| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвцэрэнгийн Доржбал |
| Хэргийн индекс | 141/2024/00060/И |
| Дугаар | 141/ШШ2025/00075 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 141/ШШ2025/00075
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,
Нэхэмжлэгч: ………………. багт оршин суугч Х овогт М.Э нь Ж.Ог нас барсан болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1989 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн 3 дахь охин Ог төрүүлсэн. Охин маань 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зуурдаар нас барсан. Тухайн үед хөдөө амьдарч байсан сумын төв рүү орох боломжгүй мөн цас зуд ихтэй байсан учраас иргэний бүртгэлд бүртгүүлээгүй өнгөрсөн. Одоо би өндөр насны 1-р одонд орох болоход хүүхдийн нас барсны бүртгэл шаардлагатай байгаа тул охин Ог 1989 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие М.Э нь тус шүүхэд Ог нас барсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Эийн шүүхэд гаргасан “Ж.Ог нас барсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.Э нь “...Миний бие М.Э нь тус шүүхэд Ог нас барсан болохыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.Эийн шүүхэд гаргасан “Ж.Ог нас барсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч М.Эт олгосугай.
3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ