Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 311/ШШ2025/00188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан ............. ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ......... холбогдох,

8,749,834 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б........, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч С.С........ хэргийн материалтай танилцуулах, шүүх хуралдааны товыг 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр s........ хаягаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч С.С....... оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Завхан....... ХХК нь хариуцагч С.С......... холбогдуулан компанид учруулсан хохирол 8,749,834 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Завхан ....... ХХК нь хариуцагч С.С...... ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сард өөрийн хариуцаж буй Завхан..... ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүйгээс үүдэн мөн оны Эрүүл мэндийн даатгалын сангаас манай компанид олгох байсан 5,596,514 төгрөг, мөн тус сангаас олгодог жороор олгох эмийн хөнгөлөлтийн нөхөн төлбөр 3,153,320 төгрөг, нийт 8,749,834 төгрөгийг нэхэмжилсэн байна.

3. Нэхэмжлэгч Завхан ...... ХХК нэхэмжлэлийн шаардлагадаа: Иргэн С.С...... манай компанид 2015 оны 04-р сарын 01-ний өдөр манай толгой компани болох "........." ХХК-ийн Гүйцэтгэх захирлын №143 тоот тушаалаар "З........" ХХК-ийн Захирал албан тушаалд томилогдон 2023 оны 09-р сарын 01-ний өдөр хүртэл ажилласан.

  С...... нь ажиллаж байх хугацаандаа буюу 2023 оны 03 дугаар сард өөрийн хариуцаж буй "......." ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд сунгуулаагүйгээс үүдэн мөн оны Эрүүл мэндийн даатгалын сангаас манай компанид олгох байсан 5,596,514 /Таван сая таван зуун ерэн зургаан мянга таван зуун арван дөрвөн/ төгрөг, мөн тус сангаас олгодог жороор олгох эмийн хөнгөлөлтийн нөхөн төлбөр 3,153,320 /Гурван сая нэг зуун тавин гурван мянга гурван зуун хорин/ төгрөг нийт 8,749,834 /Найман сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг хохирол учруулаад байна.

Иймд хариуцагч ....... /РД:......../-иас компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүрэгт ажлаа дутуу, дулимаг, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөөлөх эрх бүхий байгууллагаас зайлшгүй авах ёстой тусгай зөвшөөрлийг цаг тухайд нь мэдүүлэг өгч аваагүйгээс үүдэн манай компанид учирсан нийт 8,749,834 /Найман сая долоон зуун дөчин есөн мянга найман зуун гучин дөрвөн/ төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С.С...... хариу тайлбартаа: Миний бие ....... ХХК-нд ажиллаж байхдаа ажлаараа хэд хэдэн удаа түрүүлж Завхан аймагт ...... байдаг гэдгийг сурталчлан таниулсан. Миний ажиллах хугацаанд гарсан мөнгөн дүнгийн асуудал надтай хамаагүй болно. 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл жорын дүн юм. Тухайн үед ....... гээд нягтлан бодогч сар бүрийн 5-ны дотор мөнгөн дүнгээ нэхэмжлэл, албан бичиг 2 дээр гарын үсэг тамга даруулж даатгалын газар луу явуулдаг байсан. Тухайн үеийн 3 сарын 5-ны бүтэн сайн өдөр явуулсан гэж надад хэлсэн. Тэгээд би ч өөрөө ахиж нягтлангаас асууж лавлаад нэг өдөр болсон. Ингээд 3 сарын 6-ны өдөр ирэхэд хартал zaa [email protected] дээр явуулсан байсан ба mn тавиагүй байсан. Иймээс тухайн үеийн нягтлан хариуцах болно. Д........ ч би өөрөө хариуцна гэж хэлсэн. Дараагийн 3,153,320 төгрөг маань иргэдэд өгсөн жорын мөнгө тухайн үед манай тусгай зөвшөөрөл 3 сарын 10-ны өдөр дуусах байсан. Миний бие 2023 оны 02 дугаар сарын 10-ны дотор буюу хуулийн хугацаанд тусгай зөвшөөрлийн материалаа Т........ хүлээлгэн өгч байсан. Би хуулийн хугацаанд өгсөн тул 03 сарын 10-ны дотор зөвшөөрөл гарна гэсэн итгэлтэй 3-р сарыг дуустал жор олгосон юм. Иймээс энэ асуудал надад хамаагүй болно. Миний энэ хариу тайлбарыг хүлээн авч үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.  

4. Мэтгэлцэж буй талуудын тайлбар болон хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг баримтуудаар хариуцагч С...... нь нэхэмжлэгч ........ ХХК-ийн захирлын албан тушаалд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилласан байгаагаас үзвэл талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн байна.

Нэхэмжлэгч талын Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, ....... ХХК-ийн хөдөлмөрийн гэрээний 4.2.2, ......... ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 3.16 -д зааснаар ажлаа дутуу, дулимаг, компанийн үйл ажиллагаа хэвийн явагдахад нөлөөлөх эрх бүхий байгууллагаас зайлшгүй авах ёстой тусгай зөвшөөрлийг цаг тухайд нь мэдүүлэг өгч аваагүйгээс үүдэн манай компанид учирсан нийт 8,749,834 төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн боловч компанид 8,749,834 төгрөгийн хохирол учирсан болох нь, уг хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцагч С.С........ учруулсан болох нь тогтоогдоогүй, баримтаар нотлогдоогүй гэж үзэв.

Тодруулбал хариуцагчид хохирол төлөх үүрэг хүлээлгэхэд нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээ тогтоогдсон байхыг шаардах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагаа нотлоогүй, энэ талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх замаар гэм хорыг арилгаж, зөрчигдсөн эрхийг сэргээнэ. Өөрөөр хэлбэл эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, тэрчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон ба гэмтээсэн бодит хохирлоос гадна олох ёстой байсан орлого хохиролд тооцогддог байна.

Өөрөөр хэлбэл ......... ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа хэдэн сарын хэдний өдөр дуусан юм бэ, тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш хэд хоногийн дотор сунгах ёстой байсан юм бэ гэдэг талаар нотлох баримтаар нотлоогүй, мөн эмийн хөнгөлөлттэй жорын урамшууллыг Эрүүл мэндийн даатгалын сангаас яагаад тус компанид олгоогүй юм бэ гэдэг байдал тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан....... ХХК-ийн нэхэмжилсэн 8,749,834 төгрөгийн хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 155,000 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ