Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 307

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

хохирогч Л.Наранбаатар,

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Т холбогдох эрүүгийн 1806 0143 00253 дугаартай хэргийг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б.Т, /РД: /,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Тнь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн гадна талын автомашины ил зогсоол дээр иргэн Л.Н маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 2-р сарын 07-ны өдөр би ах, дүү нарын хамт машинаа тавих гэж байгаад зогсоол хайгаад явж байгаад 20.000 төгрөгөө унагасан байсан. Тэгсэн чинь энэ хохирогч залуу би мөнгө оллоо гэхээр нь наадах чинь миний мөнгө байна гэж хэлтэл хохирогч үгүй гээд байсан. Тэгсэн чинь “намайг зайл гөлөг минь” гэхээр нь бид хоёр барьцалдаж аваад муудалцаж эхэлсэн. Тэгээд би мөргөчихсөн. Би тэгээд шүд нь хөдөлчихөөр нь цагдаа дээр очоод шүдний эмнэлэг ороод тэгтэл тэр эмч нь “хүний шүдийг үхэр мал шиг мөргөөд байхдаа яадаг юм бэ” гэж байсан. Тэр шүдний эмчийг хохирогч анхнаасаа танидаг байсан юм шиг байна лээ. Тэгээд маргааш нь “шүдний эмч над руу яриад энэ хүний чинь эрүү нь хугарсан байна” гээд байсан. Тэгээд орой нь аав нь ирчихсэн гээд байхаар нь би аавтай нь уулзсан чинь нэг настай хүн байсан. Тэгээд залуу хүмүүс хоорондоо учраа ол гэсэн. Тэгээд бид хоёр орой нь шүүх эмнэлгийн доор байдаг рентгенд үзүүлэх гэтэл хаалттай байсан. Би мөрдөн байцаалтын шатанд эхнэр маань жирэмсэн байсан болохоор би цохисон юм гэж хэлээд явчихсан юм гэв.

Хохирогч Л.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 2-р сарын 7-ны өдөр энэ Түвшинбаатар гэдэг залуу намайг мөргөсөн. Би тэр үед мөнгө оллоо гэхэд Түвшинбаатар над дээр ирээд миний мөнгө гээд байсан. Намайг яг 12 цагийн үед мөргөсөн. Би танидаг шүдний эмч дээрээ очиж шүдээ үзүүлээгүй. Би энэ хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгах саналтай байна. Учир нь намайг танидаг шүдний эмч дээрээ очсон гээд байгаа болохоор энэ талаар шалгуулмаар байна гэв.

Шүүгдэгч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах Нарантуул захын үүдэнд би машинаасаа буугаад алхаж, халааснаасаа тамхи аваад асаах гээд алхтал хойно нэг залуу 20.000 төгрөг оллоо гэж өөрөө чанга дугарч уулга алдсан. Тэгэхээр нь би халаасаа шалгатал баруун халаасанд байсан 20.000 төгрөг алга болчихсон байхаар нь би эргэж хараад миний мөнгө байна, би сая унагаачихлаа мөнгөө авъя гэтэл үгүй чи яагаад худлаа яриад байгаа юм бэ би чиний халааснаас мөнгө суйлаагүй гэж хэлсэн. Ингээд маргатал уг залуу миний энгэрээс бариад авахаар нь би зөрүүлж бариад ингээд би залуугийн хамар, дээд уруул орчимд нь нэг удаа дух хэсгээрээ мөргөсөн. Өөр нэмж ярих зүйлгүй, өөрийн буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 32-35 дугаар хуудас/,

Хохирогч Л.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 13-14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нарантуул олон улсын худалдааны төвийн Баялаг-Ундраа төвийн баруун урд талын автомашины зогсоол дээр машинуудыг тоолоод явж байсан. Би автомашины зогсоол дээр мөнгө хураадаг. Тэгээд нэг машины доод талд 20.000 төгрөг байхаар нь аваад гүйж байхад баруун талаас нэг залуу гарч ирээд чи наанаасаа юу авчихав гэсэн. Тэгэхээр нь би мөнгө олчихлоо гэж хэлсэн. Тэгтэл тухайн залуу миний мөнгө гэхээр нь би олсон шдээ гэж хэлсэн. Нөгөө залуу би тамхиа асаахдаа мөнгөө унагаасан гэж хэлэхээр  би 20.000 төгрөгийг өгсөн. Тэгтэл чи хүний юм хулгайллаа гэж хэлээд намайг заамдаж нүүрэн тус газар 1 удаа мөргөж, зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн. Тухайн үед миний хамраас цус гараад шүд хөндүүр болсон. Одоогийн санаж байгаагаар 300.000 төгрөгийн хохирол надад учирсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹2411 дүгнэлтэд “Н биед эрүүний баруун хэсэг, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, зүүн 11, 12, 21, 22-р шүдний 2-р зэргийн хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдлоо. хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 37 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Т нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарантуул олон улсын худалдааны төвийн гадна талын автомашины ил зогсоол дээр иргэн Л.Наранбаатартай маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогч нь шүүгдэгчээс 558.000 төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримт байхгүй байх тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Т 16.400 төгрөг гаргуулж хохирогч Л.Н олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.