Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 141/ШШ2025/00084

 

 

                                  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч П.Доржбал би,

Нэхэмжлэгч: …….оршин суугч О овогт Б.Б нь “Мал маллаж байсан болохоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний бие 1969 онд төрсөн. Бага наснаасаа эцэг эхийн хамт мал маллаж аавынхаа хамт туувар тууж байсан. Тухайн үеийн ажилд орсон гарсан тушаал өөрт байхгүй ба манай сумын нэгдлийн конторын барилга 1986 онд галд шатсан ба аймгийн архивд материал очоогүй гэсэн лавлагаа гаргасан байна. Иймд намайг 1984 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Миний бие Б.Б нь тус шүүхэд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь тус шүүхэд “мал маллаж байсан болохоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Б нь “...Миний бие Б.Б нь тус шүүхэд малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг ирүүлж, хүсэлтдээ гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “...нэхэмжлэгч нь ...нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь ийнхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Бгийн шүүхэд гаргасан Мал маллаж байсан болохоо тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь болох 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35,100 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд буцаан олгосугай.

3. Нэхэмжлэгч энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

           

 

 

 

 

     ШҮҮГЧ                                     П.ДОРЖБАЛ