөрийн иргэний үнэмлэхээ гамгүй эзэмшсэн эсхүл гээсэн нь нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн үр дагавар үүсгэхгүй, нийтээр тогтоосон журам, зан заншлын хэм хэмжээнд сөргөөр нөлөөлөхгүй, нийгэмд хор уршиг учруулахгүй, өөр бусад хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, зөвхөн хувь иргэнд өөрт нь эрх зүйн үр дагавар үүсэх боломжтой байх тул улсын бүртгэлийн байгууллага тухайн иргэнийг зөрчил үйлдсэнд тооцож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж шийтгэл оногдуулсан нь буруу байна гэж дүгнээд холбогдох эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон байх тул прокурорын холбогдох дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд нэхэмжлэгчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Я нь Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Эрхэмбаатарын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр баталсан "Хяналтын харьяа байгууллагын эрх бүхий албан тушаалтны 2024 оны 4 дүгээр улирлын байдлаар шийтгэл оногдуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хууль, тогтоомжид нийцэж буй эсэхийг шалгах" шалгалтын хүрээнд тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Б.Сийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн “Ш.Цд холбогдох 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0846326 дугаар шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн Ш.Цд холбогдох 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0846326 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-67 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагаврыг тайлбарласан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор О.Яаас Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Ст холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэлийн хяналтын улсын байцаагч Б.Сийн Ш.Цд холбогдох 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 0846326 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР