Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 197/ШШ2025/03577

 

 

 

 

 

 

 

 

 

2025 03 31 197/ШШ2025/03577

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 10,860,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг, хариуцагч Б.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэлийн шаардлага 10,860,500 төгрөгийг хариуцагч 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5,430,250 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 5,430,250 төгрөгөөр тус тус төлөхийг нэхэмжлэгч зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Одонтунгалаг нь хариуцагч Б.Бат-Эрдэнэд холбогдуулан 10,860,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг хэлэлцэх явцад зохигч эвлэрэв.

Шүүх зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.4-д хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно, 106.5-д энэ хуулийн 106.4-т зааснаар зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргана. Эдгээр захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна гэж заасан.

Зохигчийн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар зохигч эвлэрсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Одонтунгалагийн нэхэмжлэлийн шаардлага 10,860,500 төгрөгийг хариуцагч Б.Бат-Эрдэнэ нь 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 5,430,250 төгрөгийг, 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дотор 5,430,250 төгрөгийг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.6-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 94,359 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Одонтунгалагт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Ж.БАТМӨНХ