| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2018/0212/Э |
| Дугаар | 257 |
| Огноо | 2018-02-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Отгонбаяр, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 257
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,
улсын яллагч Ж.Отгонбаяр,
шүүгдэгч Ж.О, Ж.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.О , Ж.Л нарт холбогдох эрүүгийн 1706 0041 60182 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарыг биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19 оны дүгээр сарын -ны өдөр аймагт төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүрэг, дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.О , /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ний өдөр аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Эрдэнийн дуулга харуул хамгаалалтын газарт хамгаалагч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Л , /РД: /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Ж.О, Ж.Л нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аризона караокены 2 давхарын вип өрөөнөөс иргэн Б Самсунг Галакси эс 7 маркийн гар утсыг хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү утсыг нь аваад гарая гээд байхаар нь хэрэггүй гэж хэлтэл намайг гаръя гэсэн тэгэхээр нь шууд гараад гүйсэн гэв.
Шүүгдэгч Ж.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Хохирогч Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 23 цагийн үед Дарь эхээс Лхагва, Балт хоёртой караокенд суух гээд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Аризона караоке дээр ирсэн. Караокены үүдэн дээр 30 орчим насны хоёр эмэгтэй АТМ асуугаад зогсож байхаар хамт АТМ ороод Лхагва картаасаа мөнгө аваад бид гурав хоёр хүүхэнтэй хамт тавуулаа болоод Аризона караокены 2 давхрын Вип өрөөнд нь ороод ус, ундаа, 0.75 литрийн архи захиалаад бүгд ууцгаасан. Сүүлийн архи захиалаад жаахан ууж байгаад буйдан дээр нь унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь манай найз чиний утас алга болчихсон байна гэхээр нь би сэрээд утсаа хайтал байхгүй болохоор нь караокены эзэнд нь хэлтэл манайх одоо хаах гэж байна, маргааш камераа шүү гэж хэлсэн. Самсунг эс 7 маркийн цэнхэр өнгийн гар утсыг 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 1.400.000 төгрөгөөр худалдан авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-22 дугаар хуудас/,
Гэрч Ю.Ганбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 11-ний өдөр миний гараа таарч 24 цагийн үүрэг гүйцэтгэж ажиллаад 12-ны өдөр ажлаасаа буугаад гэртээ 13 цагийн үед ирсэн. Намайг очих үед манай хамтран амьдрагч Лхамхүү гэртээ байсан. Орой 22 цагийн үед надад нэг юм хэлье гэхээр нь за гэтэл Оюунаа бид хоёр өчигдөр бааранд сууж байгаад гурван залуутай танилцсан юм. Ингээд хамт сууж байсан гурван залуугийнхаа утсаар яръя гээд нэг залуугийн утсыг аваад гараад ирсэн. Манай эгч Оюун-Эрдэнийг хэл амаар доромжлоод байхаар нь дургүй хүрээд авчихсан гэж хэлсэн. Уг залуугаас авсан Самсунг эс 7 маркийн гар утсыг нь байрны мөнгө болон хоол хүнсний мөнгөгүй болохоор нь миний төрсөн ах Цэрэнгийн том хүү болох Булгантамирт зараад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн Булгантамир фэйсбүүк зараар зар тавиад нэг хүнд 570.000 төгрөгөөр зарлаа гээд 2017 оны 07 дугаар сарын 20-ны үед 570.000 төгрөг авч ирж өгсөн. Энэ мөнгөнөөс 550.000 төгрөгийг аваад үлдсэн 20.000 төгрөгийг Булгантамирт өгсөн. Би болон манай хамтран амьдрагч Лхамхүү бид хоёр байрны хөлс болон хоол хүнсэндээ хэрэглээд дуусгачихсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 28 дугаар хуудас/,
Гэрч П.Балтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би найз Лхагва, Батбаатар хоёртой 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Аризона караокенд үйлчлүүлэх гээд үүдэн дээр нь очтол хоёр эмэгтэй АТМ асуусан. Ингээд Лхагваа данснаасаа 20.000 төгрөг аваад хамт явж байсан хоёр эмэгтэй 30.000 төгрөг аваад бид тавуулаа Аризона караокены хоёр давхрын Вип өрөөнд үйлчлүүлсэн. Шөнийн 03 цагийн үед Лхагва сэрүүн, Батбаатар буйдан налаад суугаараа унтаж байсан. Хамт орсон эмэгтэй Батбаатарын хажууд сууж байсан, би бие засах өрөө рүү ороод 1 минут болоод гараад ирсэн чинь хамт сууж байсан хоёр эмэгтэй гараад явчихсан байсан. Ингээд би араас нь гарч иртэл алга болчихсон байсан. Би буцаж орж ирээд Батбаатарыг сэрээгээд утсыг нь үзтэл Батбаатарын халаасанд байсан гар утас нь байхгүй болчихсон байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Булгантамирийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай авга эгчийнд байж байсан чинь 22 цагийн үед Ганбат ах эхнэр Лхамхүүгийн хамт ирсэн. Надад нэг утас үзүүлээд энэ утас хэд хүрэх вэ, зарах гэсэн юм гэхээр нь би фэйсбүүкээр зар тавиад үзье гэж хэлсэн. Тэгсэн Ганбат чи зараад өг гээд үлдээсэн, би тэр орой нь гар утас худалдааны групп дээр Самсунг Эс 7 маркийн гар утас зарна гэж зар тавьтал маргааш нь буюу 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэг залуу залгаад утас зарах гэж байгаа юм уу, авчраад өгвөл авъя гэж хэлсэн. Би 13 цагийн үед байх Хан-Уул дүүрэгт байрлах Энканто таурт 25-30 орчим насны залууд 700.000 төгрөгөөр зарсан. Би Ганбат ахад 600.000 төгрөгийг өгөөд өөрөө 100.000 төгрөгийг авсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ¹57 дүгнэлт “Магадлуулагч Ж.О нь гэмт хэрэг үйлдэх үедээ “Үл ялгагдах хэлбэрийн шизофрени” хэмээх сэтгэцийн эмгэгтэй байсан бөгөөд уг сэтгэцийн эмгэг нь засрал сайжралын байдалтай байсан, уг сэтгэцийн эмгэг нь тухайн гэмт хэргийн үйлдлийн үед засрал сайжралын байдалтай байсан учраас гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан байна. Болсон хэргийн талаар үнэн зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн Сэтгэц наркологийн кабинетийн хяналтанд 2007 онд орсон болох нь амбулаторийн хяналтын картанд бичигдсэн, цаашид эмнэлгийн байнгын хяналтанд байх шаардлагатай, уг сэтгэцийн эмгэг нь “Засрал сайжралын байдал”-тай байна, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” /хэргийн 69-75 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл /хэргийн 16-18 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 79-80 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 38, 40 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 39, 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ж.О, Ж.Л нар нь бүлэглэн 2017 оны 07 дугаар сарын 11-ний шөнө 03 цагийн үед Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аризона караокены 2 давхарын вип өрөөнөөс иргэн Б Самсунг Галакси эс 7 маркийн гар утсыг хулгайлан авч 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.О, Ж.Л нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Ж.Оюун-Эрдэнэд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Ж.Лхамхүүд 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч Ж.О, Ж.Л нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Ж.О, Ж.Л нарт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Хэргийн 96 дугаар хуудсанд хохирогч Б.Батбаатар нь хэргийн материалтай танилцаад хохирлоо барагдуулж авсан, ажил ихтэй учраас шүүх хуралд оролцох боломжгүй, миний зүгээс ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн байх бөгөөд хэргийн 99 дүгээр хуудсанд мөн гомдол саналгүй, хохирлоо барагдуулж авсан талаар хүсэлтээ ирүүлжээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.О, Ж.Л нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.