Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2021/00676

 

 

 

 

 

 

 

 

 

 Х.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00473 дугаар шийдвэртэй, Х.Э-ын нэхэмжлэлтэй, “ГХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний үүрэгт төлсөн 415 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 09 дүгээр сард вакум хаалга хийлгэхээр “ГХ” ХХК-д захиалга өгсөн. Хаалганы хэмжээг хариуцагч өөрөө авсан ба миний өгсөн загварын дагуу хаалгыг хийж, суурилуулж өгсөн. Хаалга хийлгэсний дараа хэдхэн хоногийн дотор хаалганы бариул эвдэрсэн бөгөөд тэр даруй “ГХ” ХХК-д мэдэгдэхэд эвдсэн хүнээс нь мөнгөө ав гэсэн. Энэ хаалганы цоожийг бариулын хамт 3-4 сарын дотор нийт 4 удаа сольсон ба солих бүрдээ “ГХ” ХХК-д хэлж байсан.

Эхний удаад би өөрөө, 2 дахь удаад “ГХ” ХХК-ийн захирал гэх А.Г цоож авч ирж сольсон. 3 дахь удаа А.Г ирээгүй тул би өөрөө сольсон. 4 дэх удаа эвдрэхэд нь А.Г руу дахин ярьж хэлсэн бөгөөд дүүгээ цоожинд явсны дараа А.Г ирж гангаар хийсэн төмрөөр янзалж өгсөн. Цоожийг яаж ч засаад нэмэргүй байсан. Хаалга өөрөө нумарсан хэлбэртэй болчихсон болохоор цоож нь байнга эвдрээд байсныг сүүлд мэдсэн.

А.Г өөрөө ирж үзээд хаалганы хүрээг гол хэсгээр нааш татаж, араар нь жийрэг хийж өгсөн боловч хаалга хаагдахгүй, хаахаар онгойхгүй, бариул, цоож нь байнга эвдрээд байгаа. Хаалгыг хаахад хаалганы дээд, доод хэсэг нь нийлж хаагдаж байгаа боловч голын буюу цоож хэсгээр нумарсан тул хаагдахгүй, цоожлогдохгүй байгаагаас цаашид энэ хэвээр ашиглах боломжгүй болоод байна.

Нумарсан хаалгыг механик гэмтэл буюу элэгдлээс үүдэлтэй гэж үзэх боломжгүй. Энэ талаар анх 2019 оны 10 дугаар сард хариуцагчид хэлсэн. Төлбөрийн хувьд эхний урьдчилгааг дансаар өгч, үлдэгдэл төлбөрийг хаалга суурилуулсан өдөр бэлнээр өгсөн. Бид хаалганы цоож, бариулыг л өөр хүмүүсээр янзлуулсан болохоос үндсэн хүрээ, хаалганы гажааг арилгуулах засварыг бусад хүмүүсээр хийлгээгүй.

Анхнаасаа үйлдвэрийн гологдол буюу шаардлага хангахгүй хаалга хийж өгсөн гэж үзэж байна. Хаалгандаа 2 жилийн баталгаат хугацааг хариуцагч өгсөн боловч өнөөдрийг хүртэл уг хаалгыг янзалж өгөөгүй. Би засаж өгөхийг А.Г-оос олон удаа гуйсан боловч элдэв шалтаг хэлээд алга болсон. Тиймээс би хаалгыг нь буцааж өгөөд мөнгөө авмаар байна.

Хаалга, цонхны шилний үнэ, суурилуулалтын хөлс гэж нийт 460 000 төгрөг төлснөөс цонхны шилний 45 000 төгрөгийг хасаад үлдэх 415 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2019 оны 09 дүгээр сард вакум хаалга 380 000 төгрөг, цонхны шил 45 000 төгрөгөөр тус тус хийлгэх захиалга өгсөн ба уг захиалгын дагуу захирал А.Г өөрөө очиж суурилуулж өгсөн. Х.Э- 212 500 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн. Хаалгыг түргэн үйлчилгээний цэгт суурилуулсан учир байнга онгойлгож, хааж байснаас болоод эвдэрч, манайд дуудлага өгдөг байсан. Бид баталгаат хугацаанд гарсан бариулын эвдрэлийг механик гэхгүйгээр шинээр сольж өгч байсан бөгөөд нэхэмжлэгчээс ямар нэг төлбөр авч байгаагүй. Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрийн 50 хувийг өгөөд үлдэх төлбөрийг төлөөгүй тул мөнгөө гүйцээж авахын тулд механик гэмтлийг өөрсдөө засаж өгдөг байсан. Сүүлд 50 хувийн төлбөрийг буцаан авахгүй, асуудлаа дуусгая гэсэн.

Нэхэмжлэгч нь хаалгыг анхнаасаа гэмтэлтэй байсан гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллага 212 500 төгрөгийг аваагүй ч нэхэмжлээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг тус тус баримтлан “ГХ” ХХК-аас 415 000 төгрөгийг гаргуулж Х.Э-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 14 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 13 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2019 оны 09 дүгээр сард Х.Э- нь “ГХ” ХХК-иас 1 ширхэг хаалга 380 000 төгрөг, 1 ширхэг шил 45 000 төгрөг, нийт 425 000 төгрөгийн захиалга хийсэн байдаг.

Захиалгын урьдчилгаа буюу 50 хувь 212 500 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр дансанд шилжүүлсэн байдаг.

Хаалга болон цонхны шилийг “ГХ” ХХК-ийн захирал А.Г биечлэн суурилуулж өгсөн бөгөөд суурилуулснаас хойш 3, 4 удаа хаалганы бариул эвдэрсэн гэх шалтгаанаар дуудаж байсан. Мөн захиалагч нь түргэн үйлчилгээний цэгт буюу байнгын хүн орж, гарч байдаг газарт хаалгыг суурилуулсан тул хаалга савах, чанга хаах зэргээс шалтгаалан хаалганы бариул эвдрэх болон механик гэмтэл гарах тохиолдол байдаг. Баталгаат хугацаанд эвдэрсэн гэдэг шалтгаанаар дууддаг байсан бөгөөд механик үйл ажиллагаанаас болж эвдэрсэн тохиолдолд засварлаж өгөх шаардлагагүй байдаг. Гэвч дуудлагын дагуу хэдийгээр механик гэмтэлд засч өгөхгүй боловч А.Г нь хаалганы бариулыг засах, шинээр хийх зэргээр тухай бүрт өөрийн мөнгөөр засварыг хийж, нэг ч зардалгүйгээр засварлаж байсан. Х.Э- нь засаж өгсний дараа үлдэгдэл төлбөрөө өгнө, засахгүй бол үлдэгдлээ өгөхгүй гэдэг байдлаар байнгын дуудлага өгдөг байсан бөгөөд үлдэгдэл төлбөрөө авахын тулд механикаар учирсан гэмтлийг хүртэл засварлаж өгдөг байсан. Сүүлдээ дахин дахин зардал гаргаад байснаас гадна А.Г-ын эхнэрийн бие муудсан тул хэрүүл маргаан гаргахгүй гэсэн үүднээс үлдэгдэл төлбөрийг авахгүй орхисон юм.

Хариуцагч талаас шүүх хурлын үед үлдэгдэл 212 500 төгрөгийг огт аваагүй, мөн цонх болон хаалга суурилуулах зардал аваагүй, авдаггүй, гэдгээ удаа дараа тайлбарласан. Мөн захиалгын төлбөрийг зөвхөн дансаар авдаг  бөгөөд урьдчилгаанаас өөр үлдэгдэл төлбөр дансанд орж ирээгүй болох нь дансны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэгч үлдэгдэл төлбөрийг төлсөн гэдгээ баримтаар нотлоогүй.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн төрөл садан болох Ц.О-ы мэдүүлгийг үндэслэж үлдэгдэл 212 500 төгрөг болон ажлын зардалд 35 000 төгрөг төлсөн хэмээн үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн шүүх 1 жил гарангийн хугацааны дараа олон нийт байнгын орж гардаг, хэзээ дарсан нь тодорхойгүй гэрэл зургийг үндэслэн доголдолтой бүтээгдэхүүн шилжүүлсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нөхцөл байдал бүрэн нотлогдоогүй байхад шүүх нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Х.Э- нь хариуцагч “ГХ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, вакум хаалганы үнэ болон суурилуулалтын хөлсөд төлсөн 415 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2019 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр амаар гэрээ байгуулан, “ГХ” ХХК нь вакум хаалгыг, цонхны шилний хамт хийж, угсарч, суурилуулах, Х.Э- нь үнэ төлөхөөр тохиролцсон, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Дээрх гэрээний дагуу Х.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр “Хаан банк” ХХК дахь А.Г-ын эзэмшлийн 5031594966 тоот дансанд 212 500 төгрөгийг шилжүүлсэн талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч гэрээний үлдэх төлбөр 247 500 төгрөгийг А.Г-од төлсөн нь гэрч Ц.О-оос өгсөн “247 000 төгрөг төлсөн. Үүнд хүргэлт болон суурилуулалтын хөлс орсон байгаа.” гэх мэдүүлгээр тогтоогдсон гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэнтэй нийцжээ.

 

Учир нь хариуцагч нь гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар няцаагаагүй байна.

 

Хариуцагч нь вакум хаалганд 2 жилийн баталгаат хугацаа тогтоосон талаар маргаагүй ч хариуцагч баталгааг бичгээр үйлдээгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хаалганы цоож бариулыг удаа дараа солих болсон шалтгааныг хаалга суурилуулахад хаалганы гол хэсгээр нумарсан нь ажлын үр дүн доголдолтой байсан гэж тайлбарласныг гэрч Ц.О “...хаалганы бариулаа засуулах, хаагдахаараа онгойхгүй, онгойхоор хаагдахгүй байгааг нь үзүүлж янзлуулах гээд А.Г руу олон дахин залгахад 1-2 удаа ирсэн. ...А.Г нэг ирэхдээ хаалганы хүрээг голоор нь татаж, хуруу гарам цагаан юм хавчуулж өгсөн. Хаалганы дээд доод хэсэг бол яг таарна, голоороо хаагддаггүй. А.Г өөрөө ийм гажаастай болохыг нь мэдэж байсан, үзээд хүрээг нь янзалж, нааш нь татаж, араар нь юм чихэж өгсөн. Бид завсраар нь одоо ч хөөс хийгээгүй байгаа” гэх мэдүүлэг, гэрэл зурагтай харьцуулан дүгнэж анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажил үр дүн доголдолтой байсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч байгууллагын захирал ажлын доголдлыг засварлаж өгсөн тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж дүгнэнэ. Гомдлын шаардлага гаргаснаас хойш доголдлыг засаагүй, арилгаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.3 дахь хэсэгт зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс эхлэн мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр тоолно. Иймд 1 жилийн дараа нэхэмжлэл гаргасан нь буруу гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

 

Хариуцагч “ГХ” ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул Х.Э- нь мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалсан. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний үнэд төлсөн 415 000 төгрөгийг нэхэмжлэгч буцаан шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв боловч тэрээр мөн гэрээний дагуу хариуцагчаас хүлээн авсан хаалгыг буцааж өгөх үүрэгтэй юм. Анхан шатны шүүх хаалгыг буцаан өгөх талаар шийдвэрлээгүйг орхигдуулсныг залруулж, хариуцагч нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх, нэхэмжлэгч хариуцагчид хаалгыг буцаах үйлдлийг нэгэн зэрэг гүйцэтгэх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШШ2021/00473 дугаар шийдвэрийн

1 дэх заалтыг “олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэгч Х.Э-аас вакум хаалгыг гаргуулж “ГХ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсүгэй.” гэж өөрчилж,

2 дахь заалт болгож “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.7 дахь хэсэгт зааснаар “ГХ” ХХК-аас 415 000 төгрөгийг гаргуулж Х.Э-д олгож, Х.Э-аас вакум хаалгыг гаргуулж “ГХ” ХХК-д олгох ажиллагааг нэгэн зэрэг гүйцэтгэхийг дурдсугай.” гэж нэмж оруулж,

“2” гэж дугаарласныг “3” гэж, “3” гэж дугаарласныг “4” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.МӨНХЗУЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА