Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 311/ШШ2025/00172

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Р.Ц.........н нэхэмжлэлтэй

Хариуцагч: .......... ХХК-д холбогдох

Лабораторийн 128 нэр төрлийн хөрөнгийг худалдан авсны үнэ 22,277,073 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй

Р.Ц.........н сөрөг нэхэмжлэлтэй ........ ХХК-д холбогдох 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М..........., түүний өмгөөлөгч В.С........, өмгөөлөгч Э.Б.......... /цахимаар/, хариуцагч ......... ХХК-ийн төлөөлөг............ М.А........., түүний өмгөөлөгч Б.А......., гэрч Б.О........, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ц....... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...миний бие Монгол улсын Засгийн газрын 1999 оны шийдвэрээр сумдын мал эмнэлгүүдийг хувьчлах үед Улиастай сумын мал эмнэлгийг хувьчлах дуудлага худалдаанд оролцож 10 хүнтэй өрсөлдөн 750,0 мянган төгрөгөөс өсгөж 6,550,0 мянган төгрөгөөр худалдан авч, аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн эрхлэгч эмчийн ажлаа өгч хувийн мал эмнэлгийг хөгжүүлэхийн төлөө 24 жилийн хөдөлмөр хүч хөрөнгөө зарцуулан ажиллаж байна. Монгол улсын малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу Улиастай сумын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд 2000 онд анхны мах, сүү худалдан борлуулах зах байгуулагдахад дэргэд нь тусгай байр барьж лаборатори байгуулж ажиллуулан сумынхаа хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч жилээс жилд сайжруулан стандарт хэмжил зүйн үндэсний төвд шалгуулан итгэмжлэлийн гэрчилгээ авч Улсын шилдэг хувийн мал эмнэлэг, лаборатори болж нарийн мэргэжлийн хүн бэлтгэн цалинжуулан ажиллуулдаг байв. Гэвч сум орон нутгийн дарга нар солигдох бүрдээ миний хувьчилж авсан сумын мал эмнэлгийн үйлчилгээ хийдэг багуудаас хүчээр тастан авч шинэ мал эмнэлгүүд байгуулан тэдгээр нь ямар ч лабораторигүй мөртөө мах, сүү болон малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ бичдэг болсноос ашиг орлого буурч би лабораторийн мэргэжилтнээ цалинжуулж чадахгүй байдалд хүрээд өөрөө ч нас өндөр болоод Мал эмнэлгийн лабораторио зарах саналыг 2019 онд гаргасан юм.Гэтэл ....... ХХК-ний захирал М. А....., эхнэр О..... нар нь Баруун бүсийн худалдааны төвийн 2-р давхрын нэгэн буланг 1,9 сая төгрөгөөр тохижуулан үйл ажиллагаа явуулж байсан манай лабораторийн өрөөнд ирж үзээд манай компани хиам хийдэг тул лаборатори хэрэгтэй байна. Та лабораторио зарчих гэсэн тул би зарах хүсэлтэй байсан хүн хүлээн зөвшөөрч авч өгөлцөх үедээ эд хөрөнгийн үнэлгээгээр үнэ тохиролцохоор болж хугацаа тохиролцсон юм. Тохиролцсон өдрөө ....... ХХК -ний захирал М. А......., эхнэр О..... нар ирж баруун бүсийн худалдааны төвийн 2-р давхрын 1,9 сая төгрөгийн хөрөнгө зарцуулж тохижуулсан МЭАЦЛабораторийн байранд нь бүх эд хөрөнгийг нэг бүрчлэн бүртгэл үнэлгээтэй нь тулган 128 нэр төрлийн 22277073 төгрөгийн эд хөрөнгийг жагсаалт үйлдэн хүлээн авч гарын үсгээ зурж, тамга тэмдгээ дарж баримтжуулан байрны түлхүүрийг нь гардуулан өгч үнэ өртгийг ойрын хугацаанд өгөхөөр тохиролцсон юм. Миний сэтгэл зүрхээрээ хийж байсан хүн амын хүнсний аюулгүй байдлын төлөө ажлыг үргэлжлүүлэн хийх гэж байгаад нь урам орж мөн үнэ өртгийг удаахгүй өгчих байх гэж бодоод жагсаал 3-т байгаа 30 нэр төрлийн 1995085 төгрөгийн эд хөрөнгийг хандиваар өгөхөөр тохиролцсон билээ. Гэвч итгэл алдаж үнэ өртгийг өгөхгүй олон жил чирэгдүүлж хохироосон тул бүх өгсөн 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22.277.073 төгрөгийг гаргуулан өгч өндөр настан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М........ нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан өөрчилж гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Лабораторийн 30 нэр төрлийн хөрөнгийг хандивласан байгаа энэ бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож тус хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийн үнэ 1.995.085 төгрөгийг, мөн худалдсан 98 нэр төрлийн хөрөнгийн үнэ 20.281.988 төгрөгийн хамт нийт 22.277.073 төгрөгийг хариуцагчаас гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Р.Ц........ нь МУ-ын Засгийн газрын 1999 оны шийдвэрээр сумдын мал эмнэлгүүдийг хувьчлах үед Улиастай сумын мал эмнэлгийг хувьчлах дуудлага худалдаанд оролцож 10 хүнтэй өрсөлдөн 750,0 мянган төгрөгөөс өсгөж 6550,0 мянган төгрөгөөр худалдан авч, аймгийн мал эмнэлгийн ариун цэврийн лабораторийн эрхлэгч эмчийн ажлаа өгч хувийн мал эмнэлгийг хөгжүүлэхийн төлөө 24 жилийн хөдөлмөр хүч хөрөнгөө зарцуулан ажилласан. Монгол улсын малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн дагуу Улиастай сумын хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах үндсэн үүргийнхээ хүрээнд 2000 онд анхны мах, сүү худалдан борлуулах зах байгуулагдахад дэргэд нь тусгай байр барьж лаборатори байгуулж ажиллуулан сумынхаа хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авч жилээс жилд сайжруулан стандарт хэмжил зүйн үндэсний төвд шалгуулан итгэмжлэлийн гэрчилгээ авч улсын шилдэг хувийн мал эмнэлэг, лаборатори болж нарийн мэргэжлийн хүн бэлтгэн цалинжуулж ажиллаж байсан. Гэвч сум орон нутгийн дарга нар солигдох бүрдээ шинээр мал эмнэлэг байгуулж тэдгээр нь лабораторигүй мөртөө мах, сүү, малын гаралтай бүтээгдэхүүний ариун цэврийн гэрчилгээ бичдэг болсноор ашиг орлого муудаж хүн ажиллуулж чадахгүй болсон мөн өөрөө нас өндөр болоод Мал эмнэлгийн лабораторио худалдах болсон юм. Лабораторийг худалдах гэж байгаагаа ойр тойрны хүмүүст хэлж зарлаж байсан. Гэтэл ......... ХХК-ны захирал М.А........, эхнэр О...... нар нь манай лабораторийг зарах гэж байгаа талаар Аймгийн засаг даргаас сонссон гээд манай лабораторийн өрөөнд ирж байсан. Тэгээд манай компани хиам хийдэг тул лаборатори хэрэгтэй байгаа. Танай лабораторийг авъя гэхэд нь би зөвшөөрсөн. Ингээд манай лабораторийн бүх эд хөрөнгийг үзэж 128 нэр төрлийн 22.277.073 төгрөгийн эд хөрөнгийг хүлээн авсан жагсаалт үйлдэж гарын үсэг зураад тамга тэмдгээр баталгаажуулсан. Тухайн үед ард иргэдийн хүнсний аюулгүй байдлын төлөө сэтгэл зүрхээ зориулан хийж байсан ажлыг маань М.А........, О........ нар үргэлжлүүлэн хийх гэж байгаад нь урам орж, мөн худалдан авсан хөрөнгийн үнийг удаахгүй өгөх байх гэж итгээд эд зүйл хүлээлцсэн баримт бичгийн 3 дугаар жагсаалтад дурдсан 30 нэр төрлийн хөрөнгө нь 1.995.085 төгрөгийн үнэлгээтэй боловч түүнийг хариу төлбөргүйгээр тэдэнд хандивлах буюу бэлэглэхээр болсон юм. Ингээд 2020 оны 5 сард .........ХХК нь худалдан авсан эд хөрөнгийн үнэ 8 сая төгрөг өгсөн боловч үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан. Харин түүний дараа дээрх 8 сая төгрөгийг ......... ХХК-нд төрөөс олгогдсон бөгөөд төлбөрийг төр ингэж төлөх ёсгүй байсан талаар шүүхийн шийдвэр гарч 8 сая төгрөг нь эргэж хураагдсан. Гэтэл ....... ХХК нь уг лабораторийн тоног төхөөрөмжийг төрөөр авхуулах ёстой байсан гэж маргаж иргэн надаас худалдан авсан тоног төхөөрөмжийнхөө үнийг одоог хүртэл төлөхөөс татгалздаг. Иймд ....... ХХК-ийн худалдан авсан тоног төхөөрөмжийн үнэ 20.281.988 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү.

2000 оноос 2020 он хүртэл Улиастай сумын худалдааны захууд болон сургууль, цэцэрлэгт хэрэглэгдэж байгаа мах сүүнд мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээ хийж байсан. Энэ хугацаанд улсын мал эмнэлгийн ерөнхий газар хүнсний аюулгүй байдлын газруудаас адистатчлал хийж баталгаажуулж стандартын шаардлага хангасан лабораторийг ажиллуулж байсан. Лабораторийг ажиллуулж байх хугацаандаа давхар хүн ажиллуулж цалинжуулдаг байсан, мөн байрны түрээс, гэрэл цахилгааны мөнгө өгдөг байсан. Тухайн үед тэр лабораториор үйлчлүүлдэг байсан худалдаачид одоог хүртэл Баруун бүсийн худалдааны төвд худалдаагаа хийж байгаа. 2019 онд манай гэр бүлийн хүн нас өндөр болсон тул лаборатори ажиллуулж чадахгүй боллоо гээд Баруун бүсийн худалдааны төвд тухайн лабораторио худалдаж авах саналыг тавьж байсан. Уг саналын дагуу Баруун бүсийн худалдааны төв аймгийн Засаг дарга Б.....д тухайн тоног төхөөрөмжийг авмаар байна дэмжлэг үзүүлээч гэдэг хүсэлтийг тавьж байсан юм байна лээ. Ингээд байж байтал 2020 онд ........ ХХК хиамны үйлдвэртэй болсон, манайд лаборатори хэрэгтэй байна, Б....... дарга танайхыг лабораторио зарах гэж байгаа гэж байна гэж над дээр ирсэн. Манай эхнэр бол ......... ХХК-ны хүмүүсийг танихгүй. Тэгээд би эхнэртэйгээ уулзуулаад өгье гээд цаг хугацаа тохироод Баруун бүсийн худалдааны төвд байгаа лабораторио үзүүлээд авах цаг хугацаагаа тохироод эд зүйлсийг нь тоолж хүлээлгэж өгөөд лаборатори байсан өрөөний түлхүүр, тэнд байгаа бүх зүйлийг өгсөн. 20 гаруй жил энэ лабораторийг ажиллуулсан хүний хувьд манай гэр бүлийн хүн лабораторийнхоо ширээ сандал, бичиг цаас компьютер, канон гээд 1.900.000 төгрөгийн эд зүйлийг миний үйл ажиллагааг үргэлжлүүлээд Завхан аймгийн Улиастай хотын хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллаарай гээд бэлэглэж өгөөд үлдсэн тоног төхөөрөмжөө жагсааж бичээд тоо ширхгийг нь бичиж хүлээлгэж өгсөн. Тухайн үед хариуцагч тал лаборатори байсан өрөөг түлхүүртэй нь хүлээн авсан. Ингээд өдийгөөс 2025 он гээд 5 жилийн хугацаанд лабораторийн тоног төхөөрөмжийн мөнгөө авч чадаагүй. Лаборатори бол манай гэр бүлийн хүний сүүлийн 20 жил үйл ажиллагаа явуулж орлого олдог орлогын эх үүсвэр байсан. Гэтэл сүүлдээ хариуцагч тал хандиваар авсан хог новш 3.000.000 төгрөгийн үнэ хүрэхээргүй гэсэн. Хандиваар өгсөн гэдгийг дараа нь мэдээд нэхэмжлэлийн шаардлагаа 1.900.000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна гэв.

Нэхэмжлэгч талын өмгөөлөгч В.С......., Э.Б....... нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ лабораторийн мөнгө болон 22.277.073 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний дагуу шаардаж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж өөрчилсөн. Ингэж өөрчлөхдөө хариуцагчид өгсөн лабораторийн 128 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 98 нэр төрлийн 20.981.988 төгрөгийн хөрөнгийг худалдах худалдан авах гэрээний дагуу гаргуулахаар, лабораторийн 30 нэр төрлийн 1.995.055 төгрөгийн эд хөрөнгийг хариу төлбөргүй бэлэглэлийн гэрээний дагуу өгсөн байсныгаа бэлэглэгч талыг гомдоосон гэсэн үндэслэлээр мөн буцаан гаргуулахаар өөрчилж нэхэмжилж байна гэв.

Хариуцагч .......... ХХК-ийн төлөөлөгч М.А..... шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 онд мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн ондоо манай компани шинэ хиамны үйлдвэр бариад үйлдвэрийн нээлтдээ аймгийн удирдлагуудыг урьсан. Энэ хугацаанд Б...... дарга аймгийн Засаг дарга болсон. Засаг даргын мөрийн хөтөлбөрт аймгийнхаа жижиг дунд үйлдвэрийг дэмжих 4 жил болгоно гэсэн байхаар нь би эхнэртэйгээ цуг Б...... даргатай уулзаж манай компани мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлж байгаа. Манай компанид лабораторийн хэрэг байна, манай компанид лабораторийн дэмжлэг үзүүлэх боломж байна уу гэж хэлэхэд Б..... дарга энэ талаар судалж үзээд хариу өгье гэж хэлсэн. Тэр хугацаанд манай эхнэр Улаанбаатар хотод сургалтад сууж лабораторийн үйл ажиллагаа явуулах гэрчилгээ авсан. Тэгсэн нэг өдөр Засаг дарга Б......... өрөөндөө дуудаад сумын ИТХ-ын дарга М......... лабораторийн тоног төхөөрөмж байдаг юм байна, тэр тоног төхөөрөмжөө аймагт зарж борлуулаад өгөөч гэсэн, та хоёр тэр тоног төхөөрөмжийг нь очоод үзээдхээч, та хоёрт хэрэг болохоор зүйл байна уу гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр М....... очиж уулзаад тэр лабораторийн тоног төхөөрөмжийг нь очиж үзсэн. Тэгсэн зарим тоног төхөөрөмж нь 1980-аад оных зарим бодисын хугацаа нь дууссан байсан. Тэгээд би эхнэртээ энэ хуучин тоног төхөөрөмж байна, ийм хуучин тоног төхөөрөмжөөр яах юм бэ гэж хэлсэн чинь манай эхнэр аймгийн удирдлагууд үйлдвэрийн нээлтэд амласан амлалтаа өгч байгаа юм чинь авчихъя, 2 микроскоп байна, энэ нь хэрэг болох байх, аймгаас зүгээр өгч байгаа юм чинь авчихъя гэсэн. Аймгийн Засаг дарга манай үйлдвэрийн нээлтэд ирээгүй, манай эхнэр рүү утсаар яриад би хойд сумуудаар явах ажилтай болчихлоо ИТХ-ын дарга Б......... очно гэж хэлсэн. Тэгээд Б...... дарга үйлдвэрийн нээлтэд үг хэлэхдээ орон нутагтаа үйлдвэр үйлчилгээ хөгжүүлж байгаа энэ хоёртоо аймгаас дуртай тоног төхөөрөмжийг нь авч өгнө гэж хэлсэн. Ингэж хэлсэн нь тухайн үед хийгдсэн бичлэг дээр хадгалагдан үлдсэн. Аймгийн удирдлагуудын зүгээс тоног төхөөрөмж өгнө гэсэн учраас бид хоёр тэр лабораторийн тоног төхөөрөмжийг нь авсан болохоос манай компани Р.Ц......н лабораторийн тоног төхөөрөмжийг худалдаж аваагүй, худалдаж авна гэж нэг ч дуугараагүй. Аймгийн удирдлагууд амласан амлалтаа биелүүлж байгаа юм байна гэж бодоод авсан. Тэгээд байж байтал Авлигатай тэнцэх газраас хүн ирээд М..........н өгсөн тоног төхөөрөмж буруу замаар танай компанид өгсөн байна, М........... тоног төхөөрөмжөө буруу шугамаар шахаж зарсан байна, түүнийг нь шалгаж байгаа гээд лаборатори байсан өрөөг лацдаад явсан. Аймгийн Засаг дарга тухайн үед тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ гэж хэлж байхдаа тоног төхөөрөмжийн мөнгө төгрөгийг Улиастай сум, аймаг хоёроос зохицуулж гаргана, та хоёр М.......ийн лабораторийн тоног төхөөрөмжийг авна гэх юм бол ав гэж хэлсэн. Тэгээд Авлигатай тэнцэх газраас лабораторийн тоног төхөөрөмж байсан өрөөг лацдаад явсны дараа М...... ирээд лабораторийн тоног төхөөрөмжийнхөө талыг авмаар байна гэхээр нь та яагаад талыг нь авдаг юм наад тоног төхөөрөмжийг чинь Авлигатай тэнцэх газраас ирээд лацдаад явсан гэж хэлсэн чинь тэр ямар хамаатай юм би юм аа авмаар байна, би Улиастай сумаас авах мөнгөө авчихсан, аймгаас гаргаж өгөх мөнгөө гаргаж өгөхгүй байна, би аймгаас гаргаж өгөх мөнгөндөө тэнцэх тоног төхөөрөмжөө авна гээд цаасан дээр хэдэн тоног төхөөрөмж жагсаагаад бичсэн цаас надад үзүүлж байсан. Манайх Улиастай сумаас 8.000.000 төгрөг авсан, тэр мөнгийг авахад манай эхнэр бид хоёр ямар ч бичиг баримт бүрдүүлээгүй. М....... Улиастай сумын ИТХ-ы дарга байхдаа эрх мэдлээ ашиглаж Улиастай сумаас 8.000.000 төгрөгийг гаргаж авсан. Тэгээд нэг өдөр ирээд танай компанийн данс руу Улиастай сумаас 8.000.000 төгрөг орсон тэр мөнгийг надад өгөөдөх гэж хэлэхээр нь та дансаа өгчих гэж хэлсэн чинь би данс өгч болохгүй, байж байгаад нэг данс өгье гэж хэлсэн. Тэгсэн удаа ч үгүй манай охины данс гээд нэг данс өгсөн, тэгснээ охины данс руу бас болохгүй юм байна, би мөнгөө бэлнээр авна гэхээр нь 8.000.000 төгрөгийг нь гаргаж өгсөн. Тэгээд Авлигатай тэнцэх газраас М.......г буруутай юм байна, танай компани буруугүй юм байна гэж хэргийг шийдсэн байхад М....... одоо хүртэл намайг дахин дахин гүтгэж гүжирдэж, сэтгэл санааны дарамтад оруулж, ажиллаж хөдөлмөрлөх цаг хугацааг минь үрж явж байгаад гомдолтой байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А........ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Энэ үйл маргаан бол худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагч тал мөнгөө өгөөгүй гэдэг байдлаар гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. Үнэхээр худалдах, худалдан авах гэрээ мөн эсэхийг шүүх анхааран үзэх шаардлагатай. Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх талаар тодруулахад хэлцэл мөн байна уу, биш байна уу гэдэг асуудал яригдана. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэсэн зохицуулалтыг шүүх тогтооно. Хэрвээ худалдах, худалдан авах гэрээгээр авсан юм бол Ц....... гэдэг хүнтэй хэзээ яаж тохиролцсон юм бэ гэдэг зүйл энэ хэрэгт байхгүй байгаа. Ц...... гэдэг хүн ....... ХХК-тай ийм ийм нэр төрлийн тоног төхөөрөмж худалдъя гэж бичгээр байгуулсан зүйл байхгүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр орсон О...... гэдэг хүн эд хөрөнгө хүлээлцэхээс өмнө Ц........ гэдэг хүнтэй нэг ч уулзаагүй, харилцан тохиролцсон зүйл байхгүй гэж байна. Эд хөрөнгө хүлээлцэж өгөхөөс өмнө эдгээр хүмүүс харилцан тохиролцсон байх шаардлагатай. Худалдах худалдан авах гэрээний дагуу 8.0 сая төгрөг төлсөн гэж ярьж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хариуцагч талыг тоног төхөөрөмж авах хэрэгцээ байсан байна гэж тайлбарлаж байна. Ийм хэрэгцээ хэнд ч байна, хэрэгцээгээр иргэний хуулийг тайлбарлаж шийдэж боломжгүй. Аль алинд нь хэрэгцээ байгаа. Хэрэгцээгээ ямар нөхцөл байдлаар хүсэл зоригоо илэрхийлсэн байна вэ гэдэг асуудал байгаа. Хариуцагч тал Ц....... гэдэг хүн дээр очоод тоног төхөөрөмжийг нь худалдаж авъя, мөнгийг нь өгье гэсэн зүйл хэрэгт байхгүй ...гэв.

Нэхэмжлэгч М.А........ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Р.Ц....... нэхэмжлэлтэй ...... ХХК-д холбогдох 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагын төлөөлөгчөөр оролцож байна. Өмнө нь нэхэмжлэгч гаргаж миний зүгээс хаашдаа манайх худалдаж аваагүй учраас шүүх нь үнэн зөвөөр шийдвэрлэнэ байлгүй өмгөөлөгчгүй орсон чинь Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 сарын 31-ны өдрийн ...... дугаартай шийдвэрээр надад эд хөрөнгө шилжсэн учраас худалдах худалдах авах гэрээ хийгдсэн байна гэж ямар ч үндэслэлгүй шийдвэрлэсэн тул манайх Завхан аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж, тус шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд ирээгүй учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг нь буцаасан. Гэтэл дахин үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан учраас 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22,277,073 төгрөгийн худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

Хариуцагчийн өмгөөлөгч Б.А........ сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлахдаа: Сөрөг нэхэмжлэлийн агуулга бол талууд ямар нэгэн гэрээг бичгээр байгуулаагүй, бичгийн шаардлага хангаагүй ч гэсэн эд хөрөнгө хүлээлцэж авсан, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, тийм учраас худалдах худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой үлдэгдэл мөнгөө өгөөгүй гэдэг байдлаар нэхэмжлэгч тал шүүхэд хандсан. Хэрвээ шүүхээс худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх тохиолдолд түүнийг хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл нэг хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн гэрээ байна. Төрийн байгууллагаас мөнгө гаргах зорилготой байсан учраас санаа зорилго байхгүй байсан. Худалдах худалдан авах гэрээ гэж үзсэн тохиолдолд аль алины хүсэл зоригийн илэрхийлэл байх ёстой. Худалдан авагч гэж үзэх юм бол худалдан авагчийн хүсэл зориг буюу хэдэн төгрөг төлөх мөн өөрөө хүсэлт гаргасан асуудал байхгүй байна. ......... ХХК-ны удирдлагуудаас асуухаар бидний хүсэл зориг байгаагүй, аймгаас үнэгүй өгч байгаа гэж ойлгож байсан, мөнгөөр худалдаж авахаар байсан бол бид ийм лаборатори худалдаж авахгүй байсан гэдэг тайлбарыг өгсөн. Гэтэл бодит байдал дээр Р.Ц...... болон ........ ХХК-ны хооронд гэрээ байгуулсан асуудал байхгүй. Ийм учраас худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх боломжгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан. Мөн шүүхэд бүрэн эрхийг нь олгож байгаа. Хэрвээ худалдах худалдан авах гэрээ гэж үзэх юм бол хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Дүр үзүүлсэн буюу халхавчилсан хэлцэл гэж үзэх боломжтой. Төрийн байгууллагаас бэлэглэж байгаа юм чинь гээд авсан асуудал байдаг. Төрийн байгууллага болон компани хоёрын хооронд хэлцэл байгуулагдсан байгаа гэв.

Өмгөөлөгч В.С........., Э.Б......... нар сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Тухайн үед ........ ХХК-ыг төлөөлж М.А....... лабораторийн эзэн Р.Ц....... харилцан тохиролцож гэрээ байгуулсан байна. Ямар нэгэн хууль бус нөхцөл байдлыг халхавчлах үйлдэл байгаагүй, ямар нэгэн эд хөрөнгийн доголдол яригдаагүй байгаа, өнөөдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харахад хариуцагч тал үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэж үзэхээр байна. Худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа учраас гэрээ хэлцлийг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа юм байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбараа гаргахдаа халхавчилж хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан гэж байна. Хэрвээ халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа бол хуульд зааснаар хоёр хэлцэл байх шаардлагатай. Хоёр хэлцэл байгаад нэг хэлцэл нь нөгөөгөө халхавчилж хийсэн бол үүнийг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзнэ. Энд ямар хоёр хэлцэл хийгдээд аль нь алийгаа халхавчилсан гэж үзэж байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй байна. Сөрөг нэхэмжлэл гэдэг нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас тооцогдох шаардлага байгаа нөхцөлд түүнийг сөрөг нэхэмжлэл гэж үздэг. Сөрөг нэхэмжлэл гаргаад тэр шаардлагаараа гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэдэг сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа бол үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой байгаа учраас гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Халхавчилж хийсэн хэлцэл байна гээд нөгөө болохоор дүр үзүүлж хийсэн хэлцэл гээд хоёр янзаар тайлбарлаж байна. Үүнийг халхавчилж хийсэн хэлцэл гэж үзэх юм бол халхавчилсан гэсэн ойлголт байна. Дүр үзүүлж хийсэн гэвэл ямар бодит байдлыг нуухын тулд өөр бусдад өөр байдал төрүүлэхийн тулд ямар дүр үзүүлсэн юм бэ гээд хоёр өөр байдлаар нотлогдож тогтоогдох үндэслэлүүд байгаа. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн зүгээс мах шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт-1, шил сав урвалжийн жагсаалт-2, лабораторийн тавилга, эд хогшил-3, 2024.06.05-ны өдрийн нэхэмжлэгчээс төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл, 2024.10.28-ны өдрийн нэхэмжлэгчээс төлөөлөгчдөө олгосон итгэмжлэл,

Хариуцагчаас Б.М......... холбогдох 2022.12.15-ны өдрийн ........ шийтгэх тогтоол, 2020.05.20-ны өдрийн 8.000.000 сая төгрөг тушаасан тухай төлбөрийн баримт, хүснэгт зэрэг баримтыг ирүүлсэн байна.

Шүүхээс хэргийн оролцогчдын хүсэлтээр 2023.05.31-ний өдрийн 260 дугаартай иргэний хэргээс Д.Б......, Ц.Б......., С.Я....... нарын мэдүүлгийг хуулбарласан баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр үзлэг хийсэн тухай үзлэгийн тэмдэглэл, мөн гэрч Ц.Б........г асуулгах хүсэлтийн дагуу асуусан тухай тэмдэглэл, хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу CD үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

1.      Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2.      Нэхэмжлэгч Р.Ц........р нь хариуцагч ........ ХХК-нд

холбогдуулан лабораторийн 30 нэр төрлийн хөрөнгийг хандивласан ба энэ бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож тус хэлцлээр шилжүүлсэн хөрөнгийн үнэ 1.995.085 төгрөгийг, мөн худалдсан 98 нэр төрлийн хөрөнгийн үнэ 20.281.988 төгрөгийн хамт нийт 22.277.073 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

3.      Хариуцагч ...........ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрөхгүй, манайх тухайн эд хөрөнгийг нэхэмжлэгчээс худалдаж аваагүй, аймаг орон нутгаас дэмжинэ гэж амласныхаа дагуу манайд шилжүүлж өгсөн гэж тайлбарлан маргаж байна.

4.      Нэхэмжлэгч Р.Ц......... нь өөрийн өмчлөлийн шинжилгээ хийх

зориулалт бүхий лабораторийн 98 нэр төрлийн тоног төхөөрөмж болон бусад эд хогшлыг хариуцагч компанид хүлээлгэн өгсөн, 30 төрлийн эд хөрөнгийг хандивласан болох нь эд хөрөнгө хүлээлгэн өгсөн жагсаалт, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

5.      Дээрх баримтуудыг үндэслэн талууд гэрээний зүйлийн үнэ, тоо ширхгийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурж гэрээний зүйлийг хүлээн авч байсан байна.

6.      Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж

шүүх үзэв.

7. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан, мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилсан байна.

8.      Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч Р.Ц.............. нь

өөрийн 98 нэр төрлийн лабораторийн тоног төхөөрөмжийг хариуцагч ..........ХХК-д хүлээлгэн өгөх, хариуцагч компани хэлэлцэн тохирсон үнийг нэхэмжлэгчид төлөх гэрээгээр хүлээсэн үүрэгтэй байна.

9. Харин бэлэглэсэн гэх 30 нэр төрлийн хөрөнгийн үнийг нэхэмжлэх боломжгүй гэж үзэв. Учир нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.2 дахь хэсэгт бэлэглэлийн гэрээ хүчингүй болсон бол бэлэглэлийн зүйлийг бэлэглэгчид, эсхүл түүний өмчлөгчид буцаан олгоно гэж заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч Р.Ц......... нь хандивласан, бэлэглэсэн гэх эд хөрөнгөө хариуцагчаас нэр төрлөөр нь буцаан авах боломжтой, үнийг нь нэхэмжлэх боломжгүй байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч тухайн эд хөрөнгийг хүлээж аваад олон жил болсон учир одоо түүнийг буцааж авахгүй харин үнийг нь нэхэмжилж байна гэж тайлбарласан учир нэхэмжлэлийн шаардлагаас хандивласан гэх 30 нэр төрлийн хөрөнгийн үнэ 1.995.085 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

10. Мөн Завхан аймгийн Улиастай сумын орон нутгийн хөгжлийн сангаас ........ ХХК-ийн шинээр нээгдэж буй үйл ажиллагаанд дэмжлэг болох зорилгоор 8.000.000 төгрөгийн дэмжлэг үзүүлж байсан ба тухайн 8.000.000 төгрөгийг нэхэмжлэгч талд лабораторийн тоног төхөөрөмжийн үнэд тооцуулан өгч байсан болох нь Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол болон талуудын тайлбар, гэрч Ц.Б......, Б.О......... нарын мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

11. Иймд дээрх 8.000.000 төгрөгийг худалдах худалдан авах гэрээний үүрэгт лабораторийн тоног төхөөрөмжийн үнэд тооцуулан хүлээлгэн өгсөн байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй байна.

12. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 9.995.085 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож, худалдах худалдан авах гэрээний үүрэгт хариуцагч компаниас 12.281.988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ц......... олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

1. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар: Шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А........ шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа ... компанийн удирдлагын зүгээс гэрээ байгуулах чин хүсэл байгаагүй, хэрэв гэрээ гэж үзэх юм бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн эсхүл дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэхээр байна гэж тайлбарлаж байгаа ч хариуцагч компани хүсэл зоригоо бодитоор илэрхийлэн гэрээний зүйлийг өөртөө шилжүүлэн авсан, гэрээний үнэд тооцуулан Завхан аймгийн Улиастай сумын орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 8.000.000 төгрөгийг Р.Ц........ хүлээлгэн өгсөн байгаа зэрэг үйл баримтууд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байна.

2        Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгч нараас

...сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харахад талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар сөрөг нэхэмжилжээ гэж ойлголоо. Өөр хэлцлийг халхавчлах зорилготой хийгдсэн хэлцэл гэж үзэж байгаа бол хуульд зааснаар хоёр хэлцэл байх шаардлагатай. Энд ямар нэгэн нэг нэгнийгээ халхавчилсан хоёр хэлцэл хийгдээгүй, дүр үзүүлж хийсэн гэвэл ямар бодит байдлыг нуухын тулд өөр бусдад өөр байдал төрүүлэхийн тулд ямар дүр үзүүлсэн бэ гэдэг нь нотлогдож тогтоогдсон байх ёстой. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан байна.

3. Иймд талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж

үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ......... ХХК-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 12.281.988 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Ц...... олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.995.085 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар .......... ХХК-ны сөрөг нэхэмжлэлтэй хариуцагч Р.Ц....... холбогдох 128 нэр төрлийн эд хөрөнгийн үнэ 22.277.073 төгрөгийн үнэ бүхий худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дүгээр зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн 269.335 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч ........ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 211.461 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.Ц....... олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ