Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 433

 

Н.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дотоод явдлын яамны Онцгой Бүрэн Эрхт Комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолтой, Н.Лд холбогдох хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1938 оны байдлаар 60 настай, Хэнтий аймгийн Мөнххаан сумын 7 дугаар багт оршин суудаг, ам бүл 1, хувь хөрөнгө хогшилгүй, ял шийтгэлгүй, Норов овогтой Л нь Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд заасан “Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг тогтоож, 9 дүгээр богдыг залах зорилго бүхий эсэргүү бүлгэмд 1937 онд Мөнххаан хийдийн эсэргүү бүлгэмийн удирдагч, захирагч Ишид элсэгдсэн идэвхтэй гишүүн. Эсэргүү бүлгэмд 2 хүнийг элсүүлэн нэгтгэж авсан, ард түмнийг ардын засагт эсэргүү хандуулж засгийг эсэргүүцэн устгах зорилгоор хувьсгалын эсэргүү хорт цуурхлыг идэвхтэй тарааж ажиллаж байсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлүүдэд зааснаар буудан алах ял шийтгэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Улсын ерөнхий прокурорын газрын цагаатгал хариуцсан хяналтын прокурор Ц.Батцэнгэл гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн 08/79 дугаартай албан бичгийг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн эсэхийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийн ажиллагаа үүсгэж, шалгуулсан Норов овогтой Лд холбогдох 3582 дугаартай хэргийг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Ө.Орхон шалгаад цагаатгуулахаар прокурорын дүгнэлт үйлдүүлэх санал гаргаж ирүүлснийг хяналаа.

Нэг. Биеийн байцаалт нь: 1938 оны байдлаар. Нэр Л, овог Норов, нас 60, лам, Хэнтий аймгийн Мөнххаан сумын 7 дугаар баг, ам бүл 1, хөрөнгөгүй, хурлын өргөл барьцаар амьдардаг, төвд ном, бичиг мэднэ, шавь нар 20 гаруй, гавж, аграмба мяндагтай, ял шийтгэлгүй, баривчлагдахын өмнө Мөнххаан хийдэд байсан.

Хоёр. Хэргийн талаар: Мөрдөн байцаалтын 3582 дугаартай хэрэг Дотоодыг хамгаалах газрын Жаргалант хот дахь ангиас шалгасан хэрэгт Н.Лг 1938 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Дотоод явдлын яамны төлөөлөгчөөс 2 удаа байцааж мэдүүлэг авснаас өөр баримт, материал байхгүй байна.

Н.Л мэдүүлэхдээ “1937 оны зун Мөнххаан хийдийн захирагч Ишид элсэгдэн орж байсан. Бид нарын зорилго бол ардын засгийг унагааж, хуучин хаант засгийг байгуулах, 9 дүгээр богдыг залж, шашин төрийг мандуулах, ардын засгийг эсэргүүцэн тэмцэх зорилготой. Бүлгэмийн удирдагч нь захирагч Иш, Онгоны Гэндэнжамц нар болой. Гишүүнээр элсээд цуурхал тараах, лам нарын дотор Норжин сумлайг тарааж уншуулах даалгавартай байсан. 1937 онд Жамбал гавж, Мөнххаан хийд дээр буй Дэндэв аграмба нарыг элсүүлэн авсан” гэж мэдүүлжээ.

Гурав. Ялын төлөвлөгөө. Н.Лд ял төлөвлөсөн ялын төлөвлөгөө, шийтгэсэн тогтоол хэргийн материалд байхгүй байна.

Дөрөв. Таслан шийтгэсэн байдал. Дотоод явдлын яамны дэргэдэх Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолд хийсэн үзлэгээр:

Хэнтий аймгийн Мөнххаан сумын харьяат, 60 настай, лам, аграмба мяндагтай 13 жил болсон, чогчин ба чойрын гэсгүй явсан, 4 дүгээр зэргийн тайж, төвд ном мэднэ, ял шийтгэлгүй, хэргээ хүлээсэн Норовын Лг Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор “Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг тогтоож, 9 дүгээр богдыг залах зорилго бүхий эсэргүү бүлгэмд 1937 онд Мөнххаан хийдийн эсэргүү бүлгэмийн удирдагч, захирагч Ишид элсэгдсэн идэвхтэй гишүүн. Эсэргүү бүлгэмд 2 хүнийг элсүүлэн нэгтгэж авсан, ард түмнийг ардын засагт эсэргүү хандуулж засгийг эсэргүүцэн устгах зорилгоор хувьсгалын эсэргүү хорт цуурхлыг идэвхтэй тарааж ажиллаж байсан” гэж Шүүх цаазны бичгийн 43 дугаар зүйл /Тус улсын нутаг газар дээр зэвсэг барьж эсэргүүцэн хөдлөх явдлыг бэлтгэх ба байгуулах эсхүл тус улсын хэрэгт эсэргүүцэхээр зэвсэг барьж оролцуулахыг татан хандуулах зорилгоор гадаад улсууд буюу тэдгээрийн аль нэгэн төлөөний хүмүүс хийгээд түүнчлэн тус улсын хилийн гадаа буй хувьсгалын эсэргүү этгээд лугаа харилцсан бол энэхүү шүүх цаазны бичгийн 42 дугаар зүйлд заасан ялнуудаар шийтгэвэл зохино/,

47 дугаар зүйл /Ардын хувьсгалт засгийг эсэргүүцэх зорилгоор албан татваруудыг үл гүйцэтгэхийг уриалан дуудах чанартай суртал нэвтрүүлэх буюу ятгах хийгээд мөн хувьсгалд эсэргүүцэх зорилготой ном дэвтэр, бичгийг зохиох, хэвлэх ба тараах буюу хадгалсан бол 1 жилээс доош бус хугацаагаар хорьж, хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр ял шийтгэвэл зохимуй. Мөнхүү явдлуудыг ард олны санаа сэтгэл үймсэн цагт сүсэгтэн ардын шашин шүтлэгийн бишрэлийг далимдуулан ашиглаж үйлдэх буюу дайн байлдааны цагт үйлдсэн бол энэхүү шүүх цаазны бичгийн 42 дугаар зүйлд заасан ялуудаар шийтгэвэл зохимуй/-үүдээр буудан алах ялаар шийтгэсэн байна.

Норовын Лг хувьсгалын эсэргүү бүлгэмийн идэвхтэй гишүүн гэх хэрэгт холбогдуулан 2 удаа байцааж, Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алах ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Н.Лгийн мэдүүлэгт нэр илэрсэн Захирагч Иш, Онгоны Гэндэнжамц, Жамбал гавж, Дэндэв- аграмба нарыг байцааж, эсэргүү бүлэгт элссэн, цуурхал тарааж байсан, эсэргүү бүлгэмд элсүүлсэн, идэвхтэй ажиллаж байсан, эсэхийг тогтоосон баримт хавтаст хэрэг байхгүй.

Н.Лг эсэргүү бүлгэмд элсүүлсэн гэх бүлгэмийн удирдагч Захирагч/Жамсран/-ийн Ишийг Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор “Хувьсгалын эсэргүү “төв” хэмээх Ёнзон хамба нарын” хэрэгт холбогдуулан Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алах ялаар шийтгэснийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 155 дугаар магадлалаар цагаатгасан.

Мөн Мөнххаан сумын харьяат Ж.Гэндэнжамцыг Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор “Хувьсгалын эсэргүү “төв” хэмээх Ёнзон хамба нарын” хэрэгт холбогдуулан Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алах ялаар шийтгэснийг БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаар магадлалаар цагаатгасан байна.

Хувьсгалын эсэргүү “төв” хэмээх байгууллага нь Ёнзонхамба Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин, Манзушир хутагт С.Цэрэндорж нараар удирдуулсан хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулж дотоодод зэвсэгт бослого гаргах, мөнгө хөрөнгө, буу зэвсэг бэлтгэх, харьяат зарим газруудад эсэргүү салбар байгуулж төвөөсөө удирдаж байсан гэсэн хууль ёсны нотлох баримт тогтоогдоогүй, хувьсгалын эсэргүү “төв” хэмээх байгууллага огт байгаагүй гэсэн үндэслэлээр 1990 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 7 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр хүчинтэй байна.

Н.Лг болон түүнийг эсэргүү бүлгэмд элсүүлэн авсан удирдагч Ж.Иш, Ж.Гэндэнжамц /Н.Л нь цагаатгагдсан Ж.Гэндэнжамцтай нэг тогтоолоор шийтгэгдсэн/ нарыг “Хувьсгалын эсэргүү “төв” хэмээх Ёнзон хамба нарын” хэрэгт холбогдуулан шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг /хуулийг илт буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн/-т заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Хэрэгт байгаа дээрх баримтуудаас дүгнэвэл Н.Лгийн элсэж үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байсан гэх Ёнзонхамба Лувсанхаймчиг, дэд хамба Б.Дамдин, Манзушир хутагт С.Цэрэндорж нараар удирдуулсан Хувьсгалын эсэргүү “төв” хэмээх байгууллага гэгч нь огт байгаагүй, хилс зохиомол болох нь тогтоогдсон, Н.Лтой улс төрийн хэрэгт хамт шийтгэгдсэн Ж.Гэндэнжамц, түүнийг эсэргүү бүлэгтээ элсүүлсэн гэх Ж.Иш нар цагаатгагдсан, Н.Лгийн үйлдсэн гэх хэргийг бүрэн шалгаж тогтоолгүйгээр өөрийг нь нэг өдөр 2 удаа байцаасан мэдүүлэгт үндэслэн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан Дотоод явдлын яамны Онцгой Бүрэн Эрхт Комиссын 1938 оны 3 дугаар сарын 25- ны өдрийн 11 дүгээр хурлаар Шүүх цаазны бичгийн 43, 47 дугаар зүйлүүдээр буудан алах ялаар хилсээр шийтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Дотоод явдлын яамны Онцгой Бүрэн Эрхт Комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Н.Лд холбогдох 3852 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Норовын Лг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Н.Л нь Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг тогтоож, 9 дүгээр богдыг залах зорилго бүхий эсэргүү бүлгэмд 1937 онд Мөнххаан хийдийн эсэргүү бүлгэмийн удирдагч, захирагч Ишид элсэгдсэн идэвхтэй гишүүн. Эсэргүү бүлгэмд 2 хүнийг элсүүлэн нэгтгэж авсан, ард түмнийг ардын засагт эсэргүү хандуулж засгийг эсэргүүцэн устгах зорилгоор хувьсгалын эсэргүү хорт цуурхлыг идэвхтэй тарааж ажиллаж байсан гэх үйл баримтыг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй, Н.Лгийн үйлдэлд Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй байхад түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Дээрх хилс хэрэгт гэм буруутайд тооцсон Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн в-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1934 оны Шүүх цаазын бичгийн тусгай ангийн 1 дүгээр бүлгийн 42-50 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарч байна.

Н.Лг 2 удаа байцаасан байх бөгөөд түүнийг эсэргүү бүлгэмдээ элсүүлсэн гэх Захирагчийн Иш, Онгоны Гэндэн нарыг байцаасан мэдүүлэг байхгүй, Н.Л нь ард иргэдийн дунд цуурхал тарааж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй, мөн эсэргүү бүлгэмдээ элсүүлсэн гэх Захирагч Иш, Ж.Гэндэнжамц нарыг улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэж Дээд шүүхийн Цэргийн коллегиос цагаатгаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул  улс төрийн хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн гэх үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “...Гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн...” гэх үндэслэлээр Дотоод явдлын яамны Онцгой Бүрэн Эрхт Комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Н.Лд холбогдох 3852 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгуулан, Норовын Лг цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтыг баримтлан прокурорын бичсэн дүгнэлтийг хүлээн авч, Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Н.Л холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 4.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дотоод явдлын яамны Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр Н.Лд холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

 

                                          ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                          ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН