| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2025/00282/И |
| Дугаар | 103/ШШ2025/00334 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00334
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00334 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 0 дүгээр хороо, 0дугаар байрны, 0 тоотод оршин суух, ******* овогт Цэндийн Баярсайхан /РД:.../-ы
Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Баярсайхан миний бие нь Сүхбаатар аймгийн Нэгдэл Дундын Үйлдвэрт 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдөр барилгачнаар ажилд орсон. Ажилд орсон цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаад, зах зээлийн харилцаанд орж 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ажлаасаа гарсан. 1992 оны хавар гэрт гал гарахад хөдөлмөрийн дэвтэр шатаж устсан. Одоо тэтгэвэрт гарах болоход ажилд орсон, гарсан тушаалууд байгаа хэдий ч хөдөлмөрийн дэвтэр байхгүй шалтгаанаар ажилласан жил тогтоогдохгүй болоод байна. Иймд намайг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл Дундын Үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн албан тоот, Архивын ерөнхийн газрын 279 дугаартай албан тоот, Сүхбаатар аймгийн Нэгдэл Дундын Үйлдвэрийн даргын 1986.7.27-ны өдрийн 60 дугаар тушаал, түүний хавсралт, Сүхбаатар аймгийн Нэгдэл Дундын Үйлдвэрийн даргын 1992.3.11-ний өдрийн 13 дугаар тушаал, түүний хавсралт, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 11/93 дугаартай албан тоот, 1988 оны зун Сүхбаатар аймгийн Асгат суманд хувийн орон сууцны барилга барьж байх үеийн фото зураг зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
Шүүх ******* гэрчийн мэдүүлэг авсан, Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс нэхэмжлэгчийн ХААТР-1, ХААТР-21 маягтыг гаргуулсан болно.
Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Ц.Баярсайхан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Одоо тэтгэвэрт гарах болоход ажилд орсон, гарсан тушаалууд байгаа хэдий ч хөдөлмөрийн дэвтэр байхгүй шалтгаанаар ажилласан жил тогтоогдохгүй болоод байна. Иймд 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байснаа тогтоолгох зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж тодорхойлжээ.
Хүсэлт гаргагч Ц.Баярсайхан нь Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1986 оны 7 сарын 21-ний өдрийн 60 тоот ажилд авах тушаал, тус үйлдвэрийн 1992 оны 3 сарын 11-ний өдрийн 13 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаал, Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газрын хууль, эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2025 оны 2 сарын 17-ны өдрийн 11/93 албан тоот, фото зураг, гэрч ******* ...Ц.Баярсайхан 1986-1992 онд Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан. Хэрэгт байгаа фото зургийн урд эгнээний 2-р эгнээд, би урд эгнээний 5-р эгнээд сууж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Ц.Баярсайханыг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт Цэндийн Баярсайхан /РД:/-ыг 1986 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Сүхбаатар аймгийн нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Ц.Баярсайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, зохигч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО