Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2021/00726

 

 

 

 

 

 

 

 

 

“ЭР” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00595 дугаар шийдвэртэй “ЭР” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ч-од холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 199 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчанга, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Ш.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЭР” ХХК болон Д.Ч- нарын хооронд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан.

Талууд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Блю Жим хотхоны Б блок 3 дугаар орд 7 давхрын .. тоотхаягт байрлах, шинэ, 165,94 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 1 м.кв нь 2 229 722 төгрөгөөр тооцож, нийт 370 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, худалдан авагч 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 135 000 000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 135 000 000 төгрөгийг тус тус шилжүүлэхээр үүрэг хүлээсэн.

Худалдан авагч Д.Ч- худалдагч талд 237 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 133 000 000 төгрөгийг банкнаас зээл авч өгнө гэж хэлээд тус орон сууцны гэрчилгээ гаргуулж авсан. Сүүлийн төлбөр төлсөн өдөр болох 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 271 хоног өнгөрсөн байна. Гэрээний 7 дугаар заалтаар төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл 133 000 000 төгрөгийн 0.5 хувь буюу 665 000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 133 000 000 төгрөгийн 50 хувь нь 66 500 000 төгрөг нийт 199 500 000 төгрөг байна.

Иймд Д.Ч-оос орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 199 500 000 төгрөгийг гаргуулан “ЭР” ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “ЭР” ХХК-тай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 6 дугаар хороо Блю Жим хотхоны Б блок 3 дугаар орц 7 давхарт .. тоотхаягт байрлах 165,94 м.кв байрыг 370 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан. Гэрээний төлбөрт нийт 225 000 000 төгрөг, мөн гаалийн бичигтэй Вонго-3 маркийн авто машиныг 12 500 000 төгрөгт тооцон өгч нийт 237 500 000 төгрөг төлж, одоо 132 500 000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа.

Би “ЭГЖ” ХХК-ийн ерөнхий захирлаар ажилладаг ба одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийж гүйцэтгэж байна. Эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 2 дугаар ээлжийн барилгын угсралтын ажил явж байгаа. 2020 онд Монгол улсад Корона вируст халдвар тархсантай холбоотой барилгын компанийн үйл ажиллагаа хэвийн явагдаагүй, улмаар доголдож, санхүүгийн хувьд алдагдалтай ажиллах болсон.

Гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй асуудал огт байхгүй, өөрийн боломжоор гэрээний үүргээ биелүүлж, үүссэн нөхцөл байдлыг тухай бүрт нь нэхэмжлэгч байгууллагад тайлбарлаж, өөрийн барьж байгаа орон сууц гэрээний төлбөрт тооцож авах санал хүртэл тавьж байсан. “ЭГЖ” ХХК-ийн барьсан барилгад гэмтэл учирсан гэж Баянгол дүүргийн шүүхэд иргэдээс нэхэмжлэл гаргасан ба манай компанийн дансыг битүүмжилсэн. Одоогийн байдлаар компанийн дансанд 152 000 000 төгрөг бий. Дээрх нөхцөл байдалтай холбоотой алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 8-д худалдан авагчтай энэхүү гэрээг цуцалж, орон сууцыг буцаах тохиолдолд нийт урьдчилгаа төлбөрийн 10 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж заасан ч 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээний 11-д зааснаар орон сууцны үндсэн төлбөрийг төлнө, алдангийг төлөх боломжгүй. Мөн гэрээнээсээ татгалзаж орон сууцыг нь буцаан өгөх хүсэлтэй байна. Алдангийг тооцсон хугацаа нь тодорхойгүй байгаа, хамгийн сүүлд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийг төлсөн байхад 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж алданги тооцсон байна.

Гэрээний 12-т гэрээг хоёр хувь үйлдэж нотариатаар баталгаажуулна гэж заасан ба бид гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул хүчин төгөлдөр бус юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Д.Ч-оос 166 250 000 /нэг зуун жаран зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан “ЭР” ХХК-д олгож, үлдсэн 33 250 000 /гучин гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 155 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Ч-оос 989 200 /есөн зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан “ЭР” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

“ЭР” ХХК-тай Д.Ч- нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний төлбөрт 2020 оны 05 дугаар сарын 23-ний өдрийг хүртэл нийт 237 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 133 000 000 төгрөгийг төлж чадаагүй болно.

Анхан шатны шүүх алдангид 33 250 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Учир нь хариуцагч Д.Ч- нь гэрээний үүргээ санаатайгаар биелүүлээгүй зүйл байхгүй буюу гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй, цаг үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөний улмаас гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан.

Д.Ч- “ЭГЖ” ХХК-ийн захирлаар ажилладаг ба тус компани нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо СОТ-н 8, 3, 9 10, 11 тоот ашиглалтын шаардлага хангахгүй, нийтийн зориулалттай орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах төслийг 2020 оны 01 дүгээр сараас эхлүүлж, одоогийн байдлаар 108 айлын 12 давхар барилга ашиглалтад оруулсан.

Монгол улсад 2020 онд Ковид-19 цар тахал гарсны улмаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, мөн цар тахлын нөхцөл байдлаас болж бүх нийтийг хамарсан өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн буюу Улаанбаатар хотод нийтийг хамарсан хөл хориог удаа дараа тогтоосны улмаас тус компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орсон. Гэсэн хэдий ч сүүлийн үед хөл хорионы нөхцөл байдал дээрдсэнээс үүдэн тус компанийн үйл ажиллагаа идэвхжин, хэвийн үйл ажиллагаа явуулах боломж үүсээд байна.

Монгол Улсын Засгийн газраас иргэн, аж ахуй нэгжийн банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлийн эргэн төлөлтийн хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал, мөн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулж хүү, алданги тооцохгүй байхаар шийдвэрлэсэн ба үүний дагуу иргэд, аж ахуйн нэгжүүд банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ хойшлуулж, ямар нэг хүү, алдангийн дарамтад ороогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Д.Ч-оос гаргуулахаас шийдвэрлэсэн 33 250 000 төгрөгийн алдангийг хасаж шийдвэрлэж өгнө үү.

Мөн Д.Ганчанга миний бие нь 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр буюу иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаан болох өдөр хариуцагч Д.Ч-оос итгэмжлэл авч, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр оролцсон ба тухайн өдөртөө иргэний хэрэгтэй танилцаад шууд шүүх хуралдаанд оролцсон. Хоёр тал 2019 оны 06-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Хавтас хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээ хавсаргагдсан байсан, мөн миний бие шүүх хуралдаанд 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийг гаргаж өгсөн боловч шүүх хүлээж аваагүй хэргийг шийдвэрлэсэн.

2020 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан гэрээний нэмэлт өөрчлөлт нь өмнө нь байгуулсан гэрээний салшгүй нэг хэсэг бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой баримт гэж үзэж байна. Үндсэн гэрээнд нэмэлт оруулсан, нэмэлт гэрээг иргэний хэрэгт нотлох баримтаар хүлээж авалгүй шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэхээр заасныг зөрчсөн байна.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “ЭР” ХХК нь хариуцагч Д.Ч-од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 199 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 132 500 000 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

“ЭР” ХХК нь Д.Ч-той 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “ЭР” ХХК нь Баянгол дүүргийн 06 дугаар хороо, Блю Жим хотхоны Б блок 3 дугаар орцын 7 давхрын ... тоотод байрлах, 165,94 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч Д.Ч- нь гэрээний үнэд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100 000 000 төгрөг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 135 000 000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 20-ны өдөр 135 000 000 төгрөг буюу нийт 370 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. /хх-7,8/

 

 “ЭР” ХХК нь гэрээний зүйл болох .. тооторон сууцыг Д.Ч-ын өмчлөлд шилжүүлсэн, Д.Ч- нь “Хаан банк” ХХК дахь Ц.Т-ийн эзэмшлийн 5057011782 тоот дансанд 225 000 000 төгрөгийг шилжүүлж, үнэ төлөх үүргийн зарим хэсгийг биелүүлсэн талаар талууд маргаагүй байна. Хариуцагчийн гэрээний үүрэгт шилжүүлсэн Вонго-3 маркийн автомашины үнийг зохигчид өөр өөрөөр тайлбарласныг шүүх 12 000 000 төгрөгөөр тогтоож тодорхойлсонд хариуцагч гомдол гаргаагүй байна

 

Иймд Д.Ч- гэрээний үүрэгт 237 000 000 /225 000 000 + 12 000 000/ төгрөг төлсөн тул “ЭР” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрт 133 000 000 /370 000 000 – 237 000 000/ төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Талууд гэрээний 7-д “худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үнийн хоног тутамд 0.5 хувийн алданги төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Хариуцагч нь гэрээнд заасан 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 135 000 000  төгрөг төлөх үүргээс 133 000 000 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгөн дүнгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаагаар алданги тооцвол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг үндэслэн алдангид 66 500 000 /133 000 000 төгрөгийн 50 хувь/ төгрөг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт “анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэж заасныг баримтлан 66 500 000 төгрөгийн алдангийг 33 250 000 төгрөгөөр тогтоосон нь зөв болжээ. Учир нь хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч алданги тооцож байгаа цаг хугацаанд Ковид-19 цар тахалтай холбоотой иргэдийн орлого олох боломж хязгаарлагдсаныг харгалзан үзэж алдангийг буруулж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Хариуцагч Д.Ч- нь худалдах, худалдан авах гэрээг иргэний хувиар байгуулсан, гэрээний үнийг хариуцагчийн эрхлэн явуулж буй компанийн үйл ажиллагааны орлогоос төлөхөөр тохиролцоогүй. Иймд хариуцагчийн компанийн үйл ажиллагаа доголдсон, уг доголдлоос хариуцагч гэрээний үнийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Түүнчлэн хариуцагчид 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, хүлээх үүргийг тайлбарласан байхаас гадна хэргийг хянан шийдвэрлэх 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс гаргасан нотлох баримт бичмэл нотлох баримтын шаардлага хангахгүй байгааг анхааруулж буцаан өгсөн үйл баримт тогтоогдож байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс баримтыг буцаан өгсөнтэй холбоотой хүсэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж буруутгах боломжгүй юм. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2021/00595 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 324 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                          ШҮҮГЧИД                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА