Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2025/0232

 

 

    2025         04           02                                     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК /РД:*******/,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: О.Н*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Д*******, Ч.У,

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Э нарын хоорондын “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д*******, Ч.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн.

1.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08/3199 тоот албан бичгээр “... А/305 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна. Уг шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг буцааж байна” гэсэн хариуг “М*******” ХХК-д хүргүүлсэн.

1.3. “М*******” ХХК-иас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ““М*******” ХХК нь 2018 оны 05 дугаар сард үүсгэн байгуулагдсан. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалаар 2864.24 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 023633 дугаартай Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатайгаар олгосон.

Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 01/673 дугаар албан бичгээр “М*******” ХХК-д “Тусгай хамгаалалттай нутаг нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 7 дугаар хурлын шийдвэрээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн тул газар ашиглах гэрээ байгуулах боломжгүй болно” гэсэн мэдэгдэл ирсэн ба дээрх албан тоотыг “М*******” ХХК нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан.

Ингээд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйл, мөн хуулийн 94 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бд “Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр”-ийн тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2024 оны 7 дугаар хурлаас гарсан “М*******” ХХК-ийн Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгуулахаар захиргааны гомдол гаргасан. Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-т “... Гомдлыг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө...” гэж заасан боловч яамнаас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл бидний гомдлын хариуг хуульд заасан хугацаанд өгөлгүй эс үйлдэхүй гаргаж манай компанийн хууль ёсны эрх ашгийг хохироосон.

Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 08/3199 дугаар албан бичгээр “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүсийн З*******гийн аманд байршилтай танай компанийн 2864 мкв газрыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 1, 2 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1495 дугаар албан бичгээр ирүүлсэн саналыг тус тус үндэслэн Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн А/305 дугаар тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна, шийдвэр гарснаас хойш Захиргааны ерөнхий хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг буцааж байна” гэсэн хариу ирүүлснийг “М*******” ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гардан авсан.

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/627 дугаар тушаалын дагуу 2864,24 мкв газар ашиглах эрхтэй болсон бөгөөд өнөөдрийг хүртэл газраа тасралтгүй зохих журмын дагуу өөрсдөө ашиглаж байна. Мөн бид ашиглах эрх бүхий газартаа Нийслэлийн бүх иргэд ирж амарч, аялж зугаалах боломжтой дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах эко аялал жуулчлалын цогцолбор барихаар төлөвлөж өдөрт 100 орчим ажилчид, техник, тоног төхөөрөмж ажиллуулж 500 сая орчим төгрөгийн хөрөнгө оруулалт оруулаад байна. Үүнээс гадна дээр дурдсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд холбогдох бүхий л бичиг баримтыг бүрдүүлсэн ба гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж барагдуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын төлбөрт 11,042,956 төгрөг төлсөн, одоо газрын үлдэгдэл төлбөргүй байна.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн А/305 дугаар “Газар ашиглах эрхийг хүчингүй болгосон” тушаал нь Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн эрх ашгийг ноцтойгоор хөндсөн, захиргааны үнэн зөв, хууль ёсны акт, шийдвэр гаргах үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүйд гомдолтой байна. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь гадагш чиглэсэн, бусдын эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт, шийдвэр гаргахаас өмнө Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулж явуулах үүрэгтэй бөгөөд тус Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд манай компанид Сонсох ажиллагааг явуулаагүй нь манай компанийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, үнэн бодит тайлбар, баримт гаргах, захиргааны үнэн зөв, хууль ёсны акт, шийдвэр гаргахад биднийг оролцоог хангах боломжийг орхигдуулсан тул манай компанийн зүгээс гомдолтой байна.

Хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, эрх ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа, хөндөгдөж болзошгүй талаар Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн зүгээс болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс мэдэгдээгүй, ядаж утсаар ч хэлээгүй нь газар ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 25,28 дугаар зүйлд заасны дагуу манай “М*******” ХХК нь Монгол Улсын хууль ёсны дагуу үүсгэн байгуулагдсан, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг эрх зүйн бүрэн чадамжтай хуулийн этгээд бөгөөд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл, Байгаль орчин аялал жуулчлалын яамны зүгээс хяналт шалгалтын талаарх төлөвлөгөө, мэдэгдлийг манай компанийн оршин байрлах хаягаар болон удирдах албан тушаалтанд албан ёсоор мэдэгдэж дээрх Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллаагүйд бид гомдолтой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу захиргааны байгууллага нь гадагш чиглэсэн, бусдын эрх, ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт, шийдвэр гаргахаас өмнө Захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зохион байгуулж явуулах үүрэгтэй ба маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн А/305 дугаар тушаалын үндэслэл болсон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 07 дугаар хурлын шийдвэрийг гомдол гаргагч байгууллага “М*******” ХХК нь огт мэдээгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулах журмыг бүхэлд нь зөрчсөн гэж үзэж байна.

Мөн Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд Захиргааны ерөнхийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар шийдвэр гаргах бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, энэ хуулийн 24.2-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг Захиргааны ерөнхийн хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулах нь захиргааны байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн үүрэг (... нөгөө талаас захиргааны байгууллага, албан тушаалтан хууль бус, эрх зөрчсөн акт, шийдвэр гаргахаас урьдчилан сэргийлэх боломжийг тус хуулиар олгосон гэж үзэж болно...) байтал дээрх хуульд заасан үүргийг дагаж мөрдөөгүй байна. Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд бодит нөхцөл байдлыг тогтоох, шинжлэн судлах, хөдөлшгүй нотлох баримтыг үндэслэн аливаа шийдвэр, тогтоолыг гаргах үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлэхгүйгээр манай компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулсанд гомдолтой байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь алдаатай, хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн зохицуулалтыг андуурч хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй зэрэг нь тус маргаан бүхий сайдын тушаал нь хүчингүй байх нөхцөлийг бий болгоод байна

Тодруулбал: А/305 дугаар бүхий тушаалд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийн 1,2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон гэж тушаалын хууль зүйн үндэслэлийг заасан байна. Гэтэл “М*******” ХХК Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалаар 2864.24 мкв газрыг аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгогдсон цагаас эхлэн тухайн газраа бүхэлд нь өөрсдөө ашиглаж байгаа бөгөөд хуульд заасан хамгаалалтын дэглэм горимоор одоог хүртэл хөрөнгө оруулалт хийн ашиглаж байна. Мөн газрын төлбөрийг цаг тухайд нь бүрэн төлж барагдуулж ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар газрын төлбөрт 11,042,956 төгрөг төлсөн, одоо газрын үлдэгдэл төлбөргүй байна. Ийм байтал дээрх хуулийн заалтуудыг үндэслэл болгон манай газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлийн хувьд илтэд алдаатай, төрийн байгууллага үйл ажиллагаандаа баримтлах шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх үндсэн зарчим, Газар ашиглах эрхийг хүчингүй болгох бодит нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох, түүнтэй холбоотой нотлох баримтуудыг хуульд заасны дагуу цуглуулж үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагааг явуулаагүй, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй, зөрчилтэй байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн А/305 дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “...Илт хууль бус захиргааны акт, шийдвэр гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна...” заасны дагуу гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчингүй гэж үзэж байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ний өдрийн А/305 дугаар тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “Нэхэмжлэгч “М*******” ХХК нь хуучин нэрээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалаар тусгай хамгаалалттай газар болох Богдхан уулын з*******гийн аманд 2864.24 мкв талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрх авсан. Ингээд газар ашиглах эрхээ авснаас хойш 2022, 2023, 2024 оны газрын төлбөрүүдийг бүхэлд нь төлсөн байгаа. Ингээд газрын төлбөр төлөөд үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор “М*******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр болон 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж гуравласан гэрээ байгуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа гаргаж б*******. Ингээд гуравласан гэрээ байгуулах хүсэлтүүдийг захиргааны байгууллага шийдвэрлэхгүй эс үйлдэхүй гаргаж явж байгаад хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэгч компаниас 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 24/05 дугаартай албан бичгээр дахин гуравласан гэрээ байгуулах тухай хүсэлтийг гаргахад, танай газар ашиглах эрхийг цуцалсан учир гуравласан гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тухайн газар ашиглах эрхийг цуцалсан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэл нь хоёр үндэслэл байдаг. Энэ нь газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан буюу эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй гэдэг нэг үндэслэлээр цуцалсан. Гэтэл 2022 онд нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрхээ авснаас хойш 2023, 2024 онуудад газрын төлбөрт нийтдээ 110,429,056 төгрөгийг төлсөн. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөр тооцоо ямар нэгэн үлдэгдэл байхгүй гэх Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас ирсэн газрын төлбөр тооцоо нийлсэн акт буюу нэгдүгээр хавтаст хэргийн 13-14 хуудсанд авагдсан баримтаар маргаан бүхий тушаалын хууль дүрэм болох болсон төлбөр төлөөгүй гэдэг нэг үндэслэл нь хангалттай няцаагдаж байгаа гэж үзэж байгаа.

Хоёр дахь үндэслэл нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2 дахь хэсэгт зааснаар буюу тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхтэй иргэн, аж ахуйн нэгж нь ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах мөн энэ хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм горимоор хориглосон гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйл ажиллагаа явуулах гэсэн энэ хоёр хуулийн заалтыг барьж цуцалсан. Эхний заалт буюу газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулж ашиглуулсан гэдэг ийм хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь дараах баримтуудаар тогтоогдож байгаа. Эхний ээлжид Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар газар ашиглах эрхийг цуцлахын өмнө Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагаа явуулсан. Ингээд сонсох ажиллагаанд “М*******” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 02/23-24 гэсэн албан бичгээр манайх тайлбар болон холбогдох баримтуудыг өгсөн. Энэ тайлбар холбогдох баримтууд нь юу байдаг вэ гэхээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас танайх ашиглах эрхтэй газрын тодорхой хэсэгт нь иргэн С.П гэдэг хүн дугуй засварын үйл ажиллагаа эрхлээд байна. Энэ үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа байна гэдэг үндэслэлээр газрыг ашиглах эрхийг цуцлах гэж байна гэдэг. Нэхэмжлэгчээс тухайн хориглосон дугуй засварын үйл ажиллагаа явуулсан С.П гэдэг хүн нь “М*******” ХХК-тай огт хамааралгүй, газар ашиглагчийн зөвшөөрөлгүйгээр тухайн газар дээр дугуй засварын үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаатай холбоотой “М*******” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 02/2320 дугаартай албан бичгээр тухайн дугуй засварын үйл ажиллагаа явуулж байгаа иргэн С.Пт шаардлага хүргүүлсэн байдаг. Мөн шаардлага хүргүүлснээс гадна “М*******” ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2/03-26 гэсэн дугаартай албан бичгээр Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст “Манай ашиглах эрхтэй газар дээр зөвшөөрөлгүйгээр дугуй засварын үйл ажиллагаа явуулаад байгаа ийм хүн байна” гэдэгтэй холбоотой гомдол гаргахад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсээс буюу эрх бүхий албан тушаалтны 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хариу мэдэгдэх хуудсаар “танай компанийн гаргасан гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ” гэсэн хариуг бидэнд ирүүлсэн. Ингээд хариу ирүүлчихсэн учраас бид Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хариу тайлбар гаргаад тухайн хариу тайлбартаа яг дугуй засвар ажиллуулаад байгаа С.П гэдэг хүнээр өөрөөр нь гараар хариу тайлбар бичүүлсэн. Тухайн хариу тайлбар нь ямар агуулгатай гэхээр “манайх дугуй засварын үйл ажиллагаа явуулдаг тэгэхдээ “М*******” ХХК-ийн өмнөх газар ашиглах эрхтэй хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлуудтай бид нар талбайн түрээсийн гэрээ байгуулсан. Ингээд талбайн түрээсийн гэрээ байгуулаад төлбөрөө тухайн компанийн захирал н.Л гэдэг хүний дансанд 1-4 сая төгрөгийг шилжүүлсэн учраас тухайн газрыг чөлөөлөх боломжгүй гэсэн” гэдэг хүсэлт болон 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1 дугаартай гадна талбайн түрээсийн гэрээг хавсаргаж өгсөн. Ингээд бид тусгай хамгаалалттай газарт хориглосон үйл ажиллагаа явуулаагүй дугуй засварын үйл ажиллагаа нь манайд хамааралгүй гэдэг хариу тайлбар болон түүнтэй холбоотой баримтуудаа гаргаж өгсөөр байхад газар ашиглах эрхийг цуцалсан асуудал байгаа.

Мөн дээрээс нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс тус газар дээр үзлэг хийсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  39 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан буюу дугуй засварын үйл ажиллагаанаас өөрөөр хориглосон үйл ажиллагаа явуулсан зүйл байхгүй учир нь гуравласан гэрээ байгуулаагүй, гуравласан гэрээ байгуулаагүй учраас архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулах, барилгын ажлын зөвшөөрөл авах гэх мэт цааш цаашдын дараагийн нөгөө үе шаттай төрийн байгууллагуудаас авах зөвшөөрлүүд маань нэлээн удаашралтай яваад б******* учраас ямар нэгэн үйл ажиллагааг газар дээрээ явуулаагүй байдаг. Мөн маргаан бүхий актын үндэслэлд заасан буюу тухайн газрын зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулсан, төлбөр төлөөгүй гэдэг энэ хууль зүйн үндэслэлүүд дээр дурдсан баримтуудаар няцаагдаж байна гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа тусгай хамгаалалттай газарт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдааны тэмдэглэлийг хавсаргаж ирүүлдэг. Тухайн хуралдааны тэмдэглэлээ юу гэж тайлбарладаг гэхээр хяналт шалгалт явуулаад тухайн газар дээр хориглосон үйл ажиллагаа явуулсан гэдэг нь тогтоогдох учраас эцэслэсэн гэдэг. Гэтэл тухайн хяналт шалгалтын тэмдэглэл буюу 1 дүгээр хавтаст хэргийн 189 дүгээр хуудаст авагдсан тухайн хуралдааны тэмдэглэл дээр “...энэ аж ахуйн нэгж газрын төлбөрөө төлөөгүй, бусдад дамжуулан ашиглуулсан гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцлах санал гаргаад” энэ дээр нь тухайн яамны одоо хуульч буюу н.Н гэдэг хүн газар ашиглах эрхийг хүчингүй болгох асуудал яригдаж байгаа учраас захиргааны актыг зөв гаргах ёстой, сонсох ажиллагаа хийгдсэн юм уу гэдэг зүйл бас яригддаг. Яг газар ажиллах эрхийг цуцлах сайдын тушаал гаргахын өмнө сонсох ажиллагааг хийдэг боловч, цуцлах тушаал гарахаас өмнө хяналт шалгалт явуулсан гэж байгаа юм. Гэтэл хяналт шалгалтын үйл ажиллагаанд нэхэмжлэгч компанийг огт оролцуулаагүй байдаг. Магадгүй энэ хуралдааны тэмдэглэл болохоос өмнө буюу асуудлыг шийдвэрлэхээс өмнө манай компанийг оролцуулсан бол бид төлбөр төлсөн баримтуудаа болон хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдэгтэй холбоотой баримтуудаа хангалттай гаргаж өгөх боломжтой б******* гэж үзэж байна.  “М*******” ХХК нь компани нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр газар ашиглах эрхээ авснаас хойш 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр буюу 1 жил гаруй хугацааны дараа цуцалсан. Энэ хугацаанд манайхаас гуравласан гэрээ байгуулах хүсэлтүүдийг Хан-Уул дүүргийн газрын алба, Хан-Уул дүүргийн засаг дарга, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд удаа дараа гаргаж б*******. Газрын төлбөрөө цаг тухай бүрд нь төлж б*******. Мөн газар ашиглах эрхээ авснаас хойш нэлээдгүй хэмжээний зардал гаргасан. Үүнд тухайн газар дээрээ зураг төслийн ажил боловсруулах гэрээ байгуулаад, зураг төслөө батлуулаад, мөн дээрээс нь харуул хамгаалалтын компанитай гэрээ байгуулаад харуул хамгаалалт ажиллуулаад явж б*******.

Мөн газар ашиглах эрх цуцлагдсаны дараа нэхэмжлэгч компаниас зардал мөнгөө гаргаад том хэмжээний автомашинаар тухайн дугуй засварын контейнерийг нүүлгэн шилжүүлсэн үйл баримт байдаг. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч компанийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  “Тус дугуй засварын объектыг заавал том оврын автомашинаар ачиж зөөх шаардлагатай б*******. Цагдаагийн байгууллагад хандахаар зөрчлийн хэрэг биш гэж үзсэн. Ингээд сүүлд 11 дүгээр сард том оврын автомашиныг 1 сая төгрөгөөр хөлслөөд цагдаагийн байгууллагын журмын хашаанд аваачиж тавьсан. Манай компаниас зураг төслөө батлуулаад хамгаалалтын захиргаанд очиж б*******. С.Л гэх хүн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд их нөлөөлж манай зураг төслийг оруулдаггүй. Тэгэхээр С.Л гэх хүн нь тус газрыг эзэмших сонирхол давамгайлсан байдал харагдаад байдаг. Тийм ч учраас С.Л нь тус газарт дугуй засварын объектыг аваачиж тавьсан” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн А/627 дугаар тушаалаар 2864.24 мкв газрыг ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай олгож б*******, нэхэмжлэгч нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул газар эзэмших эрхийг хуульд заасны дагуу цуцалсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул бүхэлд хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компанид анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, з*******гийн амны хязгаарлалтын бүсэд 5 жилийн хугацаатай газар ашиглах гэрчилгээг олгосон. Маргаан бүхий акт нь 2024 оны 05 дугаар сарын  08-ны өдөр гарсан. Маргаан бүхий актын гол үндэслэл болсон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” , тус хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-д “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль  орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэж тус тус заасныг үндэслэл болгосон байдаг. Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг цуцлахдаа “Р*******” гэдэг СӨХ-өөс удаа дараа ирсэн гомдол, мэдээллийн дагуу ажиллагааг хийсэн. Мэдэгдэх сонсох ажиллагаатай холбоотойгоор 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хамгаалалтын захиргаанаас сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлээд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгчээс тайлбарыг авсан. Үүний дагуу 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хамгаалалтын захиргаанаас тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын зохицуулалтын газарт саналыг хүргүүлж, үүний дагуу маргаан бүхий акт болон 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаартай сайдын тушаал гарсан. Уг тушаал хууль, дүрэм, журамд заасны дагуу гарсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            1. “М*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... газрын төлбөрийг цаг тухайд нь төлж б*******, үлдэгдэл төлбөргүй, газар олгогдсон цаг хугацаанаас өөрсдөө ашиглаж байгаа, хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийгээгүй” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/627 дугаар тушаалаар “М*******” ХХК-д Хан-Уул дүүрэг, З*******гийн аманд 2864.24 мкв талбайг аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглуулахаар олгосон,

3.2. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/1436 тоот албан бичгээр “... “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлуулах болсонтой холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн дотор хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү” гэх сонсох ажиллагааны мэдэгдлийг “М*******” ХХК-д хүргүүлсэн,

3.3. Тус компаниас дээрх мэдэгдэлд 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгээр “... “М*******” ХХК-ийн эзэмшиж буй газар дээр зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа дугуй засварын газрын үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг эзэмшигч Пт удаа дараа өгч, ... нүүхийг шаардсан ... бид танай байгууллага болон цагдаагийн байгууллагатай хамтран албадан нүүлгэх арга хэмжээ авах шаардлагатай байна. С.П нь тус газрын өмнөх эзэмшигч гэх Лтэй 4 сарын хугацаатай түрээсийн гэрээ байгуулж 4 сая төгрөгийн төлбөр төлснөө өөрөө хүлээн зөвшөөрч танай газарт болон манай компанид тайлбар бичиж өгсөн болно” гэх тайлбарыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд гаргасан,

3.4. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 01/1495 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт хандан “... Хамгаалалтын захиргаанаас Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу тус хуулийн этгээдэд сонсох ажиллагааны мэдэгдлийг албан бичгээр хүргүүлэн хариу тайлбарыг авсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.2-т заасан заалтыг зөрчиж байх тул газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг хүргүүлж байна” гэсэн,

3.5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлд “... М******* ХХК-ийн Богдхан уулын ДЦГ-ын З*******гийн амны хязгаарлалтын бүсэд ашиглаж буй газрыг хүчингүй болгохоор гишүүдийн 85 хувийн саналаар дэмжив” гэсэн,

3.6. “М*******” ХХК-иас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 24/05 тоот албан бичгээр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хандан “... С.Пт холбогдох зөвшөөрөлгүй дугуй засварын үйл ажиллагаа явуулж б******* зөрчлийг манай байгууллага зохих журмын дагуу шийдвэрлэж, нүүлгэн шилжүүлсэн. Иймд манай компани нь өөрсдийн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тухайн газрыг ашиглахад ямар нэгэн зөрчил, саадгүй болсон бөгөөд цаашид холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үйл ажиллагаагаа явуулах тул бидний хүсэлтийг хүлээн авч зохих журмын дагуу газар ашиглах хоёрлосон гэрээ байгуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргаж, тус захиргаанаас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/673 тоот албан бичгээр “... зөвлөлийн VII хурлын шийдвэрээр газар ашиглах эрхийг цуцалж шийдвэрлэсэн тул газар ашиглах гэрээ байгуулах боломжгүй болно” гэсэн хариу хүргүүлсэн,

3.7. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасныг үндэслэн “М*******” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

 

4. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль  орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”-ыг хориглохоор, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд газар ашиглах эрхийг дуусгавар болгохоор, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 40.1.3, 40.1.4, 40.1.5, 40.1.6, 40.1.7-д заасан үндэслэлээр тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгох”-оор, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор тус тус заажээ.

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны А/255 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 дугаар тэмдэглэлд “... энэ аж ахуйн нэгж байгууллага газрын төлбөр төлөгдөөгүй. Бусдад дамжуулан ашиглуулсан. Дэглэм горим зөрчсөн” гэсэн, энэ нь маргаан бүхий актын үндэслэлд дурьдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 2-т “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”-ыг хориглох гэснийг зөрчсөн үндэслэл болсон тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаагүй.

6. Хуулийн дээрх зохицуулалтуудын дагуу өмнө олгогдсон газар ашиглах эрхийг хүчингүй болгох тохиолдолд захиргааны байгууллагаас “газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” хуульд заасан дээрх үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоож, үнэлсний үндсэн дээр хуулийн этгээдийн эрхэд халдах хууль зүйн боломжтой.

7. Тухайн тохиолдолд нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл бүрдээгүй б******* гэж үзэхээр байхад хариуцагчаас маргаан бүхий А/305 дугаар шийдвэрийг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны акт “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй шийдвэр болжээ. Тодруулбал, 

7.1. Газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэх үндэслэлийн тухайд:

7.1.1. Маргаан бүхий газарт явагдаж буй дугуй засварын үйл ажиллагаа өөрт хамааралгүй талаарх тайлбарыг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн байх ба “М*******” ХХК-иас дугуй засвар ажиллуулж буй иргэн иргэн С.Пт 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр газар чөлөөлүүлэхээр тухайн иргэнд хүргүүлж б******* мэдэгдлийг хавсаргасан байна.

7.1.2. Дугуй засвар ажиллуулж б******* иргэн С.Паас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хаяглаж гаргасан “... з*******гийн ам нэртэй газрыг М******* ХХК эзэмшил гэж мэдэлгүй өмнө энэ газрыг эзэмшиж б******* гэх Л гэх хүнтэй 991******* дугаараар холбогдож тус газарт дугуй засвар ажиллуулах түрээсийн гэрээг 2023.10.24-нд байгуулж 4 сарын төлбөр 4 сая төгрөг Лд төлсөн ... М******* ХХК-иас надад үйл ажиллагаа зогсоох мэдэгдэл надад өгсөн. М******* ХХК-д ямар нэгэн түрээсийн төлбөр төлөөгүй гэрээ хийгээгүй” гэх агуулга бүхий тайлбар, мөн Ц.М******* болон Д.Ж******* нарын хооронд байгуулсан 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Гадна талбайн түрээсийн гэрээ”-г хамгаалалтын захиргаанд хүргүүлсэн нь газар баталгаажилтын хувийн хэрэгт мөн авагджээ/1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дах талд/.

7.1.3. Маргаан бүхий газарт шүүхээс газрын үзлэг хийх үед тус газарт дугуй засварын газар бус ТҮЦ ажиллаж б*******, тус газарт олон тооны хуучин дугуйн хаягдал овоорсон байдалтай байв.

7.1.4. Энэ тохиолдолд газар ашиглагчийг газраа бусдад дамжуулан ашиглуулсан гэж шууд буруутгахад учир дутагдалтай, захиргаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй юм.

7.1.5. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулж тайлбар, нотлох баримт гаргуулж байгаагийн гол ач холбогдол нь тухайн этгээдэд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны шийдвэр гаргах бодит үндэслэл бүрдсэн эсэхийг хөдөлбөргүйгээр шалган тогтооход орших бөгөөд уг тогтоогдсон нөхцөл байдлыг шийдвэр гаргахдаа хариуцагч хэрхэн үнэлсэн нь шийдвэр үндэслэл бүхий гэж үзэх гол нөхцөл болох учиртай.

7.1.6. Тухайн тохиолдолд иргэн С.П нь “М*******” ХХК-ийн газарт үйл ажиллагаа явуулсан нь нэхэмжлэгчээс үл хамаарсан буюу дугуй засварын үйл ажиллагаа эрхэлсэн иргэн өмнөх газар ашиглагчтай байгуулсан гэрээний үндсэнд үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч хуулийн этгээдээс газар чөлөөлүүлэхээр тухайн этгээдэд болон хариуцагч захиргааны байгууллага, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өргөдөл, гомдол, тайлбар, мэдэгдэл хүргүүлж, зохих арга хэмжээг авч, газраа чөлөөлүүлэх арга хэмжээ авсан, сонсох ажиллагааны явцад энэ талаараа хариуцагч захиргааны байгууллагад мэдэгдсэн, энэ нь газар баталгаажилтын хувийн хэрэгт авагдсан дээрх 7.1.1, 7.1.2-т дурьдсан баримтуудаар тогтоогдож байхад хариуцагч нь уг нөхцөл байдлыг хэрхэн үнэлсэн нь мэргэжлийн зөвлөлийн хурлын тэмдэглэлд тусгагдаагүй байх тул маргаан бүхий актыг бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр гэж үзэх боломжгүй.

            7.2. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлийн тухайд:

7.2.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Байгалийн бүс, бүслүүрийн онцлог, хэв шинжийг төлөөлж чадах унаган төрхөө хадгалсан байдал, шинжлэх ухааны онцгой ач холбогдлыг нь харгалзан байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг дархан цаазат газар гэнэ” гэж тодорхойлсон.

7.2.2. Маргааны тохиолдолд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн ашиглах эрх бүхий газар “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” төлөвлөлтөд хамрагдсан, тус газрын ойр орчим бүхэлдээ барилгажсан нь нийтэд илэрхий үйл баримт байна.

7.2.3. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй.

7.2.4. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий газар нь дархан цаазат газрын байгалийн унаган төрхөө алдсан, нэлэнхүйдээ барилгажсан байхад хариуцагч нь тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гаргасан нь бодит нөхцөл байдалд тохирохгүй байна.

 

8. Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 10-17/919 тоот албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “... 2024 оны 4 дүгээр улирлын төлбөр 1240116778342 нэхэмжлэлийн дугаараар 1374720 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр тус тус төлсөн байна” гэж, газрын төлбөрийн тооцоо нийлсэн 01122-2022/05068 дугаар актад “2024 оны 12 дугаар сарын 31-ний байдлаарх үлдэгдэл 0 төгрөг” гэснээс үзвэл, маргаан бүхий акт гарсан 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар газар ашиглагч “М*******” ХХК-ийг газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй.

9. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө” Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заасан, энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэлгүй байжээ.

10.  Дээр дурьдсан үндэслэлүүдээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, мөн хэсгийн 2, 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан “М*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/305 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ