Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001

 

Ж.Эрдэнэбилэгт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс 132/2016/0049/Э

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

          Прокурор                                                  Ц.Сувдаа

           Ялтан                                                        Ж.Эрдэнэбилэг

           Ялтны өмгөөлөгч                                     М.Найдан

           Нарийн бичгийн дарга                             И.Буманбаяр нарыг оролцуулан

 

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолтой Ж.Эрдэнэбилэгт холбогдох 201606000043 дугаартай эрүүгийн хэргийг ялтан Ж.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, Боржигон овогт Жалбын Эрдэнэбилэг, 1966 оны 07 дугаар сарын 20-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ГМ66072015 регистрийн дугаартай.

Ж.Эрдэнэбилэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр баг Мөнгөн-Уул

гэх газарт оршин суух гэртээ А.Чанцалнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаж, түүнийг хутгалж санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 56  дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Боржигон овогт Жалбын Эрдэнэбилэгийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тогтоож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэбилэгийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Ж.Эрдэнэбилэгт оногдуулсан 12 /арван хоёр/ жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг баримтлан шүүгдэгч Ж.Эрдэнэбилэгийн цагдан хоригдсон 99 /ерөн ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй хутга, улаан хүрэн өнгийн толбо бүхий зүйлээр бохирлогдсон шар өнгийн дээлний бүс, ханцуйтай, хар өнгийн цамц, 30х30 см хэмжээтэй, цэцгэн эрээн ягаан өнгийн хивс, 45х25 см хэмжээтэй, шаргал өнгийн хулдаас, бэлтгэлийн хар хөх өнгийн өмд, өвлийн хар өнгийн хүрэм, өвлийн хар саарал өнгийн эсгий гутал зэргийг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

Ж.Эрдэнэбилэг нь төлөх төлбөргүй, хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох хүсэлтээ сумын засаг даргаар шийдвэрлүүлэхийг тус тус дурьдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төрсөн 6 настай Эрдэнэбилэгийн Отгончимэгийг түүний авга эгч Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суух Жалбын Бурмаагийн асрамжинд өгч, шүүгдэгч Ж.Эрдэнэбилэгийн эд хөрөнгийг мөн түүний хамгаалалтанд шилжүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

          Ялтан Эрдэнэбилэг давж заалдах гомдолдoo: “...Би өөрийн уураа барьж чадалгүй эхнэр лүүгээ хутга шидэж түүнийг алж, амийг нь хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэндээ туйлаас гэмшивч нэгэнт хожимджээ. Би үйлдсэн хэргээ шударгаар хүлээсэн. Хичнээн харамсаж гашуудавч, өөрийгөө ялласан ч эхнэрийнхээ амийг хөнөөсөн уучлашгүй түмэн буруутай. Одоо миний төрсөн охин Э.Отгончимэг даанч бага насны хүүхэд учир түүний төлөө сэтгэл зүрхэндээ шаналсаар байна. Иймд ,,,шийтгэх тогтоолоор оногдуулсан 12 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хорих ялын доод хэмжээний хорих ял болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагад нийцжээ.

Ялтан Ж.Эрдэнэбилэг нь 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг Мөнгөн-Уул гэх газарт байрлах өөрийн гэртээ хохирогч А.Чанцалнямтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа хутга шидэж, түүнийг санаатай алсан  болох нь хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 3/, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

гэрч Ч.Тэшигмаагийн “...гэр лүү нь ороход талийгаач гэрийн гол хэсэгт буюу зуухны чанх ард талд баруун урагш харан…хэвтэж байсан…дээлний бүсний байдлаар харахад нилээд их хэмжээний цус алдсан байдалтай байсан…” гэх /хх 28/,

насанд хүрээгүй гэрч Э.Отгончимэгийн “...аав хониноосоо орой орж ирээд мах янзалж байгаад ээжтэй хэрэлдээд байсан…хутгаа ээж рүү шидэхэд хутга нь ээжийн чихнийх нь ард талд оноод газарт унасан...” гэх /хх 29/,

гэрч А.Мягмарсүрэнгийн “...очиход Эрдэнэбилэг гэрийнхээ гадаа зогсчихсон ахаа би эхнэр лүүгээ хутга шидээд оночихлоо, цус алдаад тогтохгүй байна, та ороод үзээд өгөөч гэж хэлсэн…“ гэх /хх 33/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2102 тоот “...Эрдэнэбилэгийн гэх цусанд 1.9 промилли спиртийн агууламж илэрч байна…согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 57/,

Шүүх эмнэлгийн Задлан шинжилгээ хийсэн 19 тоот “...талийгаачийн баруун чихний доорхи хатгагдаж зүсэгдсэн гүн шарх нь үхэлд хүргэжээ…артерийн судаснаас хурц цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт /хх 68-70/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ж.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, шүүхийн тогтоол гаргахад чухал ач холбогдолтой бүхий л байдлыг шалгаж тогтоосон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Ялтан Ж.Эрдэнэбилэг нь “...үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа тул надад Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан хорих ялын доод хэмжээний хорих ял болгон шийдвэрлэж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хувийн байдалд тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд ялтны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ялтан Ж.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

    

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ё.БЯМБАЦЭРЭН

 ШҮҮГЧИД                                          С.ЦЭЦЭГМАА        

С.УРАНЧИМЭГ