Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2025/00191

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: С ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Б овогт  С.П холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 444,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:С.П нь 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ........... дугаартай "Барьцаат зээлийн гэрээ-г бичгэн хэлбэрээр байгуулсан. Тус гэрээгээр 1,699,900 төгрөгийн зээлийг сарын 3.3%-ын хүүтэйгээр 24 сарын хугацаатайгаар олгосон. Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн. 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн юм. Үндсэн зээл 1,699,900 төгрөг, график хуваарьт зааснаар гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс талуудын хооронд байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 2.7 дахь заалтад зааснаар "... хавсралт 1-д заасан төлбөрийн хуваарийг зөрчсөн тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн зээлийн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн төлөгдөөгүй үндсэн төлбөрөө энэ гэрээний 2.2-т заасан хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү тооцно..." гэж заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцож, нийт 2,698,186.19 төгрөг болсон. Энэхүү мөнгөн дүнгээс 2,262,865 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл 435,321.19 төгрөг үлдсэн байна. Энэхүү дүн дээр нотариатын зардал 9,300 төгрөг, нийт 444,621.19 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Мөн нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн хаягт оршин суудаггүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.3 дахь заалтад ...Энэ хуулийн 75.4.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ.. гэж заасны дагуу нэхэмжлэлд тусгасан хариуцагчийн цахим хаягаар шүүхийн мэдэгдэх хуудас илгээж, Цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудас илгээхэд хариуцагчийн зүгээс хариу ирэхгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.4.4 дэх заалтад заасны дагуу мэдэгдэх хуудсыг хүлээн авсан тооцож ажиллагаа хийж өгнө үү гэжээ.               

Хариуцагч С.П шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 444,621 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би дээрх мөнгийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч С.П гийн хариу тайлбарыг ирүүлснийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч С.П-д холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 444,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 444,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төлж барагдуулахаар хариуцагч С.П хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч С.П нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,000 төгрөгийн тал хувь болох 7,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,000 төгрөг, хариуцагч С.П-гээс 7,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч С ХХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт үүрэгт нийт 444,621 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч С.П хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,000 төгрөгийн тал хувь болох 7,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 7,000 төгрөг, хариуцагч С.П-гээс 7,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР