| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 184/2020/03497/И |
| Дугаар | 210/МА2021/00780 |
| Огноо | 2021-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2021/00780
| 2021 оны 05 сарын 17 өдөр | Дугаар 210/МА2021/00780 |
КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00567 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариуцагч Д.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 12 679 129.36 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантөмөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Булган, хариуцагчийн өмгөөлөгч Б.Дамба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Монгол банкны Ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаар тушаалаар “КБ ХХК-д банкны эрх хүлээн авагч томилсон. Зээлдэгч Д.М нь К банктай 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 5 760 000 төгрөг сарын 2 хувийн, жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрт 593 030.64 төгрөг, зээлийн хүүд 556 926.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 785 493.26 төгрөг төлсөн. Гэрээний хугацаа дуусахад зээлдэгч төлбөрөө бүрэн төлж барагдуулахгүй тул үндсэн зээлийн үлдэгдэл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг, нийт 12 679 129.36 төгрөг хариуцагч Д.Мгаас гаргуулна. Банкны эрх хүлээн авагчийн зүгээс зээлдэгч нарт зээлээ төлөхийг өдөр тутмын сонинд зар нийтлүүлж мэдэгдсэн. Д.М нь хамгийн сүүлд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн төлөлт хийсэн. Банк зээлдэгчийн данснаас нь үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутгах талаар гэрээгээр тохиролцсон. Зээлдэгчийн дансанд хэнээс, хаанаас, ямар зориулалтаар орлого орж ирсэн нь зээлийн төлөлт суутган авахад хамаарахгүй. Сүүлийн төлөлтөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хугацаа өнгөрөөгүй байна. 7 000 000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх эрх олгогдсон, нэхэмжлэлийн шаардлагыг багасгах боломжтой гэжээ.
Хариуцагчийн тайлбарт: Зээлийн гэрээ байгуулсан талаар маргахгүй. Гэрээний шаардах эрх 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдөр үүссэн боловч энэ хугацаанд банкны зүгээс зээлээ төлөхийг шаардаж байгаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Банк Д.Мгийн данснаас мөнгө татсан нь шууд төлөлт хийсэн гэх хууль зүйн үндэслэлгүй. Д.Мгийн дансанд орсон мөнгө нь өмнө ажиллаж байсан байгууллагын захирал н.Гансүрэнгээс шилжүүлсэн цалин хөлс бөгөөд орлого гэж бүртгэгдсэн. Зээлийн үүрэг үүсээгүй өөр хүнээс шилжүүлсэн мөнгө юм. Зээлийн гэрээ нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүсэх харилцаа байхад гуравдагч этгээдээс шилжүүлсэн мөнгийг зээлийн төлбөрт тооцон авч болохгүй. Цахим мэдээ мэдээлэл өндөр хөгжсөн нийгэмд цаасаар хэвлэгдэн гардаг сонин худалдан авч уншихгүй. Хариуцагч нь ажлаасаа гарсан учраас цалин хөлс нь шилжүүлсэн талаар мэдээгүй, шүүхэд маргаан үүсэх үед мэдсэн. Банк болон банкны эрх хүлээн авагчаас зээлийн төлбөр төлөхийг шаардаж, мэдэгдээгүй, данснаас зээл суутгаж байгаа талаар хэлээгүй. Хариуцагч нь оршин суугаа хаягтаа өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт, зээлийн үүргээ биелүүлэхийг шаардаж байгаагүй атлаа хариуцагчийг зээлийн үүргээ гүйцэтгэж байсан гэж дүгнэх үндэслэлгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 12 679 129.36 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “КБ ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Д.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 217 816 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээнд төлж байсан боловч хувийн тодорхой шалтгааны улмаас ажлаасаа гарч, Замын-Үүдээс Улаанбаатар хот руу ирсэн. Түүнээс хойш 5 жил гаруй байнгын нэг хаяг дээрээ Улаанбаатар хотод амьдарч байсан. Энэ хугацаанд КБ болон банкны эрх хүлээн авагчаас ирж уулзаагүй, зээлээ төлөхийг шаардаж байгаагүй. Гэтэл гэрээний хугацаа дууссанаас хойш 4 жилийн дараа 2020 оны 09 дүгээр сард шүүхээс холбогдсон. Хариуцагч нь зээлийн төлөлт хийгээгүй байхад анхан шатны шүүхээс хариуцагч Д.М нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2018 онд 2 удаагийн гүйлгээгээр зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж байсан нь тогтоогдсон гэж дүгнэсэнд гомдол гаргаж байна. Хариуцагчийн өмнөөс өөр этгээд зээлийн төлөлт хийж байгаагүй нь депозит дансны болон зээлийн дансны хуулгаар нотлогддог. 2018 онд "Гансүрэн Мантайсүрэн орлого" гэх утгатай 2 удаагийн гүйлгээгээр хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлсэнийг мэдээгүй, харин банкны эрх хүлээн авагчаас нотлох баримтаар миний дансны хуулгыг шүүхэд гаргаж өгөхөд нь мэдсэн. Би зээлээ төлүүлэхээр 2 удаагийн мөнгөн гүйлгээг хэн нэг этгээдэд зөвшөөрч данс руугаа шилжүүлүүлээгүй. Уг 2 удаагийн гүйлгээгээр миний дансанд орсон мөнгө нь зээлд суутгагдаж төлөгдсөн төлбөр бөгөөд уг суутгалыг мэдээгүй. Банкны зүгээс энэ талаар мэдэгдээгүй. Оршин суугаа хаяг тодорхой байхад энэ хугацаанд холбогдоогүй, зээл төлөхийг шаардаж байгаагүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
Нэхэмжлэгч “КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч Д.Мд холбогдуулан зээл 5 166 969.36 төгрөг, зээлийн хүү 7 080 644.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515.80 төгрөг, нийт 12 679 129.36 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Хариуцагч нь Д.М нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр “КБ ХХК-тай 5 760 000 төгрөг сарын 2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авахаар цалингийн зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч гэрээний зүйлийг зээлдэгчийн 2006016240 тоот зээлийн дансанд шилжүүлсэн байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. /хх6-8, 13/
Хариуцагч нь гэрээгээр тогтоосон хугацаанд нийт 8 524 800 төгрөг төлөх үүрэгтэйгээс гэрээний хугацаанд болон гэрээний хугацаа дууссанаас хойш нийт 1 935 449 төгрөг төлж, үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүй байх ба нэхэмжлэгч гэрээний гүйцэтгэлийг бүрэн шаардах эрхтэй. /хх 10-12/
Үүргийн гүйцэтгэлийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Хариуцагч нь “гэрээний үүрэг шаардах эрх 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дууссан, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр дансанд мөнгө орсон гэдгийг мэдээгүй, гуравдагч этгээдээс шилжүүлсэн мөнгийг зээлийн төлбөрт суутган авсан нь үндэслэлгүй” гэж тайлбарладаг.
Гэрээний 3.1.10-т “зээлдэгч зээл, хүүгийн төлбөрийг графикийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлдэгчийн цалин болон бусад хөрөнгөөс үл маргах журмаар суутган авч, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг барагдуулах”, 4.1.5-д “банк зээл, зээлийн хүү төлөх хугацаа болмогц зээлдэгчийн 2006016218 тоот харилцах болон картын данс, хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлүүлэх эрхтэй гэж заасан байна.
Дээрх гэрээнд дурьдсан хариуцагчийн 2006016218 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр “Мантайсүрэн Гансүрэн” гэх утгаар 500 000 төгрөгийн орлого орсон байх ба зээлдүүлэгч нь 499 000 төгрөгийг зээлдэгчийн зээлийн төлбөрт суутган авсан нь талуудын тохиролцоонд нийцсэн байна. /хх112/ Зээлдэгч өөрийнх нь дансанд хэнээс мөнгө шилжиж орсныг мэдээгүй гэх тайлбар гаргах боловч энэ нь бусдын өмнө хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл болохгүй.
Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.
Нэхэмжлэгч нь хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийн дүнг 2016 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар тооцоолон үндсэн зээл 5 166 969 төгрөг, зээлийн хүүний үлдэгдэлд 7 080 644 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 431 515 төгрөг, нийт 12 679 129 төгрөг гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.
Зохигчид гэрээт хугацааны хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар гэрээний 2.9-д “зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-д заасан эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүрэг хангагдах хүртэлх хугацаанд үндсэн хүүг, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө”, 2.11-д “зээлдэгч зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар гэрээний хугацаа үргэлжилнэ, гэрээний үндсэн хугацаа дууссан нь зээлдэгчийн зээл түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тохиролцсон байна.
Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг талын нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэх бөгөөд уг нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарладаг.
Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж зээлийн үйл ажиллагаа төлбөр тооцооны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3, 25 дугаар зүйлийн 2, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө”, “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж тус тус заасан.
Гэтэл талууд гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой тусгаагүй, ерөнхий утгаар буюу хуулийн заалтыг хуулсан агуулгатай тусгасан байх тул нэхэмжлэгч хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй. Хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолбол, үндсэн зээл 5 760 000 төгрөг, үүнээс 24 сарын хүү нь 2 764 800 төгрөг /5 760 000 *2%=115 200*24 сар/, нийт 8 524 800 төгрөг /5 760 000+2 764 800/ болох ба уг дүнгээс хариуцагчийн төлсөн 1 935 449 төгрөгийг хасч тооцоход 6 589 351 төгрөгийн үүрэгтэй байсан. Талууд гэрээний 2.10-т нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон байх тул нэмэгдүүлсэн хүүд 552 960 төгрөг /2 764 800*20%/ төлөхөөр байна. Иймд хариуцагчаас нийт 7 142 311 төгрөг /6 589 351+552 960/ гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.
Давж заалдах шатны шүүхээс зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн “гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй давж заалдах шатны шүүх тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2021/00567 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Мгаас зээлийн гэрээний үүрэгт 7 142 311 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “КБ ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 536 818.36 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дах заалтын “217,816” гэснийг “129 226” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217 817 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
А.МӨНХЗУЛ