| Шүүх | Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 127/2025/0005/з |
| Дугаар | 127/ШШ/2025/0002 |
| Огноо | 2025-04-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 127/ШШ/2025/0002
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 127/2025/0005/3
Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Э,
Хариуцагч: Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга нарын хоорондын багийн Засаг даргын томилгоотой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1 “2025 оны 01 дүгээр сарын 10-ны 12 цагт зохион байгуулагдсан Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хүчинтэйд тооцуулж багийн Засаг даргад томилуулах, мөн Биндэр сумын Засаг дарга Ц.Ды 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай албан бичиг, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан.
1.2. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 127/ШЗ2025/0022 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулсан.
Нэхэмжлэгч Г.Э нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээ, Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга болон Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан “...Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэр, Мандалхаан багийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар иргэдийн Нийтийн Хуралдааны шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
1.3 Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 127/ШЗ2025/0028 дугаартай захирамжаар нэхэмжлэлийн Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргад холбогдох “...Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагад захиргааны хэрэг үүсгэж,
Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан “...Биндэр сумын Мандалхаан багийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2 дугаар иргэдийн Нийтийн Хуралдааны шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.4 дэх хэсэгт заасныг баримтлан буцааж шийдвэрлэсэн.
1.4. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа “Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай “Мандалхаан багийн Засаг даргаар Г.Э- томилохоос татгалзсан татгалзал” нь хууль бус болохыг тогтоож, намайг тус багийн Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү” гэсэн байдлаар тодруулсан болно.
2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
2.1. Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурал 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 12 цагт хуралдаж, уг хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцээд саналын эрхтэй 230 иргэн оролцсоноос багийн Засаг даргад нэр дэвшсэн Гомбо-Аюушийн Г.Э- /СЖ:64101615/-нд 121 сонгогч буюу нийт иргэдийн 52.6 хувь нь дэмжиж санал өгсөн байна.[1]
Улмаар Биндэр сумын Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05 дугаартай тогтоол гаргаж, Гомбо-Аюушийн Г.Э- /СЖ:64101615/-ийг Мандалхаан багийн Засаг даргаар томилуулахаар Биндэр сумын Засаг даргад уламжилжээ[2].
2.2 Уг тогтоолыг Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот албан бичгээр Гомбо-Аюушийн Г.Э- /СЖ:64101615/-ийг Мандалхаан багийн Засаг даргаар томилуулахаас татгалзсан[3] байна.
2.3 Сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот татгалзлыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Засаг даргад 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гомдлоо гаргажээ.[4]
2.4.Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр бүрдүүлбэр ханган, Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлсэнд захиргааны хэрэг үүсгэсэн.
3. Нэхэмжлэгч Г.Э нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “... Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Ц.Д нь намайг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэрийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан атлаа надад өнөөдрийг хүртэл тус шийдвэрийг танилцуулаагүй, миний бие тус шийдвэр гарсан гэдгийг 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өглөө 10 цагт Мандалхаан багийн иргэдийн цахим хуудаснаас мэдсэн.
... Гаргасан тус шийдвэрийг судлан үзэхэд техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ үед багийн нийт иргэдэд үйлчлэх, төрийн албан ажлыг чанартай, шударга, шуурхай гүйцэтгэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг эргэж нягтлах нь зүйтэй гэсэн.
... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль 56 дугаар зүйлийн 56.4 дүгээр зүйлд баг, хорооны Засаг даргад нэр дэвшигч дараах шаардлагыг хангасан байхаар буюу мөн хуулийн 56.4.1 дэх хэсэгт багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлага тавигдсан миний бие тус шаардлагыг хангаж багийн сонгогчдын олонхын санал авсан гэтэл сумын Засаг дарга хууль зүйн үндэслэлгүйгээр тус багийн сонгогчдын сонголтыг үгүйсгэж мөн, Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, мөн хуулийн 9 дэх хэсэгт заасан төрийн байгууллагад сонгогдох эрхийг минь ноцтой зөрчиж намайг томилохоос татгалзсан.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлд сумын Засаг даргын бүрэн эрхийг тусгаж өгсөн бөгөөд тус бүрэн эрхүүд дотор багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зохион байгуулах үүрэг өгөх эрх хуулиар олгогдоогүй байхад Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Ц.Д нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэртээ Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 12 цагт зохион байгуулах үүрэг өгч багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг зохион байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8, 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ гэх заалтыг зөрчсөн.
Намайг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэрийг надад болон Биндэр сумын Ардчилсан намд Биндэр сумын Засаг дарга Ц.Д нь өнөөдрийг хүртэл гардуулаагүй улмаас миний миний бие дахин иргэдийн нийтийн хуралдаанд өөрийн нэрийг дэвшүүлж чадаагүй хохирч үлдсэн болно....” гэжээ.
4. Нэхэмжлэгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Би Хэнтий аймгийн Биндэр сумын Мандалхаан багийн Засаг даргын сонгуульд нэр дэвшиж 2025 оны 01 сарын 10-ны өдөр ард иргэдийн сонголтоор 52.6 хувийн санал авч сонгогдсон. Урьд нь би багийн тоо бүртгэгчээр 5 жил ажиллаж байгаад 34 жилийн дараа сумандаа ирээд нэр дэвшиж багийн иргэдийн Нийтийн Хурлын 230 хүнээс 112 хүний санал авч дэмжигдсэн. Гэвч намайг Биндэр сумын Мандалхаан сумын багийн Засаг даргаар томилохгүй буцаасан, буцаасан шийдвэр нь өөрөө хууль бус, компьютерын мэдлэггүй хүнийг багийн Засаг дарга болгохгүй гэсэн учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Миний хувьд компьютер дээр нарийн сайн мэдэхгүй ч ойр зуурын судалгаа зэргийг гаргаж чаддаг” гэв.
5. Хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Ц.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Э нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр багийн Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэрийг надад танилцуулаагүй мөн боловсролоор ялгаварласан тухай гомдол гаргажээ. Г.Э-ийг Мандалхаан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд нь иргэдээс төрийн албыг гүйцэтгэхтэй нь холбоотой өргөдөл, гомдол ирүүлснийг үндэслэн ЗЗНДНТУТХ-н 32.8.4-д заасны дагуу Мандалхаан багаас нэр дэвшигч Г.Э-ийг мөн хуулийн 56.7-д заасны дагуу томилохоос татгалзсан шийдвэр гаргаж, Багийн ИНХ-ын даргад хүргүүлсэн. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн улс төрийн намд томилохоос татгалзсан шийдвэрийг танилцуулах хуулийн зохицуулалт байхгүй.
2025 оны 01 сарын 16-ны өдрийн 20 дугаартай албан бичигт Мандалхаан багийн ИНХ-ын 2 дугаар хуралдааныг 2025 оны 01 сарын 13-ны 12 цагт зохион байгуулах үүрэг өгч багийн ИНХ-ыг зохион байгуулсан нь МУЗЗНДНТУТ хуулийн 56,8, 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ гэх заалтыг зөрчсөн.
МУЗЗНДНТУТХуулийн 56.5 дахь заалт нь багийн ИНХ-д дахин нэр дэвшүүлэх ажиллагаагаа дотроо зохион байгуулах тухай зохицуулсан байх тул хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин хуулийн 46.4 дэх заалтын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр багийн ИНХ-ыг хуралдуулах бус 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах чиглэл өгсөн болно. Иймд Г.Э-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
6. Хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Ц.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Нэхэмжлэгч сая компьютерын мэдлэгийн талаар ярьж байна. Энэ бол үнэн. Би 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил авснаас хойш Г.Э- нь багийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Энэ татгалзах шийдвэрийг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар томилохоос татгалзсан.
Г.Э нь Биндэр сумын Мандалхаан багийн Засаг даргаар ажиллахад тохирохгүй байх дараах үндэслэлүүд байна. Үүнд: Багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч байсан Г.Э нь компьютерын мэдлэгийн талаар тааруухан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрч байх шиг байна. Ажиллах явцад юу ажиглагдаж байсан бэ? гэхээр Компьютер бүрэн эзэмшиж чадаагүй учраас бусад багийн Засаг дарга нараар ажлаа заалгадаг, зэргэлдээ сууж байгаа 4 багийн Засаг даргаасаа компьютерын туслалцаа байнга авч ажилладаг нь ажиглагдаж байсан. Бусад багийн Засаг дарга нар нь ч мөн “..Г.Э- ах компьютер сайн мэдэхгүй, бичиг тоот гаргуулах, техник тоног төхөөрөмж хэрэглэх талаар байнга туслалцаа авч ажилладаг” талаар хэлдэг байсан. Мөн багийн Засаг даргын мэдээллээр албаны компьютероо авч гадуур гарч хүнээр заалгах зэрэг байдлаар ажиллаад байгаа талаар хэлдэг. Энэ нь цаашлаад албаны компьютер дээр байгаа нууцын зэрэглэлтэй мэдээллийг задруулах, мэдээллүүдийг гадагшаа гаргах шалтгаан нөхцөл болж байна гэж би бодсон. Хоёрдугаар багийн Засаг дарга хийж байхдаа ойролцоогоор 4-5 см зузаан албан тоот тодорхойлолт барьж орж ирээд тал нь миний гарын үсэг байна. Үүн дээр өөр хүн миний өмнөөс гарын үсэг зурсан байна гэх зэргийг надад хэлж байсан. Үүнийг нь би энэ хэрэгтэй холбогдуулан дотроо бодохдоо компьютерын мэдлэггүйгээс болоод албан тодорхойлолт тоот гаргахдаа бусад хүмүүст гарын үсэг зурах бололцоо олгодог юм байна гэсэн дотоод итгэл үнэмшил авсан.
Г.Э 2024 оны 12 дугаар сарын малын тооллогод оролцсон. Үүн дээр айлын 100 толгой малыг нуун дарагдуулсан, дутуу тоолсон нь хяналтын тооллогоор илэрсэн. Энэ алдаа дутагдлаа хүлээсэн. Шүүхэд гаргаж өгсөн иргэдийн гомдолд дурдсан 3 үйлдлийн хувьд: бусдын малын тоо толгойг “тэр төчнөөн малтай юм байна, эсвэл тэр малаа идээд дуусч байгаа юм байна” гэх мэтээр өөрийнхөө албан хэргээ гүйцэтгэж байх явцдаа олж мэдсэн мэдээллийг бусдад задруулснаас болж иргэд гомдол гаргаж өргөдөл бичиж өгсөн.
Мөн албан үүргээ гүйцэтгэж байхдаа багийн иргэдийн гэр бүлийн хувийн нууцтай холбоотой асуудлыг албан өрөөндөө хүмүүсийн дунд “тэр дандаа салж явдаг, ”хүнээс мөнгө нэхэж явахын гэдэг байдлаар ярьсантай нь холбогдуулаад өргөдөл бас ирсэн учир сумын Засаг даргын хувьд энэ хүнийг төрийн албанд тэнцэхгүй юм байна, албан үүргээр олж авсан мэдээлэл болох иргэний хувийн нууцыг хадгалахгүй нийтэд түгээх хандлагатай, дээрээс нь компьютерын мэдлэг сул гэдэг үндэслэлээр миний дотоод итгэл үнэмшил, үүн дээр тулгуурлан Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар томилохоос татгалзсан шийдвэр гаргасан. Гэхдээ томилохоос татгалзсан шийдвэр дээр эдгээр шүүхэд гарган өгсөн мэдээллүүдийг бичих нь зохимжгүй, хуульд нийцэхгүй учраас өөрийн мэдэж байгаа, хүмүүсийн мэдэж байгаа компьютер техникийн мэдлэг сул гэдэг үндэслэлээр буцаая гэж шийдсэн. Нэмж хэлэхэд нэхэмжлэгч нь Мандалхаан багт амьдардаггүй, 5 дугаар багийн нутагт амьдардаг.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагчаас гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Шүүх 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 127/ШЗ2025/0028 дугаартай шүүгчийн захирамж гаргаж, Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргад холбогдох “...Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь “Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай “Мандалхаан багийн Засаг даргаар Г.Э- томилохоос татгалзсан татгалзал” нь хууль бус болохыг тогтоож, намайг тус багийн Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү” гэж шаардлагаа тодруулсан.
2. Нэхэмжлэгч Г.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж шүүхэд маргасан.
2.1 “... Биндэр сумын Засаг дарга Ц.Д нь намайг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэрийг танилцуулаагүй, багийн Засаг даргад бүрэн дундаас дээш боловсролтой байх шаардлагыг хангасан, багийн сонгогчдын олонхын санал авсан байхад Үндсэн хуульд заасан хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, төрийн байгууллагад сонгогдох эрхийг минь ноцтой зөрчиж намайг томилохоос татгалзсан. Сумын Засаг даргад багийн иргэдийн Нийтийн Хурлыг товлон зохион байгуулах үүрэг өгөх эрх хуулиар олгогдоогүй байхад сумын Засаг дарга нь 2025 оны 20 тоот шийдвэртээ Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны 12 цагт зохион байгуулах үүрэг өгч багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг зохион байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг зөрчсөн ... миний бие дахин иргэдийн нийтийн хуралдаанд өөрийн нэрийг дэвшүүлж чадаагүй хохирч үлдсэн” гэж,
2.2 Хариуцагч Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга Ц.Д нь “...Г.Э-ийг Мандалхаан багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд иргэдээс төрийн албыг гүйцэтгэхтэй нь холбоотой өргөдөл, гомдол ирүүлсэн, мөн албан үүрэгтэйгээ холбоотой олж мэдсэн хувь хүний эмзэг нууц мэдээллийг нийтэд нээлттэй ярих мэдээлэх, компьютер дээр ажиллахдаа сул зэргийг дотоод итгэлээрээ үнэлэн Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.8.4-д заасны дагуу Мандалхаан багаас нэр дэвшигч Г.Э-ийг мөн хуулийн 56.7-д заасны дагуу томилохоос татгалзсан шийдвэр гаргаж, Багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад хүргүүлсэн. Нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн улс төрийн намд томилохоос татгалзсан шийдвэрийг танилцуулах хуулийн зохицуулалт байхгүй.
... Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалт нь багийн иргэдийн Нийтийн Хуралд дахин нэр дэвшүүлэх ажиллагаагаа дотроо зохион байгуулах тухай зохицуулсан байх тул хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Харин хуулийн 46.4 дэх заалтын хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулах бус 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулах чиглэл өгсөн болно. Иймд Г.Э-ий гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тус тус маргаж байна.
3. Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг дарга нь 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот албан бичгийг тус сумын Мандалхаан багийн Иргэдийн нийтийн хуралд хаяглан хүргүүлжээ.
Тус албан бичигт “...Мандалхаан багийн ИНХ-аас Г.Э-багийн Засаг даргаар томилуулахаар уламжилж ирүүлсэн байна. Техник, технологи хурдацтай хөгжиж буй энэ үед багийн нийт иргэдэд үйлчлэх, төрийн албан ажлыг чанартай, шударга, шуурхай гүйцэтгэхэд багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг эргэж нягтлах нь зүйтэй гэж үзлээ. Иймд МУЗЗНДНТУТХ-ийн 56.7 дахь заалтын дагуу томилохоос татгалзаж байгааг үүгээр хүргүүлж байна. Мандалхаан багийн ИНХ-ын 2 дугаар хуралдааныг 2025 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 12 цагт зохион байгуулж дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Тус албан бичгийн агуулгаас үзэхэд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасны дагуу Г.Э-багийн Засаг даргаар томилохоос татгалзсан шийдвэр гаргаснаа албан бичгийн хэлбэрээр хүргүүлсэн байна. Хэлбэрийн хувьд захирамжлалын баримт бичиг болох захирамж биш албан бичгийн хэлбэртэй ч, багийн Засаг даргаар томилохоос татгалзсан татгалзал нь дахин нэр дэвшүүлэх эрх зүйн үр дагавар үүсгэсэн, гадагшаа чиглэсэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, бичгээр гаргасан захиргааны актын шинжийг агуулсан байна. Иймээс энэхүү албан бичгийн “багийн Засаг даргыг томилохоос татгалзсан татгалзал”-тай холбоотой хэсэг нь захиргааны акт байна.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Дээд шатны Засаг дарга, эсхүл Ерөнхий сайд тухайн нэр дэвшигчийг томилохоос татгалзаж болно” гэж заасан. Уг зохицуулалтын агуулга нь захиргаанд “шалгуургүй” олгогдсон сонгох боломж тул хариуцагчийг “үндэслэлгүй, хууль бусаар татгалзсан” гэж буруутгах боломжгүй юм.
Энэ тохиолдолд хариуцагч нэгэнт хуульд заасан сонгох боломжоо хэрэгжүүлсэн тул Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.7-д зааснаар томилохоос татгалзсан тохиолдолд зохих шатны Хурал энэ хуулийн 56.5-д заасан журмаар дахин нэр дэвшүүлнэ” гэсэн үр дагавар үүснэ. Харин мөн хуулийн 56.9 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.8-д заасны дагуу дахин нэр дэвшүүлсэн хүнийг ажлын таван өдрийн дотор дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд томилох үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд хариуцагч хуулийн дагуу нэр дэвшүүлсэн хүнийг томилохоос татгалзах эрхгүй болохыг дурдаж байна.
Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот албан бичгийн “багийн Иргэдийн нийтийн хурлыг зохион байгуулах товтой холбоотой хүсэлт” болон үүнтэй холбоотой нэхэмжлэгчийн “сумын Засаг дарга нь 2025 оны 20 тоот шийдвэртээ Мандалхаан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны 12 цагт зохион байгуулах үүрэг өгч багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг зохион байгуулсан нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8 дахь заалтыг зөрчсөн ...” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой байх тул энэ талаар шүүхээс дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.
Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д заасны дагуу Биндэр сумын сумын Засаг дарга нь “шалгуургүй” олгогдсон сонгох боломж, эрхийн хүрээнд Г.Э-ийг Биндэр сумын Мандалхаан багийн Засаг даргад томилохоос татгалзсан шийдвэрийг гаргасан нь нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хүнийг боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно, төрийн байгууллагад сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Нэхэмжлэгчийн “Биндэр сумын Засаг дарга Ц.Д нь намайг багийн Засаг даргаар томилохоос татгалзсан 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 тоот шийдвэрийг танилцуулаагүй, багийн иргэдийн цахим хуудаснаас мэдсэн” гэсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Г.Э-ий шүүхэд гаргасан ““Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай “Мандалхаан багийн Засаг даргаар Г.Э- томилохоос татгалзсан татгалзал” нь хууль бус болохыг тогтоож, намайг тус багийн Засаг даргаар томилохыг даалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт заасныг баримтлан, Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “...Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай “Мандалхаан багийн Засаг даргаар Г.Э- томилохоос татгалзсан” татгалзал нь хууль бус болохыг тогтоож, намайг тус багийн Засаг даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч Г.Э-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар, нэхэмжлэгч Г.Э-ий улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
4. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд энэ хугацаанд гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй.
Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар, шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА