Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 026

 

Баян-Өлгий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн оршин суугч Ители овгийн Сейтханы Дауитханы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Өлгий сумын Засаг дарга, Баян-Өлгий аймгийн улсын бүртгэл, статистикийн газарт тус тус холбогдох;

Нэхэмжлэлийн шаардлага: Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066540 дугаартай гэрчилгээг,2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж болон газар эзэмших эрхийн мөн өдрийн 0277849 дугаартай гэрчилгээг, 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 50 дугаартай захирамжийг, 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1,2 дахь заалтын С.Дауитхан, Е.Ханат нарт холбогдох хэсэг, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаартай Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамж, улсын бүртгэлийн Г-0213001819 дугаартай 000111670 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, маргаан бүхий газраас 2000 м2 газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Дауитхан, хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч газрын даамал Т.Зангар, хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын мэргэжилтэн Х.Өмиржан, хариуцагч Баян-Өлгий аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын төлөөлөгч тус газрын үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн ахлах улсын бүртгэгч, хэлтсийн дарга Р.Бауыржан, гуравдагч этгээд С.Тилеуберди, О.Орынбек, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Айдынгүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өлгий сумын 6 дугаар багийн иргэн С.Дауитхан би 1959 онд төрсөн, 1986 онд гэр бүлтэй болж, 1987 онд Өлгий хотын захиргааны хот тохижуулалтын хэлтсийн дарга н.Алпешайгаас газар эзэмших зөвшөөрөл авч, Өлгий сумын 6 дугаар багийн Цагааннуур сум орох засмал зам дагуу орших 1400 м2 талбай бүхий газрын зөвшөөрөл авч, уг эзэмшлийн газарт 1987 онд эцэг, эхийн хамт амьдарч байсан. 1993 онд хөрш айлын эзэн н.Шукан нь байшингаа буулгаж, Казахстан улсад нүүн шилжихэд, хөрш н.Шуканы эзэмшилд байсан газрыг оролцуулж хашаа татаж уг газрыг нэмж эзэмшсэн.

С.Дауитхан би Өлгий сумын Засаг даргын 1996 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай шийдвэрээр хөрш н.Шуканаас авсан газрыг оролцуулахад нийт 3840 м2 газарт эзэмших эрхийн улсын бүртгэлийн 030101200 тоот дугаартай гэрчилгээг 2000 онд авч, Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших уг 3840 м2 газрыг хууль ёсоор эзэмших эрх нь улсын бүртгэлд үндэслэсэн хууль ёсны газар эзэмшигч болсон.

С.Дауитхан би 2000 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Өлгий сумын Засаг даргын Тамгын газартай Улсын бүртгэлийн 030101200 тоот дугаартай гэрчилгээгээр эзэмшсэн 3840 м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмших газар эзэмших гэрээ байгуулсан ба гэрээнд газрын байршлыг Домбрын эгц урд талд гэж тодорхой заасан, тус гэрээний эх хувь нь одоо хүртэл байгаа.

Дээрх 3840 м2 эзэмшлийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Ж.Бахытад байшин худалдахад Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасны дагуу Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ-ээр 1840 м2 газрыг үл хөдлөх хөрөнгийн хамт шилжүүлж, үлдсэн 2000 м2 газрыг 2010 онд авсан улсын бүртгэлийн 030101200 тоот дугаарт бүртгэгдсэн гэрчилгээгээр эзэмшиж байна гэсэн ойлголттой байсан.

Миний төрсөн дүү болох 1969 онд төрсөн С.Даулетбек нь 1993 онд гэр бүлтэй болж миний эзэмшлийн дээрх газарт байшин барьж, 1999 онд уг байшинг худалдаж, эхнэрээсээ салснаас хойш миний эзэмшлийн газарт ээж, отгон дүү С.Тилеубердийн хамт амьдарч байсан, би тус эзэмшлийн газартаа 2002 он хүртэл оршин сууж амьдарч байгаад өөр газарт нүүсэн ба тухайн газартаа өөрийн төрсөн дүү С.Тилеубердид газрын төлбөрийг нь төлж суухыг, мөн дүү С.Даулетбект ч тухайн газарт сууж байхыг зөвшөөрсөн юм. Гэтэл С.Даулетбек нь дүү С.Тилеубердээр зодуулсан тухай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр надад мэдэгдэж, мөн миний эзэмшлийн газрыг хууль бусаар эзэмшиж, гэрчилгээ авсан тухай хэлснээр миний эзэмшлийн дээрх газраас С.Тилеубердид хэзээ, ямар бичиг баримтыг үндэслэн газар эзэмшлийн гэрчилгээ олгосон болохыг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Өлгий сумын газрын даамал Б.Аманбектей уулзаж тодруулахад, С.Тилеубердид Өлгий сумын Засаг даргын захирамжаар 2006 онд 1000 м2 газрын эзэмшлийн гэрчилгээ олгосон байна. Мөн таны эзэмшлийн газраас 40м2 газрыг С.Тилеубердийн нэр дээр 2010 онд шилжүүлсэн байна, мөн С.Тилеубердид 2011 онд 1426 м2 газрын өмчлөлийн гэрчилгээ олгосон байна, та архивд очиж захирамжийг лавлах нь зүйтэй гэж 2006 онд Өлгий сумын Засаг даргаас С.Тилеубердид 1000 м2 газар олгосон захирамжийн дугаарыг гаргаж өгсөн.

2006 онд газар олгосон захирамжтай танилцахад 1986 оноос хойш 15 жил эцэг, эхийн хамт миний асрамжид амьдарч байсан хугацаанд С.Тилеуберди нь 2006 он хүртэл өөрийн эзэмшилд ямар нэгэн тусдаа эзэмшсэн газаргүй, миний эзэмшлийн газарт амьдарч байсан мөртлөө надад мэдэгдэхгүйгээр, уг газрын хууль ёсны эзэмшигч надаас зөвшөөрөл авахгүйгээр, эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулахгүйгээр 1996 оноос хойш миний эзэмшиж байсан 030101200 дугаартай эрхийн гэрчилгээнд бүртгэгдсэн 3840 м2 газраас 1000 м2 газрыг 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө өөрөө эзэмшиж байсан мэтээр худлаа мэдүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авахаар С.Дауитхан миний эрхийг зөрчсөн хууль бус хүсэлт гаргажээ. Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 тоот захирамж болон 0066540 тоот гэрчилгээгээр миний эзэмшлийн дээрх 1000 м2 газарт давхар гэрчилгээ авч, С.Дауитхан миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, уг газрыг хууль бусаар эзэмшсэн тухай С.Дауитхан би 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр аймгийн Архивын тасагт хүсэлт гаргаж, архивын материалтай танилцахад олж мэдсэн.

Өлгий сумын Засаг даргын захирамжаар С.Тилеубердид 2010 онд С.Дауитхан миний эзэмшлийн газраас дахин 40 м2газрыг эзэмшүүлсэн нэгж талбарын хувийн хэргийн материалтай танилцахад миний эзэмшлийн 40 м2 газрыг С.Тилеубердид эзэмшүүлэхэд бүрдүүлсэн үндэслэх материал гэж гаргаж өгсөн газрын талбайн кадастрын зурагтай хуулбарласан хуудас бүхий ах С.Дауитхан надаас авсан зөвшөөрөл гэх баримт нь тодорхой нэр хаяггүй, тухайн баримтыг үйлдсэн он, сар, өдөр тодорхойгүй, бичгийн цаасан дээр газрын кадастр зургийг компьютерээр буулгаж, доод хэсэгт нь зөвшөөрсөн гэж гараар бичсэн үгийн доод хэсэгт миний гарын үсгийг компьютерээр оруулж, хуулбарласан хувь болох \эх хувь биш\ нотариатаар гэрчлүүлээгүй баримтхавсаргасан нь эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулах тухай Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн, хуулийн заалтад нийцэхгүй, хүчин төгөлдөр бус, нотлох баримтаар үнэлэх боломжгүй, хуурамчаар үйлдсэн баримт болох нь тогтоогдсон. Мөн уг кадастрын зураг бүхий хуудасны доод хэсэгт зөвшөөрсөн гэж дармал үсгээр бичсэн нь миний гарын үсэг биш бөгөөд С.Тилеубердийн хуурамчаар үйлдсэн уг баримт нь хууль ёсны газар эзэмшигч С.Дауитхан миний өөрийн эзэмшлийн 40 м2 газрыг С.Тилеубердид шилжүүлэхийг зөвшөөрч байгаа эсэхийг нотлох үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус баримт юм. Өлгий сумын газрын даамал нь уг хуурамчаар үйлдсэн баримтыг үндэслэн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаар захирамжаар С.Тилеубердид 40 м2 газрыг хууль бусаар эзэмшүүлсэн нь уг газрын хууль ёсны эзэмшигч миний эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл болох нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

С.Тилеуберди нь 2011 онд газрын кадастрын зургийн хуулбарласан уг хуурамч материалыг дахин ашиглаж, аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 226 тоот захирамжаар миний эзэмшлийн 1426 м2 газрыг өөрийн нэр дээр хууль бусаар шилжүүлэн авсан. Тухайн газарт өмчлөлийн гэрчилгээг авсан үед Өлгий сумын газрын даамал нь уг газрыг С.Дауитхан намайг дуудан ирүүлж, уг 1426 м2 газрыг С.Тилеубердийн өмчлөлд шилжүүлэхийг хууль ёсны газар эзэмшигч би зөвшөөрч байгаа эсэхийг хуульд заасны дагуу баримтжуулж, баталгаажуулсан газар шилжүүлэгч талын гарын үсэг зуруулаагүй, миний эзэмшлийн уг 1426 м2 газрыг бусдад шилжүүлэх гэрээ байгуулаагүй, нотариатчаар гэрчлүүлсэн, хүчин төгөлдөр гэрээг үндэслэн газар шилжүүлэх шийдвэр гаргуулаагүй хууль зөрчсөн үйлдлээрээ тухайн газрыг эзэмших эрхийг минь зөрчиж, хуурамчаар бүрдүүлэн бичиг баримтыг үндэслэн хууль бус шийдвэр гаргуулсан.

Өлгий сумын газрын даамал нь С.Тилеубердийн нэр дээр урьд 2006 онд Өлгий сумын Засаг даргын 17 тоот захирамжаар тухайн үед 2003 он хүртэл С.Тилеуберди нь уг газрыг өөрөө эзэмшиж байсан мэтээр хуурамч баримт бүрдүүлж авсан 1000 м2газрын эзэмшлийн газрыг давхардуулж олгосон мөртлөө миний 030101200 тоот эзэмшлийн гэрчилгээнээс дахин 426 м2 газрыг С.Тилеубердэд шилжүүлэхээр С.Тилеубердийн хоёр дахь удаагаа газрын кадастрын зургийн канондсон хувийг хавсаргаж дахин хуурамчаар бүрдүүлсэн баримтыг хүлээн авч, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг 2 удаа давтан зөрчиж, хууль бус шийдвэр гаргасныг нотлох ноцтой баримт юм.

С.Тилеуберди нь 2011 оны 4 дүгээр сард өмчлөлийн гэрчилгээ авахаас өмнө С.Дауитхан надтай ирж уулзаж байгаагүй, уг 1426 м2 газрыг шилжүүлэн авах гэрээ байгуулах, зөвшөөрөл өгөхийг хүсэж байгаагүй ба надад мэдэгдэхгүйгээр өөрөө хуурамч бичиг баримт бүрдүүлж миний эзэмшлийн газрыг хууль бусаар шилжүүлэн авсан санаатай хууль бус үйлдлийг надаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дээрх нотлох материалыг аймгийн Архивын тасгаас гаргуулж авах хүртэл нуун дарагдуулж ирсэн.

С.Тилеуберди нь 2011 онд надад хандаж барьсан дэлгүүрийг өөр хүнд өгмөөр байна гэж худлаа ярьж, үүнээс өмнө 1000 м2 болон 40 м2 газарт тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээг авчихсан мөртлөө үүнийг нуун дарагдуулж, 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр надаас 60 м2 газрыг өөр хүнд шилжүүлэхийг зөвшөөрсөн баримт бичиж өгөхийг хүссэн. Хүний эзэмшлийн газарт хоёр удаа гэрчилгээ авчхаад дараа нь үүнийгээ баталгаажуулахын төлөө миний гараас баримт авсан байна. Гэхдээ уг баримтыг ашиглаагүй. Уг баримтад би иргэн С.Дауитхан би өөрийн эзэмшлийн 3840 м2 газраас зөвхөн 60 м2 газар буюу дэлгүүр байрлаж байгаа газрыг эзэмшүүлэхийг тодорхойлж байна ... гэж тодорхойлолт бичсэн байгаа.

Би С.Тилеубердийн хууль бусаар эзэмшиж улмаар өмчилсөн уг 1426 м2 газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулахаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасан боловч Засаг даргын Тамгын газраас 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 03\2862 тоот албан бичгээр ...Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот захирамж үдэгдээгүй тул... уг газрыг таны эзэмшилд байсныг нотлох боломжгүй байх тул... та хуулийн байгууллагад хандах нь зүйтэй байна... гэсэн хариу өгсөн.

Өлгий сумын Засаг даргын 1996 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 тоот захирамж архивд байхгүй, үдэгдээгүй болох тухай дээрх үндэслэлгүй тайлбар, Засаг даргын Тамгын газраас Өлгий сумын газрын алба, архивд хадгалагдаж байгаа үндэслэх нотлох баримтыг зохих ёсоор шалгасан эсэхэд үнэмшихгүй, эргэлзэж байгаа тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 тоот захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, уг захирамжаар С.Тилеубердэд 1000 м2 газар эзэмшүүлсэн 0066540 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаар захирамж болон уг захирамжийн дагуу С.Тилеубердид 40 м2 газар шилжүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 226 тоот захирамж болон уг захирамжаар С.Тилеубердэд олгосон газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг газраас 2000 м2 газрыг надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгасан шийдвэр гаргаж өгөхийг Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хүсэж байна.

Газрын тухай хуульд зааснаар Монгол улсын иргэний газар эзэмших эрхийг зөвхөн газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлох ёстой. Гэрчилгээ нь тухайн иргэний газар эзэмших эрхийг баталгаажуулсан гол баримт бичиг мөн юм. Энэхүү гэрчилгээг 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Өлгий сумын Засаг даргын 90 дүгээр захирамжаар бүхэлд нь хүчингүй болгосон, үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн үед би өөрийн эзэмшиж байсан газраас хэсэгчлэн иргэн Е.Ханатад шилжүүлсэн. Үүнийг Газрын тухай хуулийн 32, 38 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр бичиг баримтаа бүрдүүлж өөрөө зөвшөөрч, түүнд шилжүүлсэн. Үлдсэн газрыг би өөр хэнд ч шилжүүлээгүй байхад Газрын тухай хуулийг зөрчиж миний гэрчилгээнд байгаа илүү 2000 м2 газрыг хүчингүй болгосон захирамж гаргасан байна.

Нэхэмжлэлийн шаардлагын нэг нь Өлгий сумын Засаг даргын 90 дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах юм.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудын үндэслэлээ эцэст нь дүгнэж тайлбарлахад Газрын тухай хуулийн 38.1,38.2-т заасан газар шилжүүлэгч талын хүсэлт, нотариатчаар гэрчлүүлсэн эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээг бүрдүүлээгүй, тийм хууль ёсны баримтууд хавтас хэрэгт автагдаагүй, уг газар талбайг С.Дауитхан миний хууль ёсны эзэмшил, 030101200 дугаартай гэрчилгээнээс хуульд заасан журмын дагуу шилжүүлээгүй юм. Аймгийн Засаг даргын 2011 оны 226 дугаар захирамжийг гаргуулахдаа Газрын тухай хуулийн 38.1, 38.2-т заасан эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр шилжүүлэх журмыг ноцтой зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 8.1.2-т зааснаар зүйлчлэгдэх зөрчил гаргасан.

Мөн 030101200 дугаартай гэрчилгээнд бүртгэлтэй газраас 1358 м2 газарт давхардуулсан гэрчилгээ олгож, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газарт давхцаагүй байна гэж заасныг зөрчиж, С.Тилеубердид хууль бусаар өмчлүүлсэн.

С.Тилеуберди миний хууль ёсны эзэмшлийн газарт 2006, 2010, 2011 онд 3 удаа давхардуулж хууль бусаар гэрчилгээ авахдаа өмнө нь хууль ёсоор авсан эрхийн гэрчилгээгүй байсан бөгөөд тухайн газрыг эзэмших эрхийн нотлох баримт, хууль ёсоор авсан эрхийн гэрчилгээ хэрэгт авагдаагүй байгаа нь миний эзэмшлийн 1358 м2 газрыг хууль бусаар өмчилснийг нотолно.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т ...Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ... гэж заасан. Тэгэхлээр гуравдагч этгээдэд хуулийн дагуу авсан эрхийн гэрчилгээ байсан уу, гэхэд түүнд ямар ч гэрчилгээ байгаагүй. Миний гэрчилгээнд давхар гэрчилгээ бичүүлээд яваад байсан.

Иймд захиргааны эрхийн актыг хүчингүй болгох үндэслэлийн талаарх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.9-д захиргааны акт хууль зөрчсөн, 10.1-д ...маргаж байгаа захиргааны эрхийн акт иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон, Газрын тухай хуулийн 61.1-д ...төрийн албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдлээрээ Газрын тухай хууль, газар эзэмшигчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн бол шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгоно.... гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжаар С.Тилеубердид газар эзэмшүүлэхэд иргэн С.Тилеуберди нь өөрийн биеэр өргөдөл гаргаж, эзэмшиж байгаа газрын схем зураг зуруулж, багийн Засаг дарга болон Өлгий сумын архитектур Х.Серикбай нараар хянуулж баталгаажуулан бүх материалыг бүрдүүлж газар эзэмшүүлсэн болно. Иргэн С.Дауитханы эзэмшлийн газартай давхцсан гэж үзэх боломжгүй. С.Дауитханы газар эзэмших гэрчилгээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, сумын Засаг даргын захирамж гараагүй болно. 2006 онд 17 тоот захирамжаар С.Тилеубердид газар олгоход С.Дауитхан, С.Тилеуберди нар хоорондоо Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлээгүй.

2006 онд иргэн С.Тилеубердид уг 1000 м2 газрыг эзэмшүүлэх үед С.Дауитханы гарт гэрчилгээ байсан эсэх нь тодорхой бус, уг гэрчилгээ нь ямар нэгэн бүртгэлд ороогүй, энэ талаар тухайн үед газрын даамал мэдээгүй байсан. 2003 оноос хойшхи гарч байгаа бүх захирамж, гэрчилгээнүүд улсын бүртгэлд орж байгаа. Иймээс 1000 м2 газар эзэмшүүлэх гэрчилгээг давхардуулж олгоогүй гэсэн үг.

2010 оны 4 дүгээр сарын 01-ний 62 дугаар захирамжаар С.Тилеубердид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үед С.Дауитхан, С.Тилеуберди нар хоорондоо газрын хил заагийг нарийвчлан тохиролцож зөвшөөрсөн гарын үсэг зурж өгсөн тул тус захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

2011 онд 40 м2 газрыг олгохдоо С.Дауитхан өөрөө байлцсан. Тухайн үед мэдэж байсан. Газрын хэмжээ тогтоосон, ямар байдлаар тохиролцсон талаарх схем зураг баримтад тэрээр өөрөө гарын үсэг зураад тохиролцсон юм. 1358 м2 газрыг С.Тилеубердийн өмчлөлд олгох үед тухайн зургийг үндэслээд үлдсэн газрыг нэмж өгч өмчлөлд нь олгосон.

С.Дауитханы газрыг Өлгий сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 тоот захирамжаар Е.Ханатад шилжүүлэхдээ С.Дауитханы 2000 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 030101200 тоот эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Тухайн үед уг гэрчилгээг С.Дауитхан өөрөө авч ирж хүчингүй болгосон.

С.Дауитханы дүү болох С.Даулетбек уг маргаж буй хашаанд үл хөдлөх болон газрын гэрчилгээ аваагүй байна. Уг маргаанд ямар ч хамааралгүй юм.

Газар эзэмших гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ нотариатаар гэрээ хийдэг, С.Дауитханаас Ж.Бахытад газар шилжүүлсэн гэрээгээр Е.Ханатад газар шилжүүлэхгүй. С.Дауитхан, Е.Ханат нар хоорондоо газар шилжүүлэх гэрээ хийж ирсэн тул газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх захирамж гаргуулж, гэрчилгээ олгосон байна. С.Дауитханы гэрчилгээнээс 1840 м2 газрыг Е.Ханатад шилжүүлж, үлдсэнийг дүү болох С.Тилеубердид хоорондоо гарын үсэг зурж тохиролцсон юм. 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 тоот Өлгий сумын Засаг даргын захирамжаар Е.Ханатад газар шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн дагуу гарсан шийдвэр тул хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчийн Е.Ханатад шилжүүлснээс тухайн үед үлдсэн газар нь С.Тилеубердид үлдэж байгаа гэдгийг мэдэж байсан. Харин одоо мэдээгүй гэж байгаа. Шилжүүлсэн газраас нь үлдсэн газрыг бүхэлд нь хүчингүй болгосон. Нэхэмжлэгч урьд өмнө энэ талаар ямар нэгэн асуудал үүсгээгүй. Бүх зүйлийг урьд өөрсдөө хоорондоо тохиролцсон байсан. Харин одоо ганц өдөр дүүтэйгээ маргалдсан үедээ урьд нь тохиролцсон зүйлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Манай байгууллага Өлгий сумын 30000 гаруй иргэнд үйлчилж байгаа байгууллага, өдөр бүр ачаалал ихтэй ажилладаг. Нэгэнт харилцан тохиролцож ирсэн хоёр иргэнийг заавал нотариатчаар баталгаажуулж ир гэж явуулахгүй байгаа, хоёр иргэн тохиролцож ирсэн тохиолдолд бичгийн баримтыг нь үндэслээд асуудлыг нь зохицуулж өгдөг. Тухайн үед энэхүү нөхцөлийн хувьд талууд мөн тохиролцож гарын үсгээ зурж өгсөн учраас С.Тилеубердид маргаан бүхий газрыг эзэмшүүлэхэд үндэслэх боломжтой материал гэж авсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргаас шүүхэд гаргасан болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Иргэн С.Тилеуберди 2011 онд оршин сууж байгаа хашааны газрыг өмчилж авахаар өргөдөл гаргасан байна. Иргэний гаргасан өргөдлийн дагуу Өлгий сумын газрын даамал С.Тилеубердийн эзэмшиж байгаа хашааны газрыг нь хэмжиж үзэхэд 1358 м2 газартай байсан ба газар өмчилж авахыг хүссэн өргөдөлд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээ, багийн Засаг даргын тодорхойлолт, хүсэлт гаргасан газрын байршлын схем зураг болон бусад материалуудыг бүрдүүлж ирүүлсэн. Хянаж үзэхэд ямар нэгэн маргаангүй, зөрчилгүй байсан тул Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, 12.1.3 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар аймгийн Засаг даргын 2011 оны 226 дугаартай захирамжаар өмчлүүлсэн болно.

Нэхэмжлэгчийн ярьж байгаа цэнхэр гэрчилгээ нь 2,3 удаа шинэчлэгдсэн, цэнхэр гэрчилгээ нь бараг хүчингүй болсон. Гэрчилгээ шинэчлэгдэх үед нэхэмжлэгч гэрчилгээгээ шинэчлүүлээгүй юм байна. Өлгий суманд очиж бүртгүүлээгүй, уг асуудлыг шүүхээс шийдвэр гаргахад харгалзан үзэхийг хүсье, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч аймгийн Улсын бүртгэл, статистикийн газраас шүүхэд ирүүлсэн болон тус байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сейтгажы овогтой Тилеуберди /БЭ77051919/ нь тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багт байршилтай, 1358 м2 талбайтай гэр бүлийн зориулалттай газрыг 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр бүртгүүлж, Г-0213001819 тоот улсын бүртгэлийн дугаартай, 000111670 тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байна.

С.Тилеуберди нь уг газрыг бүртгүүлж өмчлөлийн гэрчилгээ авахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаар захирамж, кадастрын зураг, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэсэн. Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, журмын дагуу иргэн С.Тилеубердээс бүрдүүлж ирсэн материалыг үндэслээд гэрчилгээ олгогдсон. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар уг гэрчилгээг буруу олгосон асуудал байхгүй. Хуульд заасан бичиг баримтуудыг бүрдүүлж ирснийг хүлээн авч, манайх гэрчилгээ олгосон байгаа. Тийм учраас гэрчилгээг хүчингүй болгуулах ямар нэгэн үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

Гуравдагч этгээд С.Тилеубердээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Би маргаан бүхий хашаанд 1989 оноос одоо хүртэл 30 жил амьдарч байгаа. 1989 онд С.Дауитхан нүүж ирэхдээ манай аавын гэртэй хамт ирсэн. Тэгээд тухайн хашаанд С.Дауитханых гэх нэг байшин, манай аавын байшин тусдаа, ингээд хоёр байшин барьсан.

Хоёр байшинг барьж хоёр тусдаа хашаа барьсан. С.Дауитханыг өөр тусдаа хашаатай, манайх өөр тусдаа хашаатай. Тус тусдаа амьдарч байсан. Би гэрийн отгон хүүхэд бөгөөд 2000 онд гэр бүл болсон.

С.Дауитхан тухайн үед дур мэдэн бидний газрыг оролцуулан гэрчилгээ авч, кадастр зуруулсан байсан. Гэвч миний бие зохих журмын дагуу 2006 онд өөрийн эзэмшлийн газарт 1000 м2 газрыг 50 жил эзэмшихээр эзэмшлийн гэрчилгээ авсан бөгөөд хашааны баруун талд 40 м2 бүхий талбайтай газарт дэлгүүр барьж, үүнийгээ 2011 онд бусдад худалдахаар болж, газар шилжүүлэхээр болох үед Өлгий сумын газрын даамал А.Ермек болон зохих эрх бүхий албан тушаалтнууд бидний газарт хэмжилт хийж, С.Дауитхан бид хоёрын газрын хил заагийг, тухайлбал миний газар 1426 м2 байгааг С.Дауитханыг байлцуулан тогтоосон юм. С.Дауитхан тухайн үед үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баримт үйлдэж өгсөн билээ. Үүний дагуу миний бие зохих журмын дагуу материалаа бүрдүүлэн өгч, өөрийн эзэмшлийн газраа 2011 онд өмчлөлд авсан болно.

2006 онд би анх 1000 м2 газарт эзэмшлийн гэрчилгээ авахад энэ тухай С.Дауитхан мэдэж байсан. 2010 оны 04 дүгээр сарын 01-нд би хоёр дахь удаа газрын гэрчилгээ авсан, өөрийн хашаанаас тусдаа газарт дэлгүүр барьсан. Энэ бүгдийг С.Дауитхан мэдэж байсан, тухайн үед маргаагүй юм. Жилийн дараа тухайн дэлгүүрийг Ойзерманы Орынбект худалдсан.

Өлгий сумын газрын даамал А.Ермект очиж би дэлгүүрээ О.Орынбект худалдсан одоо О.Орынбект гэрчилгээ гаргаж өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхэд А.Ермек тухайн үед газрын даамал Т.Зангар бас байсан тэд надад О.Орынбек танай хашаанаас газар авах гэж байгаа юм байна. Тухайн газарт таны ах С.Дауитхан бас байгаа, та нар бүгдээрээ газрын гэрчилгээтэй байгаа, дэлгүүрийн доорх газар та хоёрын газартай давхцаж болохгүй шүү гэж хэлсэн. Тэгээд дэлгүүрийн доорх газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохдоо Өлгий сумын архитектур Х.Серикбай, газрын даамал Т.Зангар, А.Ермек нар өөрсдөө ирж шалгаж хэмжиж үзээд гэрчилгээ олгосон. Намайг дэлгүүрийн газарт газар эзэмших гэрчилгээ авсныг С.Дауитхан тухайн үед мэдэж байсан. Би О.Орынбект 2011 онд дэлгүүрээ зарсан. Энэ талаар газрын даамал А.Ермект очиж мэдэгдээд, дэлгүүр байрлах газрыг О.Орынбекийн нэр дээр эзэмшүүлэх хэрэгтэйг хэлэхэд, А.Ермек чи байж бай, наад газарт танай ах бас газрын гэрчилгээтэй, эхлээд та хэд тохирох ёстой, С.Дауитхан ахыгаа дуудаад ир, тэгж байж та гурав хашааныхаа хил заагийг нарийвчлан тогтоож байж асуудал шийдэгдэнэ гэсэн.

Тухайн үед С.Дауитханыг байлцуулж, газрын даамал А.Ермек эхлээд та хоёр хоорондоо газрын хил заагаа тохиролцоорой, дараа нь маргаан гарна шүү, газар, хашааныхаа хил заагийг, О.Орынбект өгөх гэж байгаа дэлгүүрийн газрын хил заагийг нарийвчлан сайн тогтоож, тохироорой гэж хэлсэн. Ингээд газрыг хэмжсэн ба С.Дауитхан газрын хэмжээг тэмдэглэж авсан, тэмдэглэлд бүх зүйлийг тодорхой зурж бичиж тэмдэглэсэн. Уг бичгийг газрын даамал А.Ермект өгсөн, А.Ермек С.Дауитханд 3840 м2 газрын, С.Тилеубердид 1000 м2 газрын гэрчилгээ байгаа юм байна. Одоо уг газрын гэрчилгээг хүчингүй болгоно, шинээр кадастрын зурагт буулгаж, шинээр гэрчилгээ олгох болно, та нар үүнийг зөвшөөрөх үү гэхэд нь С.Дауитхан зөвшөөрнө гэж гарын үсэг зурсан, би ч бас зөвшөөрнө гэж гарын үсэг зурсан.

Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт байгаа. Тэгээд С.Дауитхан 20 жил болсон 3840 м2 газар эзэмшиж байгаа гэх гэрчилгээг өөрийн гараар газрын даамалд хураалгасан. Энэ талаар хариуцагч Өлгий сумын Засаг даргын тайлбарт бичсэн байна. 3840 м2 газрын гэрчилгээг С.Дауитхан хураалгасан, хүчингүй болгуулсан. Тэгээд би хууль, журмын дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж, газраа өмчилж авсан. Өмчилж аваад одоо бараг 7 жил болж байгаа.

Тухайн хашаанд амьдраад 30 жил болж байгаа. С.Дауитхан тухайн өдөр О.Орынбект 60 м2 газрыг өгсөн. Гэхдээ тухайн газар С.Дауитханы газар биш байсан. С.Дауитхан, О.Орынбек бид гурав байхад С.Дауитхан газрын гэрчилгээгээ хураалгасан. Тэгээд А.Ермек надад 1426 м2, С.Дауитханд 1800 м2 газрыг тус тусад нь кадастарт буулгаж, газар дээр нь компьютерээс үзүүлээд гарын үсэг зуруулан баталгаажуулан өгсөн. Тухайн үед тохирч гарын үсэг зурсан баримтыг нотариатчаар баталгаажуулна гэдгийг газрын даамал А.Ермек хэлээгүй, С.Дауитхан ч хэлээгүй. Нэгэнт бид хоёр биеэр очиж тохиролцож байгаа учраас А.Ермек хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгч, газраа өмчлөлдөө авсан. С.Дауитханы яриад байгаа 3840 м2 газар нь бүр эрт хүчингүй болсон. Энэ талаар маргаад байгаа. Тэрээр Е.Ханатад 1840 м2 газрыг худалдсан байна.

Тухайн үед гэрчилгээ хүчинтэй байсан бол 6 жилийн өмнө яагаад маргаагүй юм бэ. 2000 оноос хойшхи газар эзэмших гэрчилгээ хэд хэдэн удаа өөрчлөгдөн шинэчлэгдэж бүртгэлд орсон байна. Гэхдээ С.Дауитханых бүртгэлд ороогүй. С.Дауитхан намайг хуурамч баримт бичиг бүрдүүлэн гэрчилгээ авсан гэж байгаа. Би юу гэж тийм олон байгууллагуудаас хуурамч баримт бичиг бүрдүүлэн гэрчилгээ авч, эрхийн акт гаргуулах вэ. Тэрээр тайлбартаа фото шопоор худлаа хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж бичсэн байгаа. Би фото шоп гэх зүйлүүдийг мэдэхгүй, хуурамчаар баримт бичиг бүрдүүлээгүй. Манай ах ганц өдөр надтай муудалцаж ийм зүйл хийж байгаа. Би тухайн газарт 30 жил амьдарсан, эзэмших гэрчилгээ авч 10 жил, өмчлөх гэрчилгээ аваад 6 жилийн хугацаа өнгөрсөн. Хэрэв тухайн үед хүлээн зөвшөөрөхгүй байсан бол яагаад шүүхэд өгч тухайн үед шийдвэрлүүлээгүй юм бэ. Ямар асуудал болсон яаж тохиролцсон талаар О.Орынбек ч бас мэдэж байгаа тэрээр өөрөө хэлэх байх. А.Ермек, Т.Зангар нар хуулийн дагуу ажлаа хийсэн. Хууль, журмын дагуу гэрчилгээ олгосон. Би С.Дауитханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий газар нь миний хууль ёсоор өмчилж авсан газар байгаа.

С.Дауитхан нь 2011 онд өөрийн эзэмшлийн газрыг бусдад худалдсан бөгөөд одоогоор С.Дауитхан ямар ч газар эзэмших гэрчилгээгүй. Иймд С.Дауитханы эрх ашиг зөрчигдсөн гэх үндэслэлгүй болно. Нэхэмжлэлд дурьдсан С.Даулетбек нь маргаан бүхий газарт холбогдолгүй юм. 2010 онд надад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үед газрын даамал нь хэмжилт хийж харилцан зөвшөөрүүлэн гарын үсэг зуруулж авч, надад газар эзэмших гэрчилгээ олгосон тул уг захирамж, шийдвэрүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй үзэж байна гэв.

Гуравдагч этгээд О.Орынбекээс шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн талаарх тайлбартаа:

Маргаан гарч буй газрын хувьд миний бие 2011 оны 04 дүгээр сарын эхээр Өлгий сумын 6 дугаар багийн иргэн С.Тилеубердийн хууль ёсоор эзэмшиж байгаа газрынхаа баруун талын өнцөгт нь байршилтай Өлгий сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 50 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 031303920 дугаар бүхий 67.5 м2 газрыг дэлгүүрийн хамт тохиролцож, 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан.

Тухайн үед Улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээний дугаар 000127374, улсын бүртгэлийн Ү-0213003978 дугаар олгосон юм. Мөн С.Тилеубердид уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ зэрэг бичиг баримтууд нь бүрэн байсан. Уг дэлгүүрийг 4 жил ажиллуулан одоо агуулах болгон ашиглаж байгаа. Тухайн үед С.Дауитхан нэг ч удаа надтай газрын маргааны тухай ярьж байгаагүй. Миний бие 2011 оны 04 дүгээр сард уг газрыг С.Тилеубердээс шилжүүлэн авахдаа өмнө нь С.Дауитхан, С.Тилеуберди нар нь газрынхаа хил заагийг тогтоогоод өгөөрэй гэж зохих газрын даамлуудад А.Ермек, Т.Зангар нарт удаа дараа хэлж байсан гэж С.Тилеубердээс сонссон.

Би С.Тилеубердээс 67.5 м2 газрыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авахдаа мөн намайг байлцуулан С.Дауитхан, С.Тилеуберди нарыг оролцуулан газрын даамал А.Ермек, Т.Зангар нар С.Тилеубердийн газрын кадастрын зурган дээр С.Тилеуберди, С.Дауитхан нарыг гарын үсгээ зуруулан газрынхаа хил заагийг баталгаажуулсан хэсгийг нь гэрчилж байна. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшигч өөрийнхөө эзэмшиж байсан газраа бусдын эзэмшилд шилжүүлэхэд ямар нэгэн маргаантай юм бол 10 хоногийн дотор зохих байгууллагад гомдол гаргах ёстой. Мөн эзэмшиж буй газрынхаа гэрээг жил болгон дүгнүүлэн газрын албанд газрын төлбөр төлсөн байх ёстой боловч С.Дауитхан нь Газрын тухай хуулийн зохих заалтуудыг нь биелүүлээгүй болно.

Ийм учраас С.Дауитхан, С.Тилеубердийн хоорондын үл ойлголцох асуудлаас болоод миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөхгүй байхыг хүсэж байна. Мөн уг маргааныг яаж шийдвэрлэх нь шүүхийн асуудал. Харин эрх бүхий байгууллагын албан тушаалтнаар хууль ёсоор эзэмшүүлсэн газрыг минь хэвээр нь үлдээж, С.Дауитханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

2006, 2010 онуудад хоёр удаа давхардуулан гэрчилгээ олгосон гэж эрх бүх байгууллага албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй. Би 2011 онд С.Тилеубердээс 67.5 м2 газрыг дэлгүүртэй нь хамт шилжүүлж авахад С.Дауитхан, С.Тилеуберди бид гурав Өлгий сумын газрын албанд очсон. Газрын даамал А.Ермек, Т.Зангар нар бид гуравт ойлгуулж, С.Тилеубердийн хэлээд байгаа схем зургийг үйлдүүлж гарын үсэг зуруулж, баталгаажуулалт хийсэн. Харин С.Дауитхан нотариатын баталгаажуулалт байх ёстой, үүнийг зөвшөөрөхгүй гэж хэлж байна. Сумын газрын даамал А.Ермек, Т.Зангар нар нэг бичгийг баталгаажуулж чадахгүй юм бол тухайн байгууллагад суух ямар шаардлага байна. Тэд өөрсдийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд уг бичгийг баталгаажуулсныг би зөв гэж үзэж байна. Ийм учраас С.Дауитхан, С.Тилеубердийн хоорондын үл ойлголцох асуудлаас болоод миний хууль ёсны эрх ашиг зөрчигдөхгүй байхыг хүсэж байна. Уг маргааныг яаж шийдвэрлэх нь шүүхийн асуудал. Харин эрх бүхий байгууллагын албан тушаалтнаар хууль ёсоор эзэмшүүлсэн газрыг минь хэвээр нь үлдээж, С.Дауитханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066540 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч С.Дауитхан нь Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших маргаан бүхий газрын эзэмшигч болох нь тухайн газрыг Өлгий сумын Засаг даргаас түүнд эзэмшүүлэхээр олгосон 2000 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн огноотой, 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээ[1] болон тухайн үед газрын асуудал хариуцсан албан тушаалтнаас иргэн С.Дауитхантай байгуулсан Иргэний газар эзэмших гэрээ[2]-гээр нотлогдож байна. Энэ үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д зааснаар сумын Засаг дарга тухайн иргэнд газар эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргах бөгөөд нэхэмжлэгч С.Дауитхантай байгуулсан 2000 оны Иргэний газар эзэмших гэрээ-нд тухайн газрыг Өлгий сумын Засаг даргын 1996 оны 15 дугаартай захирамжаар эзэмшүүлснээр тусгагдсан байна.

Хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг 15 дугаартай захирамж Өлгий сумын Засаг даргын Тамгын газар болон аймгийн Архивын албанд байхгүй, олдохгүй байгаа, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан 2000 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нь амралтын өдөр байсан зэргээс тухайн газрыг иргэн С.Дауитханд эзэмшүүлсэн эсэх нь эргэлзээтэй гэж маргасан.

Нэхэмжлэгч С.Дауитхан нь маргаан бүхий уг газарт 1987 оноос 2002 он хүртэл оршин сууж амьдарч байсан талаарх нэхэмжлэгч болон гуравдагч этгээд С.Тилеубердийн тайлбар, тухайн газрыг 60 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдээс олгосон газар эзэмших эрхийг баталгаажуулсан газар эзэмших гэрчилгээ, гэрээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч С.Дауитхан нь тухайн газрын эзэмшигч болох нь тогтоогдож байгаа ба нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн гэх 1996 оны 15 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамж нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохих газраас олдоогүй болон газар эзэмших гэрчилгээ бичиж, гэрээ байгуулах баримт бичиг үйлдэх нь иргэний үүрэг биш тохиолдолд эрх бүхий этгээдээс дээрх бичиг баримтын огноог амралтын өдрөөр бичсэн нь нэхэмжлэгч С.Дауитханыг маргаан бүхий тухайн газрын эзэмшигч болохыг үгүйсгэх үндэслэл биш байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч С.Дауитханд 2000 оны 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр 3840 м2 талбайтай газрыг эзэмшүүлж, гэрээ байгуулсан энэ үед иргэн, аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн газрыг улсын бүртгэлд бүртгээгүй, кадастр хийгдээгүй, нэхэмжлэгчид эзэмшүүлсэн тухайн газрын нэгж талбарын хувийн хэрэг газрын албанд байгаагүй талаар хариуцагч Өлгий сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Зангараас тайлбарлаж, энэ талаар мөн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Х.Насихат, тус газрын орлогч дарга А.Ермек нараас гэрчийн мэдүүлэг өгсөн.

Тухайн үед газрын асуудал хариуцсан холбогдох байгууллага, албан тушаалтнаас газрын улсын бүртгэл хөтлөх, газрын байршил хил зааг, талбайн хэмжээг тогтоосон кадастр үйлдэх, газрын нэгдсэн сангийн тооллого явуулах зэрэг үйл ажиллагааг зохих ёсоор биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид эзэмшүүлсэн тухайн 3840 м2 газрын хил зааг тухайн үед ямар байсан нь тогтоогдохгүй байгаа ба харин газрын байршлын талаар хэргийн оролцогчдоос маргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн 2003 онд Мон-Кан Консалтинг ХХК-иас хийсэн гэх газрын тоон зураглал бүхий нотлох баримтад[3] нэхэмжлэгч С.Дауитханд эзэмшүүлсэн тухайн газрын хэмжээ 2743 м2 талбайтайгаар тусгагдсан байх ба уг тоон зураглалын талаарх гэрч тус газрын дарга Х.Насихатын мэдүүлэгт[4] ...2003 онд Мон Кан Кансалтинг ХХК-иас газрын тоон зураглалыг гаргахдаа газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжийн тухайн газрыг эзэмших эрхийн бичиг баримтыг шалгаагүй буюу үндэслээгүй, газрын байршлыг нь бодит байдлаар хашаалсан талбайн хэмжээгээр нь зураглалд буулгасан гэжээ.

Үүнээс үзэхэд 2743 м2 талбайтай газар нь тухайн үеийн нэхэмжлэгч С.Дауитханы зөвхөн хашаалсан талбайн хэмжээ байх ба 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтийг[5] үндэслэхэд нэхэмжлэгч С.Дауитханд 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр эзэмшүүлсэн газрын нийт хэмжээ нь 3150.5 м2 газар байх боломжтой байна.

Хэргийн оролцогчдын тайлбар, гэрч нарын мэдүүлгээс үзэхэд Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших нэхэмжлэгчийн эзэмшлийн уг газарт нэхэмжлэгчээс гадна түүний аав, ээж, төрсөн дүү болох гуравдагч этгээд С.Тилеуберди нь бусад ах эгчийн хамтаар тусдаа хувийн сууц барьж оршин сууж байсан байх ба нэхэмжлэгч С.Дауитхан нь уг газарт 2002 он хүртэл оршин сууснаас хойшхи хугацаанд одоог хүртэл тухайн газрын зарим хэсэг болох 1358 м2 талбайтай газарт гуравдагч этгээд С.Тилеуберди нь оршин сууж амьдардаг байна.

Үүнийг нэхэмжлэгч С.Дауитхан нь өөрийн эзэмшлийн газрын тодорхой хэсэгт төрсөн дүү болох С.Тилеубердид газрын төлбөрийг нь төлж, оршин суухыг зөвшөөрсөн гэж шүүх хуралдааны үед тайлбарласан ба газар эзэмшигчийн хувьд С.Дауитхан нь Газрын тухай хуульд зааснаар газраа бусдад ашиглуулах эрхтэй тохиолдолд түүний энэхүү тайлбарыг үгүйсгэх боломжгүй бөгөөд энэ асуудлаар хэргийн оролцогчид маргаагүй болно.

Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар захирамжийн[6] холбогдох хэсгээр маргаан бүхий газраас гуравдагч этгээд С.Тилеубердид 1000 м2 газрыг 50 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийн гэрчилгээ олгохоор шийдвэрлэж, 04 дүгээр сарын 05-ны өдөр 0066540 дугаартай газар эзэмших гэрчилгээ[7] олгож, иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

Эрх бүхий этгээдээс уг шийдвэрийг гаргахдаа 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө газар эзэмшиж байсан гэх үндэслэлээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэх тухай заалтыг баримталсан байна.

Гуравдагч этгээд С.Тилеубердид маргаан бүхий уг захиргааны актаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох замаар эзэмшихийг зөвшөөрсөн уг 1000 м2 газар нь сул чөлөөтэй газар биш байх ба нэхэмжлэгч С.Дауитханы 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг шинжээч нараас тогтоосон 3150.5 м2 газартай бүхэлд нь, тухайн 2003 онд Мон-Кан Консалтинг ХХК-иас үйлдсэн тоон зураглал бүхий баримтаар тодорхойлсон С.Дауитханы хашаалсан талбайн хэмжээгээр үзэхэд уг 2743 м2 газрын тодорхой хэсэгтэй тус тус давхцсан нь шинжээч нарын дүгнэлт болон дүгнэлтийн дагуу үйлдсэн нэгдсэн зураг[8] бүхий нотлох баримтаар тогтоогдсоноос гадна тухайн 1000 м2 газар нь нэхэмжлэгч С.Дауитханы эзэмшлийн газар мөн гэдэгт талууд маргаагүй болно.

Өлгий сумын Засаг даргаас 2006 оны 17 дугаар захирамж гаргах замаар маргаан бүхий 1000 м2 газрыг гуравдагч этгээдС.Тилеубердид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож эзэмшүүлэхээр шийдвэрлэхдээ уг газрыг 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс өмнө эзэмшиж байсан гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар газар эзэмших гэдгийг тухайн газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг ойлгох бөгөөд уг газрыг нэхэмжлэгч С.Дауитхан нь 2000 оноос хойш 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг, уг гэрчилгээ нь хүчингүй болоогүй байхад, гуравдагч этгээд С.Тилеубердид эзэмшүүлэх 1000 м2 газар нь бусдын газартай давхцах эсэхийг судлахгүйгээр, газар эзэмшигчийн зөвшөөрлөөр бусдын газарт оршин сууж байсан иргэн С.Тилеубердийг тухайн газрын эзэмшигч гэж үзэж, уг газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсэг нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна гэж заасныг зөрчсөн гэж үзлээ.

Энэ талаарх нэхэмжлэгчийн маргаан үндэслэлтэй байх тул Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаар захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066540 дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.

2.Өлгий сумын Засаг даргын 2010 оны 62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж болон газар эзэмших эрхийн 0277849 дугаартай гэрчилгээг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Энэхүү захиргааны актаар гуравдагч этгээд С.Тилеубердид маргаан бүхий газраас 40 м2 газрыг дэлгүүр, худалдаа үйлчилгээ явуулах зориулалтаар 30 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож,гэрээ байгуулжээ.

Уг шийдвэрийг гаргасан үндэслэлээ хариуцагч Өлгий сумын Засаг даргаас газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох үед нэхэмжлэгч С.Дауитхан, гуравдагч этгээд С.Тилеуберди нар хоорондоо газрын хил заагийг нарийвчлан тохиролцож зөвшөөрөлцөн гарын үсэг зурж өгсөн тул тус захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж тайлбарласан байна[9].

Маргаан бүхий 40 м2 газар нь Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжийн холбогдох хэсгээр гуравдагч этгээд С.Тилеубердид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох замаар эзэмшүүлсэн маргаан бүхий 1000 м2 газарт багтаж байгаа талаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас шүүхэд мэдэгдэж[10], энэ талаарх схем зургийг [11]сумын газрын даамлаас нотлох баримтаар ирүүлсэн байна.

Уг 40 м2 газар нь 1000 м2 газартай бүхэлдээ давцсаныг шинжээч нараас мөн тогтоосон[12] ба маргаан бүхий 1000 м2 газар нэхэмжлэгч С.Дауитханы эзэмшлийн газартай дээрх байдлаар давцхаж байгаа нь тогтоогдсон.

Хариуцагчийн тайлбартаа тусгаж, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн маргаан бүхий 40 м2 газрыг гуравдагч этгээд С.Тилеубердид эзэмшүүлэх үед нэхэмжлэгч С.Дауитхан, С.Тилеуберди нар хоорондоо газрын хил заагийг тохиролцож зөвшөөрөлцсөн гэх баримт нь хэргийн 252 дугаар хуудсанд авагдсан 1726 м2, 1426 м2 газрын кадастрын зурагтай, Дауитханы газар, Тилеугийн газар, Зөвшөөрсөн, С.Дауитхан, С.Тилеу гэх бичигтэй, гарын үсэг зурагдсан баримт байх ба уг баримтын талаар тухайн үед Өлгий сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан А.Ермекээс шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө уг кадастрын тойм зургийг би гаргасан, дээрх бичгүүд нь миний бичгүүд мөн, зөвшөөрсөн гэх хэсэгт зурагдсан гарын үсгүүд нь С.Дауитхан болон С.Тилеуберди нарын гарын үсэг мөн. Уг баримтыг үйлдсэн сар, өдрийг санахгүй байна, баримтад огноо тавиагүй боловч уг баримт нь 2010 онд үйлдэгдсэн. Агуулга нь 2010 оны 62 дугаартай Өлгий сумын Засаг даргын захирамжаар С.Тилеубердид 40 м2 газар эзэмшүүлэх үед энэ баримтыг гаргасан. Уг газарт С.Тилеубердийн дэлгүүрийн барилга байсан ба обьектын баруун хойд өнцөг нь С.Дауитханы өвлийн байшинтай ойролцоо оршдог байсан тул газрын хил заагийг нь хэмжилт хийх замаар тогтооход С.Тилеубердийн эзэмших эрхтэй газар нь 1426 м2 , өөрийх нь зөвшөөрснөөр С.Дауитханы эзэмшлийн газрын хил зааг нь 1726 м2 газар байсан тул тойм зургийг гаргаж, 2 талаар гарын үсэг зуруулсан гэжээ.

Энэхүү 1726 м2, 1426 м2 газрын кадастрын зурагтай, Дауитханы газар, Тилеугийн газар, Зөвшөөрсөн, С.Дауитхан, С.Тилеу гэх бичигтэй, гарын үсэг зурагдсан баримтын талаар нэхэмжлэгч С.Дауитханаас тухайн баримт нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд эзэмшүүлэхийг зөвшөөрсөн баримт биш талаар, уг баримтад гарын үсэг зураагүй буюу газрын даамлаас тухайн үед хэмжилт хийгээгүй, түүнчлэн уг баримт нь газар эзэмших эрхийг шилжүүлсэн гэрээ бүхий баримт биш гэж, харин гуравдагч этгээд С.Тилеубердээс нэхэмжлэгч С.Дауитхан нь уг газрыг эзэмшихийг зөвшөөрсөн, энэ нь тэр талаарх баримт мөн гэж хоорондоо маргаж байна.

Энэхүү баримтын зөвшөөрсөн гэх хэсэгт зурагдсан гарын үсэг нь нэхэмжлэгч С.Дауитханы гэх гарын үсгийн загвартай тохирч байгаа нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын дэргэдэх Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 033 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2016 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон боловч уг баримт нь хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй, баримт нь маргаан бүхий 40 м2 газрыг газар эзэмшигч болох С.Дауитханаас иргэн С.Тилеубердид эзэмшүүлэхийг зөвшөөрсөн агуулгагүй тохиолдолд маргаан бүхий 40 м2 газрыг нэхэмжлэгч С.Дауитхан нь гуравдагч этгээд С.Тилеубердид эзэмшүүлэхийг зөвшөөрснийг нотолсон бичиг баримт гэж үзэхээргүй байна.

Хариуцагч талаас Өлгий сумын Засаг даргын 2010 оны 62 дугаар захирамжаар маргаан бүхий 40 м2 газрыг нэхэмжлэгч С.Дауитханы зөвшөөрлөөр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн гэх боловч уг захиргааны акт нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаар уг шийдвэрийг гаргасан агуулгагүй, сумын Засаг дарга газрын харилцааны талаар ...аймгийн төвийн инженерийн шугам сүлжээ бүхий газраас бусад газрыг ..сумын хэмжээнд иргэнд эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг хэрэгжүүлэх тухай Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасныг баримталснаас үзэхэд уг газрыг иргэн С.Тилеубердид шинээр эзэмшүүлсэн шийдвэр байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар газар эзэмшигчийн хувьд нэхэмжлэгч С.Дауитхан нь газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй ба энэ тохиолдолд хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар талууд эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлт гаргах ба 38.2.1-38.2.3-т зааснаар хүсэлтийн хамтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, эрхийн гэрчилгээ шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, хураамж төлсөн тухай баримт зэргийг тухайн шатны Засаг даргад ирүүлэх ба хүсэлтийг хүлээн авсан Засаг дарга хуулийн 38.3-т зааснаар энэ хуулийн 38.2-т заасан дээрх шаардлагыг талууд хангасан эсэх, шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэхийг тодруулсаны үндсэн дээр 38.4-т зааснаар эрхийн гэрчилгээ шилжүүлэх асуудлаар шийдвэр гаргахаар байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдээс маргаан бүхий уг захиргааны актаар 40 м2 газрыг эзэмшүүлэх үед нэхэмжлэгч С.Дауитхан зөвшөөрөл өгсөн гэх боловч Газрын тухай хуулийн 38.2-т зааснаар талууд тухайн үед хүсэлт гаргасан, хоорондоогэрээ байгуулсан, нэхэмжлэгч С.Дауитхан нь газар эзэмшигчийн хувьд тухайн газрыг гуравдагч этгээд С.Тилеубердид эзэмшүүлэхийг зөвшөөрсөн нь нотлогдоогүй буюу энэ талаар нотлох баримт байхгүй байна.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан журмын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлснээр тухайн газрыг эзэмших эрх нөгөө этгээдэд үүсэх бөгөөд талуудын маргаж буй 1726 м2, 1426 м2 газрын кадастрын зурагтай, Дауитханы газар, Тилеугийн газар, Зөвшөөрсөн, С.Дауитхан, С.Тилеу гэх бичигтэй баримтыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-38.2.2-т заасан талуудаас гаргасан хүсэлт, газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ гэж үзэхээргүй байна.

Шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өлгий сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас ажлын ачаалал их байдагтай холбогдуулан газар эзэмшигч иргэний гэрчилгээг бусдад шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38.2.-т заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг шаарддаггүй, иргэд хоорондоо харилцан тохиролцсон тохиолдлоор эрхийн гэрчилгээ шилжүүлж байгаа гэх тайлбар нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийг зөрчсөн хууль бус, үндэслэлгүй тайлбар болохыг дурьдах нь зүйтэй.

Тухайн үед маргаан бүхий газрыг нэхэмжлэгч зөвшөөрснөөр эзэмшсэн гэж гуравдагч этгээд С.Тилеуберди маргаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу сумын Засаг дарга шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр маргаан бүхий газрыг гуравдагч этгээд С.Тилеуберди эзэмшсэн гэж үзэхболомжгүй юм.

Иймд Өлгий сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж болон газар эзэмших эрхийн 0277849 дугаартай гэрчилгээг[13] тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Уг захиргааны актуудыг Өлгий сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 50 дугаартай захирамжийн холбогдох заалтаар хүчингүй болгосон байх ба 50 дугаартай энэхүү захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс дараах үндэслэлээр хангаж, хүчингүй болгосонтой холбогдуулж нэхэмжлэгчийн Өлгий сумын Засаг даргын 2010 оны 62 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн 0277849 дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

3. Өлгий сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай 50 дугаартай захирамжийг[14] хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Уг шийдвэрээр гуравдагч этгээд О.Орынбект гуравдагч этгээд С.Тилеубердийн эзэмшилд 2010 онд дээрх байдлаар хууль бусаар олгогдсон 40 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, О.Орынбекийн эзэмших газрын хэмжээг 67.5 м2 газар байхаар шинэчлэн тогтоожээ.

О.Орынбект нэмж эзэмшүүлсэн 27.5 м2 газар нь шинжээчийн дүгнэлтээр С.Тилеубердийн эзэмшилд анх Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжийн холбогдох хэсгээр олгосон 1000 м2 газарт багтсан буюу 67.5 м2 газар нь бүхэлдээ 1000 м2 газартай давхцсан нь тогтоогджээ.

Шинжээчийн дүгнэлтийн дагуу үйлдсэн нэгдсэн зургаас үзэхэд энэхүү 67.5 м2 газар нь нэхэмжлэгч С.Дауитханы 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг шинжээч нараас тогтоосон 3150.5 м2 газартай бүхэлд нь, тухайн 2003 онд Мон-Кан Консалтинг ХХК-иас үйлдсэн тоон зураглал бүхий баримтаар тодорхойлсон С.Дауитханы хашаалсан талбайн хэмжээгээр үзэхэд уг 2743 м2 газрын тодорхой хэсэгтэй давхцаж байх тул гуравдагч этгээд С.Тилеубердид Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжийн холбогдох хэсэг, 2010 оны 62 дугаар захирамжаар тус тус хууль бусаар эзэмшүүлсэн 1000 м2 болон 40 м2 газрын 67.5 м2 газрыг газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх замаар О.Орынбект эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрхийг мөн зөрчсөн гэж үзээд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд С.Тилеубердээс нэхэмжлэгч маргаан бүхий 67.5 м2 газрыг гуравдагч этгээд О.Орынбект эзэмшүүлэхийг тухайн үед зөвшөөрсөн гэж маргаж, энэ талаарх баримтаар 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн огноотой, нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа 3840 м2 газраас 60 м2 газрыг иргэн О.Орынбекийн эзэмшилдшилжүүлэхийг зөвшөөрсөн агуулгатай, зөвшөөрөл нэртэй эх хувь бүхий баримтыг гаргаж өгсөн байна. Уг баримтыг тухайн үед үйлдсэнээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн ба баримтыг агуулгаас үзэхэд өөрийн эзэмшилд байгаа газраас 60 м2 газрыг гуравдагч этгээд О.Орынбекийн эзэмшилд шилжүүлэхийг зөвшөөрсөн байжээ. Гэвч О.Орынбект Өлгий сумын Засаг даргын 2011 оны 50 дугаартай захирамжаар 67.5 м2 газрыг эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч С.Дауитханы эзэмшилд байгаа газраас 67.5 м2 газрын эзэмших эрхийг О.Орынбект шилжүүлэхээр шийдвэрлээгүй байх ба энэхүү баримт үйлдэгдэх үед үүнээс өмнө маргаан бүхий 67.5 м2 газар нь 2006, 2010 онуудад маргаан бүхий дээрх захиргааны актуудаар гуравдагч этгээд С.Тилеубердийн эзэмшилд хууль бусаар олгогдсон байх тул Өлгий сумын Засаг даргын 2011 оны 50 дугаар захирамжаар маргаан бүхий 67.5 м2 газрыг нэхэмжлэгчийн зөвшөөрлөөр хуульд заасан журмын дагуу гуравдагч этгээд О.Орынбект эзэмшүүлсэн гэж үзэхээргүй байгаа ба энэ талаарх гуравдагч этгээд С.Тилеубердийн тайлбар нь үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, татгалзах эрхтэй ба гуравдагч этгээд О.Орынбект 67.5 м2 газрыг дээрх байдлаар хууль бусаар эзэмшүүлсэн байх боловч нэхэмжлэгч С.Дауитхан нь тухайн 2011 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр зөвшөөрөл нэртэй баримт бичих үйлдэх замаар гуравдагч этгээд О.Орынбект өөрийн эзэмшил газраас 60 м2 газрыг эзэмшүүлэхийг зөвшөөрч байсны хувьд нэхэмжлэлийн энэхүү шаардлагаа дэмжих эсэхийг тодруулахад нэхэмжлэгчээс Өлгий сумын Засаг даргын 2011 оны 50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь хэвээр байгааг мэдэгдсэн болно.

4. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 226 дугаартай Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Аймгийн Засаг даргаас гаргасан энэхүү шийдвэрээр[15]гуравдагч этгээд С.Тилеубердид маргаан бүхий газраас 1358 м2газрыг эзэмшил газраа шинээр өмчлөх гэх үндэслэлээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2-т зааснаар сумын Засаг дарга нь газар өмчлүүлэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулах, сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд тухайн жилд иргэдэд өмчлүүлэх газрын байршил, нийт хэмжээний тухай саналыг сумын баг бүрээр газар өмчлүүлэх зориулалт бүрээр боловсруулж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн аймгийн Засаг даргад хүргүүлэх бүрэн эрхтэй байх ба гуравдагч этгээд С.Тилеубердид өмчлүүлсэн 1358 м2 газарт түүнд Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжийн холбогдох хэсгээр эзэмшүүлсэн 1000 м2 газар багтаж байгаа талаар Өлгий сумын Засаг даргын Тамгын газраас тус шүүхэд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 3/116 дугаартай албан бичгээр хариу ирүүлжээ.

Шинжээчийн дүгнэлтээс үзэхэд маргаан бүхий 1358 м2 газарт Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжийн холбогдох хэсгээр С.Тилеубердид эзэмшүүлсэн 1000 м2 газраас Өлгий сумын Засаг даргын 2011 оны 50 дугаартай захирамжаар гуравдагч этгээд О.Орынбект эзэмшүүлсэн 67.5 м2 газар, мөн 114.5 м2 газар тус тус хасагдаад 818 м2 газарт 540 м2 газрыг нэмж өмчлүүлсэн байх ба энэ нь нэхэмжлэгчийн 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг газартай давцхсан байна.

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар иргэн нь гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах эрхтэй боловч газрыг өмчлүүлэхдээ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2.1-д Газрын тухай хуулийн дагуу эзэмшсэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө шийдвэрт тусгагдсан, иргэдэд өмчлүүлэх газарт хамаараагүй бөгөөд тухайн иргэн газар өмчилж авах хүсэлт гаргасан тохиолдолд энэ хуулийн 5.1.2-т заасан төлөвлөгөө, шийдвэрт иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд бусад этгээдийн эзэмших, ашиглах эрх үүсээгүй байгаа газраас тэргүүн ээлжинд түүнд өмчлүүлэх, 21 дүгээр зүйлийн 21.1-д иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл,тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсоны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана гэж тус тус заасан байна.

Гэтэл гуравдагч этгээд С.Тилеубердид өмчлүүлсэн 1358 м2 газрын 818 м2 газар нь түүнд Өлгий сумын Засаг даргын 2006 оны 17 дугаар захирамжийн холбогдох хэсгээр эзэмшүүлсэн газар байх боловч уг газрыг дээрх байдлаар Газрын тухай хуулийндагуу эзэмшээгүй, уг 1358 м2 газрыг нэхэмжлэгч С.Дауитхан 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр эзэмшдэг буюу бусдын эзэмших эрх үүссэн газрыг өмчлүүлсэн нь хуулийн дээрх зохицуулалтуудтай нийцээгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 226 дугаартай захирамжийн гуравдагч этгээд С.Тилеубердид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэрээр С.Тилеубердээс гадна 47 иргэнд газар өмчлүүлсэн бөгөөд нэхэмжлэгчээс уг захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэхүү шийдвэрийн С.Тилеубердид маргаан бүхий 1358 м2 газрыг өмчлүүлсэн хэсэгтэй маргасан, мөн бусад 47 иргэнд газар өмчлүүлсэн нь энэхүү маргаанд хамааралгүйгээс гадна нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй тул 226 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдааны үед аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгч С.Дауитханы тухайн газрыг эзэмших эрхийн 030101200 дугаартай гэрчилгээ нь 2000 онд олгогдсон, түүнээс хойш уг гэрчилгээг шинэчилж аваагүй гэх тайлбарыг гаргасан боловч аймгийн Засаг даргаас 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 226 дугаартай захирамж гаргаж маргаан бүхий 1358 м2 газрыг гуравдагч этгээд С.Тилеубердид өмчлүүлэх үед нэхэмжлэгчийн 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг эрх бүхий этгээдээс хүчингүй болгоогүй, газар эзэмшихтэй холбоотой улсын бүртгэл хийх, дээд шатны байгууллагаас гаргасан журам, газар эзэмших гэрчилгээний загвар баталсан шийдвэрийн биелэлтийг тухайн бүр хангаж ажиллах нь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, сумын газрын даамлуудын үүрэг учраас энэ талаарх хариуцагч талын маргаан үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

5. Улсын бүртгэлийн Г-0213001819 дугаартай 000111670 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх бөгөөд газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд үндэслэх бичиг баримтын нэг нь 13 дугаар зүйлийн 13.5.3-д зааснаар тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ байх юм.

Түүнчлэн Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан  шийдвэрийг  үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хууль  тогтоомжид заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагаас олгоно гэж заасан.

Гуравдагч этгээд С.Тилеубердид өмчлүүлсэн 1358 м2 газрыг улсын бүртгэлд бүртгэх үед үндэслэл болгосон газар өмчлүүлэх эрх бүхий этгээд болох Баян-Өлгий аймгийн Засаг даргаас уг газрыг өмчлүүлсэн 2011 оны 226 дугаартай захирамжийн холбогдох хэсэг нь дээрх байдлаар хууль бус болох нь тогтоогдсон тул уг шийдвэрийг үндэслэн маргаан бүхий 1358 м2 газрыг өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэж, С.Тилеубердийн тухайн газрыг өмчлөх эрхийн баталгаажуулж олгосон улсын бүртгэлийн Г-0213001819 дугаартай 000111670 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг баримтлан хүчингүй болгож, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

6. Өлгий сумын Засаг даргын 2011 оны 90 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1,2 дахь заалтын С.Дауитхан, Е.Ханат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгох талаарх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Өлгий сумын Засаг даргаас Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасан эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргах зохицуулалтын дагуу 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 90 дугаартай захирамж гаргаж, 1 дэх заалтын холбогдох хэсгээр нэхэмжлэгч С.Дауитханы газар эзэмших эрхийн гэрчилгээг Е.Ханатад зориулалтаар нь шилжүүлэн эзэмшүүлж, 2 дахь заалтын холбогдох хэсгээр 030101200 дугаартай нэхэмжлэгч С.Дауитханы газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч С.Дауитхан нь 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр эзэмшдэг нийт газрын тодорхой хэсэг буюу 1840 м2 газрын эзэмших эрхийг иргэн Ж.Бахытад шилжүүлэхээр 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ-г талууд хоорондоо байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн[16]боловч энэ талаар эрх бүхий этгээдээс шийдвэр гараагүй нь, тухайн газарт орших нэхэмжлэгч С.Дауитханы өмчлөлийн 90 м2талбайтай, улсын бүртгэлийн 021001115 дугаартай байшин бүхий үл хөдлөх хөрөнгийг иргэн Ж.Бахыт мөн өдөр худалдан авч, улмаар уг байшинг иргэн Е.Ханатад худалдсан үйл баримтууд тогтоогдож байна.

Мөн 2011 оны 06 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгч С.Дауитхан иргэн Е.Ханат нар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан журмын дагуу нэхэмжлэгчийн 030101200 дугаартай 3840 м2 газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газраас зөвхөн 1500 м2 газрыг хэсэгчлэн шилжүүлэхээр хоорондоо газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж нотариатчаар гэрчлүүлснээр[17]маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр эрх бүхий этгээдээс дээрх байдлаар шийдвэрлэж, захирамжийн 3 дахь заалтаар Е.Ханатын эзэмших газрын хэмжээг 1500 м2 газраар тогтоожээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн энэхүү шаардлагатай холбогдуулж үндэслэлийг нь шүүхээс тодруулахад ...уг захирамжид С.Дауитханы газар эзэмших эрхийн гэрчилгээг Е.Ханатад шилжүүлэн эзэмшүүлсүгэй гэснээр 1500 м2 газрыг биш 3840 м2 газрыг бүхэлд нь шилжүүлсэн утгатайгаар ойлгогдож байна, 1500 м2 газрыг шилжүүлэх гэж тодорхой тусгах ёстой, нэгэнт миний 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газраас 1500 м2газрыг шилжүүлсэн учраас газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь зөв гэж бодож байна. Журмаар газар эзэмших эрх шилжүүлэх захирамж ямар байх ёстойг мэдэхгүй байна[18] гэсэн бол шүүх хуралдааны үед ...Е.Ханатын эзэмшилд шилжсэн газрын тухайд ямар ч маргаангүй. Уг газар нь хууль, журмын дагуу хүсэлт гаргаснаар шилжсэн. Харин би үлдсэн 2000 м2 газрыг эзэмших ёстой байтал 030101200 дугаартай гэрчилгээг бүхэлд нь шилжүүлсэнд гомдолтой байгаа. Үүгээр миний 3840 м2 газрыг бүхэлд нь Е.Ханатад шилжүүлсэн гэж ойлгож байна. Тийм учраас ч миний газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болж байгаа. Би үлдсэн газраа хэнд ч шилжүүлээгүй гэж тайлбарласан байна.

Иргэн Е.Ханатад нэхэмжлэгч С.Дауитханы тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх замаар эзэмшүүлсэн 1500 м2газар нь нэхэмжлэгчийн 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг нийт газрын тодорхой хэсэг бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн агуулгаас үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлэхээр зохицуулагдсан, тухайн гэрчилгээгээр эзэмшдэг газрын тодорхой хэсгийн эзэмших эрхийг шилжүүлснээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээнд өөрчлөлт орсон, түүнчлэн газар эзэмших эрхийн нэг гэрчилгээг хэсэгчлэн шилжүүлэх боломжгүй тул маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн маргаанүндэслэлгүй байна.

Өлгий сумын Засаг даргын 2011 оны 90 дугаартай захирамжийн холбогдох хэсэг нь иргэн Е.Ханатад Газрын тухай хуулийн 38.1, 38 дугаар зүйлийн 38.2,38.4-т заасан журмын дагуу талуудаас газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг үндэслэж, 1500 м2 газрыг Газрын тухай хуульд заасан зохицуулалтын дагуу эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх замаар иргэн Е.Ханатад 1500 м2 газар эзэмшүүлсэн агуулгатай байх тул нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрхийг зөрчсөн шийдвэр биш байна гэж үзлээ.

Иймд энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрын хэмжээ 1500 м2 газраар багасаж, 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшдэг газрын хэмжээнд өөрчлөлт орсноор, 030101200 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь зөв боловч газрын үлдсэн хэсгийг иргэн С.Дауитхан эзэмших эрхтэй байхад тухайн үед эрх бүхий этгээдээс үлдсэн газрыг нь түүнд эзэмшүүлэх талаар шийдвэрлээгүй нь хууль бус байна.

7. Маргаан бүхий газраас 2000 м2 газрыг эзэмшүүлэхийг Өлгий сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч өөрийн эзэмших эрхтэй газраа 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээнд тусгагдсан 3840 м2 газраар тодорхойлж, үүнээс анх иргэн Ж.Бахытад шилжүүлэхээр 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эзэмшлийн газрыг бусдад шилжүүлэх гэрээ гээр тохирсон 1840 м2 хэмжээтэй газрыг хасч, /одоогийн иргэн Ж.Юрагийн өмчлөлийн газар/[19] үлдсэн 2000 м2газрыг эзэмшүүлэхийг эрх бүхий этгээдэд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчид анх 2000 онд олгосон газар эзэмших гэрчилгээгээр газрын хэмжээг 3840 м2 газар гэж тусгасан боловч, бодит байдалд газрын хэмжээ нь үүнээс бага байгааг шинжээч нараас тогтоосон.

Нэхэмжлэгчийн маргаагүй одоогоор иргэн Ж.Юрагийн өмчлөлд байгаагаас бусад газрыг нэхэмжлэгч эзэмших эрхтэй тул гуравдагч этгээд С.Тилеуберди, О.Орынбек нарт маргаан бүхий газрыг эзэмшүүлж, өмчлүүлсэн захиргааны актуудыг шүүхээс дээрх байдлаар хүчингүй болгосонтой холбогдуулан газрын үлдсэн хэсгийг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гаргахыг эрх бүхий этгээд болох Өлгий сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Үүнд гуравдагч этгээд С.Тилеубердийн хашаалсан талбайн хэмжээ нь гуравдагч этгээд О.Орынбекийн эзэмшилд байсан 67.5 м2 газрыг оролцуулж 1857 м2, үүнээс эзэмшүүлбэл зохих газрын хэмжээ нь 1791 м2 байгааг шинжээч нараас тогтоосон тулнэхэмжлэгч С.Дауитханы тухайн газрыг эзэмших эрхийн 030101200 дугаартай гэрчилгээ нь иргэн Е.Ханатад уг гэрчилгээгээр эзэмшдэг байсан газрын тодорхой хэсгийг эзэмшүүлэхээр шилжүүлснээр хүчингүй болсон тохиолдолд газрын үлдсэн хэсэг болох 1791 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг эрх бүхий этгээдэд даалгаж, энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Эзэмшүүлбэл зохих газрын хэмжээ нь 2000 м2 газар хүрэхгүй байх тул шинжээчийн дүгнэлтийг үндэслэн 1791 м2 газар эзэмшүүлэхийг зохих этгээдэд даалгаж шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.7-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3, 31 дүгээр зүйлийн 31.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.3, 38.4, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5.2, 21 дүгээр зүйлийн 21.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Дауитханаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Өлгий сумын Засаг даргын 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 дугаартай Эрхийн гэрчилгээ олгох тухай захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, газар эзэмших эрхийн 2006 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0066540 дугаартай гэрчилгээг, Өлгий сумын Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 62 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамж, газар эзэмших эрхийн мөн өдрийн 0277849 дугаартай гэрчилгээг, Өлгий сумын Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 50 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх, газрын хэмжээг шинэчлэн тогтоох тухай захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 226 дугаартай захирамжийн С.Тилеубердид холбогдох хэсэг, улсын бүртгэлийн Г-0213001819 дугаартай 000111670 тоот газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт орших, 2000 оны 030101200 дугаартай газар эзэмших гэрчилгээгээр нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын үлдсэн хэсэг болох 1791 м2 газрыг С.Дауитханд эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Өлгий сумын Засаг даргад даалгасугай.

2. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 38.4-т заасныг тус тус баримтлан Өлгий сумын Засаг даргын 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 90 дугаартай Газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай захирамжийн 1,2 дахь заалтын С.Дауитхан, Е.Ханат нарт холбогдох хэсгийг хүчингүй болгохыг хүссэн нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.РИЗА

 

 

 


[1] Хэргийн 292 дугаар хуудас /2-р хавтас/

[2] Хэргийн 11 дүгээр хуудас

[3] Хэргийн 116-117 дугаар хуудас

[4] Хэргийн 205 дугаар хуудас

[5] Хэргийн 259-263 дугаар хуудас

[6]Хэргийн 13 дугаар хуудас

[7]Хэргийн 49 дүгээр хуудас

[8]Хэргийн 263 дугаар хуудас

[9]Хэргийн 65 дугаар хуудас

[10]Хэргийн 110 дугаар хуудас

[11]Хэргийн 113 дугаар хуудас

[12]Хэргийн 259-261 дүгээр хуудас

[13]Хэргийн 224 дүгээр хуудас

[14]Хэргийн 151 дүгээр хуудас

[15]Хэргийн 23-25 дугаар хуудас

[16] Хэргийн 12 дугаар хуудас

[17] Хэргийн 179 дүгээр хуудас

[18]Хэргийн 216 дугаар хуудас

[19]Хэргийн 143-144 дүгээр хуудас